Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/190

 

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А,

шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дахь зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Бын Жт холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, С овогт Бын Ж, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Б аймгийн Б суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт тус аймгийн Б сумын 03 дугаар багт оршин суух хаягийн бүргэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:00000000000.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ж нь согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 09-ний шөнө 23 цагийн орчимд Б аймгийн Б сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр, хуримын хүлээн авалтад оролцож байхдаа маргааны улмаас хохирогч Б.Еыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Б.Ж мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйж, 180.000 төгрөгийг төлж өгсөн” гэв.

2. Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч Б.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 06 дахь тал/, гэрч Е.Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/, шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Еын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 519 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/, яллагдагч Б.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/, шүүгдэгч Б.Жийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

3.Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Жийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

Хэргийн үйл баримтын талаар.

4. Шүүгдэгч Б.Ж нь согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 09-ний шөнө 23 цагийн орчимд Б аймгийн Б сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр, хуримын хүлээн авалтад оролцож байхдаа маргааны улмаас хохирогч Б.Еыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

4.1. Хохирогч Б.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр манай Засаг даргын хүүхдийн хуримын цайллага сумын төвийн хуримын газарт болсон бөгөөд ... 23 цагийн үед мах идэж байхад миний өөдөөс хараад сууж байсан Б.Ж дунд зэргийн согтолттой байсан бөгөөд надтай хэрүүл маргаан хийж улмаар тавган дээр байсан махнаас нэг яс авч над руу шидэж тэр нь миний толгойг онож, толгойноос цус гарсан. Тэгээд бид хоёр нэг нэгнийгээ завдаж авах үед Б.Ж 2 удаа миний нүүр хэсэгт цохисон. Маргааш нь Б.Ж надтай уулзаж өчигдрийн явдалд уучлаарай гээд уучлалт гуйсан. Надад нийт 180.000 төгрөгийн зардал гарсан. Тухайн гарсан зардалд гаргаж өгөх баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06 дахь тал/,

4.2. Гэрч Е.Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Б.Е, Б.Ж нар нэг нэгийгээ барьж аваад ширээнээс босож ирсэн. Яг юунаас болж тэгснийг мэдээгүй. Нэг нэгнийгээ цохиж зодсоныг нь харж амжаагүй. Тэр хоёрын үйлдлийг таслан зогсоож хуримын үйл ажиллагаанд оролцож байсан хүмүүс гадаа авч гарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

4.3. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Еын гаргасан 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 519 дугаартай “1.Б.Еын биед духны хэсэгт оёдолтой шарх, зүүн хацар орчим зулгаралттай, баруун өвдгөнд цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хурц болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

4.4. Яллагдагч Б.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Б.Е нь намайг нь “муу С ургийнхан” гээд салаавч гаргаад үгээр өдсөн. Тэгээд би уурандаа идэж байсан хавирганы ясыг шидэхэд түүний нүүрийг оносон. Тэгээд цус гарсан. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг болиулаад гадаа гаргасан. Дахиж түүнийг зодоогүй, уулзаагүй. Б.Еаас уучлалт гуйж, хохиролд 180,000 төгрөг бэлнээр өгч, уучилсан гэж гараар баримт бичүүлж авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

5. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

6. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.Жийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэм буруугийн талаар маргаан байхагүй” гэх тайлбарыг, шүүгдэгч Б.Жаас “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.

Эрх зүйн дүгнэлт.

7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

8. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт Монгол Улсын иргэн “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

9. Тухайн цаг хугацаанд шүүгдэгч Б.Ж нь согтуурсан үедээ маргааны улмаас хохирогч Б.Еын толгой хэсэгт идэж буй махныхаа ясыг шидэж улмаар түүний нүүр орчимд цохиж, эрүүл мэндэд “духны хэсэгт оёдолтой шарх, зүүн хацар орчим зулгаралттай, баруун өвдгөнд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

10. Шүүгдэгч Б.Жийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Жийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

11. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Жийн согтуурсан байдал нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

13. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байна.

14. Шүүгдэгч Б.Жийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Еын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учирсан болох нь тогтоогдсон байх ба мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоос 180.000 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлж авсан тул уучлалт өгсөн баримтаа гаргаж өгсөн /хавтаст хэргийн 48 дахь тал/ тул шүүгдэгч Б.Жийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

15. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх” дүгнэлтийг,

16. Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Шүүгдэгч нь мал малладаг. Маргаанаас болж энэхүү  хэрэг гарсан. Хохирогчид хохирлыг төлж барагдуулсан. Улсын яллагчийн санал болгосон торгох ялын хэмжээг багасгаж 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг тус тус гаргасан болно. 

17. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Жийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

18. Шүүгдэгч Б.Жэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

19. Шүүгдэгч Б.Жт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

20. Шүүгдэгч Б.Ж нь хувийн байдлын хувьд 0000 онд төрсөн, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, малчин, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

21. Шүүгдэгч Б.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч Б.Жыг 625 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 625.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

22. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

23. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.

24. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр  үлдээв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Бын Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жийг 625 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 625.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Ж энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ТАЛГАТ