Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/201

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

хохирогч Б.Ж,

хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Т

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А,

шүүгдэгч С.Ти нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д. ээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дахь зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Сийн Тид холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, Х овогт Сийн Ти, 1996 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б аймгийн У суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, тус аймгийн У сумын 10 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 00 дугаартай  шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, РД:00000000.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ти нь 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн орчимд Б аймгийн Ц сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр, худ Р.Бын гэрт хүргэн Б.Жийг “охин дүүгээ зодсон” гэх шалтгаанаар нүүр тус газар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч С.Ти мэдүүлэхдээ: “Дүү маань намайг зодож байна гэхээр нь гэрт нь очсон. Очиж юу болсон бэ гэхэд дүүг маань зодож, дараа нь над руу дайрсан. Мөн бурхан болсон аавыг хэл амаар доромжилсон тул уурлаж хохирогчийг зодсон маань үнэн. Миний буруу. Хохирол болох 541.000 төгрөгийг төлж өгнө” гэв.

2. Хохирогч Б.Ж мэдүүлэхдээ: Тухайн өдөр эхнэр маань төрхөмдөө очсоор байна гэхээр нь за гэж хэлээд явахаар болсон. Тэгээд мотоциклийн бензин дуусахаар нь эхнэртээ өмдний халаасанд байсан мөнгийг маань өгөөрэй, бензин хийнэ гэж хэлэхэд мөнгийг аваагүй гэж хэлсэн. Улмаар хадам ээжид “нөхөр маань намайг төрхөмдөө аваачихгүй юм байна” гэж хэлсэн.

Дараа нь мал хариулж ирэхэд аав, ээж, эхнэр гурав цай ууж байсан ба хадам талын хүмүүс орж ирээд хаадам ах Ти нь надад “чи бөгсөө хавчиж яваарай” гээд гүйж ирээд өшиглөж, зодсон. Дараа нь хадам дүү А ирээд цохисон. Тэр үед би 4 сартай хүүхдээ тэвэрч зогсож байсан.

Гэмт хэргийн хор уршигт хамрын эмчилгээнд 1.000.000 төгрөг, бусад зардалд 541.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

3. Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Б.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 05, 55 дахь тал/, гэрч К.Кийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 09 дэх тал/, шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Еын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 530 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,  яллагдагч С.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/, шүүгдэгч С.Тийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

4.Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Тийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

Хэргийн үйл баримтын талаар.

5. Шүүгдэгч С.Ти нь 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн орчимд Б аймгийн Ц сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр, худ Р.Бын гэрт хүргэн Б.Жийг “охин дүүгээ зодсон” гэх шалтгаанаар нүүр тус газар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

5.1. Хохирогч Б.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 10-ны өглөө 10 цагийн үед эхнэр К.К нь надад хандаж “У сумын 10 дугаар багт байрлах өөрийн гэртээ очоод ирмээр байна. Чи намайг хүргээд өг” гэж хэлэхэд нь би зөвшөөрсөн. Тухайн үед миний мотоциклийн шатахуун дууссан байсан бөгөөд надад мөнгө байхгүй болхоор би эхнэр болох К.Кд хандаж “чи аль дээр миний хувцасыг угаахдаа өмдний халаасанд байсан мөнгийг авсан байна лээ, тэрийг өгчих, би яваад шатхуун аваад ирье” гэж хэлэхад эхнэр К.К нь надад хандаж “чиний мөнгийг чинь өгөхгүй" гэж хэлсэн ба бид тухайн үед маргалдсан.

Тус өдрийн 14 цагийн үед гэртээ ирээд аав Б, ээж С, эхнэр К.К нарын хамт цай уугаад сууж байтал миний эхнэрийн ээж болох Е, хадам ах Ти /А/, түүний эхнэр А, хадам дүү А, С нар ирсэн бөгөөд хадам ах болох Ти /А/ надад “чи бөгсөө хавч, чамайг харнаа” гэх мэт үгээр доромжилсон ба би тухайн үед 4 сартай хүүхдээ тэврээд зогсож байтал С.Ти нь миний хамар тус газар баруун гараараа 3 удаа цохих үед миний хамраас цус гараад доош тонгойсон ба миний араас хадам дүү болох А миний толгойны ар хэсэгт 2 удаа цохисны дараагаар тэд нар хадам ах С.Тийн УАЗ-469 машинд суугаад явцгаасан.

...миний биед учирсан гэмтэлтэй холбоотой ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, яваандаа гэмтсэн хамраа эмчлүүлнэ. Хохиролтой холбоотой ямар нэгэн гаргаж өгөх баримт байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 05, 55 дахь тал/,

5.2. Гэрч К.Кийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би хэрүүл маргааныг зогсоох зорилгоор ээж болох С.Еийн хамт гадаа гарсан. Тухайн гэрийн гадаа хоёр талын хэрүүл маргаан болж байх үед нөхөр болох Б.Ж лүү харахад хамар хэсгээс цус гарсан байдалтай, хэрэлдэж байсан хүмүүсийг хоёр тийш салгаж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09 дэх тал/,

5.3. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Еын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 530 дугаартай “1.Б.Жийн биед хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралттай, бага зэрэг хаван хавдартай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 13-14 дэх тал/, 

5.4. Яллагдагч С.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед Б.Ж надад хандаж “...чиний аав чинь өлсөж үхсэн нь үнэн биз дээ” гэж хэлэх үед нь миний уур хүрсэн бөгөөд гэрийн хойморт зогсож байсан Б.Жт дөхөж очоод түүний нүүр тус газар баруун гараараа цохих үед түүний хамарнаас цус гараад доошоо харж суусан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

6. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

7. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч С.Тийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг, хохирогчийн өмгөөлөгчөөс  “Шүүгдэгч С.Ти нь хохирогч Б.Жийг зодох үед С.А бас цохисон. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчид хавтаст хэргийг танилцуулахад орчуулагч оролцуулаагүй, хохирогч Б.Жийн аав нь болох Р.Баас мэдүүлэг аваагүй, хохирогчийн эрхийг зөрчсөн” гэх дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...улсын яллагчийн байр суурийг дэмжиж байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруугийн асуудал дээр маргах зүйлгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

8. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Еын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 530 дугаартай дүгнэлтэд “...хохирогч Б.Жийн биед хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралттай, бага зэрэг хаван хавдартай гэмтэл тогтоогдлоо” гэж дүгнэсэн байх ба мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, Б.Ж, шүүгдэгч С.Ти нарын өгсөн мэдүүлэгтэй харьцуулж үзэхэд шүүгдэгч С.Ти нь хохирогч Б.Жийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

9. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд мөрдөгчөөс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хавтаст хэргийн 55, 61 дэх талд авагдсан мэдүүлэг, баримтаас үзэхэд хохирогч Б.Жээс дахин мэдүүлэг авч, хавтаст хэргийг танилцуулахад орчуулагч, хэлмэрч оролцуулж гарын үсгийг нь зуруулсан, мөн шүүгдэгч С.Тийг тухайн цаг хугацаанд бусадтай бүлэглэж хохирогч Б.Жийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

10. Тухайн цаг хугацаанд иргэн С.А нь хохирогч Б.Жийг цохисон нөхцөл байдал тогтоогдсон боловч шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай Х.Еын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 530 дугаартай дүгнэлтэд дурдсанаар үүний улмаас хохирогч Б.Жийн эрүүл мэндэд хохирол тогтоогдоогүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед халдах” зөрчлийн шинжтэй байна.        

Эрх зүйн дүгнэлт.

11. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

12. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт Монгол Улсын иргэн “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

13. Шүүгдэгч С.Ти нь 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн орчимд Б аймгийн Ц сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр, худ Р.Бын гэрт хүргэн Б.Жийг “охин дүүгээ зодсон” гэх шалтгаанаар түүний нүүр тус газар цохиж, эрүүл мэндэд “хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралттай, бага зэрэг хаван хавдар” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

14. Шүүгдэгч С.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Тийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

15. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч С.Тийн зүй бус, хууль бус үйлдэл нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

17. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байна.

18. Шүүгдэгч С.Тиийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Жийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учирсан болох нь тогтоогдсон байх ба хохирогч Б.Ж нь шүүгдэгч С.Тээс гэмт хэргийн хор уршигт 1.541.000 төгрөг нэхэжмжилжээ.

19. Шүүх хуралдаанд хохирогч Б.Жээс гаргаж өгсөн нотлох баримтууд болох гавлын ясны рентген зургийн мөнгө 130.000 төгрөг, эмийн үнэ 151.000 төгрөг төлсөн баримт, жолооч Б.Батырбек, н.БайБ нарын замын зардалд хохирогч Б.Жээс 260.000 төгрөг авсан тухай баримтуудаар хохирогчид 541.000 төгрөгийн хор уршиг учирсан болох нь тогтоогдосон тул шүүгдэгч С.Тиэс гэмт хэргийн хор уршигт 541.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Жт олгохоор шийдвэрлэв.    

20. Харин хохирогч Б.Жээс хамрын эмчилгэээнд 1.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Жийн шүүгдэгч С.Тээс эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

21. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч С.Тид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх” дүгнэлтийг,

22. Хохирогч, түүний өмгөөлөгч нараас “эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй” гэх тайлбарыг,

23. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгчид оногдуулж байгаа ялыг багасгаж өгнө үү. Яагаад гэвэл эхнэр нь эмнэлэгт хэвтэж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно. 

24. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Тийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

25. Шүүгдэгч С.Тид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

26. Шүүгдэгч С.Тид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

27. Шүүгдэгч С.Ти нь хувийн байдлын хувьд 1996 онд төрсөн, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, малчин, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

28. Шүүгдэгч С.Ти нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч С.Тийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

29. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тид оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ти нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

30. Энэ хэрэгт шүүгдэгч С.Ти нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.

31. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Тид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр  үлдээв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хээг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Сийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тид оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ти нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Тээс гэмт хэргийн хор уршигт 541.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Жт олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Жийн шүүгдэгч С.Тээс эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүгдэгч С.Ти нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Тид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.Тид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ТАЛГАТ