Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 104/ШШ2022/00029

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг,*******,*******, 5 тоотод оршин суух, ******* /РД:*******/

 

Хариуцагч: Налайх дүүрэг, 7 дугаар хороо, Өвөршанд 13 дугаар гудамж, 14 тоотод оршин суух, Хайрхан Дамдингийн Түмэн-Өлзий /РД:УЕ69070611/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяа,

хариуцагч Д.Түмэн-Өлзий,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2003 онд нөхөр Д.Түмэн-Өлзийтэй танилцаж, хамтран амьдарч эхэлсэн. Бид 2006 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2004 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүү Э.Анхбаяр, 2008 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр охин Т.Азжаргал нар төрсөн.

Нөхөр Д.Түмэн-Өлзий байнга архи уулж, гар хүрч бие махбодид халддаг байсан учир тус тусдаа амьдрах болсон.

Бид 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд тус тусдаа амьдарч байна. Одоо би өөр хүнтэй хамтран амьдарч, үр хүүхэдтэй болсон. Надад түүнийг гэх хайр сэтгэл байхгүй. Эд хөрөнгийн маргаангүй. Иймд дахин эвлэрүүлэн зуучлагчид хандахгүй. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамжийг өөр дээрээ тогтоолгох хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Д.Түмэн-Өлзий шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2003 онд Д.Эрдэнэтуяатай танилцаж, хамтран амьдарч эхэлсэн. Бид 2006 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2004 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүү Э.Анхбаяр, охин Т.Азжаргал нар төрсөн.

Эхнэр Д.Эрдэнэтуяагийн ярьсан бүхэн үнэн. Харин би одоо архи амсахгүй, ган биерээ амьдарч байна. Архинаас болж гэр бүлээ алдсандаа харамсдаг.

Бид 10 жил тус тусдаа амьдарч байна. Гэхдээ би хүүхдүүдтэйгээ ярьж, боломжоороо тусалж дэмжиж явдаг.

Харин Д.Эрдэнэтуяа өөр хүнтэй ханилж, үр хүүхэдтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдүүд маань өнөөдрийг хүртэл хугацаанд эх дээрээ өссөн тул асрамж болон эд хөрөнгийн тал дээр маргаангүй гэв.

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяа нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүү Э.Анхбаярын 0027959-397 дугаартай, охин Т.Азжаргалын 0122290-268 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Нийслэлийн ерөнхий боловсролын Голомт цогцолбор сургуулийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Түмэн-Өлзийн Азжаргал нь тус сургуулийн Б.Түмэнжаргал багштай 22 ангид суралцдаг нь үнэн гэсэн тодорхойлолт, Налайх дүүргийн*******ны Нарын эрч өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Э.Анхбаяр, Т.Азжаргал нар нь өрхийн эмчийн хяналтад эрүүл бойжиж байгаа нь үнэн болно гэсэн тодорхойлолт, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 104/ЭТ2021/00025 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл зэрэг баримт өгсөн. /хх-5-12/

 

Шүүхийн санаачилгаар хийгдсэн ажиллагаа болох хүүхэд асуусан тэмдэглэл /хх-20-24/ байгаа болно.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяа хариуцагч Д.Түмэн-Өлзийд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч Д.Түмэн-Өлзий нэхэмжлэлийн шаардлага үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэдэг.

 

Гэрлэгчид өсвөр насны хүүхдүүдтэй тул нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяагийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасан харьяаллын дагуу хүлээн авч шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяа, хариуцагч Д.Түмэн-Өлзий нар 2003 оны 9 дүгээр сард танилцаж, 2003 оны 11 дүгээр сараас хамтран амьдарч, 2006 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2004 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүү Э.Анхбаяр, 2008 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр охин Т.Азжаргал нар төрсөн, одоо хүүхдүүд эх Д.Эрдэнэтуяагийн асрамжид эрүүл бойжиж байгаа үйл баримт нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүү Э.Анхбаярын 0027959-397 дугаартай, охин Т.Азжаргалын 0122290-268 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Нийслэлийн ерөнхий боловсролын Голомт цогцолбор сургуулийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Түмэн-Өлзийн Азжаргал нь тус сургуулийн Б.Түмэнжаргал багштай 22 ангид суралцдаг нь үнэн гэсэн тодорхойлолт, Налайх дүүргийн*******ны Нарын эрч өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Э.Анхбаяр, Т.Азжаргал нар нь өрхийн эмчийн хяналтад эрүүл бойжиж байгаа нь үнэн болно гэсэн тодорхойлолт, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 104/ЭТ2021/00025 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяа гэрлэлт цуцлуулах болсон үндэслэлээ ...зан харилцааны хувьд таарамжгүй, Д.Түмэн-Өлзий архи их уудаг байсан, одоо өөр хүнтэй хамтран амьдарч үр хүүхэдтэй болсон... гэж тайлбарласан тайлбар, хариуцагч Д.Түмэн-Өлзий ...Д.Эрдэнэтуяа өөр хүнтэй хамтран амьдарч, үр хүүхэдтэй болсон, зан харилцааны хувьд таарамжгүй байсан... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа зэргээс үзвэл, гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх зэрэг үүргээ биелүүлээгүйгээс болсон байна.

 

Үүнээс гадна шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч тэд тусдаа амьдрах хугацаанд эр, эмийн харьцаагүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй, хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй болсон нь урьдчилан шийдвэрлэх журмаар явуулсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон тэмдэглэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд гэрлэлт цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяа, хариуцагч Д.Түмэн-Өлзий нарыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж, гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.

 

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй. Хүү Э.Анхбаяр, Т.Азжаргал нар эх Д.Эрдэнэтуяагийн асрамжид үлдэх саналаа илэрхийлсэн тул 2004 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүү Э.Анхбаяр, 2008 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр охин Т.Азжаргал нарыг эх Д.Эрдэнэтуяагийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Д.Түмэн-Өлзий бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүү Э.Анхбаяр, Т.Азжаргал нартай уулзах эрх нээлттэй ч хүүхдүүд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

 

Харин хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдүүдийн асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

 

Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар хэвээр хадгалагддаг.

 

Иймд нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяа хүүхдийн тэтгэлэг шаардаагүй ч хариуцагч Д.Түмэн-Өлзий үр хүүхдээ нэхэмжлэгчийн адил тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг дурдаж байна.

 

Мөн зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болно.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Түмэн-Өлзийгөөс 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяад олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан 2006 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч *******, хариуцагч Хайрхан Дамдингийн Түмэн-Өлзий нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2004 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төгрсөн хүү Э.Анхбаяр, 2008 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Т.Азжаргал нарыг эх Д.Эрдэнэтуяагийн асрамжид байлгасугай.

 

3. Зохигчид хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар шаардлага гаргаж маргаагүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Түмэн-Өлзийгөөс 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Эрдэнэтуяад олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Алтангэрэлд даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС