| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2024/0186/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/200 |
| Огноо | 2024-09-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/200
Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А,
шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К овогт Хы Бд холбогдох эрүүгийн 0000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, К овогт Хы Б, 1980 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Б аймгийн Ө суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганц бие гэх, тус аймгийн Ө сумын 08 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь урьд нь Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, РД:00000000.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны орой 20 цагийн орчимд Б аймгийн Ө сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэр, хөрш болох иргэн Б.Рийн эзэмшлийн байшингаас ширээн дээр байсан “iphone XR” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 500.000 төгрөгийн хохирол,
мөн 2024 оны 06 дугаар дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн орчимд Б аймгийн Ө сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” захын урд зогсоолд шил, хаалга нь онгорхой байсан “Toyota passo” загварын 0000000 улсын дугаартай, улаан өнгийн тээврийн хэрэгсэл дотроос иргэн А.Бы эзэмшлийн “iphone-12 pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.505.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ: “Нэг гар утсыг авсан маань үнэн. Хоёр дахь гар утсыг огт аваагүй” гэв.
2. Эрүүгийн 0000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Иргэн Б.Рээс 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 03 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 04-07 дахь тал/, хохирогч Б.Рийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 11-12, 13-14, 00 дэх тал/, гэрч Х.Кын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 16 дахь тал/, шинжээч “А” ХХК-ны 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0000000000 дугаартай үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 20-24 дэх тал/, “iphone XR” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 27-29 дэх тал/, эрүүгийн 0000000000 дугаартай хавтаст хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 45-56 дахь тал/, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 21 дугаартай сэтгэлзүйн шинжилгээ /1 дэх хавтаст хэргийн 65-68 дахь тал/, иргэн А.Баас 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 02 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 03-07 дахь тал/, хохирогч А.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 10, 12 дахь тал/, шинжээч “А” ХХК-ний 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0000000000 дугаартай үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 18-22 дахь тал/, иргэн Х.Бы биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 25-26 дахь тал/, “Р” дэлгүүр болон тус аймаг дахь Цагдаагийн газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, DVD бичлэг /2 дахь хавтаст хэргийн 28-32 дахь тал/, яллагдагч Х.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 52-54 дэх тал/, шүүгдэгч Х.Бы хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
3. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Бы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Хэргийн үйл баримт
4. Шүүгдэгч Х.Б нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны орой 20 цагийн орчимд Б аймгийн Ө сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэр, хөрш болох иргэн Б.Рийн эзэмшлийн байшингаас ширээн дээр байсан “iphone XR” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт, нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
4.1.Иргэн Б.Рээс 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 03 дахь тал/,
4.2.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 04-07 дахь тал/,
4.3. “iphone XR” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 27-29 дэх тал/,
4.4. Хохирогч Б.Рийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Д сум руу наймаа, худалдаа хийхээр явсан. Д сум руу явахдаа Ө сумын 08 дугаар багт байрлах өөрийн эзэмшлийн байшинд “iphone XR” загварын гар утсыг үлдээгээд явсан ба тус өдрийн орой 22 цагийн орчимд Д сумаас Ө суманд байрлах гэртээ ирэхэд нөхөр О, охин Г нар гэртээ байсан. Улмаар гэрт байсан нөхөр О, охин Г нар тус өдрийн хоолоо идээд, орой 19 цагаас 20 цагийн хооронд унтаж байхад нь манай гэрийн ойролцоо хөрш байсан /одоо нүүгээд явсан/ Б гэх намхан нуруутай, архины хамааралтай эрэгтэй хүн орж гарсныг манай нөхөр хальт сэрэхдээ харсан байдаг, гэрт орж ирээд зогсож байгаад гэнэт гараад явчихсан болохоор дахин унтсан байна. Харин манай хамаатны хүү болох А нь өөрийнхөө хашаанд байж байхад манай гэр рүү Б ороод гарсныг нь харсан байдаг. Энэ цаг хугацаанд манай гэрт ямар нэгэн хүн ороогүй, гэрээс эд зүйл алдагдах үндэслэлгүй байх тул Быг манай гэрт ороод нууцаар гар утас хулгайлсан гэж үзэж байна. Манайх мөн шинээр байшин бариулж байгаа бөгөөд Б нь засвар хийж өгсөн байдаг, энэ бүгдээс үзэхэд манай гэрт орох явцад хүмүүс унтаж байгааг далимдуулаад гэрээс гар утас хулгайлсан гэж бодож байна.
Нөхөр О нь нурууны өвчтэй тул огцом хөдөлгөөн хийж чадахгүй тул Быг гэрт орж ирээд эд зүйл авч явж байхыг нь харсан боловч ямар нэгэн зүйл хийж чадаагүй талаараа надад хэлж байсан тул Бтай уулзаад гар утсаа буцаагаад авчих байх гэж хэдэн өдөр хүлээсэн боловч өгөөгүй, Б нь манай хашаанд 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ганцаараа ирээд барьж байгаа байшингийн хаалгыг татаж байхад манай нөхөр О хараад түүнээс “авсан гар утсыг өгөх” талаар асуухад “танай гэрт ороход ширээн дээр 2 утас байсан, түүний арай шинийг нь аваад дэлгүүрт 10.000 төгрөгөөр барьцаанд өгсөн, өөрөө олж өгнө” гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөөгүй.
...Манай гэрээс алдагдсан гар утсыг ...Х.Б гэгч гэрт зөвшөөрөлгүй орж, хулгайлж аваад, хүнсний дэлгүүрт сангийн далай нэртэй 4 шил архиар өгснийг Бы төрсөн дүү К тухайн дэлгүүрээс авчирч өгсөн. К дэлгүүрт тавьсныг Баас олж мэдээд уг гар утсыг олж өгсөн гэж хэлсэн байсан. Миний бие Д сум руу хувийн ажлаар яваад цагдаагийн байгууллагад хүрэлцэн ирж чадаагүй тул цаг хугацаа хожимдсон асуудал болсон. Хэрэв миний гар утасны ажиллагаа бүрэн хэвийн байсан бол би гомдлоо буцааж авах бодолтой байсан, нэгэнт манай гэрээс Б орж гар утас хулгайлж авч дэлгүүрт аваачиж өгсөн тул буруутай хүнээр надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү хэмээн хүсэж байна. Манай гэрээс уг гар утаснаас өөр зүйл алдагдаагүй.
...миний “iphone XR” загварын гар утсыг маань буцаагаад өгсөн боловч уг утасны нууц үгийг олон удаа буруу оруулсны улмаас дахин ашиглах боломжгүй болсон тул гар утсаа нийт үнээр нь нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 11-12, 13-14, 00 дэх тал/,
4.5. Гэрч Х.Кын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие Б.Рд 2024 оны 06 дугаар сарын эхээр санагдаж байна, гар утас хүлээлгэж өгсөн. Уг гар утсыг манай төрсөн дүү Х.Б тэдний гэрээс гар утас аваад явсан талаар Рийн нөхөр нь болох О ах надтай зах дээр тааралдаад хэлсэн. Х.Быг аргалаад аваад өгөөч гэж гуйсан тул тэр өдрийн орой гэртээ харихад Б гэрт бага зэрэг архи согтууруулах ундаа уучихсан халамцуу сууж байхад нь түүнээс “О ахын гэрээс утас авсан уу” гэхэд “аваагүй” гэсэн бөгөөд түүнээс чангахан дуугаар хэд хэдэн удаа асуухад “нэг дэлгүүрт барьцаанд тавьсан байгаа, та надад 26.000 төгрөг өгчихвөл барьцаанд тавьсан газраасаа аваад өгье, би халамцуу явж байгаад О ахын гэрээс утас авсан нь үнэн, тухайн утсыг барьцаанд тавиад архи уусан” талаараа хэлсэн тул түүнд 26.000 төгрөгийг бэлнээр өгөөд явуулахад 30 гаруй минутын дараа хар өнгийн хамгаалалттай, цагаан өнгийн “iphone” гар утас байсан тул түүнээс аваад, эмнэлэг рүү даралт ихсээд явж байх замдаа Рийн гэрээр ороод тухайн утас тэдний гэрээс алдагдсан утас мөн үү гэж хэлэхэд тухайн утсыг өөрсдөө таниад авсан.
Б.Р хүлээж авахдаа уг гар утасны сим карт байхгүй байна, утасны дэлгэц нээгдэхгүй байна хэмээн хэлж байсан, надаас гар утас хүлээн авахдаа ямар нэгэн гомдол, саналтай тухай хэлээгүй. Хэргийн хохирогч болох О, Р нартай 40 жил хөрш байсан, О ахтай төрснөөс өөрцгүй ойр дотно ах дүү нар болсон болохоор санаа зовоод ичээд Быг төрсөн дүү гэж бодохгүйгээр хатуу хандаж уг гар утсыг олж өгсөн. Тухайн гар утасны ажиллагаа болон Быг уг гар утсыг ямар дэлгүүрт барьцаанд тавьсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Болсон үйл явдлын талаар Б өөрөө үнэн зөвөөр мэдүүлэх байх. Миний зүгээс мэдэх зүйлээ үнэн зөвөөр мэдүүллээ...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 16 дахь тал/,
4.6. Шинжээч “А” ХХК-ны 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0000000000 дугаартай “...2024 оны 05 дугаар сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдсан “iphone XR” загварын гар утас нийтдээ 500.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэх үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 20-24 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар;
Хэргийн үйл баримт.
5. Шүүгдэгч Х.Б нь 2024 оны 06 дугаар дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн орчимд Б аймгийн Ө сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” захын урд зогсоолд шил, хаалга нь онгорхой байсан “Toyota passo” загварын 0000000 улсын дугаартай, улаан өнгийн тээврийн хэрэгсэл дотроос иргэн А.Бы эзэмшлийн “iphone-12 pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.505.000 төгрөгийн учруулсан хэргийн үйл баримт, нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
5.1. Иргэн А.Баас 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 02 дахь тал/,
5.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 03-07 дахь тал/,
5.3. Иргэн Х.Бы биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
5.4. “Р” дэлгүүр болон тус аймаг дахь Цагдаагийн газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, DVD бичлэг /2 дахь хавтаст хэргийн 28-32 дахь тал/,
5.5. Хохирогч А.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... миний бие 2024 оны 06 дугаар саран 25-ны өдрийн 10 цаг 30 орчим минутын үед аав болох Б.Ад сүү хүргэж өгөх ажлаар “Т” захад ирсэн. “Т” захын хойд талд байрлах зам дагуу зогсоолд түр зогссон. Би тухайн үед нөхөр О.Жийн эзэмшлийн “Toyota passo” загварын улаан өнгийн 0000000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очсон ба зам дагуу түр зогссон. Гадаа халуун байсан, мөн машинаас сүүний үнэр гарч байсан тул цонхоо доошоо буулгасан. Би буугаад аавдаа сүү өгөөд 5 минут хүрэхгүй хугацаанд түр уулзаад буцаж машиндаа ирэхэд миний машинд үлдээсэн өөрийн “iphone-12 pro” загварын гар утас байхгүй байсан. Миний машин онгорхой байсан тул хүн аваад явсан байх гэж бодоод эсрэг талын “Р” нэртэй жимс ногооны бөөний төвийн хяналтын камерыг үзэхэд улаан өнгийн цамцтай залуу миний машиныг очиж онгойлгоод, суугаад явсан байсан. Уг залуу миний машинд орсны дараагаар аав бид хоёрын хажуугаар өнгөрсөн. Царайг нь харвал шууд танина.
...би тухайн өдрийн 13 цагийн үед А.Жийн хамт явж байгаад уг хүнийг “Оргил” супермаркетийн хажууд сууж байсныг олж таниад цагдаад авчирсан. Уг хүн хяналтын камерт бичигдсэн хувцастайгаа байсан. “Миний гар утсыг авсан бол буцаагаад өгөөч” гэж гуйхад “авсан ч хэлэхгүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 10, 12 дахь тал/,
5.6. Шинжээч “А” ХХК-ний 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0000000000 дугаартай “...“iphone-12 pro” загварын хуучин ашиглаж байсан, хэвийн ажиллагаатай гар утас болон кейс нийтдээ 1.505.000 төгрөг байх боломжтой...” дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 18-22 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
6. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.Бы үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан байх ба шүүгдэгч Х.Б “эхний гар утсыг хулгайлсан, хоёр ахь гар утсыг хулгайлаагүй” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч нь хохирогч Б.Рийн гар утсыг хулгайлснаа хүлээн зөвшөөрч байгаа. Учруулсан хохирол арилаагүй байна. Хохирогч А.Бы машины хажууд өөрөө явж байснаа хэлсэн. Бичлэгээс А.Бы машины хажууд ирж, хэсэг хугацаанд алга болж, машин дотор нэг хүн байсан нь харагдаж байна. Гэм буруутай үйлдэл нь тогтоогдсон гэж үзэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцсэн болно.
7. Энэ хэргийн хохирогч, гэрч, яллагдагч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг нь тайлбарлан өгч мэдүүлэг авсан, мөн мөрдөн шалгах ажиллагааны үед мөрдөгчөөс энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримт, нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй тул хууль ёсны үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэв.
8. Шүүгдэгч Х.Б нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны орой 20 цагийн орчимд Б аймгийн Ө сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэр, хөрш болох иргэн Б.Рийн эзэмшлийн байшингаас ширээн дээр байсан “iphone XR” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь иргэн Б.Рээс 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.Р, гэрч Х.К нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба шүүгдэгч Х.Б мөн хөрш болох хохирогч Б.Рийн “iphone XR” загварын гар утсыг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байна.
9. Харин шүүгдэгч Х.Б нь иргэн А.Бы эзэмшлийн “iphone-12 pro” загварын гар утсыг хулгайлаагүй гэж мэдүүлсэн боловч эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан иргэн А.Баас 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, иргэн Х.Бы биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Р” дэлгүүр болон тус аймаг дахь Цагдаагийн газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, DVD бичлэг, хохирогч А.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэхэд шүүгдэгч Х.Б нь 2024 оны 06 дугаар дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн орчимд согтуурсан үедээ Б аймгийн Ө сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” захын урд зогсоолд шил, хаалга нь онгорхой байсан “Toyota passo” загварын 0000000 улсын дугаартай, улаан өнгийн тээврийн хэрэгсэл дотроос иргэн А.Бы эзэмшлийн “iphone-12 pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.505.000 төгрөгийн учруулсан болох нь тогтоогджээ.
Эрх зүйн дүгнэлт.
10. “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”-аар тодорхойлжээ.
11. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
12. Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон үйл баримтаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Х.Б нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны орой 20 цагийн орчимд Б аймгийн Ө сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэр, иргэн Б.Рийн эзэмшлийн байшингаас ширээн дээр байсан “iphone XR” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч нь 2024 оны 06 дугаар дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн орчимд Б аймгийн Ө сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” захын урд зогсоолд шил, хаалга нь онгорхой байсан “Toyota passo” загварын 0000000 улсын дугаартай, улаан өнгийн тээврийн хэрэгсэл дотроос иргэн А.Бы эзэмшлийн “iphone-12 pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.505.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдсон ба хохирогч Б.Р, түүний нөхөр О нарыг сайн таньдаг, олон жилийн хөрш, засварын ажлыг хийх явцад байшинд орж гарах явцад гар утсыг нь хулгайлсан, хохирогч А.Бы тээврийн хэрэгслийн шил, хаалга нь онгорхой үед дотор нь байсан гар утсыг нь хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулж байна.
13. Шүүгдэгч Х.Б нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж өөртөө ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд хулгайн эд зүйлсийг бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлснээр дээрх гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэслэлтэй.
14. Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй тул хүлээн авч, шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
15. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Х.Бы эрхэлсэн тодорхой ажилгүй байдал, согтууруулах ундаа олж авах зорилго, шунахайн сэдэлт нь нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
17. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.
18. Шүүгдэгч Х.Бы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Рд 500.000 төгрөгийн, хохирогч А.Бд 1.505.000 төгрөгийг хохирол учирсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон байна.
19. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Рийн эзэмшлийн “iphone XR” загварын гар утсыг гэрч Х.К олж авч хохирогчид хүлээлгэж өгсөн боловч ажиллагаагүй болсон нь эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.Рийн мэдүүлгээр тогтоогдсон, хохирогч А.Бы гар утас олдоогүй тул үнийг нь шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.
20. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Баас гэмт хэргийн хохиролд 500.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Рд, 1.505.000 төгрөг гаргуулан хохирогч А.Б нарт тус тус олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
21. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах. Тухайн оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлсийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх. Шүүгдэгч нь өмнө 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн. Энэ ялыг эдэлж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Улсын яллагчийн зүгээс тухайн ялыг нь нэмж нэгтгэх саналыг шүүхэд гаргаж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон эдлээгүй үлдсэн 347 цаг 40 минутын нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд тооцоход 43 хоногийн хорих ял эдлүүлэх ялын тооцоо гарч байна. Тэгэхээр улсын яллагчийн зүгээс өнөөдрийн шийтгэх тогтоолоор эдлүүлэх 1 жил 1 сарын хорих ял дээр өмнөх 00 дугаартай шийтгэх тогтоолоор эдлүүлсэн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгээд нийт 1 жил 2 сар 13 хоногийн хорих ял эдлүүлэх, мөн цагдан хоригдсон 13 хоногийг хасаж тооцоход 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Тухайн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,
22. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Аас “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсонтой холбоотой маргаан зүйлгүй. Улсын яллагчтай санал нэг байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцээгүй болно.
23. Шинжээч Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 21 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Х.Быг “хэрэг хариуцах чадвартай” болохыг тогтоожээ.
24. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Бы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
25. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
26. Шүүгдэгч Х.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
27. Шүүгдэгч Х.Бы хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь 1980 онд төрсөн, ам бүл 1, ганц бие гэх, урьд нь хоёр удаа “Хулгайлах” гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал тогтоогджээ.
28. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
29. Шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.
30. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1. “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.”, 2. “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.”, 3. “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй.”, 4. “Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна.” гэж заасан байна.
31. Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн байх ба тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгээр ирүүлсэн ялын тооцоогоор шүүгдэгч Х.Б нь 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 347 цаг 40 минутын нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй болох нь тогтоогджээ.
32. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Бд тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/00 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 347 цаг 40 минутын нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 43 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 1 жил 2 сар 13 хоногийн хугацаагаар тогтоов.
33. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан байх ба шүүхээс шүүгдэгч Х.Бы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт өгсний үндсэн дээр шүүгдэгч Х.Бд 1 жил 2 сар 13 хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
34. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.”Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, 2. “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Х.Бы цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.
35. Шүүгдэгч Х.Баас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хохирогч Б.Рийн гэмт хэргийн улмаас ашиглах боломжгүй болсон “Iphone XR” загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Б аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, DVD 1 ширхгийг эрүүгийн 0000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
36. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээж, шүүгдэгчийн эдлэх хорих ялыг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч К овогт Хы Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Бд тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/00 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 347 цаг 40 минутын нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 43 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 1 жил 2 сар 13 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд оногдуулсан 1 жил 2 сар 13 хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бы цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Баас гэмт хэргийн хохиролд 500.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Рд, 1.505.000 төгрөг гаргуулан хохирогч А.Б нарт тус тус олгосугай.
7. Шүүгдэгч Х.Баас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хохирогч Б.Рийн гэмт хэргийн улмаас ашиглах боломжгүй болсон “Iphone XR” загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Б аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, DVD 1 ширхэгийг эрүүгийн 0000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээж, шүүгдэгчийн эдлэх хорих ялыг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ