Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 17

 

 

   2020           04           22                                           2020/ДШМ/17

 

Х.Т-д холбогдох

                                                                     эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                                                                                                                                        Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Хяналтын прокурор: Б.Мөнгөнтуяа,

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.О,

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ц.Б,

            Яллагдагчийн өмгөөлөгч: Ж.Хүдэрчулуун,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ууганбаяр нарыг оролцуулан,

          Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЗ/50 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Х.Тд холбогдох, эрүүгийн 1919002010007 дугаартай, 2 хавтас, 419 хуудас бүхий хэргийг хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

      Яллагдагч: Монгол Улсын иргэн, ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт Х.Т /РД:.../-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

            Яллагдагч Х.Т нь Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн б/1518 дугаартай тушаалаар дэд ахлагч цолтойгоор, ахлагчийн бүрэлдэхүүнд орж, цэргийн гэрээт алба хаахаар Хилийн цэргийн 0168 дугаар ангийн захирагчийн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн б/246 дугаартай тушаалаар хилийн 0172 дугаар салбарт харуулын даргаар томилогдон, тус аймгийн Хатанбулаг сумын “Хөтөлийн шанд” гэх газарт байрлах Хилийн цэргийн 0168 дугаар ангийн төв малын суурийн даргын үүрэг гүйцэтгэж байх явцдаа хугацаат цэргийн алба хаагч, малчин цэрэг О.А нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны өглөө малын эрэлд явах үүрэг аваад орой 18 цагт малын суурь дээрээ ирэх ёстой атал ирээгүй талаар 2019 оны 05 дугаар сарын 26-ны 22 цаг 25 минутад отрядын шуурхай жижүүрт мэдэгдсэн нь Хилийн алба хаах журам буюу Хилийн тухай хууль болон Хил хамгаалалтын дүрэмд нийцүүлэн гаргасан Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/97 дугаартай тушаалаар батлагдсан “Хугацаат цэргийн алба хаагчтай малын суурьт цэргийн албыг зохион байгуулах заавар”-ын 3.4 дүгээр зүйлийн 3.4.3-т заасан “Малын суурийн ахлагч нь суурийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, өөрийн хариуцсан мал сүргийн бүрэн бүтэн байдал, эд хөрөнгийн ашиглалт, эзэмшилтийг хариуцна” гэснийг, 4.3 дугаар зүйлийн 4.3.7-д заасан “Малын сууриудын хэсгийн ахлагч заставын жижүүр, отрядын шуурхай жижүүртэй 07.00, 18.00, 21.00 цагуудад харьцаж, суурийн үйл ажиллагааны талаар илтгэнэ. Шаардлагатай тохиолдолд цаг харгалзахгүй харьцаанд орно” гэснийг, мөн Хил хамгаалалтын дүрмийн 3 дугаар бүлгийн 1 дүгээр хэсгийн 28.8-д заасан “Учрал, гэмт хэрэг гарсан, манааны бүрэлдэхүүн алга болсон үед нэн яаралтай мэдэгдэх” гэснийг тус тус зөрчиж “хилийн алба хаах журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.

         Анхан шатны шүүх: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн шүүхэд гаргасан “хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах тухай” хүсэлтийг хангаж,

          Яллагдагч М овогт Х.Т-д холбогдох эрүүгийн 1919002010007 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр аймгийн Прокурорын газарт буцааж,

           хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэргийг прокурорт очтол яллагдагч Х.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

             Хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Цагдаагийн байгууллага нь хүн нас барсан талаарх гэмт хэргийн шинжтэй мэдээллийг хүлээн авч 2019 оны 05 сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 191900201 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, амь хохирогчийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоох зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг баримтлан дараах мөрдөн шалгах ажиллагаануудыг явуулж, нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлсэн. Үүнд: хэргийн газрын үзлэг хийх, гэрэл зургаар бэхжүүлэх, эд зүйл, хувцсанд үзлэг хийх, шинжилгээнд зориулж дээж авах, шинжилгээ хийх зорилгоор эд зүйл хураан авах, гэрчүүдээс мэдүүлэг авах, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилж, түүнээс мэдүүлэг авах, цогцост задлан шинжилгээ хийлгэх, үүнийг үндэслэн нас барсан шалтгааныг тогтоох зорилгоор шинжилгээ хийлгэх шинжээч томилох, шинжээчийн дүгнэлт гаргуулах, амь хохирогчийн нас барах үедээ хэрэглэж байсан морины эмээл, ногт, чөдөрт шинжилгээ хийлгэх, Хилийн 0168 дугаар анги нь малчин цэргүүдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангасан эсэхийг тогтоох зорилгоор мэргэжлийн байгууллагаар шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах, Монгол Улсын хил хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, нууцын зэрэглэлтэй заавар, журмуудыг хил хамгаалах байгууллагаас гаргуулан авч хэрэгт хавсаргах зэргээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч нь гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор эрүүгийн 191900201 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлт явуулж, бололцоотой бүхий л мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэжээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн прокуророос 191900201 дугаар олгосон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 191900201 дугаартай хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хилийн 0172 дугаар салбарт харуулын дарга Х.Т нь Хилийн алба хаах журам буюу Хилийн тухай хууль болон Хил хамгаалалтын дүрэмд нийцүүлэн гаргасан журам, зааврыг зөрчсөн үйлдэл тогтоогдсон, харин түүний хилийн алба хаах журам зөрчсөн үйлдэл нь амь хохирогч О.Аын нас барсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй болох нь тогтоогдсон учир прокуророос Х.Тэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлтийн 191900201 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын хэргийн 1919002010007 дугаарыг үргэлжлүүлэн олгосон юм. Мөн Эрүүгийн хуулийн 28.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хилийн алба хаах журам зөрчих” гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь хохирол учирсан байхыг шаардахгүй, хилийн алба хаах журам зөрчсөнөөр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Гэтэл шүүх хохирогчийг зөв тогтоох гэсэн нь ойлгомжгүй. Түүнчлэн анхан шатны шүүх нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг тодорхой зааж өгөөгүй, ингэснээр ямар нөхцөл байдлыг тогтооход чухал ач холбогдолтой байгаа талаар шүүх огт дүгнэлт хийгээгүй. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Яагаад прокурорт буцаагаад шалгах юм байхгүй байна гээд байгааг ойлгохгүй байна. Х.Т өглөө миний хүүхдийг зодоод моринд нь явуулсан гэсэн. 2-3 хоног өмхийртөл нь хадгалчихаад, хил хамгаалж байгаа юм бол цаг тухайд нь мэдээлэл аваад моринд чирэгдээд өмхийрөөгүй байхад нь авах нь яасан юм. Ганц Х.Т биш Б ч гэсэн буруутай. Өчнөөн шалгах зүйл байхад буруугүй гэж үзээд байгаа юм. Бид нар гомдолтой байна...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Тэд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа учир дутагдалтай бүрэн хийгдээгүй, шүүхээс нөхөн гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй. Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үндсэн дээр хэн нь буруутай, хэн нь буруугүй, хэн нь хуулийн хүрээнд шалгагдах нь тогтоогдох ёстой. Энэ хэрэгт хамааралтай байж болох олон албан тушаалтан байдаг. Хэрэгжүүлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулаад хийх ёстой ажлаа хуулийн хүрээнд хийж чадсан юм уу, хийх ёстой ажил үүргээ гүйцэтгээгүйгээс болоод энэ хүний амь нас хохироход нөлөөлсөн үү гэдгийг тогтоолгох гээд байгаа юм. Хэрэгт хоёр хэргийн дугаар байгаад байдаг. Нэг дугаар дээр нь хохирогч байдаг, нөгөө дугаар дээр нь хохирогч хэн бэ, хохирогч байх ёстой юм уу гэдэг талаар энэ хэргийн хувьд тодорхой бус байна гэж шүүх үзсэн. Мөн энэ хэрэг дээр ялгаж заагласан үндэслэл бүхий баримт байдаггүй. Иймд шүүхийн хийсэн дүгнэлт нь эрх зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна...” гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. Хэргийг үзэхээр энэ хэрэг дээр 191900201, 191900007 гэсэн дугаартай 2 хэрэг яваад байдаг. Прокурорын хэлээд байгаагаар Эрүүгийн хуулийн 28.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг, 191900201 дугаартай хэргийн хохирогч маань хохирогчоор тогтоогдож орж ирээд байдаг боловч яллах дүгнэлт дээр хохирогчоор тогтоогоогүй байдаг. 191900201 дугаартай хэрэг дээр хохирогч нарын эрх ашгийн асуудал яригдах гээд байгаа юм. Х.Т-н хувьд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугаа шийдүүлээд явах боломжтой боловч 191900201, 191900007 гэсэн 2 хэрэг давхар шийдэгдээд явах юм уу гэдэг зарчмын асуудал яригдаад байгаа юм. Прокурор дүгнэхдээ Эрүүгийн хуулийн 28.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Х.Т-н үйлдэл нь талийгаачийн амь нас хохирсонтой шалтгаант холбоогүй гэчихээд, хохирогчоор тогтоож орж ирээд байгааг шүүх яаж шийдэх юм. Иймээс Х.Т-д холбогдох эрүүгийн хэргийг тусад нь оруулж ир гэдэг агуулгаар шүүх хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

          Хэдийгээр анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь зөв боловч ийнхүү буцаах үндэслэлийг тодорхой ойлгомжтой дурдаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн бүх ажиллагаа, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дараах мөрдөн шалгах ажиллагааг дахин хийх нь зүйтэй гэж үзэв.

          Тодруулбал 1/ Монгол Улсын хил хамгаалах албыг хилийн цэрэг гүйцэтгэж, улсынхаа аюулгүй байдлыг хангаж, хил зөрчих элдэв зөрчлөөс хамгаалдаг учир Хилийн алба хаах журам зөрчих гэмт хэргийн гол шинж нь Монгол Улсын Хилийн тухай хууль, бусад хууль тогтоомж, дүрмээр тогтоогдсон улсын хил хамгаалалтын журам, үндэсний аюулгүй байдал байдаг ба хилийн алба хаах журам зөрчих гэмт хэргийн нийгмийн хор аюул нь улсын хил хамгаалалт, үндэсний аюулгүй байдалд хохирол учирснаар тодорхойлогдоно. Энэ гэмт хэргийн субъект нь зөвхөн улсын хил хамгаалах манааны бүрэлдэхүүнд томилогдож, хил хамгаалах үүргээ гүйцэтгэж байхдаа, хилийн манааны журмаар тогтоосон журмыг биелүүлээгүй зөрчсөн, хил хамгаалах үүрэг бүхий цэргийн алба хаагч, офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагч гэж Эрүүгийн хуулийн 28.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заажээ.

           Харин хавтаст хэрэгт цугларсан Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2014 оны 10 сарын 08-ны өдрийн А/97 дугаар тушаалаар батлагдсан “Хугацаат цэргийн алба хаагчтай малын суурьт цэргийн албыг зохион байгуулах заавар”-ын 3.4 дүгээр зүйлийн 3.4.3-т заасан “Малын суурийн ахлагч нь суурийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, өөрийн хариуцсан мал сүргийн бүрэн бүтэн байдал, эд хөрөнгийн ашиглалт, эзэмшилтийг хариуцна, 4.3 дугаар зүйлийн 4.3.7-д заасан “Малын сууриудын хэсгийн ахлагч заставын жижүүр, отрядын шуурхай жижүүртэй 07.00, 18.00, 21.00 цагуудад харьцаж, суурийн үйл ажиллагааны талаар илтгэнэ. Шаардлагатай тохиолдолд цаг харгалзахгүй харьцаанд орно”, мөн Хил хамгаалалтын дүрмийн 3 дугаар бүлгийн 1 дүгээр хэсгийн 28.8-д заасан “Учрал гэмт хэрэг гарсан, манааны бүрэлдэхүүн алга болсон үед нэн яаралтай мэдэгдэх” гэсэн заавар, дүрмийн заалтад тус тус хил хамгаалах үүрэг бүхий цэргийн алба хаагч хилийн манааны журмаар тогтоосон журмыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тодорхойлогдоогүйн гадна Монгол Улсын хил хамгаалах манааны бүрэлдэхүүний талаар тусгагдаагүй улмаар малын суурийн ахлагч болон мөн суурьт алба хааж байгаа хугацаат цэргийн алба хаагчийг хил хамгаалах манааны бүрэлдэхүүнд хамаарах эсэхийг тогтоосон баримтгүй байх тул шүүгдэгчийг ямар нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн 28.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллаж байгаа нь ойлгомжгүй юм.

              2/ Мөрдөн шалгах ажиллагааны явцад Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 02/066 дугаар “...цогцост нас барсан шалтгаан”-ыг тодруулсан шинжилгээг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч /1хх-193/-өөс нэмэлт шинжилгээ хийлгүүлэх тухай хүсэлт гаргасныг мөрдөгчөөс “...шинжээчээс мэдүүлгийг авсан” гэсэн үндэслэлээр хангаж шийдвэрлээгүй нь үндэслэлгүй байх ба нэмэлт шинжилгээг хийлгэх нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцох, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэхийг тодорхойлоход чухал ач холбогдолтой учир хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн нэмэлт шинжилгээг хийлгэхээр  шинжээчид даалгах, шаардлагатай гэж үзвэл хэргийн материалд үндэслэн дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй.

          3/ Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн 0168 дугаар ангийн байлдагч О.А 2019 оны 05 сарын 28-ны өдөр нас барсан нь үйлдвэрлэлийн осол мөн эсэх талаар шинжээчийн 2019 оны 09 сарын 17-ны өдрийн      11-06-040/11 дугаарт дүгнэлтэд “...О.А ажил үүргээ гүйцэтгэж байхдаа буюу хилийн бүсэд үүрэг гүйцэтгэж байгаад осолдсон байх тул үйлдвэрийн осол” гэж дүгнэсэн атлаа “...тухайн осол хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль холбогдох дүрэм, журам, стандарт зөрчсөн талаар хариулах боломжгүй” гэжээ.

           Хэрвээ байлдагчийг ажил үүргээ гүйцэтгэж байхдаа осолдсоныг үйлдвэрийн осол гэж дүгнэж байгаа бол түүний тухайн өдөр эзэмшиж, ашиглаж байсан хувцас, эмээл, хазаар, ногт, чөдөр зэрэг /хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2019 оны 06 сарын 20-ны өдрийн 01/063 дугаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан, байлдагч О.Аын эзэмшиж, хэрэглэж байсан хувцас, бусад эд зүйл/ эд зүйлс нь малын эрэлд явах шаардлагад нийцсэн хувцас хэрэгсэл, эд зүйлс мөн эсэх, байлдагчийг тухайн ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн дүүрэн хангасан эсэхийг зайлшгүй шалгах.

             Хэрэгт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагатай холбоотой баримтууд авагдсан байгаа боловч тухайн нөхцөл байдалд эрх бүхий этгээдүүд нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд болон энэ талаарх бусад хамаарагдах эрх зүйн акт, баримт бичгүүдэд заасан үүргээ зохих журмын дагуу биелүүлсэн эсэх, энэ нь хохирогчийн амь нас хохирсон үйл баримттай шалтгаант холбоотой эсэхийг холбогдох мэргэжлийн байгууллагаар шалгаж тогтоогоогүй нь хэргийн талаар нотолбол зохих асуудлын нэг болох гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлоогүй гэж үзнэ.

          4/ Гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн байж болзошгүй хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг эд мөрийн баримтад тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураах учиртай. Харин энэ хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээл хувцас, эмээл, хазаар, ногт, чөдөр зэрэг эд зүйлсийг эд мөрийн баримтаар хурааж, шүүхэд шилжүүлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчжээ. 

          Дээрх бүгдээс дүгнэхэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад мөрдөгч, прокуророос нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

         Хэдийгээр прокурор 191900201 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хянаад 1919002010007 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчөөгүй ч хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байна.

        Хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт орших учир прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЗ/50 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                          

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                                        Н.БОЛОРМАА