Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/189

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

хохирогч О.А,

шүүгдэгч Х.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Даас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Хурметбекийн Жт холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж овогт Хы Ж, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Б аймгийн С суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт тус аймгийн Ө сумын 09 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД: 00000000.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Ж нь 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Б аймгийн Ө сумын 08 дугаар багийн нутагт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Ф” нэртэй эмнэлгийн хажууд хохирогч О.Аын өмчлөлийн 00000000 улсын дугаартай, 00000000 загварын тээврийн хэрэгслийн шилийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас  900.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Х.Ж мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

2. Хохирогч О.А мэдүүлэхдээ: “Миний хохирлыг төлж барагдуулсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

3. Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Иргэн О.Ааас 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/, 00000000 улсын дугаартай 00000000 загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,  00000000 улсын дугаартай 00000000 загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 07 дахь тал/, хохирогч О.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12, 51 дэх тал/, гэрч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28 дахь тал/, шинжээч “А” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 00000000 дугаартай эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай дүгнэлт /хавтаст хэргийн 16-20 дахь тал/, яллагдагч Х.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/, шүүгдэгч Х.Жийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

4. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Жийн  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

Хэргийн үйл баримт.

5. Шүүгдэгч Х.Ж нь 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Б аймгийн Ө сумын 08 дугаар багийн нутагт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Ф” нэртэй эмнэлгийн хажууд хохирогч О.Аын өмчлөлийн 00000000 улсын дугаартай, 00000000 загварын тээврийн хэрэгслийн шилийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас  900.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

5.1. Иргэн О.Ааас 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

5.2. 00000000 улсын дугаартай 00000000 загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,

5.3. 00000000 улсын дугаартай 00000000 загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 07 дахь тал/,

5.4. хохирогч О.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний нөхрийг Х.Ж гэдэг бөгөөд манай нөхөр хувиараа тавилгын дэлгүүр ажиллуулдаг, тэрээр сүүлийн 1 сар тасралтгүй архи уусан бөгөөд сүүлдээ арга бараад нөхрөө эмчлүүлэхээр “Ф” эмнэлэг рүү би өөрийн 00000000 улсын дугаартай тээврийн хэрэгслээр нөхөр Ж бид хоёр ирсэн юм. Тэгээд би машинаас бууж байхад манай нөхөр Х.Ж нь надтай хэрүүл маргаан хийж улмаар миний гар хэсэгт өшиглөж “...чи муу цагдаа дуудсан уу, дахиад намайг цагдаад бариулж шоронд хийх гэж байгаа юм уу...” гэж хэлээд машины шилийг хагалж эхлэхээр нь би айж зугтаагаад, ойрхон дэлгүүр байсан тухайн дэлгүүр лүү орж нуугдаж байхад нэг дугаараас миний утас руу залгаад таны 00000000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь таны машин мөн үү, энэ машины шилийг нэг хүн юу ч үгүй бүгдийг нь хагалчихлаа гэж хэлсэн юм. Тэгээд би өөрийн дүү Аийг дуудаж түүний дараа машин дээрээ ирэхэд миний машины бүх шилийг бүгдийг нь хагалж сүйтгэсэн байсан бөгөөд манай нөхөр согтуу миний машин дотор унтаж байсан юм. Тэгэхээр нь би цагдаад мэдэгдэж дуудлага өгсөн.

...уг тээврийн хэрэгсэл нь миний өөрийн нэр дээр бүртгэлтэй бөгөөд би нөхөр Х.Жтэй гэрлээд 3 жил болж байгаа бөгөөд би уг тээврийн хэрэгслээ 2013 онд өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан, миний өөрийн хөрөнгө байгаа юм...

...хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12, 51 дэх тал/,

5.5. Гэрч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр би гэртээ байх үед манай бэр эгч болох О.А миний утас руу 14 цагийн орчимд залгаад “би ахыг чинь аваад эмнэлэгт хэвтүүлэх гээд Ф эмнэлэгт ирсэн байна, гэтэл энд гарын үсэг зуруулдаг байна, гэтэл ах чинь Ж нь гарын үсэг зурахгүй гээд бөөн юм болж байна, чи хүрээд ирмээр байна” гэж хэлсэн юм. Тэгээд би гэрээс гараад Ф эмнэлэг дээр ирэхэд эмнэлгийн гадна бэр эгчийн машин болох цагаан өнгийн экстрайл загварын 00000000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүх шил хагарсан байдалтай, тухайн машин дотор манай ах болох Ж нь согтуу суудал дээр нь сууж байсан. Тэгээд би ах Жээс энэ юу болсон юм бэ, яагаад машины хамаг шилийг хагарсан байгаа юм бэ гэж асуухад манай ах Ж надад хэлэхдээ “би бэр эгчийг чинь дуудахад ирэхгүй болохоор нь уурлаад энэ машины шилийг хагалсан юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28 дахь тал/,

5.6. Шинжээч “А” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 00000000 дугаартай “...Салхины шил 2 ширхэг /урд, хойд/, хаалганы шил 4 ширхэг /баруун урд, зүүн урд, баруун хойд, зүүн хойд/ нийлээд бүгд 900.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16-20 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

6. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.Жийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг гаргасан байх ба шүүгдэгчээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг гаргаж гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

7. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

9. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3. “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан байна.

11. Энэ хэргийн шүүгдэгч Х.Ж, хохирогч О.А нар нь 2021 онд гэр бүл болсон эхнэр нөхөр боловч хохирогч О.А нь 00000000 улсын дугаартай 00000000 загварын тээврийн хэрэгслийг шүүгдэгч Х.Жтэй гэрлэхээс өмнө худалдаж авсан, хуваарьт хөрөнгө нь болох нь хохирогчийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

12. Шүүгдэгч Х.Ж нь 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Б аймгийн Ө сумын 08 дугаар багийн нутагт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Ф” нэртэй эмнэлгийн хажууд хохирогч О.Аын өмчлөлийн 00000000 улсын дугаартай, 00000000 загварын тээврийн хэрэгслийн шилийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас  900.000 төгрөгийн хохирол учруулж, эд хөрөнгө устгаж, гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.  

13. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

14. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Х.Жийн согтуурсан байдал, зүй бус үйлдэл шууд нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

16. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн  510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.

17. Шүүгдэгч Х.Жийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Ат 900.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч О.Ааас шүүх хуралдаанд “…хохирлыг маань төлж барагдуулсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Х.Ж нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

18. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” дүгнэлтийг гаргасан байх ба хохирогчоос “эрүүгийн хариуцлагатай холбогдуулан хэлэх зүйл байхгүй”, шүүгдэгчээс “эрүүгийн хариуцлагатай холбогдуулан хэлэх зүйл байхгүй” гэх тайлбарыг тус тус гаргажээ.

19. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Жийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

20. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг гэж заасныг тус тус удирдлага болгов.

21. Шүүгдэгч Х.Жт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж дүгнэв.  

22. Шүүгдэгч Х.Жийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь 1986 онд төрсөн, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд нь гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй нөхцөл байдал тогтоогджээ.  

23.  Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

24. Шүүгдэгч Х.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэргийн хохирлыг төлж өгсөн байдал зэрэгт нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, шүүгдэгч Х.Жийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

25. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 8 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

26. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.

27. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Хы Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 8 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

  

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ТАЛГАТ