Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/68

 

2023         10            13                                               2023/ШЦТ/68

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............ овогт  ................ийн Бд холбогдох 2340000000048 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны ... дугаар сарын ...-ны өдөр Завхан аймгийн ... суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл .., ..., ... хамт Хэнтий аймгийн ... сум .. дүгээр баг .. дүгээр байрны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай ............ овогт ................ийн Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний орой 23 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 40 дүгээр байрны 24 тоотод оршин суух гэртээ өөрийн эхнэр Д.С-тэй маргалдаж, улмаар түүний нүүр, гар хэсэгт гараараа, мөн хүүхдийн хуванцар тоглоомон сэлмээр баруун гарыг нь цохиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.С-ийн  Би тухайн орой 20 цаг 30 минутын үед ажлаасаа буугаад гэртээ орж ирэхэд манай нөхөр унтаж байсан. Орой 23 цаг өнгөрөөгөөд орыг нь засаж өгөх гээд сэрээгээд буцаагаад унтуулахын өмнө жоохон маргалдсан юм. Маргаан нь юу гэхээр бид 2 хотод байр худалдаж авч байгаа юм. Тэрний төлбөр тооцоон дээрээс болоод маргаад намайг миний зүүн мөр лүү цохичихоор нь би зөрүүлээд алгадсан юм. Тэгтэл зөрүүлээд намайг зүүн нүд рүү цохиод барьж аваад орон дээрээ доороо хийгээд дахиад нүүр лүү цохисон. Би зөрүүлээд тийрсэн чинь орон дээрээ хойшоо саваад унахаар нь би босож ирээд дахиад нүүр лүү алгадсан. Би тэгээд нүцгэн байсан болохоор нь биеийн зарим нэг хэсэгт нь маажсан. Босоод бас гар өвдөхөөр нь хүүхдийн тоглоомон хуванцар сэлэм байхаар нь аваад би нөхрөө цохитол надаас булааж аваад намайг зөрүүлээд цохихоор нь би гараараа хаачихсан чинь миний баруун гар эвгүй болчихсон. Тэгээд л салцгаасан. Миний биед зүүн нүд хөхөрсөн, зүүн мөр хөхөрсөн, баруун нүд жоохон хөх туяа татсан, тэгээд баруун гарын шивнүүр яс цуурсан гэсэн.  Манай нөхөр бол уул нь гайгүй л болсон байсан. Гэхдээ бас л нилээн халамцуу л байсан. Би бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Бид 2 гэр бүлийн баталгаатай. Дундаасаа 3 хүүхэдтэй. Тухайн үед хүүхдүүд өвөөгийндөө хонохоор явсан байсан юм. ... Надад гомдол санал байхгүй. Би жоохон айлгах гээд л цагдаад өгсөн юм. Тэгэхээс бид хоёр ердөө маргалдаж мууддаггүй юм." гэх мэдүүлэг (хх-ийн 6-7-р хуудас)

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 45 дугаартай  дүгнэлтэд

1. Д.С-ийн биед баруун гарын алганы шивнүүр ясны далд хугарал, зүүн нүдний доод зовхины хэсэг болон зүүн мөр, далны хэсгүүдийн цус хуралт, толгойн зүүн чамархай хэсэг, баруун, зүүн нүдний доод зовхины хэсэг, зүүн мөр, далны хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх баруун гарын алганы шивнүүр ясны далд хугарал бүхий гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. (хх-н 16-17-р хуу)

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Эхнэртэйгээ муудалцаад гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хх-н 26-27-р хуу) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Шүүгдэгч Н.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.С- нь “Надад гомдол, санал  байхгүй” гэж мэдүүлсэн (хх-ийн 7-р хуудас) байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал нь хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн дотор төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн       5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ............ овогт ................ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                            Р.БАТБАЯР