Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/79

 

   2023         11            15                                            2023/ШЦТ/79

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Н.Амаржаргал

Орчуулагч Dalai

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр

Шүүгдэгч L нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн L-д холбогдох 2340000000054 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1975 оны .... дугаар сарын ...-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл .., ... хамт Улаанбаатар хотын .. дүүргийн ... дүгээр хороо ...  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай L.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч L нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч L нь 2023 оны 09 дүгээр сарын 13ы өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "...."  ХХК дээр Ж /Z/ ажиллаж байхад нь ирж палкан мод авны гэсны улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүний толгойн хэсэгт гараараа 3-4 удаа цохиж, биед тархи доргилт, уруулын язрал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

Хохирогч Z “... 2023 оны 09 сарын 13-ны өдөр намайг ажил дээрээ байхад 13 цагийн орчим болов уу хажуу талын ................ ХХК-ны ажилтан L гэдэг хүн ирээд төмөр замын доор байдаг палкан мод авна гэхээр нь би өгөхгүй гэснээс болж бид хоёрын дунд маргаан үүсээд L гэгч нь намайг харааж доромжлоод миний толгойд баруун шанаа орчимд 3-4 удаа цохисон, 2 монгол хүн салгасан, би нэрийг нь мэдэхгүй, намайг зодсон L гэгчийн таньдаг хүн байж магадгүй гэж бодож байна, L нь бас тэр үед унаж явсан ковшоороо дайрчих гээд байсан ингээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Миний толгой өвдөж байна, хоол идэхээр шүд өвддөг. Зодоон болох асуудал нь тухайн үедээ 1-2 минутанд л болсон асуудал архи уусан үгүйг нь би сайн мэдэхгүй байна. Миний эмнэлэгт үзүүлсэн зардал, Хэнтий аймаг нэг удаа явж ирсэн зардал дээр нэмээд 10.000.000 төгрөг өгвөл би ямарч гомдол санал алга, үгүй гэвэл гомдолтой байна." гэх мэдүүлэг (хх-ийн 13-р хуудас)

Гэрч Д.Э-ын ...2023 оны 09 сарын 13-ны өдөр 13 цагийн орчимд би талбай дээр гагнуур хийгээд сууж байхад БНХАУ-ын иргэн Ж /Z/, Л /L/ нар шуугилдаад хашгиралдаад байсан, би өөрөө хятад хэл мэдэхгүй болохоор юу ярьж юунаас болж хэрэглдсэн талаар нь сайн мэдээгүй. Тэгээд би очоод боль гэж загнаад болиулсан чинь салаад явцгаасан. Хэн хэнийгээ зодохыг хараагүй. Зодолдсон бол намайг харахаас өмнө болсон байх." гэх мэдүүлэг (хх-ийн 40-р хуудас)

Гэрч Б.Эийн ...2023 оны 09 сарын 13-ны өдөр 13 цагийн орчимд би Э-ын хамт талбай дээр шанага гагнаад байж байсан юм. 13 цагийн орчимд БНХАУ-ын хоёр иргэн хоорондоо хэрэлдэж маргалдаад байсан, дүү бид хоёр салгаад хөөгөөд явуулсан, бие биенээ зодож гэмтэл учруулахыг нь бол хараагүй. ...Нарийн сайн мэдэхгүй байна, Ж /Z/ гэдэг нь

палк модыг нь авах гэсэн чинь өгөхгүй гээд маргаан болсон юм болов уу гэж бодож

байна. Би яг зодолдохыг нь бол хараагүй." гэх мэдүүлэг (хх-ийн 43-44-р хуудас)

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 479 дугаартай  дүгнэлтэд

 

1. Z-н биед тархи доргилт, уруулын язрал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. (хх-н 25-26-р хуу)

 

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би хохирогчийн  нэг удаа баруун хацарт нь л цохисон өөрөөр бол биед нь халдаагүй” гэх мэдүүлэг (хх-н 36-р хуу) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Шүүгдэгч L нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Z нь “миний биед яллагдагч L хөнгөн гэмтэл учруулсан бөгөдөд хохирол төлбөрт тооцож 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан учир надад цаашид нэхэмжлэх зйл байхгүй, гомдол санал байхгүй” гэх хүсэлтийг (хх-н 66-р хуу) гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд  хэсэгчлэн төлүүлэх” санал нь хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч L-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол L-дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн       5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч L –ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч L –ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч L-д оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл L-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                            Р.БАТБАЯР