Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 202

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч Г.Хатанцэцэг

шинжээч Я.Дамдинрагчаа

шүүгдэгч А.Аминдаваа, түүний өмгөөлөгч М.Жаргалсайхан нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч: 

Монгол Улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 21-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Ариун-Очир ХХК-д барилгын даамал ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 89-25 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:НФ92092115/ Боржгон овогт Ариунболдын Аминдаваад холбогдох 201626022435 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч А.Аминдаваа 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Политекникийн коллежийн багш ажилчдын орон сууцны барилгын ерөнхий гүйцэтгэгч Ариун-Очир ХХК-ний барьж байсан 12 давхар барилга угсралтын ажилд тус компаний Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер А.Аминдаваа нь “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 6.2.16, “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журмын”-ын 2.1.4, 3.2.3 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас уг барилгын 3 дугаар давхарт цонхны ялууны хэв угсрах ажил хийж байсан мужааны туслах Д.Дашням өндрөөс унаж амь нас нь хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүгдэгч А.Аминдаваа шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй. Би талийгаачийн ар гэрээс уучлалт гуйсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед би хажууд нь байгаагүйгээс болж хүний амь нас хохирсонд харамсаж байна гэв.   

 

Шинжээч Я.Дамдинрагчаа шүүхийн хэлэлцүүлэгт: Аминдаваа бол хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан хүн. Хамгаалалтын тор бол нийтийн хамгаалалтын зориулалттай байдаг. Барилгын гурван давхарт ажиллаж байгаа хүнийг өндөрт ажиллаж байна гэж үзнэ гэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 134/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 137/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 138/, бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 139/, сурагчийн тодорхойлолт /хх-ийн 140/, сертификатын хуулбар /хх-ийн 141/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 142/, ял шалгах хуудас /хх-ийн 146/ зэргийг шинжлэн судлав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Аминдаваа нь Ариун-Очир ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байхдаа  Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 6.2.16, “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журмын”-ын 2.1.4, 3.2.3 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас барилгын 3 дугаар давхарт ажиллаж байсан мужааны туслах Д.Дашням өндрөөс унаж амь нас нь хохирсон болох нь:

Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан

 

хохирогч И.Дамдины:..”талийгаач Дашням нь миний 4 дэх хүүхэд маань юм. Дээрээ 3 ах, 2 дүүтэй айлын дунд хүү. Улаанбаатар хотод бол талийгаач хувиараа байр түрээслэн ажиллаж амьдардаг байсан ба барилгын ажил зогсохоор л гэртээ ирж өвөлждөөд явдаг байсан. Ямар нэгэн барилгын сургууль төгсөөгүй, шууд барилгын туслахаар ажиллаад эхэлсэн юм. Улаанбаатар хотод орж ирээд энэ компанидаа ажиллаж байсан өөр ямар нэгэн газар ажиллаж байгаагүй. Зан араншингийн хувьд архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэж байгаагүй хэрэглэдэггүй, хүнд тусархаг ажилсаг, сурах идэвхи сонирхол муутай, сэтгэл санааны хувьд их өөдрөг сэтгэлтэй сэтгэлийн тэнхээ ч сайтай гэж  боддог. Нэг зорьсон зүйлдээ их зүтгэдэг хүүхэд байсан. Ар гэрийнхний зүгээс ямар нэгэн дарамт шахалт байхгүй ба ар гэрийнхний уур амьсгал их дулаахан гэр бүлийн дотно харьцаатай байсан. Энхсайхан гэдэг эмэгтэйтэй хамт ажиллаж байгаад ийм зүйл болсон байсан ба хүүхэд нь Энхсайханаар овоглодог. Гэр бүлийн баталгаа байхгүй. Тухайн осол болдог өдөр эхнэртэйгээ маргалдсан эсэхийг би мэдэхгүй сэтгэл санааны хувьд ч ямар байсныг нь би мэдэхгүй байна. Хамгийн сүүлд осол болохоос 10 орчим хоногийн өмнө утсаар ярьсан. Тэгэхэд онц зүйл яриагүй ба ямар нэгэн маргаан болсон талаар яриагүй бүх зүйл сайн сайхан байгаа гэж  ярьсан...Болсон явдлын талаар бол осол болдог өдөр би хөдөө байж байсан тэгэхэд манай эхнэрийн утас руу ажлын газраас нь ярьсан байсан. Ажиллах орчин нөхцөлийнхөө талаар бол ярьж байсан удаа байхгүй. Харин ч ажилдаа их дуртай байдаг ба өвөл ажил нь зогсохоор гэртээ амарч байхдаа хүртэл дарга руугаа утсаар ярьж байгаа харагддаг. Ажлын хамт олны уур амьсгал их сайн ба өөрөө ч тэгж ярьдаг байсан. Ажлын газраас нь шагнал урамшуулал өгч байсан гэж байсан. Ажилд анх ороод жил гаран болсоны дараа угаалгын машинаар шагнасан гэж байсан.

Талийгаачийн ажил явдалд гарсан зардлыг 100 хувь ажлын газраас нь гаргасан. Манай хүү бол биднийг насан туршид л тэжээх байсан хүн маань байсан ба ийм осолд орж нас барсанд гомдолтой байна. /хх-ийн 44-45/

Би талийгаачийн ар гэрийнхний зүгээс болон миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 46/

гэрч Ц.Ган-Эрдэнэ ”Би 2015 оны 3 дугаар сараас эхлэн Ариун-Очир ХХК-д барилгын талбайн инженер гэсэн албан тушаалд томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа. Өрлөг хийгдэж байхад хамгаалалтын тор хаалт хийгдсэн байсан. Ер нь бол хамгаалалтын хана хаалт тор хийж байж л өрлөг явуулдаг. Өрлөг дуусахад дээд давхар руугаа зөөдөг юм. 1-3 давхарын өрлөг дуусахад 1-3 давхарын хамгаалалтын хана хаалгыг дээш 4-6 давхар руу шилжүүлэх жишээтэйгээр ажилладаг байсан. Би энэ талаар өдөр бүр л хардаг байсан. Гэхдээ ажилд нь оролцож байгаагүй...” /хх-ийн 182/

 

гэрч Ц.Зулхүү...”А.Аминдаваа нь хамгаалалтын хана хаалт хийлгэх хөрөнгө мөнгөний талаар танилцуулж байсан. Ажил эхэлж өрлөг дуусгаад хамгаалалтын хана хаалтаа авчихсан байсан. Би хамгаалалтын хана хаалтаа хэзээ авсан талаар надад мэдэх зүйл алга. Осолдохоос бараг 20 хоногийн өмнө нь авсан байсан. Өрлөг дууссан давхаруудынхаа хаалтыг авсан харин дээш өрлөг явагдаж байгаа давхарын хаалтыг хийсэн байсан. Хөдөлмөр эрүүл ахуй аюулгүй байдал хариуцсан ажилтан хамгаалалт аюулгүй ажиллагааны ямар ч  шаардлага тавьсан компанийн зүгээс шийдэж өгдөг...”/хх-ийн 183/

 

гэрч А.Батбаяр..Би 2014 оны намраас Ариун Очир ХХК-д барилгын туслахаар ажилд орсон.  Осол болдог өдөр бол барилгын дээд талын давхарууд хамгаалалтын тор хаалттай байсан. Доод давхарын өрлөг дууссан хэсгүүд бол хамгаалалтын тор хаалтгүй байсан. Өрлөг дуусаад л авч дээшлүүлж өрлөгөө хийдэг. 1-7 давхарын өрлөг хийж байх явцад бол хамгаалалтын тор хаалт байдаг хамгаалалтын тор хаалт хийж байж л өрлөг хийдэг. Тэгээд өрлөг дуусаад л дээд давхар руугаа гарахаараа хамгаалалтынхаа тор хаалгыг дээшлүүлж ажилладаг байсан. Тухайн осол болдог 3 дугаар давхарт ямар нэгэн өрлөгийн ажил явагдаагүй байсан. Хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн зааварчилгааг инженер А.Аминдаваагаас авсан. Аминдаваа хамгаалалтынхаа хувцасыг өмсөж аюулгүй ажиллагааны заавраа дагаж ажилла гэсэн зааварчилгаа амаар болон бичгээр авсан. Ажилд гарах өдөр бүр л авдаг. Талийгаач тухайн өдөр бас авч байсан эсэхийг мэдэхгүй. Би тухайн өдөр тааралдаагүй өөр өөр давхарт ажил гүйцэтгэж байсан...” /хх-ийн 184/

 

сэжигтнээр Ц.Зулхүүгийн:..”Би Ариун-Очир ХХК-ыг 2000 онд өөрийн 100 хувь хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулж барилга угсаралтыын чиглэлээр үйл ажиллагаа явуулж өдийг хүрч байгаа. Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Польтехникийн коллежийн багш ажилчдын 74 айлын орон сууцны барилгын ажлыг 2016 оны 6 дугаар сард тендерт ялалт байгуулж барьж гүйцэтгэхээр болж барилгын ажлаа 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр эхэлсэн. Ингээд 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр намайг компанийнхаа оффист ажлаа хийх байх үед өдөр 12 цагийн үед манай баригдаж байсан барилгын 3 давхараас туслах мужаан Д.Дашням гэх залуу уначихлаа гэж хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан Аминдаваа утсаар залгаж мэдэгдсэн тул барилга дээр яаралтай ирэхэд Д.Дашнямыг түргэний машин аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан байсан гэмтлийн эмнэлэг дээр очиход яаралтай хагалгаанд ороод хагалгааы үед  нас барсан.

Би 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр барилга дээр очоогүй. Өөрийн компанийн төв оффис дээрээ байсан. Би ер нь 7 хоногтоо нэг удаа очиж барилгын явц байдалтай танилцдаг. Бусад үед барилгын даамал, талбайн инженер, хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан нар ажилчдыг хариуцаж ажилд нь гарах үед аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зурж ажил хийх чадвартай байгаа эсэхийг шалгаж гаргадаг” /хх-ийн 205/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1762 дугаартай: Дашнямын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын баруун чамрхай яснаас суурийн өмнөд хонхороор дайрч дух яс хүрсэн, баруун чамархайгаас суурийн баруун дунд хонхор хүрсэн шугаман хугарал, тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, 2 талын чамархайн булчингийн цус хуралт, уушигны няцрал, голтын холбоос дагасан цус хуралт, баруун 1-5, 8-9 дүгээр хавирга суганы дунд, 1-7 дугаар хавирга далны шугаман хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна. Талийгаач нь А /II/ бүлгийн цустай байсан байна. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.  /хх-ийн 80/ гэсэн дүгнэлт,

 

шинжээч Я.Дамдинрагчаагийн...”Монгол Улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д”  Ажил олгогч нь үйлвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна.

Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 1.6-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.2-т заасны дагуу ажил олгогч  нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллана” гэж заасны дагуу ажил олгогчоос байгуулсан комисс ослын шалтгааныг тогтоож акт гаргана.

Үйлдвэрлэлийн ослын акт тогтоогдоогүй тул ямар байгууллагын албан тушаалтан буруутай болохыг тогтоох боломжгүй байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль түүнтэй нийцүүлэн гаргасан Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” Ерөнхий шаардлага БНБД 12-03-04, НИТХТ-ийн 2013 оны 75 дугаар тогтоолоор баталсан “барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ын зарим заалтыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлээгүй байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх, 18.2.6-д ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол, гэмтэл хурц хордлогоос сэргийлэх ..чадвар эзэмшсэн байх гэсэн заалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй.

Ажил олгогчоос “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт” үндсэн дүрэм MNS  4969 стандартын 4.16-д аюулгүй ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэж заасны дагуу хохирогчид 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ажил эхлэхийн өмнө зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан байна.

Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааын дүрэм” БНБД 12-03-04-ийн 5.1-д Мөрдөж буй хууль, дүрэмтэй нийцүүлэн байгууллага, аж ахуйн нэгжийн хүрээнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах үүргийг ажил олгогч хариуцна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах ерөнхий удирдлага нь байгууллагын дарга, эсхүл байгууллагаас томилсон албан тушаалтанд тооцогдоно” гэж заасан байна.

НИТХТ-ийн 2013оны 75 дугаар тогтоолоор баталсан “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтглэг журамын 3.2.3-д “Барилгын өндрийн банз дагууд 2-3 давхар тутамд уналтаас хамгаалах 3.5 м-ээс багагүй өргөнтэй хамгаалалтын төхөөрөмж /дэвсгэр, банз, тор саравч гэх мэт/- өөр тоноглох” гэж заасан байна.

Харин “Барилгын талбайн түр хашаа” MNS 5414-2004 стандартын дагуу хамгаалалтын хашаагаар тусгаарлаж тэмдэг, тэмдэглэгээ хийсэн байна.

Ерөнхий шаардлага БНБД 12-03-04 “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 6.2.16-д 1.3 м-ээс дээш өндөрт хучилт, хучлага дээр байрлаж байгаа ба өндрөөс унаж болох бүсийн хүлээс /ирмэгээс/ 2м-ээс багагүй зайнд байгаа ажлын байр ...хамгаалалтын хаалтаар хашиж өгвөл зохино” гэсэн заалтыг

НИТХТ-ийн 2013 оны 75 дугаар тогтоолоор баталсан “барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ын 2.1.4-д “Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох болон үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг урьдчилан сэргийлэх дохио, санамж, анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалт хамгаалалтаар хашиж тусгаарласан байна” гэсэн заалтыг хэрэгжүүлэх ёстой.

Хавтаст хэргийн эд зүйл хураан авсан 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн тэмдэглэлээс үзэхэд БД12-101-05 “Барилга угсралтын  ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар”-ын 19.3-д “Хашлагагүй захын хийц дээрээс хамгаалах бүсгүйгээр ажил гүйцэтгэхийг хориглоно” гэж заасны дагуу хохирогчид хамгаалах бүс олгосон байх боловч хамгаалах бүсийн түгжээг хаана бэхлэх нь тодорхойгүй байна.

“Ариун-Очир” ХХК болон “Барилга- Өргөө” ТББ-ын хооронд 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн  “Барилгын Политехникийн коллежийн багш, ажилчдын орон сууц захиалгаар бариулж, ашиглалтанд оруулах гэрээ”-ний 5.1.9-д  “Гүйцэтгэгч ажлын талбай дээрх үйл ажиллагааны аюулгүй байдлыг бүрэн хариуцна” гэж заасан тул уг асуудлыг гүйцэтгэгч тал хариуцна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.4-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах” гэж заасны дагуу тус компаний ерөнхий захирлын 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн тушаалаар сургалтын хөтөлбөр батлан гаргаж нийт ажилтны сургалтыг 2 удаа зохион байгуулсан байна.

ЭМС-ын 2014 оны 340 дүгээр тушаалаар баталсан “Эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгийн журам”-ын дагуу ажил олгогчоос “АСЭ” эмнэлгийн байгууллагатай “хамтран ажиллах гэрээ” байгуулан ажилласан байна. /хх-ийн 106-108/ гэсэн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3-5/,хэргийн газрын үзлэгийн схем зураг /хх-ийн 6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10/ цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12/ мөнгөн тусламж үзүүлэх хэлцэл /хх-ийн 47/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч А.Аминдаваа, Ариун-Очир ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байсан болох нь ажилд томилсон                               захиралын тушаал /хх-ийн 194/ болон хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 191-193/ зэргээр нотлогдож байх тул  А.Аминдавааг   хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахин хангуулах үүргийг хууль, дүрэм, журмаар хүлээсэн албан тушаалтан мөн гэж үзнэ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Ариун-Очир ХХК нь Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Политекникийн коллежийн багш ажилчдын орон сууцны барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан байх ба уг барилгын 3 дугаар давхарт цонхны ялууны хэв угсрах ажил хийж байсан мужааны туслах Д.Дашням өндрөөс унаж нас барж,  хүнд хор уршиг учирсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Ариун-Очир ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер А.Аминдаваа “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 6.2.16-д 1.3 м-ээс дээш өндөрт хучилт, хучлага дээр байрлаж байгаа ба өндрөөс унаж болох бүсийн хүлээс /ирмэгээс/ 2м-ээс багагүй зайнд байгаа ажлын байр ...хамгаалалтын хаалтаар хашиж өгвөл зохино” гэсэн заалтыг, НИТХТ-ийн 2013 оны 75 дугаар тогтоолоор баталсан “барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ын 2.1.4-д “Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох болон үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг урьдчилан сэргийлэх дохио, санамж, анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалт хамгаалалтаар хашиж тусгаарласан байна” гэсэн заалтыг, “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журамын 3.2.3-д “Барилгын өндрийн банз дагууд 2-3 давхар тутамд уналтаас хамгаалах 3.5 м-ээс багагүй өргөнтэй хамгаалалтын төхөөрөмж /дэвсгэр, банз, тор саравч гэх мэт/- өөр тоноглох” гэж заасан заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй, тухайн заалтуудыг зөрчсөний улмаас Д.Дашням өндрөөс унаж нас барж,   хүнд хор уршиг учирсан нь хоорондоо  шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Боржгон овогт Ариунболдын Аминдавааг хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Аминдаваад ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Дамдинд, Ариун-Очир ХХК-ийн захирал Ц.Зулхүүгээс 32.300.000 төгрөгийг оршуулгын зардал болон сэтгэл санааны хохиролд буцалтгүй тусламж болгон өгсөн баримт хэрэгт авагдсан байх тул /хх-ийн 47/ шүүгдэгч А.Аминдавааг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.