Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 18

 

 

 

 

      

 

 

 

 

   2020           04           22                                           2020/ДШМ/18

 

 

 

Х.Од холбогдох

  эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Ахлах прокурор: Ж.Айжуу,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ууганбаяр нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Х.Од холбогдох, эрүүгийн 1919002990204 дугаартай, 2 хавтас, 433 хуудас бүхий хэргийг хяналтын прокурор С.Энхнямын эсэргүүцэл, хохирогч Т.Цийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х.О-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Х.О нь 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа М ХХК-ийн Элстэйн далд уурхайд ажил үүргээ гүйцэтгэж ковш маркийн тээврийн хэрэгсэлтэй ухрах үйлдэл хийхдээ Үйлдвэр худалдааны сайдын 2003 оны 98 дугаар тушаалын 168 /Уулын цулыг авто болон төмөр замын тээврийн хэрэгсэлд ачих, экскаваторын овоолгод буулгах ажлын хоорондын уялдаа холбоог экскаваторын машинчийн өгсөн дуут дохиогоор зохицуулна/ гэснийг болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.3 дахь заалт /Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах/ гэж зааснаар осолдогчид дуут дохио өгөөгүй, мөн зүйлийн 18.2.7 “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэж заасан заалтыг хангаагүй зөрчиж хохирогч Т.Цийг дамп болон ковш маркийн тээврийн хэрэгслийн дунд хавчиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-д ковш машин жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж,  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-н хувийн байдлыг харгалзан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр,

 

тэнссэн хугацаанд шүүгдэгч Х.О нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,

 

шүүгдэгч Х.О нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж,

 

хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Х.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М ХХК-иас 1 623 077 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нотлогдоогүй үлдэх 1 749 610 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-д хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-ыг хэрэгт хавсарган үлдээхээр,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Ц нь цаашид гарах эмчилгээний зардал, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын зөрүүг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж иргэний шүүхэд нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч, шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

 

Хохирогч Т.Ц давж заалдсан гомдолдоо: “...Х.О шүүх хуралдаанаас өмнө болон шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш төлбөрөө огт төлөөгүй байхад Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” гэсэн заалтыг хэрэглэх үндэслэл байхгүй байна. Мөн иргэний хариуцагч байгууллага болох “М” ХХК хохирогчийн төлбөрийг манай байгууллага төлнө гэж худал амлан Х.О-г гэм буруугүй мэт харагдуулан ял завших боломж олгож байгаа нь миний эрхийг зөрчиж байна. Х.О-гийн гэм буруутайг шүүх тогтоосон байхад Х.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөхгүй байгаад гомдолтой байна...” гэжээ.

 

Хяналтын прокурор С.Энхням давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт Монгол Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “…бол нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж” гэснийг “…бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл” гэж нэмэлт өөрчлөлт оруулсан. Шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлах байтал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэнтэй нийцэхгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

 

Ахлах прокурор Ж.Айжуу давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлах байтал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэнтэй нийцэхгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн учир шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэл, хохирогчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Х.О 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа М ХХК-ийн Элстэйн далд уурхайд ажил үүргээ гүйцэтгэж, ковш маркийн тээврийн хэрэгсэлтэй ухрах үйлдэл хийхдээ Үйлдвэр худалдааны сайдын 2003 оны 98 дугаар тушаалын 168 /Уулын цулыг авто болон төмөр замын тээврийн хэрэгсэлд ачих, экскаваторын овоолгод буулгах ажлын хоорондын уялдаа холбоог экскаваторын машинчийн өгсөн дуут дохиогоор зохицуулна/-ыг болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.3 дахь заалт /Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах/-ын дагуу осолдогчид дуут дохио өгөөгүй, мөн зүйлийн 18.2.7-д “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэж заасныг зөрчсөнөөс хохирогч Т.Цийг дамп болон ковш маркийн тээврийн хэрэгслийн дунд хавчиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тодорхойлсон.

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэжээ.

 

Хуулийн эдгээр заалтад үндэслэн хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийн харьцуулан судалж үзэхэд шүүгдэгч Х.О “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт”-ыг биелүүлээгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Т.Цийг дамп болон ковш маркийн тээврийн хэрэгслийн дунд хавчиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байх ба шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч, гэрч нараас шүүгдэгчийн дээрх гэм буруутай үйлдлийн талаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөгчөөс хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан гэж дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн, шүүгдэгч Х.О-г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ковш машин жолоодох эрхийг 1 жил хасаж, ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн нь тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

 

Хэдийгээр бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг төлөх үүрэгтэй боловч шүүгдэгч Х.О-гийн хувьд М ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа гэм буруутай үйлдлээрээ хохирогчид гэм хор учруулсан тул анхан шатны шүүхээс иргэний хариуцагч М ХХК-д гэм хорын хариуцлагыг хүлээлгэж, 1623077 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байх ба шүүгдэгчид “...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэсэн хуульд заасан үндэслэлээр хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийцсэн, хуулийг зөв хэрэглэсэн байна.  

 

Түүнчлэн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар “...гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” учир энэ хэрэгт иргэний хариуцагч байгууллагаар тогтоогдсон М ХХК нь хохирогчид төлж барагдуулсан болон цаашид төлөх гэм хорын хохирлыг хариуцан арилгасан зардлаа шүүгдэгчээс шаардах эрхтэй байдаг тул энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зөвхөн шүүгдэгчид хариуцуулах нь дээрх хуульд нийцэхгүй юм.

 

Тиймээс хохирогч Т.Ц-ийн “...Х.О гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөхгүй байгаад гомдолтой, шийтгэх тогтоол гарснаас хойш огт төлбөр төлөөгүй байхад Х.О-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн заалтыг хэрэглэх үндэслэл байхгүй” гэсэн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй болно.

 

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримталсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан “Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэсэн үндэслэлд хамаарч байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж” гэснийг Монгол Улсын Их хурлаас 2020 оны 01 сарын 10-ны өдөр “хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж” гэж өөрчлөлт оруулжээ. Гэхдээ шүүгдэгч Х.Од холбогдох эрүүгийн хэргийн тухайд “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан” нөхцөл байдалгүйн гадна гэм буруутай этгээдийн ковш машин жолоодох эрхийг нэг жил хассан нь дээр дурдсан “хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасах” нэмэгдэл ялын хэмжээнээс хэтрээгүй тул хууль буцаан хэрэглэх үндэслэлд хамаарахгүй гэж үзнэ.

 

Мөн Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлаагүйгээс шийтгэх тогтоолыг биелүүлэхэд эргэлзээ төрөхөөр ойлгомжгүй ямар нэг хууль зүйн үр дагавар үүсэхгүй учир энэ үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1 гэснийг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-д ковш машин жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-д ковш машин жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, хяналтын прокурор С.Энхнямын эсэргүүцлийг хангаж, хохирогч Т.Ц-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                                     ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                         Н.БОЛОРМАА