Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 199

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч Н.Мөнхцэцэг

шүүгдэгч О.Цэгмэд

хохирогч М.Баяндүүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1969 оны 2 дугаар сарын 16-нд Төв аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, тээврийн эдийн засагч мэргэжилтэй, “Их Хүрээ хийд”-д хурлын ламаар ажилладаг, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо Сонсголонгийн 13 дугаар гудамж, 521 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:НЮ69021674/, Бага Монгол овогт Осорын Цэгмэдэд холбогдох 201726020738 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч О.Цэгмэд нь 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандантэгчилэн хийдийн Шар ордон дотор байрлах оёдлын цех дотор “бэр охины захиалж оёулсан дээлийг багадуулсан, торгоноос нь дутаасан, цэцгэн хээг оруулан оёхоор захиалсаны дагуу оруулж оёогүй байна” гэх шалтгаанаар иргэн М.Баяндүүрэнгийн толгой руу цохих, тавцан дээрээс татаж унагаан улмаар ноцолдох явцдаа М.Баяндүүрэнг хавирч унагаах зэргээр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүгдэгч О.Цэгмэд шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй. Согтуугаас болж би өөрийгөө хянаж чадахгүй энэ асуудал болсон. Хохирогчид 1.300.000 төгрөг төлсөн. Баяндүүрэнд би ахыгаа уучилаарай гэж уучлалт хүссэн. Хохирогч надаас энэ хурал дээр нэхэмжилж байгаа 1 сая төгрөгийг би хүлээн зөвшөөрч байгаа тул төлж өгнөө гэв.

 

Хохирогч М.Баяндүүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: Би Гандантэгчилэн хийдийн Шар ордонд оёдлын цех түрээсэлж ажилладаг.  Цэгмэд ламыг би маш их хүндэтгэдэг. Цагаан сарын өмнөхөн Цэгмэд ламын  бэр охин надаар загварын  дээл оёулна гэж ирсэн. Би маш их завгүй захиалга ихтэй байсан боловч Цэгмэд ламыг хүндэтгэдэг учраас битүүний өдөр оёж өгье гээд 80000 төгрөг аваад захиалгыг нь авсан. Би өмнө нь торго салонд ажиллаж байсан болохоор загварын дээл оёно гэхэд баяртай бөгөөд өөрийнх нь хүсэлтээр хоёр талаас нь танаж оёод  дээлийг нь өгөөд явуулсан. Цэгмэд ламын бэр надад баярлалаа гэж хэлээд явсан.  Харин дээлийнх нь хормой хэсэгт цэцэг оруулах байсныг нь би үнэндээ мартчихсан байсан, ханцуй хэсэгт нь бол цэцэг оруулсан.  2017 оны 3 дугаар сарын 9-нд намайг ажил дээрээ байж байхад Цэгмэд ламыг  орж  ирэхээр нь би золгох гээд боссон чинь харц нь нэг л сонин, нүүр нь манараад л над руу дайрч, намайг зодсон. Миний эмчилгээний зардалд 1.300.000 төгрөг төлсөн. Би энэ явдлаас болж ажлынхаа байрны түрээсийг төлж чадахгүй байгаа бөгөөд сардаа доод тал нь 500.000-800.000 төгрөг олдог байсан. Одоо би Цэгмэд ламаас ажлын байрны хоёр сарын түрээсийн нийлээд 500.000 төгрөг, сардаа олох ёстой орлого сарын 250.000 төгрөг гэж тооцоод хоёр сараар 500.000 төгрөг нийлээд 1.000.000 сая төгрөг нэхэмжилж байна. Миний нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг Цэгмэд лам зөвшөөрч байгаа учир би эвлэрэх хүсэлтэй байгаа бөгөөд Цэгмэд ламыг би урьдын адил хүндэлж явах болно.   Гомдол санал байхгүй гэв.

 

Шүүгдэгч О.Цэгмэдийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 31/, ял шалгах хуудас /хх-ийн 33/ зэргийг шинжлэн судлав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Цэгмэд согтуугаар 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандантэгчилэн хийдийн Шар ордон дотор байрлах оёдлын цех дотор хувийн таарамжгүй харьцааны улмаас  М.Баяндүүрэнг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч М.Баяндүүрэн ”2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр би Баянгол дүүргийн 16 дугаар хороо Шар Ордон хийд дотор ажлаа хийгээд байж байсан. Тэгтэл Цэгмэд лам манай ажлын байранд согтуу орж ирсэн. Цэгмэд лам орж ирэнгүүтээ чи манай бэрийн дээлний хормойд нь яагаад цэцэг оруулаагүй юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би хормойд нь биш ханцуйд нь цэцэг оруулсан танай охин өөрөө гоё болсон байна гээд аваад явсан гэж хэлтэл Цэгмэд лам намайг үгийн зөрүүгүй гараа зангидаж байгаад миний толгой руу 3 удаа цохьсон. Тэгэхээр нь би оёдлын бандан руу зугтааж гарсан. Тэр үед Цэгмэд лам намайг оёдлын бандан дээрээс татаж чирж буулгахаар нь би ноцолдоод хоёр гараараа барьсан. Цэгмэд лам намайг хөлөөрөө хавирч пильтан шалан  дээр толгойгоор минь унагсан. Би тэр үеэс хойш ухаан балартаад юу ч санахгүй байна. Гомдолтой байна. /хх-ийн 13/

 

гэрч Д.Мөнхцэцэг:..”би 02 дугаар сарын 4-ний үеэр хадам аав Цэгмэдээр дамжуулан Баяндүүрэн гэдэг эмэгтэйд гоёлын дээл оёулахаар материалаа өгсөн. Би хөлтэй торго гээд 1.70 өргөнтэй нийт 3 метр урттай ногоон өнгийн торго өгсөн. Тэгээд би дээлээ оёулаад цагаан сарын битүүний орой..Баяндүүрэн гэдэг хүнээс өөрөө авсан. Тэр өдөр Баяндүүрэн гэдэг эмэгтэй миний дээлийг оёж дуусаагүй байна гээд намайг өдөржингөө хүлээлгэсэн. Би хүлээж байгаад орой нь дээлээ тэнд нь өмсөж үзсэн. Өмсөөд үзтэл миний дээл цээжээрээ бариад байсан ба хормой нь миний захиалсанаас шал өөр болсон байсан. Тэгэхээр нь би Баяндүүрэн гэдэг хүнд эгчээ энэ дээлний чинь цээж нь  надад багадаад байна жаахан оёог нь тавьж болохгүй юмуу гэж хэлсэн. Тэгтэл болохгүй ээ, үлхийгээд муухай сулбагар болно гэсэн. Дээлний чинь хормойд цэцэг оруулах гэсэн чинь материал чинь хүрээгүй харин чи цэцэг оруулмаар байвал залгаад өгч болно гэсэн...би шинийн нэгний өглөө нөгөө дээлээ өмсөөд эхнийхээ айлд ороод суутал урд хэсэг нь оёдлоороо задарсан. Хадам аав миний дээл задарсан байсныг хараад Баяндүүрэн аятайхан юм оёод өгчихгүй гээд ярьж байсан...хадам  аав Баяндүүрэнг зодсоноос хойш Баяндүүрэн гэдэг хүний нөхөр гээд нэг залуу байнга залгаад чи аавдаа олон юм ярьж байж манай эхнэрийг зодуулсан, би чиний толгойг адилхан пилта мөргүүлнэ. Танай хадам аав ял аваад ирэхээр та нар шүүхийн өмнө уйлна даа, би цагдаа шүү гээд дарамтлаад байсан. /хх-ийн 15/

 

гэрч Н.Цэрэндулам:..”манай том хүү Анхбаатарын эхнэр Мөнхцэцэг Баяндүүрэнгээр дээл хийлгүүлэх гээд 2017 оны 2 дугаар сарын эхээр өгсөн. ..дээлээ өмсөөд үзтэл ар талаараа багадаад цахилгаан нь хүрэхгүй, мөн оёдлоороо ханзарсан байсан. /хх-ийн 16- 17/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3650 дугаартай: М.Баяндүүрэнгийн биед тархи доргилт, духанд цус хуралт зөөлөн эдийн няцрал баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадвар тогтонгид нөлөөлөхгүй /хх-ийн 20/ гэсэн дүгнэлт,  хохиролд 1300.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 34-35/ зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох  баримтуудаар

 

сэжигтнээр О.Цэгмэдийн:..” би 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандантэгчилэн хийдийн Шар ордон доторх  оёдлын  цехэд очиж Баяндүүрэнтэй уулзсан. Би Баяндүүрэн дээр очоод чи манай бэрийн дээлний торгоноос нь яагаад дутаасан, хормойд нь цэцэг оруулаагүй байна гэж хэлсэн. Би Баяндүүрэн рүү нилээн уурласан. Баяндүүрэн надад юм хэлэх завдал болоогүй би, чи манай  бэрийг элэг барилаа гээд уурлаад уурандаа Баяндүүрэнгийн толгой руу гараараа 2 удаа цохисон.  Тэр үед Баяндүүрэн тэнд байсан модон оёдлын тавцан руу гарсан. Тавцан дээр гарчихаар нь би Баяндүүрэнг татаад шалан дээр унагасан. Баяндүүрэн хажуу талаараа шалан дээр унасан. Тэгээд би гарах гэтэл Баяндүүрэн миний гарнаас зуурчихаад явуулахгүй байсан. Тэгэхээр нь би хавирчаад гараад явсан. /хх-ийн 25/ Би одоогийн байдлаар Баяндүүрэнд хохиролын 1.300.000 төгрөг төлж барагдуулсан. Баяндүүрэнг зодсондоо маш их харамсаж гэмшиж байна. /хх-ийн 25/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас О.Цэгмэдэд холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж үйлдэж  ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгасан гэж шүүх дүгнэв.

 

Иймд Бага Монгол овогт Осорын Цэгмэдийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаан дээр хохирогч М.Баяндүүрэн, шүүгдэгч О.Цэгмэд нараас  “хоорондоо эвлэрч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн бичгийн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн О.Цэгмэдэд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан “хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн”  үндэслэлээр хэрэгсэхгүй болгож түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг баримтлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.