Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2026/00026

 

Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 302/ШШ2025/00392 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 212/МА2025/00049 дүгээр магадлалтай,

Т-ийн нэхэмжлэлтэй,

Х.Н-д холбогдох

Хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирол 14,707,806 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Х.Н, хариуцагчийн өмгөөлөгч А.К нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагчийн өмгөөлөгч А.К, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т нь хариуцагч Х.Н-д холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирол 14,707,806 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 302/ШШ2025/00392 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Х.Н-ээс хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирол 14,707,806 төгрөгийг гаргуулан Т-ийн төрийн сангийн 100900021501 тоот дансанд оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Т нь төсвийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид 231,489 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

3.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 212/МА2025/00049 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 302/ШШ2025/00392 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагч Х.Н, хариуцагчийн өмгөөлөгч А.К нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “... Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн маргаан бүхий хэргийг хянан шийдвэрлэхэд хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гомдлын тухайд: Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024.06.20-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Иргэний болон захиргааны хэргийг харьяаллыг зааглахтай холбоотой холбогдох хуулиудын зүйл заалтыг тайлбарласан.

Энэхүү тогтоолын 5.1.1.1 дэх заалтад “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан нь нийтийн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэгчийн хувьд, мөн төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд бусад нийтийн эрх зүйн хууль тогтоомжоор тусгайлсан эрх үүрэг хүлээдгээс гадна төрийн албаны сонгон шалгаруулалтаар томилогдож, үр дүнгийн гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа дүгнүүлэх зэргээр төрийн жинхэнэ албан хаагчтай адилтахуйц эрх зүйн байдалтай байгааг дүгнэж цаашид төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны хөдөлмөр эрхлэлтийн маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр тогтоож, мөн тайлбарын 5.1.3-т энэхүү захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны байгууллага, албан тушаалтын хувиар үйл ажиллагаа явуулсны улмаас захиргааны байгууллагад учирсан хохирлыг захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т зааснаар нэхэмжлэх мөн тогтоолын тайлбарлах хэсгийн 1.3-т захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо шаардаж буй тохиолдолд хариуцагч нь захиргааны байгууллага, албан тушаалтан, эсхүл захиргааны байгууллага, албан тушаалтын хувиар үйл ажиллагаа явуулсан этгээд бол захиргааны хэргийн шүүх маргааныг харьяапан шийдвэрлэхээр тайлбарлажээ.

Дээрх маргааны тухайд бол хариуцагч, Х.Н нь Баян-Өлгий аймгийн М сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2023.11.16-ны өдөр багш С.С-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг “байгууллагын бүтэц орон тоо хасагдсан, цөөрсөн” гэх үндэслэлээр дуусгавар болгосон шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх агуулгатай буюу хариуцагч Х.Н-ий төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан буюу захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулсан шийдвэрийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх агуулгатай нэхэмжлэл болно.

Энэ тохиолдолд уг маргаан буюу захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны буруутай шийдвэрийн улмаас “Иргэний /Х.С-ийн/ хохирлыг барагдуулснаар төрд учирсан хохирлыг захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд заасан нөхцөл журмын дагуу нэхэмжлэх, мөн Захиргааны хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан журмын дагуу захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлтэй.

Гэтэл уг маргааныг Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь дээрх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийн харьяалал зөрчсөн, хэргийн харьяалалтай холбоотой гаргасан хэргийн оролцогчийн гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хэргийн харьяаллыг Улсын дээд шүүхийн 25 дугаар тогтоолд тайлбарласнаас өөрөөр хэрэглэж шүүх хууль хэрэглээний зөрүү үүсгэсэн.

4.1.Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 489.5 “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж хуульчилсан хуулийн хэм хэмжээний гэм хорын бурэлдэхүүний субьектив байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс хууль буруу хэрэглэсэн.

Тодруулбал, хариуцагч Х.Н 2023.11.16-ны өдрийн Б/143 дугаар тушаалаар багш, С.С-ийг ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гол үндэслэл нь байгууллагын бүтэц орон тоо цөөрсөнтэй холбоотой.

М сургалтын бүтэц орон тоог тухайн жилийн төсөвт уялдуулан М төвийн Төлөөлөн удирдах зөвлөл батлах бөгөөд ингэхдээ тус төвийн захирал Төлөөлөн удирдах зөвлөлийн бүтэц орон тоо баталсан тогтоолын хүрээнд багш, ажилчдыг томилох, чөлөөлөх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд М төвийн захирал Х.Н нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан тухайн жилийн сургалтын бүтэц орон тооны хязгаарт багтааж, багш С.С-ийг ажлаас чөлөөлсөн. Ингээд маргааныг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж 175 дугаар шийдвэрээр С.С-ийг урьд эрхэлж байсан багшийн ажилд эгүүлэн томилсон байна. Уг шүүхийн шийдвэрийг үндэслэн М төв нь багш С.С-ийг ажилд нь эгүүлэн томилж, түүнд ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгохдоо түүний урд ажиллаж байсан багшийн орон тоонд шинээр хүн томилон ажиллуулаагүй, сургуулийн орон тоо буурч, түүнд ногдох цалин хөлс, урсгал зардлын хэмнэлтийн зардлыг буцаан олговор болгож олгосон үйл баримт тогтоогддог.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч Х.Н-ий М сургалтын төвийн захирлаар ажиллаж байх хугацаанд Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэн бүтэц орон тооны цомхотголоор багш ажилчдыг чөлөөлсөн нь илтэд болгоомжгүй хандсан бөгөөд үүний улмаас төрд хохирол учруулсан гэж дүгнэж буй нь шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т заасан гэм хорын бүрэлдэхүүний субьектив байдалд үндэслэлгүй дүгнэлт хийж, хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5.Хариуцагч Х.Н, хариуцагчийн өмгөөлөгч А.К нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.12.19-ний өдрийн 001/ШХТ2025/01291 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгч Т нь хариуцагч Х.Н-д холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирол 14,707,806 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “...Х.Н нь Баян-Өлгий аймаг дахь М сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2023.11.16-ны өдрийн Б/143 дугаар тушаалаар тус сургуулийн Барилгын өргөн мэргэжлийн багш С.С-ийг албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргасан ба тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2024/00175 дугаар шийдвэрээр С.С-ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Түүнчлэн тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2024/00808 дугаар шүүгчийн захирамжаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 14,707,806 төгрөгийг хуульд заасан журмын дагуу нөхөн олгохыг Баян-Өлгий аймаг дахь М сургуульд даалгаж шийдвэрлэсний дагуу уг мөнгийг төлсөн. Төрийн албаны зөвлөлөөс иргэн Х.Н-д хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр 2025.02.05-ны өдрийн “Төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх” тухай 04/294 дүгээр албан бичгийг хүргүүлсэн. Иймд Х.Н-ээс мөнгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

7.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Би Баян-Өлгий аймаг дахь М сургуулийн захирлаар ажиллаж байхад тус сургуулийн багш С.С-ийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тул түүний ажлын байранд өөр хүнийг томилон ажиллуулаагүй, бусад этгээдэд давхар цалин олгогдоогүй учир төрд болон сургуулийн төсөвт ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй.  Харин С.С-ийг ажлаас чөлөөлж, орон тоо цөөрүүлсэн, ажлын байрыг тухайн үед хасаж шийдвэрлэсэн зорилго, зорилт маань багш нарын ажлын ачааллыг жигдрүүлэх, төсвийн мөнгийг хэмнэх, үр ашиггүй зардал гаргахгүй байх, анги дүүргэлт тус сургуульд элсэгчдийн тоо хүрэхгүй байгаатай шууд холбоотой байсан бөгөөд төсөвт хэмнэлт гаргах явдал байсан. Сургуулийн төсвөөс илүү зардал, давхар цалин гараагүй учир Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан гэм хорын хохирол учраагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэжээ.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ: “...хариуцагч Х.Н нь хуулиар олгогдсон захиргааны байгууллагын удирдлагын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ С.С-ийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тус тус тогтоогдсон, уг шийдвэрүүдийн дагуу үндсэн ажлаа хийж гүйцэтгээгүй С.С-т ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговрыг улсын төсвөөс олгосон байх тул түүнийг төрд учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал, хариуцагч нь төрийн албан хаагчийн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах албан үүргээ зөрчиж, хууль бус шийдвэр гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас С.С-ийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, түүнд хохирол учирсан, уг хохирлыг захиргааны байгууллага төсвөөс нөхөн төлж арилгаснаар хариуцагчийн буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоотой гэж үзнэ. Иймд хариуцагч Х.Н-ий гаргасан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн.

9.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг зөв гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

10.Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж адил шийдвэр гаргасан боловч хэргийн харьяаллын талаар болон хариуцагчийн гэм буруугийн талаархи Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

11.Давж заалдах шатны шүүх хэргийн харьяаллын талаархи хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд дараахь  дүгнэлт хийжээ. Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэлд шүүх иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахаар заасан. С.С нь ажлаас чөлөөлөгдөхдөө Баян-Өлгий аймаг дахь М төвийн Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажилтай төрийн үйлчилгээний албан хаагч байсан, түүний хөдөлмөр эрхлэлтийн маргааныг ердийн харьяаллын шүүх хянан шийдвэрлэсний дүнд тэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон байх тул Т-ийн ердийн харьяаллын шүүхэд гаргасан, төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаас шаардсан нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсныг хууль зөрчөөгүй, хэргийн харьяалал зөрчигдөөгүй гэж үзнэ” гэжээ.

12.Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр Т-ийн нэхэмжлэлтэй Х.Н-д холбогдох энэхүү хэргийг  хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

13.Хэргийн харьяалал зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан бол шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.1-д зааснаар захирамж гаргаж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бөгөөд энэ үндэслэл хэргийг хэлэлцэх үед илэрвэл шүүх холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.

14.Хариуцагч Х.Н нь Баян-Өлгий аймаг дахь М сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2023.11.16-ны өдрийн Б/143 дугаар тушаалаар тус сургуулийн Барилгын өргөн мэргэжлийн багш С.С-ийг албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргасан ба тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2024/00175 дугаар шийдвэрээр С.С-ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн, улмаар түүнд ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан цалин, хөлстэй тэнцэх олговорт 14,707,806 төгрөгийг  шүүхийн шийдвэрийн дагуу олгосон үйл баримт тогтоогджээ.

15.Нэхэмжлэгч Т нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг үндэслэж  төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан байсан хариуцагч Х.Н-ээс ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хууль бус шийдвэр гаргасан гэж үзэн 14,707,806 төгрөгөөр төрд хохирол учирсан гэж уг мөнгийг гаргуулахаар шаардсан байна.

16.Улсын дээд шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлаж, уг тайлбарыг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ.

17.Дээрх тогтоолын Тав дах хэсэг буюу тайлбарын дэлгэрэнгүй үндэслэлийн 5.1.1.1-д зааснаас үзвэл, ... төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан нь нийтийн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэгчийн хувьд, мөн нийтийн сан хөмрөг болох төсвийн хөрөнгийг ерөнхийлөн захирагчийн хувьд бусад нийтийн эрх зүйн хууль тогтоомжоор тусгайлсан эрх, үүрэг хүлээдгээс гадна төрийн албаны сонгон шалгаруулалтаар томилогдож, үр дүнгийн гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа дүгнүүлэх зэргээр төрийн жинхэнэ албан хаагчтай адилтгахуйц эрх зүйн байдалтай байх нь нийтлэг байна….гэж үзсэн, 5.1.3-т … Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ” гэсний дагуу захиргааны байгууллага өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардаж гаргуулахаар байна. Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага, албан тушаалтан бол, түүнчлэн захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулсан этгээд бол нэхэмжлэгч захиргааны байгууллага нь өөрт учирсан хохирлоо гаргуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Тодруулбал, хариуцагчаар татагдсан этгээд өөр ажил, албан тушаалд шилжсэн, ажлаасаа чөлөөлөгдсөн эсэхээс үл хамаарч захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар явуулсан үйл ажиллагаа, гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцагч-захиргааны байгууллага болно.” гэж, тайлбарлах хэсгийн 1.3-т “ … хариуцагч нь захиргааны байгууллага албан тушаалтан, эсхүл захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулсан  этгээд бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч харьяалан шийдвэрлэнэ” гэсэн байна.

18.Улсын дээд шүүхийн албан ёсны дээрх тайлбарт захиргааны албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулсан этгээдээс төрд учруулсан гэм хорын хохирлыг захиргааны байгууллага шаардсан тохиолдолд тухайн хэргийн харьяалал нь Захиргааны хэргийн шүүхэд хамаарна гэжээ.

19.Давж заалдах шатны шүүх хэргийн харьяаллын талаар дүгнэлт хийхдээ, хариуцагч Х.Н-ий гаргасан шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн С.С өөрийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн үндэслэлээр иргэний хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэлээ шийдвэрлүүлсэн ба Т-ийн шүүхэд гаргасан энэ хянагдаж байгаа хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь С.С-т олгосон цалин хөлснөөс үүссэн хохиролтой холбоотой тул ердийн иргэний шүүх шийдвэрлэнэ гэсэн нь үндэслэлгүй болжээ.

20.Т нь энэхүү нэхэмжлэлийг 2025.03.17-ны өдөр анх шүүхэд хандаж гаргасан байх бөгөөд энэ үед Улсын дээд шүүхийн дээрх 25 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байжээ. Иймд, хэргийн харьяалал зөрчсөн үндэслэлээр холбогдох  хэргийг хэрэгсэхгүй болгов.

Нэгэнт хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа тул маргааны зүйл, холбогдох хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх үндэслэлгүйг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 302/ШШ2025/00392 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 212/МА2025/00049 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Т-ийн нэхэмжлэлтэй Х.Н-д холбогдох гэм хорын хохиролд 14,707,806 төгрөг гаргуулахыг хүссэн  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Х.Н-ий 2025.10.10-ны өдөр төлсөн 231,489 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ   

ШҮҮГЧИД                                                          Н.БАТЧИМЭГ

                                                                                Д.ЦОЛМОН

                                                                                Х.ЭРДЭНЭСУВД