Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/193

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.А,

шүүгдэгч Е.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Еын Ад холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, И овогт Еын А, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Б аймгийн Ө суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт амьдардаг, тус Ө сумын 06 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:000000000.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Е.А нь 2024 оны 02 дугаар сарын 25-ны шөнө 23 цагийн орчимд Б аймгийн Т сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр “00000000” хэмээх газарт засмал зам дээр “00000000” загварын 00000000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 12.4. “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэх заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан хохирогч Ш.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Е.А  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Гэм бруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хор уршийг бүрэн барагдуулсан.” гэв.

2. Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Цагдаагийн алба хаагч Т.Аээс 2024 оны 02 дугаар сарын 26-ны шөнө 01 цаг 20 минутад гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-07 дахь тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 08-11 дэх тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-17 дахь тал/, хохирогч Ш.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Х.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/, гэрч Т.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/, шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Еын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 184 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/, шинжээч “А” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 000000000 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 89-93 дахь тал/, мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн магадлагаа /хавтаст хэргийн 119 дэх тал/, яллагдагч Е.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 136 дахь тал/, шүүгдэгч Е.Аийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон  хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

3.Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Е.Аийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

Хэргийн үйл баримтын талаар.

4. Шүүгдэгч Е.А нь 2024 оны 02 дугаар сарын 25-ны шөнө 23 цагийн орчимд Б аймгийн Т сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр “00000000” хэмээх газарт засмал зам дээр “00000000” загварын 00000000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 12.4. “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэх заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан хохирогч Ш.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

4.1. Цагдаагийн алба хаагч Т.Аээс 2024 оны 02 дугаар сарын 26-ны шөнө 01 цаг 20 минутад гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

4.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-07 дахь тал/,

4.3. Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 08-11 дэх тал/,

4.4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-17 дахь тал/,

4.5. Хохирогч Ш.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр А гэдэг миний сайн харилцдаг дүүгийн ээж нь Улаанбаатар хот руу явж байгаад Х аймгийн Д суманд машин нь эвдэрсэн байсан. Тэгээд А бид хоёр сайн харилцаатай ах дүү болж явсан хүмүүс тул надад А “миний ээж Улаанбаатар хот руу явж байхад машин нь Х аймгийн Д суманд эвдэрсэн байна, хоёулаа очоод янзалж өгчихөөд ирэх үү” гэж хэлсэн. Тэр үед би зөвшөөрөөд Агийн машин болох жижиг суудлын тээврийн хэрэгслээр 2024 оны 02 дугаар сарын 25-ны орой 21 цаг 31 миунтын үед Х аймаг руу гарсан.

Тухайн үед тээврийн хэрэгслийг А жолоодсон бөгөөд би урд талын зорчигчийн суудалд сууж явсан. Бид нар 23 цаг өнгөрч байхад Т сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр “00000000” гэх газарт засмал замаас гарч машин онхолдож осолд орсон. Машин нэг удаа онхолдсоныг бол санаж байна, тэрний дараа хоёр чих юм сонсохгүй болсон. Нэг мэдэхэд би суудалдаа сууж байсан бөгөөд цээж хэсэг хавчиж өвдсөн. Тухайн үед А өөрийн суудалд шоконд орсон, сандарсан байдалтай байсан. А бид хоёр машинаас гарч би явж чадахгүй газарт унаж 20 гаруй минут хэвтсэн. Тэр хооронд А засмал зам дээр очиж машин зогсоож байсан.

Тухайн үед Х аймаг руу явж байсан нэг машин зогсож А бид хоёрыг Т сумын Эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн. Уг Х аймаг руу явж байсан хүмүүсийг би танихгүй, тухайн үед би шоконд орсон байдалтай байсан. Т сумын эмнэлэгт очиж үзүүлээд Т сумын эмч нар аймгаас түргэн тусламжийн машин дуудаж бид нарыг аймгийн төвөөс түргэн тусламжийн машин ирж аваад явсан. Би аймагт ирж Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2-3 хоногийн дараа эмнэлгээс гарсан.

Тухайн машин 00000000 загварын, 00000000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Уг тээврийн хэрэгсэл Агийн ээж Г гэх хүний нэр дээр байдаг гэж сонссон. Тухайн үед А хамгаалалтын бүс зүүсэн байсан, харин би зүүгээгүй байсан. Тэрнээс болоод ч би гэмтэл авсан юм шиг байна. Тухайн үед бид нар явж байхад засмал замаас эргэх эргэлт байсан бөгөөд тэр эргэлтийг эргэнгүүт замын овон товон хэсэгт орж гарч ирээд шууд засмал замаас гараад нэг зүйл шүргэх шиг болсон. Дараа нь шууд чулуун дээр гарсан уу, овоолсон шороон дээр гарсан уу, машин онхолдсон. Тэрнээс хойш мэдэх зүйл байхгүй, тухайн үед А нь 130 км цагийн хурдтай явж байсан. Засмал замын овон товон хэсэгт орж гарахдаа машин дээшээ үсэрч буух үед А жолоо алдаж засмал замаас гарчихсан юм. Тухайн өдөр А бид хоёр эрүүл байсан, ер нь архи уудаггүй юм. Надад гомдол, санал байхгүй. Нэхэмжпэх зүйл байхгүй. А миний төрсөн дүү шиг дүү минь байгаа юм. Ямар албаар санаатай гэмт хэрэг хийсэн биш, санаандгүй, болгоомжгүй зүйл болохоор надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан бөгөөд ямар нэгэн санал хүсэлт байхгүй болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

4.6. Иргэний нэхэмжлэгч Х.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие 00000000 улсын дугаартай 00000000 загварын тээрийн хэрэгслийг 2022 оноос хойш өөрийн гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байгаа. 2024 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шижих шөнө миний хүү А унаж Х аймаг руу ирж байсан. Тухайн өдөр би Улаанбаатар хот орж цаашаа Хятад улсаас бараа авахаар явж байсан. Би Х аймгийн Д суманд очиход миний явж байсан машин эвдэрч тэр машины сэлбэг Хоос олдоогүй тул хүү болох Ад сэлбэг авч ирж өгөөрэй гэж хэлсэн. Тухайн үед А хажуудаа М гэдэг сайн таньдаг ахыгаа дагуулаад Б аймгаас Х аймгийн чиглэлд 20 цагийн үед гарсан байх. Бид нар Х аймгийн Д суманд хүлээж байсан. Тэгээд 00 цагийн үе байх над руу хүү болох А утсаар ходбогдож, “ээж битгий загнаарай” гээд байсан. Тэгэхэд би А Д суманд ирчихсэн байна гэж бодсон. Би хүүгээс “яасан бэ” асуухад А надад “ээж бид нар ирж байгаад замдаа машин онхолдчихсон, машинаас авах юмгүй боллоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь айж сандраад “хүү минь машин яах вэ, чи өөрөө зүгээр үү, М ах чин зүгээр үү” гээд байсан. Тэгэхэд А “би зүгээрээ ээж, М ах харин жоохон гэмтэл авсан” гэж хэлсэн. Миний хүү А болон М нар амьд, гайгүй байна гэхээр нь дотроо баярласан. Мөн би том хүүгийн хамт Хятад улсаас бараа авч ирэхээр явж байсан бөгөөд онгоцны хоёр талын тийз, буудал зэргийн бүх мөнгийг төлсөн тул эргэж ирж чадалгүй явсан. Би Хятад улсаас 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өглөө ирсэн. Ирэхэд хүү А, М нар эсэн мэнд байгааг харж баярлаж, хүүхдүүддээ зөвлөгөө өгч сэтгэл санаагаар унахгүй байх талаас нь дэмжиж, төмөр олдоно гэдгийг ойлгуулаад байж байна. Би өөрөө машинаа хараагүй бөгөөд харахыг ч хүсэхгүй байна. Харсан хүмүүсээс сонсоход бол нэлээн юм эвдэрсэн бараг авах юмгүй болсон юм шиг байна лээ. Хамгийн гол нь хүү А болон дүү М нар эсэн мэнд үлдсэнд хамгийн ихээр баярлаж байна. Машин бол хэзээ ч, хаанаас ч олдоно. Харин хүний амь олдохгүй шүү. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Хүү маань эсэн мэнд үлдсэнд баяртай байна.

Өөр нэмж ярих зүйл гэвэл миний зүгээс ямар нэгэн гомдол, санал байхгүй. Х аймгийн Д суманд машин эвдэрсэн ээж, ахын төлөө аймгаас сэлбэг аваад ирж байгаад зам тээврийн осолд холбогдсон. Би хүүдээ ямар ч гомдолгүй. Хүү маань архи согтрууруулах ундааны зүйл хэрэглэхгүй, ямар нэгэн муу зуршилгүй хүүхэд байгаа юм. Үнэхээр гэнэтийн зүйл боллоо. Энэ асуудлыг хуулийн хүрээнд аль болох хөнгөн талаас нь шийдэж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

4.7. Гэрч Т.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би тухайн үед газарт сууж байсан. Гэртээ сууж байхдаа манай эмнэлэгийн эрхлэгч М нь над руу утсаар холбогдож “эмнэлэгт осолд орсон хүмүүс ирсэн байна, чи очоод үзээдэх” гэж хэлсэн. Түүний дагуу би 2024 оны 02 дугаар сарын 26-ны шөнийн 00 цаг өнгөрсөн үед эмнэлэгт очсон. Эмнэлэгт очиход М, А гэдэг хоёр иргэн байсан. Тэр хоёр иргэнд эмчийн үзлэг хийхэд иргэн Мын биеийн байдал хүндэвтэр байдалтай байсан. Мыг үзэхэд зүүн талын нүдний ойр орчим хавагнасан, шарх шалбархай байхгүй, цээжний урд хэсэг, нурууны хэсгээр эмзэглэлтэй, ил хугарал анзаарагдаагүй бөгөөд түүнийг нарийн оношлох боломжгүй байсан. А хөл дээр тогтож явж, ярьж чадаж байсан. М хэвтэрийн байдалтай, гэхдээ ярьж асуусан асуумжинд хариулт өгч байсан. Эдгээр иргэдийн дотор гэмтлүүдийг нарийн оношлох боломжгүй байсан тул аймгийн төвөөс түргэн тусламж дуудсан. Аймгийн түргэн тусламж иртэл иргэн Мд өвчин намдаах, зүрхний үйл ажиллагаа дэмжих эмчилгээг хийсэн. Мөн дотор цус алдалт байж магадгүй учир цус тогтоох эмчилгээ хийсэн. Иргэн Агийн биеийн байдал гайгүй байсан тул ямар нэгэн эмчилгээ хийгдээгүй. Шөнийн 02 цаг өнгөрч байхад ирж уг хоёр иргэнийг аймгийн төв рүү тээвэрлэж авч явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

4.8. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Еын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 184 дугаартай “1.Ш.Мын биед тархины доргилт, өвчүү, сээр нурууны 2 дугаар нугалмын битүү хугарал, дээд зовхины цус хуралт, дагзны орой хэсэгт зулгаралттай гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

4.9. Шинжээч “А” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 000000000 дугаартай “2011 онд үйлдвэрлэгдсэн 2022 онд Монгол улсад орж ирсэн 00000000h загварын тээврийн хэрэгсэл 2024 оны 02 дугаар сарын байдлаар 30.000.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 89-93 дахь тал/,

4.10. Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн магадлагаа /хавтаст хэргийн 119 дэх тал/,

4.11. Яллагдагч Е.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, ...тухайн үед би 120км/цагийн хурдтай явж байсан, нэлээн хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 136 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

5. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Е.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг, шүүгдэгчээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг гаргасан болно.

6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ноТл зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.    

Эрх зүйн дүгнэлт.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилжээ.

8. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

9. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “захиргааны хэм хэмжээний акт” нь Замын хөдөлгөөний дүрэм мөн болох нь дараах байдлаар нотлогдож байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2. “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж заасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох бөгөөд шүүгдэгч Е.А нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй.

10. Шүүгдэгч Е.А нь 2024 оны 02 дугаар сарын 25-ны шөнө 23 цагийн орчимд Б аймгийн Т сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр “00000000” хэмээх газарт засмал зам дээр “00000000” загварын 00000000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 12.4. “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэх заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан хохирогч Ш.Мын эрүүл мэндэд “тархины доргилт, өвчүү, сээр нурууны 2 дугаар нугалмын битүү хугарал, зүүн дээд зовхины цус хуралт, дагзны орой хэсэгт зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал нотлох баримтуудын хүрээнд бүрэн тогтоогджээ.

11. Шүүгдэгч Е.А нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь хохирогч Ш.Мын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

12. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг бүрэн агуулж байх тул прокуророос шүүгдэгч Е.Ад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирчээ.

13. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Е.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

14. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Е.Агийн хариуцлагагүй байдал шууд нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

16. Мөн Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 505.2. “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж заасан байна.

17. Шүүгдэгч Е.А нь замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч томилж, гэмтлийн зэрэг тогтоосон тухай дүгнэлтээр тогтоогджээ.

18. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирогч Ш.М, иргэний нэхэмжлэгч Х.Г нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн /хавтаст хэргийн 26-27, 30-31 дэх тал/ байх тул шүүгдэгч Е.А нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

19.Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Е.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,

20.Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгчид 2.700.000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгөх” дүгнэлтийг тус тус гаргасан болно. 

21. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Е.Айн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

22. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

23. Шүүгдэгч Е.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв. 

24. Шүүгдэгч Е.А нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх ба хувийн байдлын хувьд 2001 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 23 настай, ам бүл 3, ээж, ахын хамт оршин суудаг, төлөв даруу зантай байна.

25. Шүүхээс шүүгдэгч Е.Айг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад  заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгсний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Айн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1  жил 1 сарын хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

26. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

27. Шүүгдэгч Е.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч Е.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт Еын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Айн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1  жил 1 сарын хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Е.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Е.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Е.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ТАЛГАТ