| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2019/00440/И |
| Дугаар | 104/ШШ2021/00158 |
| Огноо | 2021-06-07 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 104/ШШ2021/00158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух ******* *******ын ******* /РД: *******/-ын
Хариуцагч: *******, *******, тоотод оршин суух ы /РД:/-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 10.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол 17.629.500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сэлэнгэмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Д. өөрийн өмчлөлийн , од байрлах амины орон сууц, дэлгүүрийн зориулалт бүхий 2 байшингийн модон дээвэр, дам нуруу, банзаар хучих, дээвэр төмөрлөх, гадна пасадны ажил хийлгэхээр амаар гэрээ байгуулж ажлын хөлсийг 15.000.000 төгрөгөөр тохирч урьдчилгаа 3.000.000 төгрөг өгсөн. Ингээд би Ш., Б., Э. нартай 08 дугаар сарын 20-ны өдөр ажлаа эхлүүлсэн. Бид анхнаасаа ажлын явцад материал үл хүлээгдэх, тохирсон ажлаас өөр зүйл хийхгүй байх, ажил дуусгахад үлдэгдэл цалин бүрэн төлөгдөхөөр тохирсон. Гэвч Д. нь дээрх тохирсон нөхцөлийг удаа дараа биелүүлээгүй материал хүлээгдэж хоног хугацаа алдсан. Бид 13.000.000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үзэн үлдэгдэл 10.000.000 төгрөгийг Д.гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019 оны 8 дугаар сараас эхлэн Д.тай аман гэрээ хийж 2 байшингийн дээврийн болон гадна пасадны ажил хийж гүйцэтгэхээр болсон. Д.тай анх уулзаад хийгдэх ажлын талаараа ярилцаад 2 үнийн санал өгсөн. Нэг нь албан зураг төсөлтэй, байгууллагын журмаар хийх ханш нь 27.000.000 төгрөг байна гэдгийг өөрт нь тайлбарлаж өгөөд миний аавын найз байсан учраас танилын хүрээнд таны хүсэлтийн дагуу үнийг 15.000.000 төгрөг болж байна гэдгийг хэлсэн. Д. зөвшөөрч урьдчилгаа 3.000.000 төгрөг өгсөн. Түүнийг нь хоол унд болон ажилчдадаа зарцуулна гэдэг зарчмаар авсан. Анх Д. нь өөрөө бараа материалаар таслахгүй, чирэгдэл үүсгэхгүй бол бид хурдан шуурхай дуусгана гэдэг нөхцөлийг тохирсон. Гэтэл ажил эхлэхэд л хамгийн эхний асуудал бараа материал хүлээгдэх асуудал байсан. Тухайн үед зээл хөөцөлдөж байгаа, санаа зоволтгүй 7 хоног хүлээгээд ажлаа хийж бай гэсэн. Би 4 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан. Ажлаа гүйцэтгэж байх явцад Д. болон өөр бусад хүн ажлын объект дээр хяналт тавьж ажлыг явцыг шалгаж байсан. Д. нь өөрийн биеэр хаяа ирж гүйцэтгэсэн ажил болгоныг нүдээр үзээд гүйцэтгэл дээр нь талархсан, сэтгэл санаанд нь нийцсэн гэдэг байдлыг өөрөө илэрхийлдэг байсан. Ажил гүйцэтгээд 70-80 хувийн гүйцэтгэлтэй байхад бараа материал авч өгөхгүйгээр 1 сар хүлээлгэсэн. Өөрөөр хэлбэл бид 9 сарын сүүл гээд дуусгах ёстой байтал материалаа хугацаандаа авчирч өгөөгүйгээс болж 10 сарын сүүл хүрсэн. Тэр үед хамт ажиллаж байсан ажилчид хүсэлтээ өгөөд цалин мөнгөө авах хэрэгтэй байна эсхүл бараа материалаа яаралтай авч өгөөч хурдан дуусгамаар байна гэдэг нөхцөлүүдийг хэлснээс болж бидний хооронд үл ойлголцож үүсэж бид ажлыг дутуу орхиж явсан. Ажлын үр дүн дуусаж, биднийг ажлаа хүлээлгэж өгснөөс хойш өөрөө дур мэдэн бидний хийсэн ажил дээр хувь хүмүүсээр нэмэлт ажил хийлгэсэн байсан. Үүнийг шинжээчтэй хамт барилга дээр очихдоо мэдсэн. Тохирсон хөлсөөр дээвэр болон дээврийн карказ зангидах, гаднах пасадны ажил, дээврийн төмөр хучилт гэх 4 төрлийн ажлыг гүйцэтгэхээр тохирсон. Ер нь үйлчилгээний зориулалттай байшингийн ажлын гүйцэтгэлийн хувьд таазны хэсэг, дам нуруу хийх, карказ хийх, дээвэр төмөрлөх, гадна пасад хийх зэрэг төлөвлөсөн бүх ажлууд ерөнхийдөө дууссан байсан. Гэхдээ би шинжээчийн дүгнэлтийг харгалзан хариуцагчаас нэхэмжилсэн үнийн дүнгээ 7.000.000 төгрөг болгож багасгаж байгаа. Үүнээс гадна барилгын ажил хийж байхдаа экскаватор ажиллуулна гэж авсан 100.000 төгрөг, миний ээжийн данс руу шилжүүлсэн 100.000 төгрөгийг хасаж болно. Иймд үлдэх 6.800.000 төгрөгийг хариуцагч Д.гаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.*******ын гаргасан 10.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх Б.******* болон түүний бригадын ажилчид хоёр амины орон сууцны модон дээвэр, дам нуруу, түүнийг банзаар хучих, дээвэр төмөрлөх, гадна пасад хийх зэрэг ажлуудыг 15.000.000 төгрөгөөр тохиролцож ажлыг хийж дууссан тохиолдолд төлбөрийг бүрэн төлөхөөр, урьдчилгаанд 3.000.000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр бэлнээр төлсөн. Ажил хийж байх хугацаандаа Б.*******тай хамт ажиллаж байсан ажилчид нь надаас урьдчилгаа авахаар хандсан. Би Б.*******ыг хамт ажилладаг хүмүүстээ урьдчилгаа төлбөр өгөлгүй үнэгүй ажиллуулж байсан гэдгийг тэр үед мэдсэн. Гэтэл хамт ажиллаж байсан хүмүүс нь урьдчилгаа аваагүй учраас цаашид ажиллахаас татгалзаж, барилгын ажил зогссон. Б.*******ын хийсэн ажилд миний өгсөн мөнгө дүйцсэн гэж үзэж байна. Харин ч түүний буруутай үйлдлээс болж миний барилгад хохирол учирсан. Би Б.*******ад урьдчилгаанд 3.000.000 төгрөгийг бэлнээр, 1.654.000 төгрөгийг дансаар шилжүүлж нийт 4.654.000 төгрөг төлсөн. Иймд надаас нэхэмжилсэн 10.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Хариуцагч Д. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.*******тай уулзаад анхнаасаа 15.000.000 төгрөгөөр тохиролцоод уулзсан өдрөө би бараа материал авах газар очоод шууд хүмүүстэй нь тохиролцоод материалынхаа мөнгийг шууд шилжүүлээд өөрт нь ажлын хөлсний урьдчилгаа 3.000.000 төгрөгийг бэлэн өгөөд гарын үсэг зураад салцгаасан. Гэтэл 7-8 хоногийн дараа өөр газар хийж байсан ажлаа дуусгаад ирсэн. Би бараа материалаар таслаагүй. Б.******* өөрөө яваад авбал зүгээр гэхэд нь итгээд мөнгийг нь шилжүүлээд барааг ирэхэд нь манаачаар баримтыг авч хадгалуулсан. Өөрөөр хэлбэл итгэлцлийн үндсэн дээр ажил эхэлсэн. Ажил эхэлтлээ нэлээн удаж байж эхэлсэн. Дундуур нь жаахан юм хийж байгаад явчихдаг байсан. Би ажилчдыг бараа материалаар таслаагүй. Явцын дунд намайг шүүхэд өгснөөр барилгын чанар хийц гээд дээврийн чанар мууг илэрхийлээд ус гоожоод дахин Б.*******аар хийлгэсэн ажлыг ахиж өөр хүнээр хийлгэсэн. Үүнээс шалтгаалаад надад маш их ажил гарч ирсэн. Үүнийг шинжээчийн дүгнэлт гарсны дараа шинээр ажлаа эхэлсэн. Шинжээч очиж үзэх хүртэл би цаг хугацаа алдсан. Би энэ жил л ашиглалтад оруулж байгаа. Тэгээд дундаас нь бараа материалын үнийг нэмэгдүүлж надаас мөнгө авсан. Б.******* бригадынхаа барилгачдад урьдчилгаа өгөөгүйгээс л тэд ажлаа хаяж явах гол шалтгаан болсон. Б.*******ын худал хэлсэн, хүнийг гүтгэсэн утгатай зүйл яриад байхаар гайхаж байна. Би тохирсноороо 3,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үүнээс гадна аав руугаа цахилгааны ажил хийлгэсэн гээд 100,000 төгрөг ээжийнх нь дансаар шилжүүлсэн, мөн хамт ажиллаж байгаа хүмүүс рүүгээ тус бүр 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Надаас авсан мөнгө баримтаар нотлогдож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа: Б.*******тай энэ барилгын ажлыг анх тохиролцоход л надаас барилгын материалыг өөрөө тооцож, надаас илүү материалын мөнгө авсан байсан. Илүү худалдаж авсан бараа материал нь одоо ашиглах боломжгүй болсон. Мөн шинээр баригдсан энэ байшинд дахиж засвар хийхэд анх Б.*******тай тохиролцож байсан үнэ хөлс, зардлаас илүү зардал, хохирол учирсан. Энэ ажлыг ахиж хийхийн тулд дээврийг хуулж янзлахад буулгасан хөлс, хураасан хөлс гэж тус тусад нь тооцсон, мөн дотор заслын ажлыг тусгай хүмүүсээр хийлгэсэн тул их зардал гарсан. Мэргэжлийн хяналтаас томилогдсон шинжээч Т.Алтансүхийн дүгнэлтэд Барилгыг анхнаас нь буруу барьсан учраас илүү хохирол учирсан гэсэн байсан. Б.******* шүүхэд нэхэмжлэл гаргаж, шинжээч томилуулах хүсэлтийг хангасан учраас шинжээчийг очиж дүгнэлт гаргах хүртэл дотор засал, засвар үйлчилгээг хийх боломжгүй болсон. Шинжээч 2020 оны 4 дүгээр сард ирсэн. Түүний дараагаар 6,500,000 төгрөгөөр , гэх хоёр хүнээр дотор заслыг хийлгэсэн. Би уг амины орон сууцаа 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бүрэн ашиглалтад оруулсан. Нэхэмжлэгчээс нийт 17,629,500 төгрөгийг шаардаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Анх ажил гүйцэтгэж байхад илүү бараа материал бодуулж, авч өөрөө ашигласан зүйл байхгүй. Байшингийн онцлогоос шалтгаалан илүү зүсэлт хийгдсэн. Гэхдээ тухайн барилгын материалын тооцоог материал зарж байсан хүнээр нь хийлгэсэн. Илүү гарсан материалыг бид тоо, ширхгээр нь хүлээлгэж өгсөн. Харин ажлын хөлсний тухайд гэвэл үйлчилгээний зориулалттай барилгын өргөтгөлөөр барьсан хэсгийн дээврийн ажил хийгдсэний дараа бидний дунд маргаан гарсан. Тухайн үед бид нар ажлаа гүйцэтгэж дуусаад Д.гийн үлдээсэн хүнд дээвэр дээр ус асгаж, их хэмжээгээр бороо орох юм бол ийм нөхцөл байдалтай байна гэж нүдээр үзүүлж, шалгуулсан. Гэтэл түүнээс хойш дур мэдэн өөр хүмүүсээр дахин засвар ажил хийлгэсэн байсан. Түүнийг шинжээчтэй хамт очихдоо мэдсэн. Дахин ажил хийлгүүлсэн нь бид нар ажил гүйцэтгэлээ хийгээд, ажлаа хүлээлгэж өгсөнөөс хойшхи асуудал. Бид нарыг явснаас хойш Д. өөрийнхөө эд хөрөнгөө засах, нураах нь түүний эрх. Бид ямар ч байсан ажлаа хийж гүйцэтгэсэн. Би барилгын шувуу нуруу хийх, дээврийг банзаар хучих, төмөрлөх, гадна дулаалга хийх зэрэг барилгын хамгийн хүнд, чимхлүүр ажлыг хийсэн. Энэ бүх ажлыг хийгээд 15,000,000 төгрөгөөр ажлын үр дүнг үнэлсэн байхад 140 мкв байшингийн зөвхөн дотор заслыг хийхэд 11,000,000 төгрөг гэхэд барилгын инженерийн хувьд итгэхгүй байна. Ямар ч зах зээлийн судалгаа байхгүй, бодит байдалд нийцэхгүй байна. Миний тооцоолсноор уг байшингийн дотор засал нь 700,000-800,000 төгрөгийн ханштай. Гэтэл надаас 11,000,000 төгрөгийн ажлын хөлсийг нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн усны хаялга, хаявч бетоныг нь материалаа аваад өгвөл үнэ төлбөргүй хийгээд өгье гэж байхад үүнийг өндөр үнээр хийлгэчихээд надаас нэхэж байгаа нь шударга бус байна. Хэрэв тухай үед байшингийн барилгын ажил буруу, алдаатай гэж захиалагч үзээд зогсоосон бол захиалагчийн хүссэнээр хийж өгөх, эсвэл дахин засварлах байсан. Гэтэл захиалагчааас ямар нэгэн шаардлага гаргаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Д.гаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 10.000.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн үнийн дүнг 7.000.000 төгрөг болгож багасгасан.
Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч Д.тай , од байрлах 8*4 харьцаатай, 120 м.кв талбай бүхий амины орон сууц, 14*16 харьцаатай, 2 давхар, 450 м.кв хэмжээтэй үйлчилгээний зориулалттай байшингийн дээвэр, дам нуруу хийх, банзаар хучих, дээвэр төмөрлөх, гадна пасадны ажлын хөлс гэж тодорхойлсон.
Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Тэрээр маргаж буй үндэслэлээ ажлыг үр дүнг хүлээлгэж өгөөгүй, мөн хийсэн ажил нь доголдолтой байсан гэж үзсэн.
Хэргийн баримт, зохигчдын тайлбараар хариуцагч Д.гийн захиалгаар нэхэмжлэгч Б.******* нь , од байрлах 8*4 харьцаатай, 120 м.кв талбай бүхий амины орон сууц, 14*16 харьцаатай, 2 давхар, 450 м.кв хэмжээтэй үйлчилгээний зориулалттай байшингийн дээвэр, дам нуруу хийх, түүнийг банзаар хучих, дээвэр төмөрлөх, гадна пасадны ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон нь тогтоогдсон.
Ажил гүйцэтгэгч Б.******* нь ажлыг 1 сарын дотор хийж гүйцэтгэх, захиалагч Д. нь ажлын хөлсөнд 15.000.000 төгрөг төлөх үүрэг хүлээж урьдчилгаа 3.000.000 төгрөг төлсөн байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
Энэ гэрээний дагуу ажил гүйцэтгэгч Б.******* нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6-д зааснаар ажлыг тогтоосон хугацаанд, ямар нэг доголдолгүй үр дүнг захиалагчид шилжүүлэх, захиалагч Д. нь энэ хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Гэтэл захиалагч Д. энэ хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.3, 351.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс Б.******* ажлыг хугацаанд нь бүрэн гүйцэтгээгүй орхисоноос захиалагч Д. хөлс төлөх үүргээс татгалзаж маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлт, фото зураг, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Б.******* нь 2 байшингийн дээврийн ажлыг дуусгаж, 1 байшингийн гадна пасадны ажлыг хийж, 1 байшингийн гадна пасадны ажлыг хийгээгүй ч захиалагч 1 давхар үйлчилгээний зориулалттай барилгын дээврийн хэсэг газрыг дахин засварлаж дотор заслыг дахин хийсэн байгаа нь ажлын үр дүн бий болсон гэж үзэх боломжтой.
Иймээс хариуцагч Д. нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажлын хөлсийг хийсэн ажлын үр дүнгийн хэмжээнд төлөх үүрэгтэй.
Тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 104/ШЗ2020/00045 дугаартай шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ЗИ-19-1294/2020/03 дугаар дүгнэлтээр ...Дээрх 2 барилгад хийгдсэн ажилд иргэн Б.******* 85 хувийн гүйцэтгэлтэй гэх тайлбар өгсөн байдаг ба үзлэг шалгалт, өөрийн гаргасан тайлбар зэргээс үзэхэд ажлын гүйцэтгэлийн хувь тогтоох боломжгүй... гэснийг үндэслэн нэхэмжлэгч Б.******* ажлын хөлсийг 7.000.000 төгрөг болгон багасгасаныг үгүйсгэх боломжгүй байна.
Хариуцагч Д. ажлын хөлсний урьдчилгаанд бэлнээр 3.000.000 төгрөг, дансаар 1.654.000 төгрөг нийт 4.654.000 төгрөг өгсөн гэснээс нэхэмжлэгч урьдчилгаа 3.000.000 төгрөг өгсөнд, мөн 200.000 төгрөгийг ахуйн хэрэгцээнд авсан гэдэгтэй маргаагүй. Харин 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ажлын хөлс гэсэн утгатай 500.000 төгрөг шилжүүлснийг үгүйсгэж маргасан ч уг гүйлгээний утганд ажлын хөлс гэж бичигдсэн бөгөөд мөнгө хүлээн авагч нь Б.******* өөрөө болох нь өөрийнх нь тайлбараар тогтоогдсон учраас уг мөнгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь үндэслэлтэй.
Иймд хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 6.300.000 төгрөгийг гаргуулж 700.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч Д. нэхэмжлэгч Б.*******ад холбогдуулан ажлын үр дүнг бүрэн гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол буюу ажлын хөлс, илүү авсан материалын үнэ, гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал нийт 17,629,500 төгрөг гаргуулахыг шаардсан.
Нэхэмжлэгч Б.******* бараа материалыг илүү авсан зүйл байхгүй, биднийг ажлаа дуусгасны дараа хариуцагч Д. өөрийнхөө эд хөрөнгийг дахин засварлах нь бидний ажлын үр дүнтэй холбоогүй учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ЗИ-19-1294/2020/03 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ...ажил гүйцэтгэгчийн тооцоо, судалгаагүйгээс технологи аргачлал алдаж хийгдсэн байгаа нь захиалагчид сөрөг нөлөө үзүүлсэн. ...дээврийн ажил чанарын шаардлага хангаагүй гэсэн нь захиалагчид учирсан зардал нь ажил гүйцэтгэгчийн ажлын үр дүн доголдолтой байсантай шалтгаант холбоотой.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй.
Ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажилд илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргах ба хариуцагч Д.гийн гаргасан гомдлын шаардлага хуулийн хугацаандаа байна.
Хариуцагч Д. нэхэмжлэгч Б.*******тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 17,629,500 төгрөг шаардахдаа:
1 дүгээрт: 6.154.500 төгрөгийн материал илүү авахуулсан
2 дугаарт: 11.475.000 төгрөгийг доголдлыг арилгахад гарсан зардал тодорхойлсон.
Шинжээчийн дүгнэлт, зохигчдын тайлбараар дэлгүүрийн зориулалтай байшингийн дээвэрт технологийн алдаа гарч түүнийг зайлшгүй сэргээн засварлах, түүнээс улбаалж зарим өрөөнд дотор заслын ажил хийсэн болох нь фото зураг, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
Нэхэмжлэгч Б.******* нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг хариуцах үүрэгтэй. Энэ зардалд ажлын хөлс, материалын зардал ордог. Иймд хариуцагч Д.гийн доголдлыг арилгахад гарсан зардлаас ажлын хөлс 10.500.000 төгрөг, материалын зардал 752.000 төгрөгийг Б.*******аас гаргуулах үндэслэлтэй. Харин материалын зардлын 266.000 төгрөгний баримт нь огноо бичигдээгүй тул энэ ажлыг хийхэд зарцуулагдсан гэж үзэх боломжгүй.
Хариуцагч Д. хариуцагч Б.*******ыг барилгын ажил гүйцэтгэх явцдаа 6.154.500 төгрөгийн материал илүү авахуулсан, зарим материалын үнийг нэмж илүү мөнгө авсан гэх боловч үүнийг баримтаар нотлоогүй учраас хангах үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Д.гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 11.252.000 төгрөгийг хангаж үлдэх 6.377.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 115.2.3., 73 дугаар зүйлийн 73.2., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн дугаар зүйлийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасныг баримтлан хариуцагч ы гаас 6.300.000 /зургаан сая гурван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* *******ын *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 352 дугаар зүйлийн 352.2.2.,-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* *******ын *******аас 11.252.000 /арван нэгэн сая хоёр зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж хариуцагч гийн д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 6.377.500 /зургаан сая гурван зуун далан долоон мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174.950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг, Д.гийн урьдчилан төлсөн 311.972 /гурван зуун арван нэгэн мянга есөн зуун далан хоёр/ төгрөгийг тус тус улсын орлого болгож, нэхэмжлэгч Б.*******аас 194.982/нэг зуун ерөн дөрвөн мянга есөн зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж хариуцагч Д.д, хариуцагч Д.гаас 115.750 /нэг зуун арван таван мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ад олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ өдрөөс хойш 28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ