Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/206

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,  

хохирогч А.М,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын ахлах өмгөөлөгч Ти,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ж овогт Ций Бд холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж овогт Ций Б, 1984 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Б аймгийн У суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг гэх, Б аймгийн Н сумын 06 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 000000000  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 000000000  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, РД:00000000.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагийн орчимд Б аймгийн Н сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэр, иргэн А.Мын байшинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Мын толгойн тус газарт төмөр шанагаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт;

Мөн шүүгдэгч Ц.Б нь согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Мыг 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тус тус зодож, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өдөр болгон зодоод байдаггүй. Жилд ганц хоёр удаа тийм асуудал болдог. Гэр бүл болоод 12 жил болж байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирэх үед эхнэр маань үглэдэг. Тэрнээс өөр асуудал байхгүй. Ямар нэгэн асуудал гарвал цагдаа дууддаг. Хүүхдүүдээ өөрөө асрах болно. Хүүхдүүдээ өөр хүнд өгөхгүй, хаяж явахгүй” гэв.

2. Хохирогч А.М мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч Ц.Б нь архи уухаа болихгүй. Дахиж гэрт ирж бидний амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байхыг хүсэж байна. Хүүхдүүдтэйгээ уулзана гэвэл гадуур уулзаж болно. Надаас хол байлгахыг хүсэж байна. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

3. Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн А.Маас 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Б аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хавтаст хэргийн 01 дэх тал/, иргэн Ц.Бын согтуурлын зэргийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/, эд мөрийн баримт болох цагаан өнгийн хөнгөн цагаан шанаганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 06-10 дахь тал/, хохирогч А.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/, гэрч Х.Иы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дахь тал/, гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/, шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч ажилтай Х.Ерболын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 000 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/, Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 00000 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 80-81 дэх тал/, Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 00000 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 82-83 дахь тал/, Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 00000 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 87-88 дахь тал/, яллагдагч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтатс хэргийн 71 дэх тал/, шүүгдэгч Ц.Бын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

4. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Бын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Хэргийн үйл баримтын талаар.

5. Шүүгдэгч Ц.Б нь согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагийн орчимд Б аймгийн Н сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэр, иргэн А.Мын байшинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Мын толгойн тус газарт төмөр шанагаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр санаатай учруулсан, мөн шүүгдэгч Ц.Б нь согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Мыг 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тус тус зодсон үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

5.1. Иргэн А.Маас 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Б аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хавтаст хэргийн 01 дэх тал/,

5.2. Иргэн Ц.Бын согтуурлын зэргийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

5.3. Эд мөрийн баримт болох цагаан өнгийн хөнгөн цагаан шанаганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 06-10 дахь тал/,

5.4. Хохирогч А.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие 2012 онд У сумын иргэн Ц.Бтой гэр бүл болсон. Бид хоёр 3 хүүхэдтэй. Нөхөр Ц.Б нь байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг тул 2023 оны 06 дугаар сарын 27-ний өдөр гэрлэлтээ цуцлуулсан. Улмаар Ц.Б нь “очих газар байхгүй, намайг уучлаарай” гэж надаас уучлалт гуйж ахиад миний гэрт ирчихсэн ба одоо надтай хамт амьдарч байгаа.

Ц.Б нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өглөө 10 цагийн үед ахиад намайг муу муухай үгээр хэл амаар доромжилж “чи муу авгайг ална” гэж миний толгойн зулай хэсгээс баруун гараараа 2 удаа цохиж, газарт унагааж, үснээс зулгааж, нуруу, гуя тус газар 4, 5 удаа өшиглөж зодсон, дараа нь ахиад над руу дайрч миний үснээс зулгааж “чи муу авгайг хутгалж ална” гэж төмөр шанагаар миний толгойн зулай хэсгээс 2, 3 удаа цохиж миний толгойг хагалсан. Толгойноос их хэмжээний цус гарч сумын эмнэлэгт очиж толгойн зулай хэсэгт 5 газраас оёдол тавиулсан юм.

Намайг зодох үед миний ээж Х.И, дүү Б.А нар ирж салгаж байхад ахиад миний толгойноос төмөр шанагаар нэг удаа цохиж авсан.

...Намайг болон миний ээж Х.Иыг муу муухай үгээр хэл амаар доромжилж, “та нарыг ална” гэж заналхийлдэг. Эрүүл байгаа үед ч мөн адил хэрүүл маргаан гаргаж надаас мөнгө нэхэж, мөнгө төгрөг өгөөгүй үед амбаарт байгаа идэшний махыг хулгайлж архинд худалддаг. Одоо гарт бугуйвч цагтай ялтай хүн байна. Бид хоёр гэр бүл болоод 12 жил болсон, өмнө нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний оройн 19 цагийн үед амбаарт байгаа идэшний хонины махны хоёр ширхэг гуя хулгайлж сумын архи уудаг хүмүүсийн хамт зарж архи ууж, тэрнээс болж хэрүүл маргаан гарч, улмаар миний үснээс зулгааж, нуруу, гуя хэсэг рүү баруун, зүүн хөлөөрөө өшиглөж, “толгойг чинь тасалж, зууханд хийж шатаана” гэж цохиж зодсон. Гэрт байсан хутгыг гадаа авч нууж, та нар унтсаны дараа хутгалж ална гэж айлган сүрдүүлж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, цагдаагийн байгууллагад хандах юм бол хутгалж ална, та нарыг шатааж ална гэж заналхийлсэн.

Дараа нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр миний эрх чөлөөнд халдаж цохиж зодож 20 хоног баривчилгаанд явж ирсэн. Тэрнээс өмнө намайг хэд хэдэн удаа цохиж зодсон. Сүүлийн үйлдэлд бид хоёроос өөр миний ээж И, дүү А, бага насны 2 хүүхэд байсан, өөр ямар нэгэн хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

5.5. Гэрч Х.Иы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Тус өдөр өглөө би хүргэн Ц.Бын гэрт очиход Ц.Б нь эхнэр нь А.Мыг муу муухай үгээр хэл амаар доромжилж улмаар А.Мын үснээс зулгааж, толгойн зулай хэсгээс баруун гараараа 2 удаа цохиж, дараа нь газарт унагааж нуруу, гуя тус газар өшиглөж, төмөр шанагыг авч, толгойн зулай хэсгээс 2, 3 удаа цохиж толгойг нь хагалсан. Тухайн үед хүү Б.А бид хоёр салгаж авсан юм. Энэ оны 03 дугаар сарын 01-ний өдөр өөрийн гэрийн идэшний махыг хулгайлж архинд худалдсан, 03 дугаар сарын 06-ны өдөр мөн адил эхнэрийг зодож 20 хоног баривчилгаанд явж ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дахь тал/,

5.6. Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...энэ оны 06 дугаар сарын 14-ний өдөр өглөөний 10 цагийн үед Б гэрт агсам тавьж гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа болохоор ээж Х.И бид хоёр очиход эгч А.Мыг газарт унагааж өшиглөж зодож байсан. Дараа нь бид нарыг муу муухай үгээр хэл амаар доромжилж улмаар Мын толгойн зулай хэсгээс төмөр шанагаар 2 удаа цохиж авсан. Тухайн үед Мын толгойн зулай хэсэг нь хагарч толгойноос их хэмжээний цус гарсан. Тэр үед ээж Х.И бид хоёр салгаж авсан юм. Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед байнга гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж эхнэр нь А.Мын эрх чөлөөнд халдаж зоддог” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,

5.7. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч ажилтай Х.Ерболын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 000 дугаартай “1.Иргэн А.Мын биед зүүн чамархай орчим оёдолтой шарх, зүүн бугалганд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц иртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

5.8. Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 00000 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 80-81 дэх тал/,

5.9. Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 00000 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 82-83 дахь тал/,

5.10. Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 00000 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 87-88 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно. 

6. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Ц.Бын үйлдсэн гэмт хэрэг нь тус тус нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг, хохирогчоос  “шүүгдэгч Ц.Б нь намайг олон удаа зодсон нь үнэн” тайлбары, шүүгдэгчээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэм буруугийн маргаангүй. Хэргийн зүйлчлэлийн хувьд шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Нэг гэмт хэрэгт нь нэг удаа эрүүгийн хариуцлага оногдуулна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах атлаа мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалт нь шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

7. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Эрх зүйн дүгнэлт.

8. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

9. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт Монгол Улсын иргэн “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

10. Шүүгдэгч Ц.Б нь согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагийн орчимд Б аймгийн Н сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэр, иргэн А.Мын байшинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Мын толгойн тус газарт төмөр шанагаар цохиж эрүүл мэндэд “зүүн чамархай орчим оёдолтой шарх, зүүн бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдэх шинжийг агуулж байна.

11. Эрүүгийн хууулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан Гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэх гэдэг нь зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан зэрэг үйлдэл нь байнгын шинжтэй байхыг хэлнэ. Тодруулбал, гэр бүлийн хамаарал бүхийг хүнийг зодсон шинж нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдлийг ойлгох бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдах нь хууль бус үйлдэл буюу гэмт хэрэг болно.

12. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Ц.Б нь хохирогч А.Мтай гэр бүлийн таарамжгүй харилцаа, үл ойлголцол болон архидсан согтуурсан зэргээс түүний биед халдаж зодсон буюу 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тус тус зодсон үйл баримт нь Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 00000, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 00000, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 00000 дугаартай шийтгэвэр, хохирогч М.М, гэрч Х.И нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

13. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн Тайлбарт: “-Энэ хуульд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно.” гэж тайлбарласан байна.

14. Энэ хэргийн шүүгдэгч Ц.Б, хохирогч А.М нь нар нь 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болж, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан боловч 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл Б аймгийн Н сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт хамтран амьдарч байгаа тул гэр бүлийн хамааарал бүхий харилцаатай байна.

15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан байх ба “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжийг мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тодорхойлон заасан учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан “...нэг гэмт хэрэгт нь хоёр удаа эрүүгийн хариуцлага оногдуулж байгаа” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

16. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тугай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

17. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ц.Бын архидан согтуурах болон хувь хүний хүмүүжил төлөвшил доогуур байдал тус тус нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

19. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байна.

20. Шүүгдэгч Ц.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогч А.М нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Ц.Быг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

21. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Ц.Бд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сар хорих ял, ялыг нэмж нэгтгэж 10 сарын хорих ялаар тогтоож, нээлттэй хори байгулулагад эдлүүлэх” дүгнэлтийг,

22. Хохирогчоос “эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй” гэх тайлбарыг,

23. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгчид оногдуулж байгаа ялыг багасгаж хорих ялын хугацааг нийт 7 сарын хугацаагаар тогтоох”  дүгнэлтийг тус тус гаргасан болно. 

24. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

25. Шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

26. Шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

27. Шүүгдэгч Ц.Б нь хувийн байдлын хувьд 1984 онд төрсөн, ам бүл 1, ганц бие, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

28. Шүүгдэгч Ц.Б нь Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 000000000  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн байх ба тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрүүгийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Дарханбекийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1/175 дугаартай тогтоолоор уг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж дууссан байна.

29. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

30. Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

31. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1. “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.”, 2. “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно: 2.1.торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг; 2.2.нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг; 2.3.зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг; 2.4.хорих ялын нэг хоногийг.” 3. “Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй.” Гэж заасныг журамлан шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд тус тус нэмж нэгтгэж, түүний эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоов.

32. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан байх ба шүүхээс шүүгдэгч Ц.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт өгсний үндсэн дээр шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

33. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.”Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, 2. “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ц.Бын цагдан хоригдсон 04 хоногийг эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.

34. Шүүгдэгч Ц.Боос гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хохирогч А.Мын эзэмшлийн 1 ширхэг цагаан өнгийн төмөр шанагыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Б аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ц.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээж, шүүгдэгчийн эдлэх хорих ялыг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Ций Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд,

мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд тус тус нэмж нэгтгэж, түүний эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бын цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.

6. Шүүгдэгч Ц.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хохирогч А.Мын эзэмшлийн 1 ширхэг цагаан өнгийн төмөр шанагыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Б аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай. 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ц.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээж, шүүгдэгчийн эдлэх хорих ялыг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ