| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2024/0192/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/191 |
| Огноо | 2024-08-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/191
Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
хохирогч К.Н /цахимаар/,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын ахлах өмгөөлөгч С.Ти,
шүүгдэгч Т.Е нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Тын Еад холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Тын Е, хоч нэр Ч, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Б аймгийн Н суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг эх, дүү нарын хамт амьдардаг, тус аймгийн Ө сумын 06 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:00000000.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Е нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Б аймгийн Ө сумын 05 дугаар багийн нутаг дэвсэрт үйл ажиллагаа явуулдаг “А” захын урд зогсоолд байсан иргэн Х.Нийн эзэмшлийн М загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 800.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Т.Е мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахиж хэрэг үйлдэхгүй. Хохирогч К.Нийн нэхэмжилж байгаа мотоциклийн моторын үнэ 750.000 төгрөг, бусад зардал 500.000 төгрөг, нийт 1.250.000 төгрөгийг сайн дураараа төлж өгөхөө илэрхийлж байна” гэв.
2. Хохирогч Х.Н мэдүүлэхдээ: “Хохирлыг маань төлж барагдуулаагүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн. Шинэ мотор авхуулах хүсэлтэй байгаа. Шүүгдэгчид моторын үнэ 750.000 төгрөг болох юм байна гэж хэлсэн. Шүүгдэгчид 750.000 төгрөгийн моторын үнийг төлж өгвөл гомдолгүй гэж бичиж өгнө гэж хэлсэн боловч шүүгдэгч нь тоогоогүй.
Таксины мөнгө болон бусад хохиролд 500.000 төгрөг гарсан. Мотоциклийг хүлээж авсан. Мотоциклийн мотор нь эвдэрсэн ба үүнийг шүүгдэгчээс болсон гэж үзэж байна. Мотоциклийг авахгүй гэж хэлэхэд цагдаа нар авах ёстой гэж хэлсэн болохоор түрээд аваад явсан. Иймд шүүгдэгч Т.Еаас мотоциклийн моторын үнэ 750.000 төгрөг, бусад зардал 500.000 төгрөг, нийт 1.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
3. Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Иргэн К.Нээс 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-08 дахь тал/, хохирогч Х.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 13 дахь тал/, гэрч М.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/, гэрч А.Тн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/, гэрч Х.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/, шинжээч “А” ХХК-ний 2024 оны 06 дугаар сарын 02-ны 00000000000000 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 28-32 дахь тал/, мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 37-39 дэх тал/, Цагдаагийн ерөнхий газрын дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, СД бичлэг /хавтаст хэргийн 40-46 дахь тал/, яллагдагч Т.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/, шүүгдэгч Т.Еын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
4. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Еын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Хэргийн үйл баримт
5. Шүүгдэгч Т.Е нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Б аймгийн Ө сумын 05 дугаар багийн нутаг дэвсэрт үйл ажиллагаа явуулдаг “А” захын урд зогсоолд байсан иргэн Х.Нийн эзэмшлийн М загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 800.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт, нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
5.1. Иргэн К.Нээс 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
5.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-08 дахь тал/,
5.3. Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 37-39 дэх тал/,
5.4. Цагдаагийн ерөнхий газрын дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, СД бичлэг /хавтаст хэргийн 40-46 дахь тал/,
5.5. Хохирогч Х.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие Ө сумын 12 дугаар багт оршин суудаг бөгөөд өнөөдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн М загварын тээврийн хэрэгсэлээр хүү Н.Б, Н.Н нартай хамт зах орох ажлаар ирсэн. Би зах орж нооллуур худалдаж, мөн хүүхдүүддээ музей үзүүлэхээр болсон. Миний мотоциклийн ард талд миний хоёр хүү суналдаж явсан ба бид Ө сумын 05 дугаар багт “А” захын урд “З” авто засварын замын эсрэг талын машины зогсоолд мотоциклоо үлдээсэн. Тэгээд бид гурав буугаад цааш алхаж ноолуур худалдан авдаг ченж дээр очиж ноолуураа худалдаад захын ойр орчмын хөл хөдөлгөөн ихтэй байсан тул мотоцикл руу эргэж очихгүйгээр шууд аймгийн музейд очиход музей хаалттай байсан. Түүний дараагаар захаар явж эд зүйл үзээд буцаж мотоциклдоо очиход миний мотоцикл байхгүй байсан. Би уг мотоциклийг анх үлдээсэн газраа сайн санаж байсан ба миний мотоциклийн доод талаас нь тос гоождог ба үлдээсэн газарт тос гоожсон мөр үлдсэн байсан. Тэгээд би мартсан болов уу гэж бодоод ойр орчмыг үзэхэд мотоцикл байхгүй байсан.
...би өөрийн алдагдсан мотоциклоо буцааж авсан. Уг мотоцикл нь миний мотоцикл мөн байна. Миний мотоциклийн толь хагарч, конс нь хугарсан байна. Мөн хүлээж авахад асахгүй байсан тул чирж явсан. Тэгээд завсарчинд үзүүлэхэд мотор нь зуурсан, клапны төмөр хугарсан байна гэсэн. Би мотоциклоо засварлаж хэвийн ажиллагаатай болгож авмаар байна. Миний зүгээс шинэ мотор авах хүсэлтэй байгаа. Яагаад гэвэл миний мотор урьд нь засварт ороогүй болохоор одоо эвдэрч, засвар авахгүй болсон байгаа. Тиймээс шинэ мотор авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 13 дахь тал/,
5.6. Гэрч М.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 12 цагийн үед таксинд явахаар Ө сумын 10 дугаар багт байрлах өөрийн гэрээс гарсан юм. Тэгээд шууд Ө сумын 05 дугаар багт байдаг “А” захын баруун талд байдаг такси зогсдог газарт зогссон. Намайг таксины зогсоолд зогсож байсан чинь манай хөршүүд болох С, Ч гэх хочтой хоёр хүн хажуудаа 3 хүн дагуулаад /тэдгээр хүмүүсийг танихгүй/ нийт тавуулаа ирсэн. Тэгээд миний машины гадна талд ойртож ирээд тэдгээр хүмүүсийн гурав нь /Секү болон танихгүй хоёр залуу/ нь миний машинд суугаад нөгөө хоёр /Ч болон бас нэг танихгүй залуу/ нь машинд суулгүй С төвийн чиглэлд яваад өгсөн. Тэр үед миний машинд сууж байсан С “Ч наад талаас чинь мотоциклтой гарч ирнэ. Чи хойноос нь дагаад явчих. Би таксины чинь мөнгийг гэртээ очоод эхнэрээсээ авч өгнө” гэж хэлээд С төвийн чиглэлд заасан. Төд удалгүй Чтай хамт явсан залуу нэг хүрэн улаан өнгийн, мустанг загварын мотоцикл унаад Чыг ар талдаа сундлаад С төвийн чиглэлээс гараад таксины зогсоол руу хүрээд ирсэн. Тэр мотоцикл таксины зогсоолд ойртож ирээд зогсолгүй шууд цаашаа явсан тул би Сийн хэлснээр араас нь дагаад явсан.
Тэр мотоцикл явсаар байгаад Ө сумын 09 дүгээр багт байрлах нэг халуун усны эсрэг талд байдаг Сийн гэрийн гадна талд очоод зогссон. Би дагаж явсаар байгаад очоод зогссон. Тэгээд миний машинд сууж байсан бүх хүмүүс буухад би мөнгөө авахаар Сг дагаж гэр лүү нь орсон. С бид хоёртой хамт мотоцикл унаж ирсэн нэг залуу бас цуг орсон. Секүгийг гэрт ороход эхнэр нь хүүхдүүдтэйгээ байсан бөгөөд С эхнэрээсээ таксины мөнгө асуухад түүнийг “архи уусан байна” гэж уурлаад тэр хоёр хоорондоо маргалдаж хэсэг зогсож байгаад миний таксины мөнгө болох 8.000 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
5.7. Гэрч А.Тн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тухайн өдрийн өглөө би босож өглөөний цайгаа уугаад 12 цагийн үед Т захад явган очсон. Тэгээд төд удалгүй байхад захад “Ч” хочит Е болон нэрийг нь үл таних 3 залуутай таарсан. Миний санаж байгаагаар тухай залуучуудтай зах дотор уулзсан ба уг залуучууд буюу Ч болон 3 залуугийн хамт нэг шил архи хувааж уусан. Харин би архи угаагүй. Тэгээд “А” захын урд байж байхад Е надад мотоциклийн түлхүүр өгсөн ба “А” захын хойд талын зогсоолд миний мотоцикл байгаа гэрт хүргээд өгчих гэж гуйсан. Ч нь согтуу байсан тул би мотоциклийг барьж өгөхөөр шийдсэн ба Ч намайг мотоцикл байгаа газарт дагуулж очсон. Тэгээд би уг мотоциклийг унаад Чыг мотоциклийн хойно сундалуулаад гүүрийн хойно дотроо нэг байшинтай эзэнгүй хашаанд очоод Ч тэнд мотоциклтойгоо хамт үлдсэн ба би яваад өгсөн. Тэгээд сүүлд нь уг мотоцикл хулгайн мотоцикл байсныг мэдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
5.8. Гэрч Х.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тухайн өдрийн өглөөний 13 цагийн үед Т захад баз болох И.Хурмет гэх хүнтэй уулзахаар очсон юм. И.Хурмет нь Т захад манаач хийдэг бөгөөд өдрийн цагаар захын нойлд төлбөр авдаг ажилтай. Тэгээд би И.Хурметтэй уулзсан ба буцаад явах замд Т захын хажууд зээ болох Ч, Т болон үл таних 2 залуутай уулзсан. Тэгээд бид хэд хамт уухаар ярилцаж тохиролцсон ба би тухайн хүмүүст нэг шил архи хийж өгөхөөр болсон. Тэр үед би мөнгөгүй явж байсан ба би гэрээсээ очоод эхнэрээсээ 30.000 төгрөг аваад тэд нартай хамт архи уухаар ярилцаж бүгд манайх руу хөдөлсөн. Тэгээд бид явж “А” замын урд талаас такси барьсан бөгөөд манай таксинд хөрш айлийн К хочит М.Быг таксинд авсан. Би үл таних 2 залуутай хамт М.Бын машинд суугаад манай гэр лүү хөдөлсөн ба Т болон Ч нар нь хэнийх нь гэдгийг мэдэхгүй мотоцикл унаад явсан. Тэгээд бид манай гэрт очсон бөгөөд эхнэр болох О.Марал нь цагдаа дуудна гэж уурлахаар нь бүгд явсан ба би гэртээ амарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,
5.9. Шинжээч “А” ХХК-ний 2024 оны 06 дугаар сарын 02-ны 00000000000000 дугаартай “...2018 онд орж ирсэн, 2023 онд 1.700.000 төгрөгөөр худалдаж авсан гэх ...М загварын мотоцикд 800.000 төгрөг байх боломжтой...” гэх үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 28-32 дахь тал/,
5.10. Яллагдагч Т.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Б аймгийн Ө сумын 05 дугаар багт байрлах “А” зах дээр үдээс хойш 3 хүнтэй хамт дөрвүүлээ 1 шил 0,5 литрийн архи уусан, тэгээд захын гадна зогсоол дээр нэг мотоцикл байхаар нь тэр мотоциклийг А.Тгаар бариулаад гэртээ хүргүүлсэн. Би тухайн үедээ өөрөөсөө нэг түлхүүр гаргаж өгсөн бөгөөд тэр түлхүүрээр уг мотоциклийг асаагаад явсан байсан ба орой 20-21 цагийн үед цагдаагийн газраас намайг хүний мотоциклийг хулгайлж авч явсан байна гээд мотоциклийг хурааж авсан, болсон явдал энэ юм.
Би тэр мотоциклийг хэнийх гэдгийг мэдээгүй, дараа нь цагдаагийн газарт ирэх үед гомдол гаргасан хүн нь Н гэж мэдсэн. Би мотоциклийн ямар нэгэн зүйл эвдээгүй, цагдаагийн газарт хүргэж өгсөн. Уг мотоциклийн толь, конс хугарсан, мөн мотор, хроп явж байхдаа эвдэрсэн үү үгүй юу гэдгийг сайн санахгүй байна, ямартай ч миний буруугаас болсон учраас хохиролыг төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
6. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Т.Еын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан байх ба шүүгдэгч Т.Еаас “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг гаргаж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
7. Энэ хэргийн хохирогч, гэрч, яллагдагч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг нь тайлбарлан өгч мэдүүлэг авсан, мөн мөрдөн шалгах ажиллагааны үед мөрдөгчөөс энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримт, нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй тул хууль ёсны үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэв.
Эрх зүйн дүгнэлт.
8. “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”-аар тодорхойлжээ.
9. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
10. Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон үйл баримтаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Т.Е нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Б аймгийн Ө сумын 05 дугаар багийн нутаг дэвсэрт үйл ажиллагаа явуулдаг “А” захын урд зогсоолд байсан иргэн Х.Нийн эзэмшлийн М загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 800.000 төгрөгийн учруулж хулгайлах үйлдэл нь тогтоогдсон, шүүгдэгч Т.Е нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж өөртөө ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд хулгайн эд зүйлсийг бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлснээр дээрх гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэслэлтэй.
11. Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй тул хүлээн авч, шүүгдэгч Т.Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
12. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Т.Еын согтуурсан байдал, амар хялбар аргаар хөрөнгөтэй болох зорилго, шунахайн сэдэлт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
14. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.
15. Шүүгдэгч Т.Еын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Нт 800.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон байна.
16. Шүүх хуралдаанд хохирогч К.Нээс мотоциклийн моторын үнэ 750.000 төгрөг, бусад зардалд 500.000 төгрөг, нийт 1.250.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн байх ба шүүгдэгч Т.Е нь хохирогч К.Нийн нэхэмжилсэн нийт 1.250.000 төгрөгийг сайн дураараа төлж өгөхөө илэрхийсэн байна. Иймд шүүгдэгч Т.Еаас гэмт хэргийн хохиролд 750.000 төгрөг, гэмт хэргийн хор уршигт 500.000 төгрөг, нийт 1.250.000 төгрөг гаргуулан хохирогч К.Нт олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
17. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Т.Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд эдлүүлэх” дүгнэлтийг,
18. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тээс “Улсын яллагчийн санал болгож байгаа 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг дэмжиж байна” дүгнэлтийг тус тус гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцээгүй болно.
19. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Еын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
20. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
21. Шүүгдэгч Т.Еад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
22. Шүүгдэгч Т.Еын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь 1996 онд төрсөн, ам бүл 6, эцэг эх, дүү нарын хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.
23. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
24. Шүүгдэгч Т.Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэргийн хохирол, хор уршгийг сайн дураараа төлж өгөхөө илэрхийлсэн байдал зэрэгт нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Еыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.
25. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Еад зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Б аймгийн Ө сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Е нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
26. Шүүгдэгч Т.Еад оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
27. Энэ хэрэгт шүүгдэгч Т.Е нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг СД-ийг эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалхаар шийдвэрлэв.
28. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.Ет урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Тын Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Еыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Еад зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Б аймгийн Ө сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Е нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.Еад оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Еаас гэмт хэргийн хохиролд 750.000 төгрөг, гэмт хэргийн хор уршигт 500.000 төгрөг, нийт 1.250.000 төгрөг гаргуулан хохирогч К.Нт олгосугай.
7.Энэ хэрэгт шүүгдэгч Т.Е нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг СД-ийг эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.Еад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Т.Еад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ