Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2026/00007

 

П.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 316/ШШ2025/00250 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 208/МА2025/00038 дугаар магадлалтай

П.Г-ийн нэхэмжлэлтэй,

Л.А, “М” ХХК, С-т тус тус холбогдох

Б.П-ын эзэмшиж байсан “М” ХХК-ийн  50 хувийн хувьцааг өвлөх эрхтэй болон эзэмшигч болохыг тогтоолгох, энэ талаар компанийн дүрэмд өөрчлөлт оруулахыг тус компанийн гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч нарт даалгах, компанийн шинэчилсэн дүрэм, хувьцаа эзэмшигчийн бүртгэл, өвлөгчөөр бүртгэж авахыг С-т даалгах тухай үндсэн нэхэмжлэл 

Л.А, Т.Х, Т.Т, А.Н нарын

нэхэмжлэлтэй

П.Г-т холбогдох

            Б.П-тай хамт амьдарч, асрамжид байсныг тогтоолгож, түүний эзэмшиж байсан “М” ХХК-ийн 50 хувийн хувьцааг өвлөх эрхтэй болон эзэмшигчээр  тогтоолгох нэхэмжлэлтэй нэгтгэсэн иргэний хэргийг нэхэмжлэгч П.Г-ийн өмгөөлөгч П.Б, хариуцагч Л.А, түүний өмгөөлөгч Г.Х, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Х, Т.Т болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагч Л.А, хариуцагчийн өмгөөлөгч Г.Х, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Х, Т.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч П.Г нь хариуцагч Л.А, “М” ХХК, С-т тус тус холбогдуулан  Б.П-ын эзэмшиж байсан “М” ХХК-ийн 50 хувийн хувьцааг өвлөх эрхтэй болон эзэмшигчээр тогтоолгох, компанийн дүрэмд өөрчлөлт оруулахыг “М” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч Л.А нарт даалгах, компанийн шинэчилсэн дүрэм, хувьцаа эзэмшигчийн бүртгэл, өвлөгчөөр бүртгэж авахыг С-т даалгах тухай нэхэмжлэл,

Л.А, Т.Х, Т.Т, А.Н нар нь  Б.П-тай  хамт амьдарч, асрамжид нь байсныг тогтоолгож, түүний эзэмшиж байсан “М” ХХК-ийн  50 хувийн хувьцааг өвлөх эрхтэй болон эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

2.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 316/ШШ2025/00250 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 520 дугаар зүйлийн 520.3, 532 дугаар зүйлийн 532.1, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д заасныг тус тус баримтлан Б.П-ын эзэмшиж байсан “М” ХХК-ийн 50 хувийн хувьцааны 37,5 хувийн өвлөгчөөр П.Г-ийг, 12,5 хувийн хувьцааны өвлөгчөөр А.Н-ыг тус тус тогтоож,

Б.П-ын эзэмшиж байсан “М” ХХК-ийн 50 хувийн хувьцааны 37,5 хувийн хувьцааны эзэмшигчээр П.Г-ийг, 12,5 хувийн хувьцааны эзэмшигчээр А.Н-ыг тус тус тогтоосон компанийн дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхийг С-т даалгаж,

Нэхэмжлэгч П.Г-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх П.Г-ийг Б.П-ын эзэмшиж байсан “М” ХХК-ийн 12,5 хувийн хувьцаа өвлөгчөөр ба эзэмшигчээр тогтоолгох, компанийн дүрэмд өөрчлөлт оруулахыг “М” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч Д.А нарт даалгах,

Нэхэмжлэгч Л.А, Т.Х, Т.Т, А.Н-ын төлөөлөгч Л.А нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Л.А-ийг Б.П-ын “М” ХХК-ийн эзэмшиж байсан 50 хувийн хувьцааны өвлөгч болон эзэмшигчээр тогтоолгох, Т.Х, Т.Т нарыг Б.П-ын “М” ХХК-ийн эзэмшиж байсан хувьцааны ногдох хувийн өвлөгчөөр тогтоолгох, Т.Х, Т.Т нарыг Б.П-ын эзэмшиж байсан “М” ХХК-ийн эзэмшиж байсан хувьцааны ногдох хувийн эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 208/МА2025/00038 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 316/ШШ2025/00250 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 520 дугаар зүйлийн 520.3, 532 дугаар зүйлийн 532.1, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д заасныг тус тус баримтлан Б.П-ын эзэмшиж байсан “М” ХХК-ийн 50 хувийн хувьцааны 43,75 хувийн өвлөгчөөр П.Г-ийг, 6,25 хувийн өвлөгчөөр А.Н-ыг тус тус тогтоож,

Б.П-ын эзэмшиж байсан “М” ХХК-ийн хувьцааны 43,75 хувийн хувьцааны эзэмшигчээр П.Г-ийг, 6,25 хувийн хувьцааны эзэмшигчээр А.Н-ыг тус тус тогтоосон компанийн дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхийг С-т даалгаж,

Нэхэмжлэгч П.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Б.П-ын эзэмшиж байсан “М” ХХК-ийн 50 хувийн хувьцаа өвлөгчөөр тогтоолгох, “М” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр П.Г-ийг тогтоолгох, компанийн дүрэмд өөрчлөлт оруулахыг “М” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч Л.А нарт даалгах,

Нэхэмжлэгч Л.А, Т.Х, Т.Т, А.Н-ын төлөөлөгч Л.А нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Л.А-ийг Б.П-ын “М” ХХК-ийн эзэмшиж байсан 50 хувийн хувьцааны өвлөгч болон эзэмшигчээр тогтоолгох, Т.Х, Т.Т нарыг Б.П-ын “М” ХХК-ийн эзэмшиж байсан хувьцааны ногдох хувийн өвлөгчөөр болон эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгч Т.Х, Т.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, 172.2.2-т заасан “хэрэг хянан шиидвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шиидвэрт нөлөөлсөн” үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1.Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн байна. Тухайлбал, нэхэмжлэгч Л.А, Т.Т, Т.Х, А.Ннарын Б.П-ын “М” ХХК-ийн эзэмшиж байсан 50 хувийн хувьцааны өвлөгчөөр тогтоолгох, Л.А, Т.Х, Т.Т, А.Ннарыг “М” ХХК-ийн эзэмшиж байсан 50 хувийн хувьцааны эзэмшигчээр тогтоолгох Л.А, Т.Х, Т.Т, А.Ннарыг өвлүүлэгч талийгаач аав, өвөөтэй хамт амьдарч, асрамжид нь байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 2.2 дахь хэсэгт “Т.Х. Т.Т А.Н нар нь бага наснаасаа хойш Б.П. Л.А нартай хамт байсан, өрхийн амьдралын хэрэглээний зардал, сургалтын төлбөрийг Б.П болон Л.А нарын хувьцаа эзэмшиж үйл ажиллагааг нь хамт явуулж байсан “М” ХХК-ийн үйл ажиллагааны орлогоос төлж барагдуулж байсан байдал зэрэг нь шинжээчиин дүгнэлтээр тогтоогдсон өвлүүлэгч Б.П-ын Т.Х, Т.Т нарт хандан бичсэн бичвэр...зэрэг нотлох баримгуудаар Б.П, Л.А нарын асрамжид байсан нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн.

Харин 4 дэх хэсэгт “хариуцагч Л.А-ийн талаас Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх. шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүйг/ хэлцэл гэнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”. 40.2-т “Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно”, 40 3-т “Хэлцэл хийснээс хойш нас, барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдиин урьд нь хийсэн хэлцэл. илэрхиилсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна” гэж зааснаар 2020.10.03 гэсэн огноотой, “Өвөө нь аав нь хүүхдүүддээ захиж гэрээсэлж үлдээх юм байна” гэсэн баримтаар өвлүүлэгч Б.П нь Т.Х, Т.Т нартай хэлцэл байгуулсан, тэрээр нас барсан боловч хэлцэл хүчин төгөлдөр гэж тайлбарлаж байгаа боловч дээрх баримтыг өвлүүлэгч үйлдсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй гэж илтэд зөрүүтэй дүгнэсэн нь шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулиин шаардлагыг хангаагүй байна.

4.2.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч, түүний өмгөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй П.Г-ийн нэхэмжлэлгтэй нэгтгэсэн хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв” гэсэн байх боловч хэрэгт авагдсан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтын талаар огт дүгнээгүй, анхан шатны шүүхийн хоорондоо илт зөрүүтэй, ойлгомжгүй дүгнэлтийг зөвтгөөгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын “Хянавал” хэсгийн 5 дахь заалтад “Нэхэмжлэгч Л.А нь өвлүүлэгч Б.П нь “М” ХХК-ийн өөрийн эзэмшиж буй 50 хувийн хувьцааг өөрийн ач охин Т.Х. хүү Т.Т нарт шилжүүлэх тухай хүсэлтээ бичгээр бичиж баталгаажуулсан тул өвийг ач нартаа гэрээслэсэн гэж тайлбарласан. Хэрэгт авагдсан 2020.10.03-ны өдрөөр огноолсон өвлүүлэгч Б.П-ын гар бичмэлээр ач хүүхдүүд болох Т.Х, Т.Т нарт хувьцаагаа гэрээслэсэн гэж үзэхгүй.

Учир нь гэрээслэл нь хуульд заасан шаардлага хангаснаар хуулийн хүчин төгөлдөр болно. Тус гар бичмэлд өвлүүлэгч нь өөрийн үзэл санааг илэрхийлсэн агуулга байгаа боловч өвийн талаар өвлөгч нар маргасан, дээрх бичвэр нь гэрээслэлийн хуульд заасан шаардлага хангаагүй байх тул хариуцагч нарын шаардлага үндэслэлгүй гэжээ.

Дээрхээс үзвэл анхан шатны шүүх 2020.10.03-ны уг бичвэрийг өвлүүлэгч үйлдсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан “Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна” гэх үндэслэлийг үгүйсгэсэн бол давж заалдах шатны шүүх нь дээрх бичвэрийг гэрээслэлийн хуульд заасан шаардлага хангаагүй гэж тус тус дүгнэжээ.

4.3.Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх байдлаар дүгнэлт хийж Т.Х, Т.Т нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Б.П-ын өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Учир нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр. хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.”, 101.6-д “Өмчлөгч энэ зүйлд заасан эрхээ бусдад шилжүүлж болох бөгөөд эрх шилжүүлэн авсан этгээд эд юмсыг өмчлөгчийн зөвшөөрсөн зориулалт, өөрийн үйл ажиллагааны зорилго, дүрмийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй” гэж заасан.

Өөрөөр хэлбэл Б.П нь өмчлөх эрхээ бусдад шилжүүлэхдээ “Өвөө нь аав нь хүүхдүүддээ захиж гэрээсэлж үлдээх юм байн аа” гэх гарчиг бүхий бичвэр иргэний хэрэгт хавсаргасан Б.П-ын хувийн тэмдэглэлээр өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 1.1.Хуулийн 39-41 дүгээр зүйлд заасан “хүсэл зориг” гэж тодорхой этгээдийн иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох буюу хэлцэл хийх эрмэлзлэлийг хэлэх бөгөөд уг эрмэлзлэлийн гадаад илрэлийг “хүсэл зоригийн илэрхийлэл” гэж ойлговол зохино, 1.3.Хэлцлийн нэг тал хэлцэл хийснээс хойш нас барсан эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон бол ийнхүү нас барах эрх зүйн чадамжгүйд тооцох тухай шүүхийн шийдвэр гарахаас өмнө хийгдсэн хэлцэл, улмаар хэлцлийг хийх хүсэл зориг хүчин төгөлдөр хэвээр байх тул хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан “илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл” буюу хүсэл зоригийн нэгэнт хийгдсэн, өөрчлөх боломжгүй гадаад илрэл мөн хүчин төгөлдөр байна гэж тус тус заасан.

Иймд Б.П-ын “М” ХХК-ийн эзэмшиж байсан 50 хувийн хувьцааны өвлөгчөөр тогтоолгох”, “М” ХХК-ийн эзэмшиж байсан 50 хувийн хувьцааны эзэмшигчээр тогтоолгох” талаар гаргасан Т.Х, Т.Т нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэхээр байна.

4.4.Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Тухайлбал, өвлүүлэгч Б.П нь эхнэр Д.Х-тай гэр бүл болсноор П.О, П.Б, П.Б, П.Б, П.Т, П.А, П.Г, Х.Н, Х.О, X.Н, Х.Ч нарын эцэг эх болсон байна. Хуульд зааснаар түүний 11 хүүхэд нь өвлүүлэгч Б.П-ын хууль ёсны өвлөгч болно. Өвлүүлэгчийн хүүхдүүдээс П.А, П.Б, П.Т, П.Б нар нь нас барсан байх тул өвлүүлэгчийн хөрөнгийг түүний хууль ёсны өвлөгч П.О, П.Б, П.Г, Х.Н, Х.О, Х.Н, Х.Ч нар нь тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй гэж дүгнэжээ.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаар X.Н, Х.О, Х.Н, X.Ч нарыг Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан хууль есны өвлөгчөөр тогтоох үндэслэл огт тогтоогдоогүи байна.

Өөрөөр хэлбэл, өвлүүлэгч Б.П нь эхнэр Д.Х-тай 1962.12.31-ний өдөр гэр бүл болж, гэр бүл болсноос хойш П.О, П.Б, П.Б, П.Б, П.Т, П.А, П.Г нар тэдний дундаас төрсөн. Харин Х.Н, Х.О, X Н, X.Ч нарыг өвлүүлэгч Б.П-тай гэр бүл болохоос өмнө Д.Х нь төрүүлсэн болох нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, П.О, П.Б, П.Б, П.Б, П.Т, П.А, П.Г, Х.Н, Х.О, Х.Н, Х.Ч нарын төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, өвлүүлэгч Б.П нь Х.Н, Х.О, Х.Н, Х.Ч нарыг үрчилж авсан тухай баримт байхгүй. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар X.Н, X.О, Х.Н, Х.Ч нар нь хууль ёсны өвлөгч болох үндэслэлгүй байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх нэр бүхий 4 хүнийг хууль ёсны өвлөгчөөр тогтоож, улмаар Б.П-ын өвлөгдөх хөрөнгө болох “М” ХХК-ийн 50 хувийн хувьцааг хууль ёсны өвлөгч охин П.О, хүү П.Б, хүү П.Г, охин X.Н, охин Х.О, охин X.Н, хүү X.Ч нарт тэнцүү хэмжээгээр өвлүүлэхээр хуваарилсан нь Б.П-ын өмчлөх эрхийг ноцтой зөрчжээ.

4.5.Нотариатын үйлдлийг хүчингүй болгосны үр дагавар нь тийм үйлдэл огт хийгдээгүйтэй адил байдаг нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүхийн аль аль нь огт анхаарч үзээгүй, энэ талаар тайлбар огт хийгээгүй. Өвлүүлэгч Б.П-ын хүү П.Г-т 2020.12.25-ны өдөр бүртгэлийн 93 дугаарт бүртгэсэн “Өвлөх эрхийн гэрчилгээ”-г олгосон нотариатын үйлдлийг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1044 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 83 дугаартай магадлалаар тус тус хүчингүй болгосон. Гэтэл Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрт “...П.Г-ийн нотариат А.М 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан өргөдөл, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 93 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, гэрчилгээг олгох ажиллагааны үеийн баримтуудаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн. Энэхүү гэрчилгээг олгох ажиллагааны үеийн баримтууд дотор Х.Н, Х.О, Х.Н, Х.Ч нарын өвийг хүлээн авахаас татгалзсан хүсэлтүүд байгаа болно.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг өвлөх эрхийн гэрчилгээг авахад Х.Н, Х.О, X.Н, X.Ч, П.О, П.Б нар өвлөх хэсгээсээ татгалзаж, П.Г-т өвөө шилжүүлэхийг зөвшөөрсөн хүсэлтүүдийг өөрийн харъяа нотариатад гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Дээрхээс үзвэл анхан шатны шүүхийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөөгүй, давж заалдах шатны шүүх хянан үзэх үүргээ бүхэлд нь хэрэгжүүлж чадаагүй, гомдол гаргагчийн эрх ашгийг дордуулахгүй байх зарчмыг баримтлаагүй гэж үзэхээр байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг хяналтын шатны шүүхээс анхааран үзэж, шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5.Нэхэмжлэгч А.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, түүний өмгөөлөгч Г.Х нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “...шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, 172.2.2-т заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

5.1.Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн. Өвлүүлэгч Б.П-ын 2020.10.03 гэсэн огноотой, “Өвөө нь аав нь хүүхдүүддээ захиж гэрээсэлж үлдээх юм байна” гэсэн “М” ХХК-ийн тамга дарж, гарын үсгээ зурсан бичмэл нотлох баримтад “Одоо та гуравтаа Т.Х, Т.Т, ээжид нь “М” компаниа үлдээнэ, та гуравт надаас хамааралтай бүх хөрөнгөө үлдээнэ, Удвал жаахан охинд маань бас хувь хүртээгээрэй” гэж захисан захиасыг шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 4-т “...Өвөө аав нь хүүхдүүддээ захиж гэрээсэлж үлдээх юм байна” гэсэн баримтаар өвлүүлэгч Б.П нь Т.Х, Т.Т нартай хэлцэл байгуулсан, тэрээр нас барсан боловч хэлцэл хүчин төгөлдөр гэж тайлбарлаж байгаа боловч дээрх баримтыг өвлүүлэгч үйлдсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй бөгөөд өвлөх эрхийн харилцаа Иргэний хуулийн тавдугаар хэсэгт тусгайлан зохицуулагдсан тул дээрх тайлбар, үндэслэл үндэслэлгүй байна” гэсэн үндэслэлээр Л.А, Т.Х, Т.Т, нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжээчийн нэг талын дүгнэлтийг давуу байдалтай онцгой хэрэгсэл болгосон, шүүх шийдвэр гаргахдаа шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон бөгөөд хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг шинжээчийн дүгнэлтээр хэрхэн үгүйсгэгдэж байгаа үндэслэлээ тодорхой заагаагүй гэж үзэхээр байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох улаан өнгийн хавтастай дэвтрийн 28, 29 дүгээр хуудсан дахь “Өвгөн би хүүгийнхээ охин, хүү хоёрыг эрүүл саруул өсөж, аж амьдралын захад хүрэхэд нь ээжид нь тусалж, энэ хоёртой аавынх нь үлдээсэн энэ компанийг гарт нь атгуулахын төлөө зүтгэж байна”, миний хоёр ачид авга ах нар нь туслана. Өвөөгийнх нь хийж, тусалж амжаагүй ажлыг авга ах нар нь хийж энэ хоёрыг минь хүний дайтай болгож амьдралын, амьдралын жолоог атгуулна” гэсэн нотлох баримт нь өвлүүлэгч Б.П-ын “2020.10.03 гэсэн огноотой, “Өвөө нь аав нь хүүхдүүддээ захиж гэрээсэлж үлдээх юм байна” гэсэн “М” ХХК-ийн тамга дарж, гарын үсгээ зурсан бичмэл нотлох баримттай хэрхэн дүйцэж байгаа, тэдгээрийн хооронд ямар уялдаа холбоо байгаа, баримтууд нь бие биенээ үгүйсгэж байгаа эсэх, нэг үйл баримтыг давхар нотолж байгаа эсэхэд бодитойгоор харьцуулж үзээгүй байна.

5.2.Шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 4-т хариуцагч Л.А-ийн талаас Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 40.2-т “Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно”, 40.3-т “Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна” гэж зааснаар “2020.10.03 гэсэн огноотой, өвөө аав нь хүүхдүүддээ захиж гэрээсэлж үлдээх юм байна” гэсэн баримтаар өвлүүлэгч Б.П нь Т.Х, Т.Т нартай хэлцэл байгуулсан, тэрээр нас барсан боловч хэлцэл хүчин төгөлдөр гэж тайлбарлаж байгаа боловч дээр баримтыг өвлүүлэгч үйлдсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй бөгөөд өвлөх эрхийн харилцаа Иргэний хуулийн тавдугаар хэсэгт тусгайлан зохицуулагдсан тул дээрх тайлбар, үндэслэл үндэслэлгүй байна” гэжээ.

“Магадлал”-ын 5-д “хэрэгт авагдсан өвлүүлэгч Б.П-ын гар бичмэлээр ач хүүхдүүд болох Т.Х, Т.Т нарт хувьцаагаа /өөрийн хөрөнгийг/ гэрээсэлсэн гэж үзэхгүй. Учир нь гэрээслэл нь хуульд заасан шаардлага хангаснаар хуулийн хүчин төгөлдөр болно. Тус гар бичмэлд өвлүүлэгч нь өөрийн үзэл санааг илэрхийлсэн агуулга байгаа боловч өвийн талаар өвлөгч нар маргасан, дээрхи бичвэр нь гэрээслэлийн хуульд заасан шаардлага хангаагүй байх тул хариуцагч нарын шаардлага үндэслэлгүй гэж шийдвэрт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй, магадлалд дээрхи бичвэр нь гэрээслэлийн хуульд заасан шаардлага хангаагүй гэж илтэд зөрүүтэй дүгнэлт хийсэн.

Магадлалд “...Өвөө аав нь хүүхдүүддээ захиж гэрээсэлж үлдээх юм байна...”гэсэн нотлох баримт бичих хэрэгсэлээр бичсэн өөрөөр хэлбэл компьютерт бичсэн бичмэл баримт байхад “гар бичмэл” гэж зөрүүтэй дүгнэж тэмдэглэлийн дэвтрийн 28, 29-т бичигдсэнтэй хольж хутгасан. Нотлох баримтанд хийсэн шинжээчийн дүгнэлтийн 1-т “шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Б.П-ын гэх гарын үсгийн чөлөөт загваруудтай тохирно” гэж заасныг шийдвэр, магадлалд үнэлээгүй, дүгнээгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх байдлаар дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыгтал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн.

5.3.Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шийдвэрийн 2.2-т “...Л.А нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.1.2, 520.2-т заасан аль ч хууль ёсны өвлөгчид хамаарахгүй байх тул хариуцагч Л.А-ийн гаргасан “Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т заасан хууль ёсны өвлөгч гэсэн тайлбар, үндэслэл үндэслэлгүй байна, Магадлалын “Хянавал” хэсгийн 4.2-т “... Л.А нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.1.2, 520.2-т заасан аль ч хууль ёсны өвлөгчид хамаарахгүй” гэжээ. Тус иргэний хэрэгт авагдсан “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, өвлүүлэгч Б.П-ын 50 хувийн хувьцааны эзэмшигч өвлөгч хэн болох талаар маргаж байгаа. “М” ХХК-ийн дүрэм нотлох баримтаар хэрэгт авагдаж, нотлох баримтаар шинжлэн судлагдсан дүрмийн 5 дугаар зүйлийн 9-т “Компаний хөрөнгийг гэр бүлийн гишүүддээ болон бусдад шилжүүлэх, өвлүүлэх харилцааг Монгол Улсын энэ төрлийн хуулийн дагуу шийдвэрлэнэ. Гэхдээ энэ давуу эрхийг гэр бүлийн гишүүд эдлэнэ” гэж заажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг”, 3.1.5-т “Төрлийн хүн гэж гэрлэгчийн эцэг эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин тэдгээрийн хүүхдийг”, 3.1.6-д “Садангийн хүн” гэж заажээ. Гэр бүлийн гишүүд болох Л.А, Т.Х, Т.Т, А.Н нар нь “М“ ХХК-ийн дүрмийн дагуу давуу эрхээр тус компанийн өвлүүлэгч Б.П-ын эзэмшиж байсан 50 хувийн хувьцааг эзэмшихээр заасан байдаг.

Иймд өвлүүлэгч Б.П-ын эзэмшиж байсан “М” ХХК-ийн 50 хувийн хувьцааны өвлөгчөөр тогтоолгох, эзэмшигчээр тогтоолгох Л.А, Т.Х, Т.Т, А.Н нарын нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 2.2-т “Харин Т.Х Т.Т нар өвлүүлэгч Б.П-тай 2011 оноос хойш хамт амьдарч, түүний асрамжинд байсан нь тогтоогдож байгаа боловч өвлүүлэгч Б.П-ыг нас барах үед Т.Х нь 20 нас 11 сартай, Т.Т нь 19 нас 6 сартай буюу Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөр эрхлэх боломжтой насанд хүрсэн байсан тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т заасан хөдөлмөрийн чадваргүй иргэнд тооцогдохгүй тул хууль ёсны өвлөгчид тооцогдохгүй” гэж дүгнэсэн.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т “Энэ хуулийн 520.1, 520.2-т дурдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжинд байсан этгээд тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө” гэж заасан бөгөөд мөн хуулийн заалтаар өвлүүлэгчийг нас барсан өдрөөр насанд хүрсэн эсхүл хөдөлмөрийн чадваргүй иргэнд тооцох эсэх, хөдөлмөр эрхлэх боломжтойг тогтоохоор заагаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3,-т “ажилтан" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг; заасан байна. Т.Х, Т.Т нар нь өвлүүлэгч Б.П-тай бага наснаасаа буюу 2011 оноос хойш хамт амьдарч, асрамжинд нь байсан, нас барах өдөр нь их сургуульд суралцаж байсан, хөдөлмөр эрхлээгүй байсан байна. Давж заалдах шатны шүүхийн “Хянавал” хэсгийн 1-т “Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч, түүний өмгөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй П.Г-ийн нэхэмжлэлтэй нэгтгэсэн хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв” гэсэн боловч анхан шатны шүүхийн хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэг талыг барьсан, хэрэгт авагдсан нотлох баримтууд шинжээчийн дүгнэлтээр хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй, нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, хуульд зааснаар дүгнэлт гаргаагүйг хянан үзэх үүргээ бүхэлд нь хэрэгжүүлж чадаагүйгээс гадна давж заалдах шатны шүүх алдаатай хольж хутгасан дүгнэлтүүд гаргасан, гомдол гаргагч нарын эрх ашгийг дордуулахгүй байх зарчим баримтлаагүй гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг хяналтын шатны шүүхээс хянан үзэж, шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

6.Нэхэмжлэгч П.Г-ийн өмгөөлөгч П.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2, 172.2.4-т тус тус заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

6.1.Давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсэг буюу Б.П-ын эзэмшиж байсан “М” ХХК-ийн 50 хувийн хувьцааны 43,75 хувийн хувьцааны өвлөгчөөр П.Г-ийг, 6,25 хувийн өвлөгчөөр А.Н-ыг тус тус тогтоосон хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

“М” ХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй, хувьцааны 50 хувийг хариуцагч Л.А эзэмшдэг, 50 хувийг нэхэмжлэгчийн төрсөн эцэг Б.П эзэмшиж байгаад Б.П 2020.10.17-ны өдөр нас барсан.

Б.П агсны төрсөн хүү П.Г эцгийнхээ эзэмшиж байсан хувьцааг өвлөх хүсэлтийг нотариатад гаргасан нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх;” өвлөх эрхтэй гэж заасанд нийцсэн. Өвлүүлэгч Б.П нь эхнэр Д.Х-тай гэр бүл болж хамтран амьдрах хугацаандаа 11 хүүхэд төрүүлснээс охин П.А, П.Б, П.Т, П.Ч нар нь нас барсан, охин Г., П.Н, П.Н, П.О, хүү П.Б, П.Б нар нь өөрт оногдох хэсгээ өвлөхөөс татгалзаж, П.Г-ийг нэр зааж, түүнд өөрт оногдох хэсгээ өвлүүлэхийг зөвшөөрсөн тухайгаа бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн нь Иргэний хуулийн 528 дугаар зүйл заалттай нийцдэг.

Давж заалдах шатны шүүх “... Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл өвлүүлэгч Б.П-тай ... Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т зааснаар хууль ёсны өвлөгчид тооцогдох этгээд нь өвлүүлэгчийн төрөл, садан байхыг хуулиар шаардаагүй тул насанд хүрээгүй А.Н-ыг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т зааснаар өвлүүлэгч Б.П-ын хууль ёсны өвлөгчид тооцох үндэслэлтэй байна.” гэж дүгнэн төрөл садангийн ямар ч хамааралгүй бага насны хүүхдийг өв залгамжлагчаар тогтоосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх доорхи үндэслэлүүд байна.

Иргэний хуудийн 520 дугаар зүйлийн 520.3-т “.Энэ хуулийн 520.1, 520.2-т дурдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжинд байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө.” гэжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас харахад нэгдүгээрт хөдөлмөрийн чадваргүй иргэн байх, хоёрдугаарт өвлүүлэгчийн асрамжинд байх гэсэн хоёр шаардлагыг зэрэг хангасан тохиолдолд насанд хүрээгүй А.Н-ыг хууль ёсны өвлөгчөөр тооцох үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлд зааснаар бага насны 14 хүртэл бүтэн өнчин хүүхэд, эцэг эх хоёулаа иргэний эрх зүйн чадамжгүй, хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, эсхүл эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний хүүхдэд асран хамгаалагч тогтоохоор хуульчилсан. А.Н нь өөрийн төрсөн эх Л.А-ийн асрамжид байсан байх ба түүний төрсөн эх Л.А-ийн эх байх эрхийг хязгаарласан, эсхүл эрх зүйн чадамжгүй бусад үндэслэлээр А.Н-д асран хамгаалагч тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй тул А.Н-ыг өвлүүлэгч П.П-ын асрамжид байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан бол тэтгэвэр авах эрхтэй талаар, 12.1-т “Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан Эрүүл мэндийн магадлалын зөвлөл тогтооно.”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 37.7, 43 дугаар зүйлд хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах чиг үүрэг бүхий Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөл тогтоохоор хуульчилсан байна.

Түүнчлэн гэмт хэрэг, үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөр чадварын тогтонги алдалын хувь хэмжээг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анагаах ухааны тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоодог. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад хүн ердийн өвчин, ахуйн ослын, эсвэл гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан байх, түүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг эрх бүхий байгууллага тогтоосон тохиолдолд хүнийг “хөдөлмөрийн чадваргүй хүн” гэж үзэхээр байна.

Гэтэл “бага насны хүүхэд”-ийг хөдөлмөрийг чадваргүй хүн гэж анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Түүнчлэн нэхэмжлэгч Т.Х-ийн шүүхэд гаргаж өгсөн тэмдэглэлийн дэвтэр дээр А.Н-ын талаар огт дурдаагүй байгааг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан.

Нэхэмжлэгч Т.Х, Т.Т, Л.А нь охин А.Н нар болон өвлүүлэгч Б.П нар нь 3 өөр хаягт оршин суудаг тухай нотлох баримт хэрэгт авагдсан байхад эдгээр хүмүүсийг хамт амьдарч, асрамжид байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон. Өвлүүлэгч Б.П нь 2020.10.17-ны өдөр нас барсан ба түүнийг нас барснаас 1 жил 2 сарын дараа буюу 2021.12.20-ны өдөр А.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А А.Н-ыг хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар өвлөхөөс татгалзсан гэж үзэхээр байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын Б.П-ын эзэмшиж байсан “М” ХХК-ийн 50 хувийн хувьцааны 43,75 хувийн хувьцааны өвлөгчөөр П.Г-ийг, 6,25 хувийн өвлөгчөөр А.Н-ыг тус тус тогтоосон хэсэгт өөрчлөлт оруулж, А.Н-ыг өвлөгчөөр тогтоолгох, өвлүүлэгчийн асрамжид байсныг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, П.Г-ийг төрсөн эцэг Б.П-ын эзэмшиж байсан “М” ХХК-ийн 50 хувийн хувьцааны өвлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

7.Нэхэмжлэгч Т.Х, Т.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч А.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, түүний өмгөөлөгч Г.Х, нэхэмжлэгч П.Г-ийн өмгөөлөгч П.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.11.27-ны өдрийн 001/ШХТ2025/001117 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

8.Зохигч сүүлийн байдлаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариу тайлбараа дараахь байдлаар тодорхойлжээ.

8.1.Нэхэмжлэгч П.Г нь анх 2021.01.06-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хандаж хариуцагч Л.А, “М” ХХК, С-т тус тус холбогдуулан Б.П-ын эзэмшиж байсан “М” ХХК-ийн  50 хувийн хувьцааг өвлөх эрхтэй болон эзэмшигч болохыг тогтоолгох, энэ талаар компанийн дүрэмд өөрчлөлт оруулахыг тус компанийн гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч нарт даалгах, компанийн шинэчилсэн дүрэм, хувьцаа эзэмшигчийн бүртгэл, өвлөгчөөр бүртгэж авахыг С-т даалгах гэж тодорхойлж, нэхэмжлэлийн  үндэслэлийг “... “М” ХХК-ийг талийгаач аав Б.П үүсгэн байгуулж, миний төрсөн дүү П.Т-ийн хамт үйл ажиллагааг удирдан явуулж байсан. 2011 онд дүү П.Т нас барж, түүний оногдох хувьцаа эхнэр Л.А-д шилжснээр тус компанийн хувьцааг Б.П, Л.А нар адил тэнцүү 50, 50 хувиар эзэмших болсон. Манай аав хариуцагч Л.А-тэй хамтран голдуу газар тариалан эрхэлж  байгаад 2020.10.17-ны өдөр нас барсан. Ах дүү бид нар хоорондоо ярилцаад аавынхаа эзэмшиж байсан 50 хувийн хувьцаа буюу 8,468,300 төгрөгийн хэмжээний хөрөнгийг П.Г миний бие өвлөн авч эзэмшихээр болж нотариатын газарт хүсэлт  гаргасан. Нотариатаас 2020.12.25-ны өдөр 0093 тоот өвлөх эрхийн гэрчилгээг надад олгосон. Гэтэл тус компанийн хувьцаа эзэмшигч ба компанийн удирдлагыг хэрэгжүүлж байсан Л.А компанийн дүрэмд шинэчлэлт өөрчлөлт хийх бичиг баримтыг бүрдүүлж улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх талаар харилцан ярилцахыг хүссэн боловч санал хүсэлтийг хүлээж авахгүй саад болж, эрхийг зөрчиж байна. Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлд хандахад албан ёсны бичиг баримтаа хувь эзэмшигчийн хамт бүрдүүлж ирж байж бүртгэлийн ажил явагдана гэсэн. Энэ компанийг анх аав үүсгэн байгуулж өөрийн хүч хөдөлмөр ажил амьдралаа зориулж ирсэн тул түүний үр хүүхэд нь үлдээсэн эд хөрөнгийг хуулийн дагуу эзэмшиж өвлөх эрхтэй. Иймд хариуцагч нарт холбогдуулж дээрхи нэхэмжлэл гаргасныг хангаж өгнө үү” гэжээ.

8.2.Хариуцагч “М” ХХК ба  Л.А нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Нэхэмжлэгч П.Г нь өвлөх эрхийн гэрчилгээг хугацаа болоогүй байхад олж авсан. Би Б.П-ын отгон хүү П.Т-той хууль ёсны гэр бүл болж бидний дундаас  Т.Х, Т.Т нар төрсөн. Нөхөр нас барснаас хойш  хадам аав ээжтэйгээ  сүүлийн 20 гаруй жил, 2000 оноос хойш тасралтгүй хамт амьдарч байсан бөгөөд хадам аав таалал төгсөхдөө ч манай гэрт бидний асрамжид  байсан. Нөгөөтэйгүүр талийгаач хадам аав маань өөрийн үр хүүхдүүддээ зохих ёсны газар болон эд хөрөнгө зэргийг хувь хувьд нь оноож өгсөн. “М” ХХК-ийн үйл ажиллагааг хадам аавын хамт авч явсан. Талийгаач хүүгийнхээ 2 хүүхдэд өгнө гэж ярьдаг байсан, энэ талаараа өөрөө бичиж өгсөн байгаа. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбар гаргасан.

8.3.Хариуцагч С хариу тайлбартаа “... нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэх материалыг бүрдүүлэн хандсан тохиолдолд манай байгууллага бүртгэхэд татгалзах зүйл байхгүй болно... ” гэжээ.

8.4.Л.А, Т.Х, Т.Т, А.Н нар нь 2021.12.03-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хандаж  Б.П-ын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр гаргасныг тус шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хожим уг хэргийг шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 146 дугаар захирамжаар тус шүүхэд  хэлэлцэгдэж байсан энэхүү П.Г-ийн нэхэмжлэлтэй Л.А, “М” ХХК, С-т тус тус холбогдох иргэний энэ хэрэгтэй нэгтгэжээ. /1хх 241-р тал/

8.5.Хэргийг нэгтгэсний дараа Л.А, Т.Х, Т.Т, А.Н нар нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа өөрчилсөн бөгөөд сүүлийн байдлаар Б.П-тай хамт амьдарсан болон асрамжид байсныг тогтоолгож, түүний эзэмшиж байсан “М” ХХК-ийн  50 хувийн хувьцааны өвлөгч, эзэмшигчээр тус тус тогтоолгох шаардлага гаргаж тус тусын үндэслэлийг тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч Л.А “...Нөхөр П.Т 2011 онд нас барсан бөгөөд 10-12 насны 2 хүүхдийн хамт үлдсэн. Хадам аав Б.П, хадам ээж Д.Х нар миний талийгаач нөхрийн “М” ХХК-ийн 50 хувийн хувьцааг өвлөхөөс татгалзаж Л.А миний нэр дээр шилжүүлсэн. Хожим А.Н төрсөн, бид хадам аав, ээжийн хамт 20 гаруй жил амьдарсан. Хадам аав Б.П миний нөхрийг нас барснаас хойш охин, хүү бид 3-ыг өөрийн асрамжид байлгасан. Би “М” ХХК-ийн үйл ажиллагааг явуулж талийгаач нөхрийнхөө ажлыг үргэлжлүүлэн аавын ажилд туслах ажил хийсээр өнөөдрийг хүрсэн. Хадам аав Б.П, талийгаач нөхөр П.Т, миний олон жилийн хөдөлмөрөөр бүтсэн тус компанийн хувьцааны ногдох хэсгийг өвлөх, эзэмших эрхтэй.” гэж,

Нэхэмжлэгч Т.Х “...Намайг төрөхөд миний ээж, аав хоёр миний өвөө Б.П, эмээ Д.Х нарын хамт амьдарч байсан. Би өвөө эмээтэйгээ 21 жил хамт амьдарсан. Миний бие нь 2020 оны хавар их сургуулиа төгсөөд өвөө Б.П-ынхаа даалгавраар “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад нэг жилийн хугацаатай Япон улсад суралцаж ирээд тус компанид үргэлжлүүлэн гүйцэтгэх захирлын ажлаа хийж байна. Өвөө Б.П нас барахаасаа 5 хоногийн өмнө өөрийн эзэмшлийн  50 хувийн хувьцааг дүү Т.Т, ээж бид 3-ыг хувааж аваарай. Ээждээ сайн туслаарай. Миний өөрийн хүүхдүүд өвөөгөөс чинь авах юмнуудаа хуваагаад авсан. Та 3-тай булаацалдах хүн байхгүй гэж хэлж байсан. Намайг хойшид энэ компанийг удирдаж яваарай гэж ХААИС-д сургасан. Өвөөгийн минь гэрээслэн үлдээсэн “М” ХХК-ийн 50 хувийн хувьцааны надад оногдох хэсэгт хууль ёсны өвлөгч, эзэмшигч болох эрхтэй.” гэж,

Нэхэмжлэгч Т.Т “... Миний бие нь 2001.03.26-ны өдөр төрсөн. Төрсөн цагаас өөрийн ээж, аав, эмээ, өвөө нарын асрамжид өссөн. Аав П.Т намайг 10 настай байхад нас барсан. Түүнээс хойш ээж бид 3 өвөө Б.П-ын хамт амьдарч байсан. Одоо ХААИС-д суралцаж байна. Эмээ өвөөтэйгөө 19 жил хамт амьдарсан. Өвөө Б.П-ын эзэмшиж байсан “М” ХХК-ийн 50 хувийн хувьцааны надад ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч, эзэмшигч болохыг тогтоож өгнө үү.” гэж,

Нэхэмжлэгч А.Н-ыг төлөөлж Л.А...миний охин А.Н2015.12.15-ны өдөр төрсөн. Охин маань одоо 6 настай. Хадам аав Б.П охин А.Н-д бүх зүйлээ зориулдаг хүн байсан. Нас барахаасаа өмнө миний энэ жаахан охинд юм хүртээдэг юм шүү. Хоосон хоцроож болохгүй гэж захиж байсан. Иймд хуульд зааснаар охин А.Н-д тус 50 хувийн хувьцаанаас ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

9.Анхан шатны шүүх: ...Б.П нь “М” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшиж байсан. Б.П нь 2020.10.17-ны өдөр нас барсан тул өв нээгдсэн бөгөөд түүний эхнэр болон  төрсөн 7 хүүхдээс  4 хүүхэд нас барсан байна. Өвлөх эрхтэй үлдсэн 3 хүүхдээс 2 нь өвийг хүлээн авахаас татгалзаж, өөрсдөд ногдох хэсгээ өвлөгч П.Г-т шилжүүлсэн байна. Харин Б.П-ын дагавар 4 хүүхэд нь хууль ёсны өвлөгчид хамаарахгүй. Т.Х, Т.Т нар Б.П-ын ач мөн боловч энэ үндэслэлээр өвөөс шаардах эрх үүсэхгүй байна. Л.А нь хүүхдүүдийн хамт Б.П-тай хамт амьдарч байсныг үгүйсгэхгүй, гэвч А.Н-аас бусдад нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т зааснаар өвөөс шаардах эрх үүсэх нөхцөл бүрдээгүй. Б.П-ын эзэмшиж байсан “М” ХХК-ийн 50 хувийн хувьцааг өвлөх эрхтэй 3 хүүхэд болон А.Н-д хуваахад нэг өвлөгчид 12,5 хувь ногдоно. Иймд 37,5 хувийг нэхэмжлэгч П.Г,  А.Н12,5 хувийг тус тус  өвлөгч, эзэмшигч болохыг тогтоож, энэ талаар дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагч С-т даалгаж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

10.Давж заалдах шатны шүүх:  Анхан шатны шүүх ... хууль ёсны өвлөгчийг зөв тогтоож чадаагүй байна. Нас барагч Б.П 11 хүүхэдтэй байсан.  Түүний эзэмшиж байсан “М” ХХК-ийн 50 хувийн хувьцааг өвлөх эрхтэй үлдсэн 7 хүүхэд болон А.Н-д ногдох хувийг тэнцүү тогтоох үндэслэлтэй. Харин 6 хүүхэд нь өвөөс тус бүр өөрт ногдох хэсгээ нэхэмжлэгч П.Г-т шилжүүлэхийг зөвшөөрсөн байна. Хэрэгт авагдсан 2020.10.03-ны өдрөөр огноолсон Б.П-ын гар бичмэлээр ач хүүхдүүд болох Т.Х, Т.Т нарт хувьцаагаа гэрээсэлсэн гэж үзэхгүй. Учир нь гэрээслэл нь хуульд заасан шаардлага хангаснаар хуулийн хүчин төгөлдөр болно. Тус гар бичмэлд өвлүүлэгч нь өөрийн үзэл санааг илэрхийлсэн агуулга байгаа боловч өвийн талаар өвлөгч нар маргасан, дээрхи бичвэр нь гэрээслэлийн хуульд заасан шаардлага хангаагүй байна. Иймд  нэхэмжлэгч П.Г-ийг компанийн 43,75 хувийн хувьцаа, А.Н-ыг 6,25 хувийн хувьцааны өвлөгч, эзэмшигчээр тогтоож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэжээ.

11.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны өвлөгчийн талаар зөрүүтэй дүгнэлт хийж, өөр шийдвэр гаргасан бөгөөд хоёр шатны шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлтийг эс зөвшөөрсөн зохигчийн гомдлоор хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийн хүрээнд хянан хэлэлцэж, А.Н-ын хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангаж, бусад оролцогчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн хэргийг хэлэлцэх явцад анхан шатны шүүхийн хэргийг нэгтгэсэн болон түдгэлзүүлсэн ажиллагаа зөрчилтэй болон мөн Л.А, Т.Х, Т.Т, А.Н нарын нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэмэгдүүлснийг шүүх тодруулаагүйгээс нэхэмжлэлийн шаардлагын  үндэслэлийг бие даасан  шаардлага гэж үзэж шийдвэрлэсэн, эдгээрээс шалтгаалж  зохигчийн эрх зүйн байдал тодорхой бус болсон алдаа гарчээ. Энэ нь анхан шатны шүүх анхнаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг оновчтой, зөв удирдах үүргээ хангалттай биелүүлээгүйтэй холбоотой байх бөгөөд давж заалдах шатны шүүх үүнийг анхаарч дүгнэлт өгөөгүй байна.

 Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан, маргааны зүйлийн талаар зохигч хангалттай мэтгэлцсэн байгааг харгалзан энэхүү алдааг хяналтын шатны шүүх залруулж  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

12.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар.

12.1.П.Г нь анх 2021.01.06-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байх ба уг нэхэмжлэлд шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. /1-хх-1,13-14 тал/

12.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.А нь нэхэмжлэгч П.Г-т холбогдуулж  түүнд олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 329 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж үндэслэлээ “ ... үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй,  жич нэхэмжлэл гаргах боломжтой” гэсэн. /1-хх-135-137 тал/

12.3.Л.А 2021 оны 3 дугаар сард тус шүүхэд хандаж нотариатч А.М-д холбогдуулан П.Г-т олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлагыг тусдаа гаргасныг шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 390 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Уг шүүгчийн захирамжийг үндэслэн шүүгчийн 2021 оны 03 сарын 05-ны өдрийн 406 дугаар захирамжаар П.Г-ийн нэхэмжлэлтэй энэ хянагдаж буй хэргийг түдгэлзүүлэхдээ “ ... өөр хэрэг маргааныг шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй”  үндэслэл заажээ. /1-хх-148-149, 150-151 тал/

12.4.Нэхэмжлэгч Л.А-ийн  хариуцагч А.М-д холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийг анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 180 дүгээр шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг  давж заалдах шатны шүүх хянаж 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн  21 дүгээр магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн,  Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 525 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна. /1-хх 180-186, 2-хх 117 тал/

12.5.Улмаар дээрх хэрэг шийдвэрлэгдсэн тул энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилсан гэж үзэж шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1639 дугаар захирамжаар сэргээсэн. /1-хх-173-174 тал/

12.6.Л.А, Т.Х, Т.Т нар тус шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тусдаа “Б.П-ын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар гаргасныг шүүх хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1887 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, улмаар П.Г-ийн нэхэмжлэлтэй энэ хэрэгт нэгтгэсэн./1-хх-222-223 тал /

12.7.Нэгтгэсэн иргэний хэргийг зохигчийн гаргасан гэрч асууж, шинжээч томилуулах хүсэлтээр 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 660 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн. /2-хх 32-34 тал/

12.8.Дараа нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1354 дүгээр захирамжаар шинжээчийн дүгнэлт гаргасан гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн./ 2-хх-105 тал/

12.9.Өмнө энэ тогтоолын 12.4.-т дурдсан 2021 оны 180 дугаар шийдвэртэй хэргийг Л.А-ийн хүсэлтээр Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах тухай хүсэлтээр хэлэлцэж, хүсэлтийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгосон. /3-хх-40-42 тал/

12.10.Ингэснээр шүүх Л.А-ийн хариуцагч А.М-д холбогдуулан П.Г-т олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүх дахин хянан хэлэлцэхэд тус  хэрэгт  гуравдагч этгээдээр  Т.Т, Т.Х нар бие даасан шаардлага гаргаж, П.Гнь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр тус тус оролцсон бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1044 дүгээр шийдвэрээр нэхэмжлэл, бие даасан шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэсэн байна. Уг хэргийг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаж 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 83 дугаар магадлалаар шийдвэрт найруулгын шинжтэй өөрчлөлт оруулсан бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1465 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. /3-хх 58-65 тал/

12.11.Дээрх хэргийг шийдвэрлэх хүртэл энэхүү П.Г-ийн нэхэмжлэлтэй нэгтгэсэн хэргийг түдгэлзүүлж, холбогдох хэрэг шийдвэрлэгдсэн үндэслэлээр 2024 оны 01 сарын 26-ны өдрийн 279 дүгээр захирамжаар сэргээсэн./ 3-хх-13-16 тал/

12.12.Нэхэмжлэгч Т.Х, Т.Т, Т. нар нь дахин тус шүүхэд хандаж “Б.П-ын асрамжид байсныг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар 2024.02.26-ны өдөр тусдаа нэхэмжлэлээр гаргасан бөгөөд уг нэхэмжлэлд шүүх иргэний хэрэг үүсгэсэн байна. /3-хх-207-208 тал/

12.13.Дээрх нэхэмжлэл гаргасантай холбоотой 2024 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн 664 дүгээр захирамжаар П.Г-ийн нэхэмжлэлтэй энэ нэгтгэсэн хэргийг түдгэлзүүлсэн. /3-хх-210-212 тал/

12.14.Шүүх 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 217 дугаар шийдвэрээр энэ тогтоолын 12.12-т заасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 38 дугаар магадлалаар хэргийг хянаж нэхэмжлэгч Т.Х, Т.Т, Т.Н нарыг өвөг эцэг Б.П-тай хамт амьдарч байсныг тогтоож, Б.П-ын асрамжид байсныг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 223 дугаар тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээжээ. /4-хх 159-171 тал/

12.15.Дээрх хэрэг шийдвэрлэсэн тул П.Г-ийн нэхэмжлэлтэй энэхүү нэгтгэсэн хэргийг шүүгчийн 2024 оны 12 сарын 05-ны өдрийн 2406 дугаар захирамжаар сэргээжээ. /3-хх-242-244 тал/

12.16.Л.А, Т.Х, Т.Т, А.Н нар нь энэ хянагдаж буй хэрэгт гаргасан  Б.П-ын эзэмшлийн хувьцааны 50 хувийн өвлөгч, эзэмшигчээр тогтоолгох шаардлагаа нэмэгдүүлж, “өвлүүлэгчтэй хамт амьдарч асрамжид байсныг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг дахин гаргасан байна. /4-хх-130-131 тал/

13.Дээр дурдсанаар анхан шатны шүүх хэргийг нэгтгэсэн болон удаа дараа түдгэлзүүлсэн ажиллагаа нь оновчтой бус, зохигчийн гаргасан эдгээр нэхэмжлэлийн шаардлагатай хэрэг нь нэг шүүхийн, ялангуяа нэг шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан атал шүүгч дараах байдлыг анхаараагүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан, зохигчийн эрх зүйн байдал тодорхой бус, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг шүүх зөв тодорхойлоогүй гэж үзэхээр байна.

13.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж заасан.

Мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-т  эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт гаргахдаа уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас  эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэдгийг хэрхэн ойлгох, улмаар тухайн үйл явдлыг  батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй  тохиолдолд шүүх хянан шийдвэрлэхээс гадна уг хүсэлтийг ямар зорилготой гаргаж байгаа үндэслэлийг хүсэлтдээ тодорхой заахыг хууль шаардсан байна.

13.2.П.Г-ийн 3 хариуцагчид холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн нэг хариуцагч нь Л.А байх ба тэд Б.П-ын эзэмшиж байсан хувьцааг өвлөх болон  эзэмших эрхтэй болохыг тогтоолгохыг хэн аль нь хүссэн буюу уг хувьцааны өвлөх эрхийн талаар маргаантай байгаа, энэ нь нэг шүүхийн, нэг шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байхад өвлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хариуцагчгүйгээр, онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэж болох хэрэг гэж үзэн иргэний хэрэг үүсгэсэн нь  хуульд нийцээгүй болно.

Зүй нь, шүүх уг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д  зааснаар буюу зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаар өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа эсхүл 65.1.11-т заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй дутуу, өөрөөр хэлбэл уг өвлөгчөөр тогтоолгох шаардлага нь өөр хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар нэгэнт маргаантай байгаа тул хариуцагчгүйгээр шийдвэрлэх боломжгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзах байжээ.   

13.3.Нөгөөтэйгүүр шүүх дээрх хэргүүдийг нэгэнт нэгтгэсэн бол  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байдалд дүгнэлт хийх байсан боловч хийгээгүй. Тухайлбал,  хэрэг нэгтгэсний дараа Л.А, Т.Х, Т.Т, А.Н нар нэхэмжлэлийн шаардлагаа өвлөгч улмаар эзэмшигч болохыг тогтоолгохоор өөрчилсөн, гэвч  тухайн нэхэмжлэлийг хэнд холбогдуулж гаргаж буйгаа тодорхой заагаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэг талаас нас барагч Б.П-ын эзэмшлийн хувьцааг нэхэмжлэгч П.Г өвлөх эрхтэй гэж, нөгөө талаас Л.А, Т.Х, Т.Т, А.Н нар өвлөх эрхтэй гэж маргасан байхад шүүх үүнийг тодруулж зохигчийн эрх зүйн байдлыг ойлгомжтой байдлаар тогтоогоогүйгээр Л.А нарын нэхэмжлэлийг хариуцагчгүй онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх хэрэг болгон шийдвэрлэжээ. Онцгой ажиллагааны журмаар хэлэлцэх хэрэгт маргалдах хариуцагч тал гэж байдаггүй, мэтгэлцэх зарчим хэрэгждэггүй тул Л.А, Т.Х, Т.Т, А.Н нарын өвлөгчөөр тогтоолгох, эзэмшигч болохыг тогтоолгох шаардлага нь маргаантай тул онцгой ажиллагааны журмаар хэлэлцэх боломжгүй.

13.4.Иймд П.Г-ийн нэхэмжлэлтэй 3 хариуцагчид холбогдох хувьцааны өвлөгч, эзэмшигчээр тогтоолгох шаардлагын эсрэг түүнд холбогдуулж  хариуцагч Л.А тухайн хувьцааны өвлөгч, эзэмшигчээр тогтоолгох сөрөг шаардлага, мөн Т.Х, Т.Т, А.Н нар хувьцааны өвлөгч, эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг бие даасан шаардлагаар П.Г-т холбогдуулан тус тус гаргасан гэж үзнэ.

13.5.Нөгөө талаар тус шүүхэд онцгой ажиллагааны журмаар Л.А, Т.Х, Т.Т А.Н нарын удаа дараа гаргасан “Б.П-тай хамт амьдарсан, асрамжид байсныг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага нь бие даасан шаардлага болохгүй, П.Г-ийн нэхэмжлэлтэй хэргийг нэгтгэсний дараа өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага болох өвлөгч, эзэмшигчээр тогтоолгох шаардлагын үндэслэл байгааг шүүх анхаараагүй байна.

13.6.Хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тогтоосноор хэний хооронд ямар маргаан гарсан, маргааны зүйл юу болох, улмаар тухайн гаргасан нэхэмжлэл түүний үндэслэл бүрд шүүх дүгнэлт хийх нөхцөл бүрдэх ба энэ ажиллагааг бүрэн хийгээгүй гэж дүгнээд цаашид ийм алдаа гаргахгүй байхыг анхааруулав.

14.Зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болон зохигчийн гомдлын талаар.

14.1.Зохигчийн тайлбар, хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдсоныг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой заасан байна. Үүнд:

Б.П нь 2020.10.17-ны өдөр нас барсан бөгөөд түүний  “М” ХХК-д 50 хувийн хувьцаа эзэмшиж байсан нь өвийн зүйл болсон, Б.П-ыг нас барсны дараа түүний төрсөн хүүхдүүд болох П.О, П.Б, П.Б, П.Г нар түүнчлэн  эхнэр Д. Х-тай гэр бүл болохоос өмнө төрсөн хүүхдүүд Х.Н, Х.О, Х.Н нар  нотариатчид хандаж өвлөгдөх хөрөнгөөс  өөрсдөд ногдох хэсгийг П.Г-т шилжүүлэхийг зөвшөөрсөн хүсэлтийг гаргажээ.

Нөгөө талаар Л.А нь Б.П-ын хүү П.Т-той гэр бүл болж Т.Х, Т.Т нарыг төрүүлсэн ба энэ хугацаанд П.Т-ийн эцэг, эх болох Б.П, Д.Х нартай хамт амьдарч нэг аж ахуй эрхэлж байсан, П.Т 2011 онд нас барсан тул түүний эзэмшиж байсан “М” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эхнэр Л.А эзэмшсэнээс гадна Д.Х Б.П нарыг нас барах хүртэл хамт амьдарч байсан.

14.2.Зохигч нь нас барагч Б.П-ын өвлөгдөх хөрөнгө болох түүний эзэмшиж байсан “М” ХХК-ийн 50 хувийн хувьцааг хуульд зааснаар өвлөх эсхүл гэрээслэлээр өвлөх эрхийн талаар маргасан байна.

15.Хоёр шатны шүүх Б.П-ын төрсөн хүүхдүүд болох П.О, П.Б, П.Г нар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар эхний ээлжийн хууль ёсны өвлөгч ба тэдгээр нь тэгш, ижил хэмжээтэй өвлөх талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч төрсөн хүү П.Б нь Б.П-ыг нас барснаас хойш нас барсныг зохигч маргаагүй байгаа, тэрээр эцгийн  хөрөнгөөс өвлөх эрхтэй, уг эрхээ амьд сэрүүн байхдаа П.О, П.Б нарын адил П.Г-т шилжүүлэхээр нотариатчид хандаж хүсэлтээ гаргасан байгааг анхаараагүй, өөрөөр хэлбэл түүнд ногдох өвийг хуваарилаагүй нь буруу болжээ. Энэ алдааг давж заалдах шатны шүүх илрүүлж засаагүй байна.

Иймд дээрх алдааг залруулах нь зөв байна.

16.Анхан шатны шүүх Б.П-ын дагавар хүүхэд болох Х.Н, Х.О, Х.Н нарыг түүний өвлөгч болохгүй гэж үзснийг давж заалдах шатны шүүх өөрчилж өвлөгч гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна.

 Учир нь, дагавар хүүхэд хойд эцэг, эхийн өвлөгдөх хөрөнгөөс өвлөх эрхтэйг хуульчлаагүй буюу Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д заасан хууль ёсны өвлөгчдийн өвлөх эрхийн дараалалд заасан этгээдэд хамаарахгүй.

Хэрэгт Б.П, Д.Х нар 1962.12.31-ний өдөр гэр бүл болсныг болон  Х.Н 1956 он, Х.Н 1958 он, Х.Ч 1960 он, Х.О 1962 онд тус тус төрсөн эх Д.Х-аар овоглодог тухай Улсын бүртгэлийн хэлтсийн  лавлагаа  авагдсан байна. Харин Х.Н, Х.Н, Х.Ч, Х.О нарт хожим  олгогдсон иргэний үнэмлэхэд Б.П-аар овоглосон байх боловч энэхүү байдал нь тэднийг үрчлэгдсэн хүүхэд гэж  үзэх үндэслэл болохгүй, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үгүйсгэгдээгүй./4-хх-32-47 тал/

17.Түүнчлэн Х.Ч 2013 онд нас барсан тухай гэрчилгээ хэрэгт авагдсан /4-хх-213 тал/ атал давж заалдах шатны шүүх Б.П-ын  өвлөгдөх хөрөнгөөс түүнд ногдуулж  хуваарилсан нь буруу болжээ.

18.Л.А, Т.Х, Т.Т нарын гаргасан Б.П-ын өвлөгч, улмаар түүний эзэмшиж байсан хувьцааны 50 хувийн эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг хоёр шатны шүүх хэрэгсэхгүй болгохдоо хэргийн үйл баримтыг хуульд нийцүүлэн тогтоож, хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

18.1.Л.А-ийн хувьд П.Ттой гэр бүл болсноос хойш хадам эцэг, хадам эхийн хамт амьдарсан, нөхөр П.Т-ийг нас барснаас хойш “М” ХХК-ийн үйл ажиллагааг  хадам эцгийн хамт явуулж, хувьцааны 50, 50 хувийг эзэмшиж байсан үйл баримт тогтоогдсон боловч энэхүү үйл баримт нь түүнийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т заасан “... өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал тэдгээртэй нэгэн адил хэмжээгээр өвлөх эрхтэй” гэсэн зохицуулалтад заасан хууль ёсны өвлөгчөөр тооцогдох үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, уг зохицуулалтын “... асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн”-д насанд хүрсэн, хөдөлмөрийн чадвар бүхий Л.А хамаарахгүй.

18.2.Т.Х, Т.Т нарын хувьд Б.П-ын ач хүүхдүүд мөн, энэ талаар зохигч маргаагүй, иймээс тэд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т зааснаар хууль ёсны өвлөгч мөн боловч мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан эхний ээлжийн өвлөгч байхгүй тохиолдолд л өвлүүлэгчийн өвлөгдөх  хөрөнгө, эрхийг өвлөх эрхтэй. Иймээс тэдэнд дээрх хуулийн дагуу хууль ёсоор өвлөх эрх үүсээгүй байна.

18.3.Түүнчлэн Т.Х, Т.Т нар нь өвлөгч, эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэлийг, Л.А-ийн адил Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т “...асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн...” гэснийг заасан боловч өмнө дурдснаар “... асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн” биш болно. Эдгээр байдалд хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

18.4.Т.Х, Т.Т нарын нэхэмжлэлийн нөгөө үндэслэл болгож буй  нөхцөл болох Б.П нь нас барахаасаа өмнө өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг шилжүүлэхээр хүсэл зоригоо илэрхийлсэн, түүний энэхүү хүсэл зориг нь хүчин төгөлдөр гэх тайлбарын талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн.

Тухайлбал, хариуцагч нарын шүүхэд гаргасан  2020.10.03 гэсэн огноотой, “Өвөө аав нь хүүхдүүддээ захиж гэрээсэлж үлдээх юм байна” гэсэн хэвлэмэл, Б.П-ын гарын үсэгтэй гэх, “М” ХХК-ийн тэмдэг дарагдсан баримтад “...  компаниа Л.А, Т.Х, Т.Т нарт үлдээнэ ...” гэсэн агуулга тусгагдсан ба уг баримтыг нас барагч үйлдсэн эсэх, түүний гарын үсэг мөн эсэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх шинжээч томилжээ. Шинжээчийн дүгнэлтээр  уг баримтад зурсан гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Б.П-ын гэх гарын үсгийн чөлөөт загваруудтай тохирно, ... харин уг хэвлэмэл баримтын бичиглэлийг “М” ХХК-ийн тэмдгийн дардас дарагдсны дараа хэвлэсэн байгаа болохыг  тогтоожээ.

Анхан шатны шүүх тухайн баримтыг нас барагч Б.П үйлдсэн гэх үндэслэлгүй, эргэлзээтэй  гэж үзсэн, харин давж заалдах шатны шүүх хуульд заасан журмын дагуу үйлдэгдсэн гэрээслэл биш гэжээ.

Дээрх баримтаас гадна Л.А, Т.Х, Т.Т нар Б.П-ын тэмдэглэлийн дэвтрийг нотлох баримтаар гаргасан байх бөгөөд уг дэвтэрт “ ... хүүгийнхээ хүүхдүүдийг эрүүл саруул өсгөж, амьдралын захад хүргэхэд ээжид нь тусалж энэ хоёртоо аавынх нь үлдээсэн компанийг үлдээнэ...” гэсэн агуулга бичигдсэн.

Л.А, Т.Х, Т.Т нарын болон тэдний өмгөөлөгчийн гомдолд Б.П-авын амьд сэрүүн байхдаа бичсэн бичиг, тэмдэглэлийн дэвтэрт хувьцаагаа ач нартаа өвлүүлэхийг хүссэн хүсэл зориг илэрхийлэгдсэнээр өвлөх эрхийг үүсгэнэ гэх агуулгатай  гомдол үндэслэлгүй байна.

Гэрээслэл нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл байдаг, иймд гэрээслэлд Иргэний хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан хүсэл зоригоо илэрхийлэгчийн хүсэл зориг  нь бүрэн, эргэлзээгүй илэрхийлэгдсэн эсэх шаардлага тавигдана.

Өвлөгдөх эд хөрөнгийг  гэрээслэлээр өвлөх тохиолдолд тухайн гэрээслэлийг бичгээр хийж, үйлдсэн газар, он, сар, өдрийг зааж нотариатаар, гэрээслэл хийсэн газарт нотариатч байхгүй тохиолдолд баг, сумын Засаг даргаар гэрчлүүлэхийг Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-д шаардсан байна.

2020.10.03-ны өдрийн огноотой баримт, тэмдэглэлийн дэвтэрт тусгагдсан хэзээ бичсэн нь тодорхой бус баримтыг нас барагч нь хувьцаагаа шилжүүлэх өөрийн хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн баримт гэж үзэхэд учир дутагдалтайгаас гадна гэрчлүүлэх журмыг хангаагүй байна. Иймд гэрээслэлээр хувьцааны өвлөх эрх Т.Х, Т.Т нарт үүсэхгүй.

Энэ талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

18.5.А.Н-ын хувьд  Б.П-ын хууль ёсны өвлөгч болно гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Хэдийгээр бага насны А.Н нь өвлүүлэгч Б.П-ын ач охин биш гэдгийг зохигч маргаагүй боловч тэрээр төрсөн цагаас Б.П болон эх Л.А-тэй хамт амьдарч асрамжид байсан нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т зааснаар өвлөгч болох бөгөөд бусад өвлөгчийн нэгэн адил хэмжээгээр өвөөс ногдох хэсгийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч П.Г болон түүний өмгөөлөгч П.Б гомдолдоо, А.Н-ыг өвлөгч гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэжээ.

Шүүхүүдийн дүгнэснээр, Л.А нь нөхөр П.Т, хүүхдүүд хадам эцэг, эхийн хамт хамт амьдарч байсан, нөхөр нас барснаас хойш ч хамт амьдарсан, Т.Х, Т.Т нар эцэг П.Тийг 2011 онд нас барахад 11,10 настай байсан, харин А.Нэнэ хугацаанаас хойш 5 жилийн дараа төрсөн эдгээр хүүхдүүдэд тухайн үед эдийн засгийн болон бусад талаархи асрамж, дэмжлэг шаардлагатай байсан. Тэдний өрхийн орлого нь Б.П-ын тэтгэвэр, Л.А-ийн компанийн нягтлан бодогчийн ажил эрхэлсний цалин хөлс, Б.П, Л.А нарын хувьцааг нь  эзэмшиж үйл ажиллагааг нь хамт явуулж байсан “М” ХХК-ийн үйл ажиллагааны орлогоос бүрдэж байсан. Энэ нь хэргийн  баримтаар тогтоогдсон. Иймд Т.Х, Т.Т нар нь насанд хүртлээ, 2015.12.15-ны өдөр төрсөн А.Ннь Б.П-ыг нас барах хүртэл түүний  болон эх Л.А-ийн асрамжид байсан гэж үзэх талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байна.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдолдоо, А.Н-ыг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т заасан “... хөдөлмөрийн чадваргүй иргэн”-д хамаарахгүй “бага насны хүүхэд”-ийг хөдөлмөрийн чадваргүй хүн гэж хоёр шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн гээд энэ тухайд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 11, 12,  43 дугаар зүйлийн зохицуулалтад хүн ердийн өвчин, ахуйн ослын, эсвэл гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан байх, түүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг эрх бүхий байгууллага тогтоосон тохиолдолд хүнийг “хөдөлмөрийн чадваргүй ” гэж үзнэ гэжээ.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т заасан “... асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хуульд заасан “хөдөлмөрийн чадваргүй хүн” гэх ойлголтуудыг тайлбарлахдаа хуулийн зорилго, тусгайлан зохицуулсан  харилцааг адил, эсхүл өөр, эсхүл уялдаатай, өргөн агуулгатай гэж үзэх эсэхийг шүүх  зайлшгүй тогтооно.

“Асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй” гэдгийг нэг талаас хамт амьдарч, асарч байсан гэдгээр ойлгодоггүй. Тэжээн тэтгэхээс гадна өвлүүлэгч түүний хувьд эрх зүйн үйлдэл хийдэг байсан нь “асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй” гэдгийг тогтооход ач холбогдолтой болно. Тодруулбал, хамт амьдраагүй байсан ч өвлүүлэгч тухайн этгээдийн  хувьд эрх зүйн үйлдэл хийдэг байсан бол “асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй” гэж үзэх боломжийг үгүйсгэхгүй юм.

Хэргийн баримтаас үзэхэд Б.П нь нас барсан хүү П.Т-ийн хүүхдүүд болох  Т.Х, Т.Т нарыг түүнчлэн хожим төрсөн  А.Н-ын хувьд эхийнх нь хамтаар тэднийг насанд хүртэл нь өрхийн амьдралын хэрэглээний зардлыг хариуцах,  боловсрол эзэмших, мэргэжил сонгох, ажил эрхлэхэд зөвлөх,  сургалтын төлбөр төлөх зэргээр өсгөн хүмүүжүүлэх, сурч  боловсрох, төлөвшихөд нь бүхий л талаас нь дэмжиж тодорхой хувь нэмэр, үүргийг гүйцэтгэж байсан нь тогтоогдсон байна.

Гагцхүү Б.П-ыг нас барах үед буюу 2020.10.17-ны өдөр Т.Х, Т.Т нар нь насанд хүрсэн байсан, тэднийг ажил эрхэлж, орлого олох боломжгүй хөдөлмөрийн чадваргүй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Харин А.Н-ын хувьд 5 нас хүрээгүй байсан бөгөөд түүнийг хөдөлмөрийн чадваргүй иргэн гэж үзэхэд хуульд харшлахгүй. Тодруулахад Иргэний хуулийн өвлөх эрхийн талаархи зохицуулалтад заасан “хөдөлмөрийн чадваргүй” гэх ойлголт нь өмгөөлөгчийн гомдолд дурдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хуулийн хүрээ хязгаараар  тодорхойлогдохгүй болно. Учир нь тухайн хуульд хөдөлмөр эрхлэх насанд хүрсэн этгээд тодорхой шалтгааны улмаас хөдөлмөр эрхэлж орлого олох боломжгүй болсон нөхцлийг тодорхойлсон байна.

Насанд хүрээгүй, тэр тусмаа бага насны хүүхдийг, эсхүл өндөр настай хөдөлмөр эрхэлж орлого олох боломжгүй нь тогтоогдсон зэрэг шалтгаанаар хүнийг хөдөлмөрийн чадвартай этгээдэд хамааруулах үндэслэлгүй. Иймд А.Ннь бага насны бөгөөд өвлүүлэгчийн асрамжид эдийн засгийн болон бусад байдлаар түүнээс хамааралтай  байснаас Б.П-ын хууль ёсны өвлөгч үзэх нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т заасныг зөрчихгүй.

19.Л.А, түүний өмгөөлөгчийн гомдолд “М” ХХК-ийн дүрэмд зааснаар гэр бүлийн гишүүд болох Л.А, Т.Х, Т.Т, А.Н нар нь давуу эрхээр өвлүүлэгч Б.П-ын эзэмшиж байсан 50 хувийн хувьцааг эзэмшихээр байгаа гэсэн нь үндэслэлгүй байна.

“М”  ХХК-ийн дүрмийн 5 дугаар зүйлийн 9-т “Компанийн хөрөнгийг гэр бүлийн гишүүддээ болон бусдад шилжүүлэх, өвлүүлэх харилцааг Монгол Улсын энэ төрлийн хуулийн дагуу шийдвэрлэнэ. Гэхдээ энэ давуу эрхийг гэр бүлийн гишүүд эдлэнэ” гэж заасан нь хуульд зааснаар өвлөх хууль ёсны өвлөгчийн эрхэд нөлөөлөх буюу  хуулиар зөвшөөрөгдөөгүй этгээдэд өвлөх давуу эрхийг үүсгэх  хууль зүйн  үндэслэл болохгүй.

20.Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэхэд  Б.П-ын хууль ёсны өвлөгчид нь түүний төрсөн хүүхдүүд П.О, П.Б, П.Б, П.Г болон асрамжид байсан насанд хүрээгүй А.Н нар байх бөгөөд  эдгээр  5 өвлөгчид  өвлөгдөх хөрөнгийг адил тэнцүү хуваахад нэг өвлөгчид хувьцааны 10 хувь ногдоно. П.О, П.Б, П.Б нар өвлөгдөх хөрөнгөөс өөрсдөд ногдох хэсгээ П.Г-т шилжүүлэхээр хүсэлт гаргасан, иймээс нэхэмжлэлийн зарим хэсгийн шийдэлд өөрчлөлт оруулж “М” ХХК-ийн Б.П-ын эзэмшлийн хувьцааны 40 хувийг П.Г, 10 хувийг А.Н тус тус өвлөх эрхтэй болохыг тогтоох нь хуульд нийцнэ гэж үзэв.

21.П.Г нь “М” ХХК, С-т холбогдуулан “М” ХХК-ийн  хувьцааг өвлөгч, эзэмшигч болохыг тогтоолгох шаардлага гаргахын зэрэгцээ, энэ талаар компанийн дүрэмд өөрчлөлт оруулахыг тус компанийн гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч нарт даалгах, компанийн шинэчилсэн дүрэм, хувьцаа эзэмшигчийн бүртгэл, өвлөгчөөр бүртгэж авахыг Ст  даалгах нэхэмжлэлийг гаргасан.

Компани  хувьцаа эзэмшигчийн эзэмших хувь хэмжээг дүрэмдээ заадаг боловч энэ нь хууль зүйн тодорхой шаардлага, үндэслэлийг бий болгодоггүй.  Өөрөөр хэлбэл, дүрэмд хувьцаа эзэмшигчийн нэрийг өмчлөлтэй нь холбогдуулж тухайлан заах шаардлагыг  Компанийн тухай хууль болон Үнэт цаасны тухай хуулиар зохицуулаагүй. Энэ агуулгаар компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсдэггүй. Харин Компанийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасны дагуу компаниуд хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг хөтлөх үүрэгтэй бөгөөд энэ агуулгаар “М” ХХК өөрийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг хөтөлдөг баримт бичигт нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр П.Г болон А.Н нарын эзэмшлийн хувьцааны энэ өөрчлөлтийг хийх үүрэгтэй болно. Түүнчлэн компани Компанийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасны дагуу хувьцаа эзэмшигчийн бүртгэлээ бусад байгууллагаар хийлгэж болно. Иймд улсын бүртгэлийн байгууллага тухайн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг энэ шүүхийн шийдвэрийн дагуу өөрчлөн бүртгэх үүрэгтэй.

Иймээс  нэхэмжлэгч П.Г-ийн “М” ХХК, С-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

22.Анхан шатны шүүх зохигчийн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилаагүйг мөн залруулав.

23.Дээр дурдсаныг нэгтгэж шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 208/МА2025/00038 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 316/ШШ2025/00250 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад

Иргэний хуулийн  520 дугаар зүйлийн 520.1.1, 520 дугаар зүйлийн 520.3, 532 дугаар зүйлийн 532.1, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д заасныг тус тус баримтлан Б.П-ын эзэмшиж байсан “М” ХХК-ийн 50 хувийн хувьцааны 40 хувийг  П.Г, 10 хувийг  А.Н тус тус өвлөгч, эзэмшигч болохыг тогтоож, энэ талаар компанийн хувьцааны бүртгэлд өөрчлөлт оруулахыг “М” ХХК-д, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийн талаар улсын бүртгэлд бүртгэхийг  С-т тус тус даалгаж, нэхэмжлэгч Л.А, Т.Х, Т.Т нарын хариуцагч П.Г-т холбогдуулан гаргасан Б.П-ын “М” ХХК-ийн эзэмшиж байсан 50 хувийн хувьцааны өвлөгч болон эзэмшигчээр тогтоолгох сөрөг шаардлага болон бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

шийдвэрийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөг, хариуцагч Л.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,000 төгрөг, бие даасан шаардлага гаргасан этгээд Т.Х-гийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

нэхэмжлэгч П.Г-оос 42,048 төгрөг гаргуулж Л.А нарт, Л.А нараас 123,342 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Г-т тус тус олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, А.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, П.Г, түүний өмгөөлөгч П.Б болон Л.А, Т.Х, Т.Т нар, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.Х-гийн 2025.09.15-ны өдөр төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч П.Г-ийн 2025.09.11-ний өдөр төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ   

ШҮҮГЧИД                                                          Н.БАТЧИМЭГ

                                                                               Б.УНДРАХ

                                                                                 Д.ЦОЛМОН