Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/84

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................. овогт ..................ын Бд холбогдох эрүүгийн 2340000000058 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорнод аймгийн ... суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .. мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., Хэнтий аймгийн .. сумын .. дүгээр баг ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

-Хэнтий аймгийн дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-Хэнтий аймгийн дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял,

-Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял,

-Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял,

-Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн байсан, ....... регистрийн дугаартай .................. овогт ..................ын Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны шөнө 00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Нийтийн байрны гадаа Б.У-ийг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр түүний ар нурууны баруун дал хэсэгт хутгалж, зүсэгдсэн шарх бүхий гэмтлийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

2340000000058 тоот эрүүгийн хэргээс

 

Хохирогч Б.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр найз Т, М, Т, Д нарын хамтаар баар орох гээд 23 цаг 30 минутын үед явж байхад Б гэх залуу Сувдын зүүн талд зам дээр шахуу согтуу унтаж байсан чинь Т таниад гэрт хүргээд өгье гээд машиндаа суулгаад гэрийнх нь гадаа очоод буулгаад гэр лүү нь Т аваад орсон юм. Тэгтэл Т, Д хоёр Б-ийн байрны зүүн захад очоод хоорондоо юм яриад байсан. Би Мтай машиндаа үлдээд тамхи татах гээд гал хайгаад олохгүй машинаасаа буугаад суудал доогуур гал хайгаад тонгойж байтал араас Б гэрээсээ хэн хогийн Б гэж дуудсан бэ, над руу ирээд миний араас баруун далны хавьд нэг удаа гараараа цохисон. Тэгээд байрныхаа зүүн тал руу Д, Т хоёрын тийш яваад өгсөн. Миний цохиулсан газар халуу оргиод ирэхээр нь Тд хэлээд халуу оргиод байна, хараад өгөөч гэсэн чинь цус гарч байна, юмаар зоосон юм биш үү гэж хэлсэн. Тэгж байтал эргүүлийн машин явж таараад Т орилоод энд хүн хутгалуулчихлаа гээд дуудаад тэгээд ирээд намайг аваад эмнэлэг хүргэж өгсөн. Эмнэлэг ороод 2 оёдол тавиулсан... Ямар нэгэн шалтгааны улмаас намайг араас хутгалсныг мэдэхгүй байна. Хэн намайг хогийн Б гэж дуудсан бэ гэж орилж гарч ирээд л хутгалчихсан. ...Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-13-р хуудас)

 

Гэрч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ..Би тухайн өдөр найз У-э, М, Т, Д нарын хамтаар баар орох 23 цаг 30 минутын үед Сувд нэртэй баарны зүүн талд явж байхад Б гэх ах Сувдын зүүн талд газарт хэвтэж байхаар нь согтоод тасраад унаад өгсөн байна гэж бодоод би гэрт нь хүргээд өгье гээд машинд нь суулгаад захын хойд талын Нийтийн 3 дугаар байр луу очоод би өөрөө гэр лүү нь оруулж өгөөд амраах гээд байсан. Гэрт нь бол эхнэр нь ганцаараа байсан. Би тэгээд яг гарах гэж байхад гадаа нэг нь хогийн Б гээд хэлчих шиг болсон. Тэгтэл Б уурлаад гэрээсээ шар өнгийн хутга аваад гарах гэхээр нь би болиулаад яах гээд байгаа юм гээд авсан чинь халбага сэрээний хавиасаа эвхдэг, олон үйлдэлтэй хутга аваад гүйгээд гарчихаар нь би араас нь гараад очтол У-ийн араас гараараа цохиод авах шиг болсон. Тэгээд өөрөө байрныхаа зүүн тал руу алхаад яваад өгсөн. Тэгтэл У-э надад нуруу халуу оргиод байна хараад өгөөч гэхээр нь цамцыг нь сөхөөд хартал зүүн далны доор нь хутгаар дүрчихсэн шарх байсан... Явж чадахгүй гадаа унтаад байсан гэхээр их л согтолттой байсан байх. ...Т, Д хоёр бол машинаас жоохон зайтай зогсож байсан. Б-ийн эхнэр нь орондоо орсон хэвтэж байсан болохоор болиулж амжаагүй. Эхнэр нь хутга аваад гарсныг бол харсан.....” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16-р хуудас)

Гэрч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн орой би найз Тгийн машиныг бариад Т, Т, Д, У-э нарын хамтаар баар орох бодолтой явж байхад Сувд баарны зүүн талд Б гэх ах нэг хүнтэй хамт газарт хэвтэж байсан. Бид хэд хажуугаар нь явахад Т Б ах байна гэрт нь хүргээд өгье гээд суулгаад нөгөө хамт явсан найзыг нь орхиод Б-ийн гэр лүү явсан. Гэрийнхэн гадаа ирээд зогсоод Т аваад гэр лүү нь орсон. Тэр хооронд Т, Д хоёр машинаас буугаад Нийтийн байрны зүүн талд юм яриад зогсож байсан. Би машины жолоон дээр суугаад У-э болохоор тамхи татах гээд гал хайгаад жолоочийн эсрэг талын хаалганы суудал доогуур тонгойгоод гал хайж байхад Нийтийн байрнаас Б намайг хэн хогийн Б гэсэн бэ гээд гарч ирээд У-ийн нуруу хэсэгт араас нь цохиод авах шиг болсон. Тэгээд өөрөө Нийтийн байрныхаа зүүн талд очоод зогсчих шиг болсон. Тэгтэл У-э яая гээд хэлтэл Т чамайг Б ах хутгалчихлаа гээд цамцыг нь сөхөөд хартал цус урсаж байсан. Б ер нь нилээн их согтолттой, Сувд баарны үүднээс авахад хөл дээрээ тогтож чадахгүй байсан. ...Шууд гэрээсээ гүйж гарч ирээд намайг хэн хогийн Б гэж хэлсэн бэ гээд л У-ийн араас нэг удаа цохичих шиг л болсон. Тэгтэл гартаа хутгатай байсан юм байна лээ. Орой байсан болохоор гартаа барьсан зүйлийг нь би лав харж чадаагүй...Ер нь аягүй хурдан болоод л өнгөрсөн....” гэх мэдүүлэг (хх-ийн 18-19-р хуудас)

 

Шүүгдэгч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн өдөр найз Ттай 22 цагийн үед Гуатээг баарны гадаа таараад бид хоёр М баар луу орж нэг 0.75 литрийн архийг дөрвүүлээ хувааж уугаад дуусгаад гарахдаа нэг нэг 0.5 литрийн Сэнгүр нэртэй лаазтай пиво аваад 23 цаг нилээн өнгөрөөгөөд хаахын алдад нь гарсан. Бид хоёр Сувд баарны хажууд явж байхад хажууд Т, У-э, М, Д, Т энэ хэд явж байсан. Хажууд ирж зогсоод Т, Б ахаа та машинд суучих танай гэрт очиж ууя гэхээр нь машинд нь суусан чинь миний хамт явсан Т машинд нь багтахгүй гэхээр нь би Тг араас ирээрэй гээд суугаад гэр лүү явсан. Би гэрийн үүдэнд ирээд буугаад Ттэй байрны коридор луу ороод би эхнэр байгаа уухгүй ээ гэсэн чинь гэрийн гадаа хогийн Б гээд нэг нь орилохоор нь би уурлаад гараад гүйсэн гарч очоод намайг хэн хогийн Б гэсэн бэ гэсэн чинь хүн дуугарахгүй гадаа машины хажууд У-э цаашаа хараад байж байхаар нь араас нэг удаа цохиод авсан шиг санаад байна. Би өөрөө нилээн их согтолттой байсан болохоор яг сайн санахгүй ухаан орж гараад л яваад байсан. Би хутгалснаа бол санахгүй байгаа. Гэхдээ өөрийн буруутай согтуу тийм зүйл хийсэн гэдгээ бол ойлгож ухамсарлаж байгаа. Бусад нотлох байдал гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа учраас надад маргаад байх зүйл байхгүй. Миний хэргийг гайгүйгээр шийдэж өгнө үү....” гэх мэдүүлэг (хх-ийн 41-р хуудас)

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 506 дугаартай

1. Б.У-ийн биед баруун дал хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. (хх-ийн 25-16-р хуудас), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зураг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Б нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны шөнө 00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Нийтийн байрны гадаа Б.У-ийг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр түүний ар нурууны баруун дал хэсэгт хутгалж, зүсэгдсэн шарх бүхий гэмтлийг учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь:

Хохирогч Б.У-ийн “...Би Мтай машиндаа үлдээд тамхи татах гээд гал хайгаад олохгүй машинаасаа буугаад суудал доогуур гал хайгаад тонгойж байтал араас Б гэрээсээ хэн хогийн Б гэж дуудсан бэ гээд над руу ирээд миний араас баруун далны хавьд нэг удаа гараараа цохисон. ...Миний цохиулсан газар халуу оргиод ирэхээр нь Тд хэлээд халуу оргиод байна, хараад өгөөч гэсэн чинь цус гарч байна, юмаар зоосон юм биш үү гэж хэлсэн. Хэн намайг хогийн Б гэж дуудсан бэ гэж орилж гарч ирээд л хутгалчихсан. " гэх мэдүүлэг,

Гэрч Б.Тгийн “...Б уурлаад гэрээсээ шар өнгийн хутга аваад гарах гэхээр нь би болиулаад яах гээд байгаа юм гээд авсан чинь халбага сэрээний хавиасаа эвхдэг, олон үйлдэлтэй хутга аваад гүйгээд гарчихаар нь би араас нь гараад очтол У-ийн араас гараараа цохиод авах шиг болсон. Тэгээд өөрөө байрныхаа зүүн тал руу алхаад яваад өгсөн. Тэгтэл У-э надад нуруу халуу оргиод байна хараад өгөөч гэхээр нь цамцыг нь сөхөөд хартал зүүн далны доор нь хутгаар дүрчихсэн шарх байсан... " гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Мын “..Би машины жолоон дээр суугаад У-э болохоор тамхи татах гээд гал хайгаад жолоочийн эсрэг талын хаалганы суудал доогуур тонгойгоод гал хайж байхад Нийтийн байрнаас Б намайг хэн хогийн Б гэсэн бэ гээд гарч ирээд У-ийн нуруу хэсэгт араас нь цохиод авах шиг болсон. Тэгээд өөрөө Нийтийн байрныхаа зүүн талд очоод зогсчих шиг болсон. Тэгтэл У-э яаая гээд хэлтэл Т чамайг Б ах хутгалчихлаа гээд цамцыг нь сөхөөд хартал цус урсаж байсан..... " гэх мэдүүлэг,

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 506 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь тэрээр хохирогч Б.У-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирогч Б.У-э нь мөрдөн шалгах ажиллагаанд гомдол санал байхгүй гэж мэдүүлсэн (хх-н 13-р хуу), хохирол төлбөртэй холбоотой баримт ирүүлээгүй тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч нь шүүгдэгчид 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бол,

шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 Улсын яллагч дээрх дүгнэлтийнхээ үндэслэлээ шүүгдэгч нь өмнө нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн, дүгнэлт хийгээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн тул гэж тайлбарласан бол,

шүүгдэгчийн өмгөөлөгч нь М.Б нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарлав.  

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

              Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол, хор уршиг зэргийг харгалзан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

              Учир нь шүүгдэгч нь урд нийт 5 удаа ял шийтгүүлж байснаас 2 удаагийн үйлдэл нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарч байна. Үүнээс дүгнэхэд шүүгдэгч нь өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийхгүй, засрал хүмүүжлийг олохгүй байгааг хувийн байдалд нь хамааруулснаас гадна энэхүү гэмт хэргийг үйлдэхдээ ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр бусдын эрх чөлөөнд халдсан байдал нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд хамаарч байгааг дурдах нь зүйтэй юм.

 

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан хуванцар гэртэй, эвхдэг, олон үйлдэлтэй, хутганы иш 10.5 см урттай, ажлын ир 6.5 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгав.

 

Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Б нь 2240000000043 дугаартай эрүүгийн хэрэгт “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг дурдсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч .................. овогт ..................ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ийг 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч М.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих ангид даалгаж, шүүгдэгч М.Б-ийг оршин суух газар болох Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг сануулсугай.

         5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан хуванцар гэртэй, эвхдэг, олон үйлдэлтэй, хутганы иш 10.5 см урттай, ажлын ир 6.5 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгасугай.

          6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

          7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Б нь эрүүгийн 2240000000043 дугаартай хэрэгт цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                            Р.БАТБАЯР