Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 201

 

 

 

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч Б.Долгион

шүүгдэгч Б.Ууганбаяр, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн 1990 оны 10 дугаар сарын 06-нд Өвөрхангай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо Хархорин 1-5 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй,  улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд нь 2009 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял оногдуулсныг,

 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүх 486 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дугаар зүйлийн 621.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сар хорих ял болгон өөрчилж,

 уг ялын 4 сар 11 хоногийг биечлэн эдэлж, эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 19 хоногийн хорих ялыг “Өршөөл үзүүлэх тухай” Монгол Улсын  хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасныг баримтлан 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 141 дугаартай Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор сулласан.

2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 404 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сар хорих ял оногдуулсныг,

2015 оны  11 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 200 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 09 хоног хорих ялын 2 жилийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан өршөөн хасч, үлдэх 10 сар 09 хоногийн хорих ялыг биечлэн эдүүлэхээр шийдвэрлэж,  

2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

/РД:ЙР90100617/ Боржигон овогт Бямбадоржийн Ууганбаярт холбогдох 201626022910 дугаартай эрүүгийн  хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.Ууганбаяр нь ялтай байх хугацаандаа 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар хорин” худалдааны төвийн гарах хаалган дээр Б.Эрдэнэдаваагийн халааснаас бэлэн 1.020.000 төгрөгтэй хэтэвч хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

   Шүүгдэгч Б.Ууганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт:  Хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Шүүхэд нэмж мэдүүлэх зүйл байхгүй байна. Хохирогчийн нэхэмжилсэн 1.040.000 төгрөгийг зөвшөөрч байгаа. Хохирогчид 300.000 төгрөг төлчихсөн байгаа.  740.000 төгрөгийг нь төлж өгнө. Одоохондоо боломж олдохгүй байгаад байна. Энэ хэргийг би ганцаараа үйлдсэн. Харамсаж байна гэв.

 

          Шүүгдэгч Б.Ууганбаярын ял шалгах хуудас /хх-ийн 26/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 57/

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 35-38/

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 486 дугаар магадлалын хуулбар /хх-ийн 39-41/

Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 141 дугаартай комиссын тогтоол /хх-ийн 42/

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 404 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44-47/

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 200 дугаартай ялаас өршөөн хасах тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 48/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ууганбаяр ялтай байх хугацаандаа 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар хорин” зах дээр Б.Эрдэнэдаваагийн халааснаас 20000 төгрөгийн үнэлгээ бүхий хэтэвчийг бэлнээр 1.020.000 төгрөгийн  хамт  хулгайлан авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

  хохирогч Б.Эрдэнэдаваагийн “2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн үед эхнэр Халиунаа, хүү Эргийн хамт Хархорин зах руу юм авахаар орсон. Тэгээд захаас юм авчихаад Хархорин худалдааны төвийн хаалгаар гарахдаа куртикны халааснаасаа түрийвчээ алдсан. Түрийвчинд 1 сая хорин мянган төгрөг байсан. Тэгээд Хархорин захын хамгаалалтын албаны өрөөнд орж камерын бичлэгийг шүүх үзэхэд нэг залуу миний халааснаас түрийвч авсан бичлэг байсан. Хар хүрэн өнгийн түрийвч байсан. 20.000-тын дэвсгэрт 51 ширхэг байсан. Түрийвчээ хорин мянган төгрөгөөр үнэлж байна. Би 2016 оны 11 сарын 10-даар Эрдэнэтийн Таван-Эрдэнэ захын малын ченжид 2 морь, 2 үхрийг нэг сая есөн зуун тавин мянган төгрөгөөр зарсан. Долоон зуу гаран мянган төгрөгийг нь үрээд нэг сая хоёр зуун дөчин мянган төгрөгтэй Улаанбаатар хот руу орж ирсэн. Хархорин зах дээр хоёр зуун хорин мянган төгрөгөөр юм аваад үлдэгдэл нь нэг сая  хорин мянган төгрөг болсон. /хх-ийн 18/ гэсэн мэдүүлэг,

түрийвчийг 20000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ/хх-ийн 11/,

камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33/ зэрэг энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эдгээр нотлох баримтуудаар  Б.Ууганбаярын үйлдсэн хэргээ хүлээж  “2016 оны 11 сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин захын хашаан дотор байдаг биллъярдны газар тоглож байгаад тэндээсээ гарч явахдаа танил Аагий Энхээ гэх 2 залуутай таараад хамт архи авч ууя гэж ярилцаад хойд талын дэлгүүр рүү ортол Аагий, Энхээ 2-ын танил нэг залуу байсан. Би өөрийнхөө мөнгөөр 0,75 литрийн 1 шил Улаанбаатар нэртэй архи аваад найзындаа очиж уухаар явж байгаад Хархорин захын 7 давхар шинэ худалдааны төвийн хойд талын хаалган дээр хүүхэд тэвэрсэн нэг залуугийн араас би ганцаараа дагаж куртикны гадна талын халаасыг нь онгойлгон бор өнгийн нугалдаг хэтэвчтэй мөнгийг нь аваад Барс захын хашаан дотор орж 4-үүлээ хувааж уусан. Би хэтэвчийг нь авсанаа санаж байна. Би биллъярдан дотор тэнд байсан хүмүүстэй нийлж 4 шил архи хувааж уугаад нилээн согтсон байсан. Барс зах руу орж авсан архиа уугаад тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Би гэртээ харихдаа 50.000 төгрөгтэй хэтэвчийг нь аваад согтуу очсон байсан. Аагий, Энхээ нараас асуухад ямар ч байсан 200000 гаран мянган төгрөг байсан шүү гэж байсан. Дотор нь 1.020.000 төгрөг байсан гэсэн. Би хэдэн төгрөг байсныг нь бол хараагүй. /хх-ийн 24/ гэж мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллагдах үндэслэл болно.

 

          Иймд Боржигон овогт Бямбадоржийн Ууганбаярыг бусдын эд хөрөнгө хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан ял оногдуулах хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ууганбаярт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөлд, ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, удаа дараа гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан баривчлах ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.  

 

Шүүгдэгч Б.Ууганбаярын хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эрдэнэдаваад бэлнээр 1.020.000 төгрөгийн, хэтэвчний үнэ 20000 төгрөгийн буюу нийт 1.040.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хэрэг бүртгэлтийн явцад Б.Ууганбаяраас хохирогч Б.Эрдэнэдаваад 300.000 төгрөг төлөгдсөн байна.  /хх-ийн 52/

 

Үүнээс үлдэх 740.000 төгрөгийг гэм буруутай этгээд Б.Ууганбаяраас гаргуулж хохирогч Б.Эрдэнэдаваад олгох нь зүйтэй.