Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2020/ДШМ/22

 

П.О, Л.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Прокурор Э.Н, шүүгдэгч, хохирогч П.О өмгөөлөгч Г.Э, шүүгдэгч, хохирогч Л.Ц өмгөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч, хохирогч П.О, шүүгдэгч, хохирогч Л.Ц нарт холбогдох 2017000440046 дугаартай 1 хавтас 249 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч Л.Ц, түүний өмгөөлөгч Э.С нарын гаргасан гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч П.О нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг, Өгөөмөрийн гол гэх газар хохирогч Л.Ц мал дутаасан гэх асуудлаас болж маргалдан, түүний зүүн гарын дунд хурууг мушгиж даран эрүүл мэндэд нь зүүн сарвууны дунд 2-р үеийн холбоосны суналт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Л.Ц нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг, Өгөөмөрийн гол гэх газар хохирогч Л.О мал дутаасан гэх асуудлаас болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохих, хүзүүнд маажих зэргээр зодсон,

мөн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг, Өгөөмөрийн гол гэх газар хохирогч Л.О мал дутаасан гэх гэх асуудлаас болж маргалдан түүний нүүрэн тус газар алгадаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацарт цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

            Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт П О хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Ц овогт Л Ц үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,   шүүгдэгч П.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Л.Ц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд, шүүгдэгч Л.Ц оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, шүүгдэгч П.О, Л.Ц нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч П.О, Л.Ц нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч Л.Ц нь шүүгдэгч П.О нэхэмжилсэн 4 977 080 /дөрвөн сая есөн зуун далан долоон мянга ная/ төгрөгийг, хохирогч П.О нь шүүгдэгч Л.Ц нэхэмжилсэн 601 000 /зургаан зуун нэг мянга/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.О 357 200 /гурван зуун тавин долоон мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Ц олгож, хохирогч Л.Ц нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч П.О, хохирогч П.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч Л.Ц Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу тус тус баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.О, Л.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.С давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Хохирогч Ц эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Ц бие эрүүл мэндийн байдал өнөөдөр хүртэл хэвийн болоогүй буюу хөдөлмөрийн чадвартай болоогүй. Өнөөдөр Ц дунд хуруу хэвийн болоогүйгээс үүдэж, зүүн гарын сарвуу бүхэлдээ сул болсон. Үүнийг хохирогч Ц нь “би хөдөө мал маллаж, юм оёж, саальтай ноцолдож амьдардаг хүн. Гэтэл өнөөдөр би ганц баруун гараараа юу ч хийж чадахгүй, үсээ ч самнаж чадахгүй байна” гэдэг. Мөн энэ үндэслэлээр анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэргийг дахиж прокурорт шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан ч анхан шатны шүүх хүлээж аваагүй. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлж, арилгуулах гэдэгтэй холбоотой хохирол төлбөр нэхэмжилсэн ч хохирлын шаардлагаас 350 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Хохирогч Ц өндөр настай ээжийнхээ малтай нийт 530 тооны малыг малладаг байсан. Тухайн хэрэг гарахаас өмнө хохирогч Ц нь өөрийнхөө хийх ёстой бүх ажлаа хийж байсан. Гэсэн ч хавар ямаа самнах, төл авах ажлуудыг өөрөө хийх боломжгүй болсон. Тэгээд малаа маллуулах малчин, ямаа самналгын хүмүүсийг хөлсөлж авсан. Тиймээс зохих ажлуудыг хүнээр хөлслүүлж хийсэн. Эдгээр ажлуудын хөлс болох 1 410 000 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ үнийн дүнгээс шүүх 350 000 төгрөгийг хангаж үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Мөн шүүх тухайн малыг хэнээр маллуулах нь малчин хүний өөрийнх нь асуудал гэж үзсэн. Гэхдээ эрүүл хүн байсан бол малчин хөлсөлж авч, малаа маллуулбал тэр тухайн малчин хүний хэрэг. Харин эрүүл мэндээрээ бусдын гэм буруутай үйлдлийн улмаас хохирсон байхад ингэж үзэж болохгүй. Гэтэл энэ хүн аргагүй эрхэнд малчин хөлсөлж авч энэ үнийн дүн гарч ирсэн. Тиймээс энэ үнийн дүнг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч П.О өмгөөлөгч Г.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.О хувьд энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Мөн О нь Ц зодуулснаас болж мотоциклтой явж байгаад өмнөх гэмтлээ сэдрээсэн. Хохирогч О нь өмнө нь мотоциклоос унаад баруун талын хацрын ясаа цуулаад түүнийгээ хадуулсан байсан. Гэтэл Ц зодуулж тэр шарх нь сэдэрсэн байдаг. Уг нь 3 жилийн дараа очиж  үзүүлэх ёстой байсан ч уг маргаанаас болж хагалгаа хийлгэх болсон. Түүнтэй холбоотой хохирогч Ц гомдлоо нэхэмжил гэсэн ч Ц эгч миний малыг маллаж байсан зүгээрээ гэдэг. хувьд гар нь гэмтсэн ч тэр нь эргэлзээтэй. Гэхдээ тэр нь шүүх хуралдаанаар нотлогдсон тул түүнтэй маргахгүй. Шинжээчийн дүгнэлтээр холбоос нь тасарсан гэсэн дүгнэлт гарсан. Өнөөдрийн байдлаар хохирогч Ц биед учирсан гэмтэл нь бүрэн эдгэрсэн байх ёстой. Зүүн гарын гэмтэл нь баруун гарын гэмтлээс хурдан эдгэрнэ. Хүмүүс ихэвчлэн баруун гараараа илүү хөдөлгөөн хийдэг. Харин зүүн гар нь хөдөлгөөн багатай байдаг. Ямар нэгэн гэмтэл нь сэдэрч харлах буюу үхжилт үүсч тайруулах хэмжээний болсон гэсэн ямар нэгэн нотлох баримт хэрэгт байдаггүй. Тиймээс шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирлын хувьд хохирогч Ц нь 5 334 280 төгрөг нэхэмжилснээс шүүх 357 280 төгрөгийг бодит хохирол гэж үзэж гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь үндэслэлтэй. Харин малчин авч маллуулсан нь тухайн малчин хүнд хамааралтай. Мөн гэрээнд тухайн гэрээг өөрөө хийж, өөрөө гарын үсэг зурсан байна гэдгийг би анхан шатны шүүх хуралдаанаар хэлж байсан. Хохирол төлбөр гэдэг нь тухайн гэмтлийн улмаас хохирогчид учирсан шууд хохирлыг ойлгоно. Түүнээс биш мал хөлсөөр маллуулах, ямаа самнуулах зэрэг хохирол төлбөрт хамаарахгүй. Мөн шүүх хуралдааны маргааш хохирогч Ц надтай таарсан. Тэр үедээ хүүхэдээ гэмтсэн гэх гараасаа хөтлүүлээд зүгээр явж байсан. Харин шүүх хуралдаан дээр хуруугаа зузаан даавуугаар боосон ирсэн. Ингэж далимдуулж болохгүй. Тиймээс хохирогч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

 

Прокурор Э.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлдээ: Хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцлаа. Хохирогч Ц бие эрүүл мэндэд үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй дахин шинжээчийн дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан байна. Түүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч, хохирогч Ц биед хүндэвтэр гэмтэл учирсан гэдэг нь 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Ингэхдээ хохирогч Ц эмнэлгийн байгууллагаар үзүүлсэн гэх бичгийн баримтад үндэслэж дүгнэлт гаргасан. Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч О хохирогч Ц 357 000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжилсэн үнийн дүнг нотлох баримтад тулгуурлаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж байна гэжээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,  3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч П.О нь 2020 оны 02 сарын 10-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг Өгөөмөрийн гол гэх газар иргэн Л.Ц маргалдан улмаар түүний гарын сарвууг мушгиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан

Шүүгдэгч Л.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр мөн газар иргэн П.О маргалдан улмаар алгадах, маажих зэргээр хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч нарт холбогдох хэрэг нь хавтаст хэрэгт хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдсон, хэргийн зүйлчлэл болон тэдэнд хуульд зааснаар оногдуулсан ял шийтгэл  тохирсон байна.

Анхан шатны шүүхээс хохирлыг шийдвэрлэхдээ хохирогч Л.Ц түүний эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд малчин хөлсөлсөн болон хүн хөлсөлж ямаа самнуулсны зардлыг хохирогчид учирсан гэмтэлтэй холбох боломжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд хөдөлмөрийн чадвар алдсан талаар дурьдаагүй байна. Мөн хохирогч Л.Ц биед анх хөнгөн хохирол үүссэн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан ч дахин бүрэлдхүүнтэй шинжээч томилсноор хүндэвтэр хохирол учруулсан болохыг тогтоосон тул дахин шинжээч томилон гэмтлийн зэргийг тогтоолгох шаардлагагүй гэж анхан шатны шүүх үзсэн нь  үндэстэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч  болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.                        

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                О.ОДНЯМАА

                           ШҮҮГЧИД                                Х.БАЙГАЛМАА

                                                                            Г.ТЭГШСУУРЬ