| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2021/01005/И |
| Дугаар | 138/ШШ2022/00239 |
| Огноо | 2022-03-03 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 138/ШШ2022/00239
| 2022 оны 03 сарын 03 өдөр | Дугаар 138/ШШ2022/00239 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 26-33 тоотод оршин суух, ЖО71021569 регистрийн дугаартай, Гутаар халбин овогт Пүрэвийн Болормаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Цаг-Уурын 2-12 тоотод оршин суух, ЖЗ82030605 регистрийн дугаартай, Чонос овогт Дуламжавын Нямсүрэнд холбогдох
“Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 715 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч П.Болормаа
Хариуцагч Д.Нямсүрэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяамандах.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний өмчлөлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-ийн 30 дугаар байрны 10 тоот байрыг Д.Нямсүрэн нь 2017 оноос эхлэн түрээслэн амьдарч байсан бөгөөд 2019 оны 02 сард байрыг минь надад хүлээлгэн өгөлгүйгээр гэнэт нүүгээд алга болсон байсан. Д.Нямсүрэн нь надад 2018 оны 11, 12 сар, 2019 оны 01 саруудын түрээсийн мөнгийг өгөөгүй бөгөөд нэхэхээр “өгнөө, жоохон хүлээж байгаач, нөхөртэйгээ хэрэлдээд хэцүү байна, мөнгө орж ирэхээр нь өгнө” гэж явсаар нэг өдөр очиход байрнаасаа нүүсэн байсан. Үүнээс хойш нэг удаа таарч мөнгөө төлөхийг шаардсан боловч зугатааж явсаар өдийг хүрсэн.
Би цаг хугацааг нь алдсан байхыг үгүйсгэхгүй, олон жил өнгөрсөн учраас нарийн сайн санахгүй байна. Тиймээс Д.Нямсүрэнгийн хэлж байгаа 2018 оны 5,6,7 сарын төлбөрийг төлнө гэснийг зөвшөөрч байна. Одоо бодоод байхаар 2018 оны 5,6,7 сарын төлбөрийг төлөөгүй юм байна. Би Д.Нямсүрэнгээс утасруу нь залгаж, мөнгөө төл гэж удаа дараа шаардаж байсан. Мөнгөө төлнө л гэдэг байсан учраас би одоог хүртэл шүүхэд хандаагүй хүлээж байсан. Надад байрыг маань хүлээлгэж өгөөгүй, гэрээнд зааснаар байраа хүлээлгэж өгөөгүй тохиолдолд нэг сарын түрээсийн мөнгө нэмж төлөхөөр, мөн түрээс төлөхгүй бол алданги төлөхөөр бид тус тус торхирсон.
Иймд гэрээний дагуу Д.Нямсүрэнгээс 3 сарын түрээсийн мөнгө 390 000 төгрөг, алданги 195 000 төгрөг, байр хүлээлгэж өгөөгүйн төлбөр 130 000 төгрөг, нийт 715 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Нямсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.Болормаа эгчийн байрыг гэр бүлийн хамт тодорхой хугацаагүйгээр, сарын 130 000 төгрөг төлөхөөр болж түрээсэлсэн нь үнэн. Сүүлийн саруудын түрээс төлөх нь үнэн. Гэхдээ 2018 оны 5, 6 саруудын түрээсийн төлбөр өгөх ёстой юм. Учир нь миний бие 2018 оны 6 сарын 28-29-нд шилжих шөнө нөхөртөө хөөгдөж 4 хүүхдээ аваад тэр байрнаас гарсан ба эргэж очоогүй. Ингээд бид 2018 оны 8 сард шүүх хурлаар орж гэрлэлтээ цуцлуулж бүр мөсөн салсан. Тийм болохоор би 2018 оны 6 сарын 29-нөөс хойш тэр байранд амьдраагүй ээ. Би П.Болормаа эгчтэй сүүлд таарахдаа “манай нөхөр ганцаараа үлдээд ууж идээд тэнд амьдарч байгаа тиймээс яаж ийгээд байраа суллаж авахыг, мөн би амьдарч байсан нь үнэн болохоор ядаж 150 000 төгрөг өгнөө, бусдыг нь манай нөхрөөс аваарай” гэж хэлж байсан. Тэгж хэлсэн боловч боломж бололцоогүйн улмаас өдийг хүртэл явсан нь үнэн. Гол нь П.Болормаа эгч надаас амьдарч байгаагүй хугацааны буюу 2018 оны 11, 12 сар, 2019 оны 01 саруудын төлбөрийг нэхэж байгааг үндэслэлгүй мөнгө нэхэж байна гэж үзэж, хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харин энэ хугацаанаас өмнөх буюу 2018 оны 5, 6 саруудын мөнгийг бол өгөхийг зөвшөөрнө. Мөн нөхөр маань 7 сард энэ байранд амьдарч байсан учир 7 сарын мөнгийг нэмж төлөхийг зөвшөөрч байна. Ингээд нийт 3 сарын түрээсийн төлбөр 390 000 төгрөгийг би төлнө. Харин байрыг нь 7 сард нь хажуу айлын ахад хүлээлгэж өгөөд түлхүүрийг нь үлдээгээд явсан тул байр хүлээлгэж өгөөгүйн төлбөр, мөн алдангийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй. Болормаа эгч надруу залгаж мөнгө нэхэж байгаагүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Болормаа нь хариуцагч Д.Нямсүрэнд холбогдуулан орон сууцаа хөлслөх гэрээний үүрэгт 715 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч П.Болормаа нь хариуцагч Д.Нямсүрэнд өөрийн өмчлөлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах Ивээл хорооллын 30 дугаар байрны 10 тоот орон сууцны зориулалттай байрыг 2017 оны 10 сарын 27-ны өдрөөс эхлэн тодорхой хугацаагүйгээр, нэг сарын 130 000 төгрөгийн хөлстэйгөөр хөлслүүлэхээр, хөлслөгч байрнаас гарахдаа байрыг хүлээлгэж өгөх, хүлээлгэж өгөөгүй тохиолдолд дахин нэг сарын хөлс нэмж төлөх, хугацаандаа хөлсөө төлөөгүй тохиолдолд хоногийн 0,1 хувиар бодож алданги төлөхөөр тус тус харилцан тохирч, 2018 оны 01 сарын 12-ны өдөр бичгээр гэрээ байгуулсан байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүсчээ. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон дээрх үйл баримтуудын талаар тус тус маргаагүй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...Д.Нямсүрэн нь сүүлийн 3 сарын хөлсийг одоог хүртэл төлөөгүй, мөн гэрээнд зааснаар энэ хугацааны алдангийг төлөх ёстой, мөн байраа хүлээлгэж өгөөгүйн төлбөрт нэг сарын түрээсийн төлбөрийг төлөхөөр гэрээнд заасан тул 2018 оны 5-7 саруудын хөлс 390 000 төгрөг, алдангид 195 000 төгрөг, байр хүлээлгэж өгөөгүйн төлбөрт 130 000 төгрөг, нийт 715 000 төгрөгийг нэхэмжилнэ. Байрны түлхүүрийг маань хажуу айлд үлдээгээд явсан байсан, надад албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Энэ хугацаанд мөнгөө төл гэдгийг Д.Нямсүрэнд хэлдэг байсан ба тэрээр төлнөө л гэдэг байсан тул би шүүхэд өгөлгүй хүлээж байсан” гэж тайлбарладаг.
Хариуцагч Д.Нямсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу орон сууцны сүүлийн 3 сарын буюу 2018 оны 5-7 саруудын хөлс 390 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч байх боловч зарим хэсгийг эс зөвшөөрч “...байрыг нь хажуу айлд нь хүлээлгэж өгөөд түлхүүрийг үлдээсэн тул байр хүлээлгэж өгөөгүйн төлбөрийг төлөх ёсгүй, мөн алдангийг төлөх боломжгүй, надаас мөнгө нэхэж байгаагүй..” гэж маргадаг.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд хөлслөгч буюу хариуцагч Д.Нямсүрэн нь
нэхэмжлэгчийн байрыг хөлслөн амьдарч байсан боловч 2018 оны 5-7 саруудын хөлс болох 390 000 төгрөгийг хөлслүүлэгч буюу нэхэмжлэгч П.Болормаад төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх ба хариуцагч хөлс төлөөгүй талаараа маргаагүй.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “..хариуцагч нь 2018 оны 11, 12 сар, 2019 оны 01 саруудын байрны хөлсийг төлөөгүй..” гэж дээрх хугацааны хөлсийг нэхэмжилсэн.
Гэвч хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “...2018 оны 5, 6,7 саруудын төлбөрийг төлөөгүй байсан, харин 2018 оны 1-12 сар, 2019 оны 01 сард дээрх байранд байгаагүй..” гэх тайлбарыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, улмаар 2018 оны 5-7 саруудын төлбөрийг нэхэмжилж байгаа талаараа шүүх хуралдаанд тайлбарласан тул шүүх хариуцагч Д.Нямсүрэнг 2018 оны 5-7 саруудын төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч П.Болормаа нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т зааснаар өөрийн өмчлөлийн орон сууцаа хөлслүүлсэн хугацааны хөлсөө хариуцагч Д.Нямсүрэнгээс шаардах эрхтэй.
Гэвч Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байдаг бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх тусгай хугацаа гурван жил байдаг.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэл буюу 2018 оны 5-7 саруудын хөлсийг уг хугацаанаас хойш гурван жилийн дотор хариуцагчаас шаардах эрхтэй байсан боловч уг шаардах эрхээ дээрх хугацаанд хэрэгжүүлээгүй нь түүнийг гэрээний дагуу хөлсөө шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.
Гэвч хариуцагч Д.Нямсүрэн нь талуудын дунд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний дагуу хөлс төлөх үүргээ биелүүлэхийг зөвшөөрч, улмаар 2018 оны 5, 6, 7 саруудын хөлс болох 390 000 төгрөгийг нэхэмжлэгч П.Болормаад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байх тул шүүх 390 000 төгрөгийг орон сууц хөлслөх гэрээний үүрэгт тооцон хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т зааснаар үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг буюу анз /алданги, торгууль/ төлөх үүргийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусдаг.
Иймд нэхэмжлэгчийн гэрээний нэмэгдэл үүрэг буюу алданги, торгуулийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа хуульд зааснаар дууссан гэж үзэх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний алданги 195 000 төгрөг, байр хүлээлгэж өгөөгүйн төлбөр 130 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 325 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас мөнгөө төлөхийг удаа дараа шаардаж байсан, хариуцагч түүнд мөнгө төлөхөө илэрхийлж байсан гэж шүүх хуралдаанд тайлбарладаг боловч энэ талаараа шүүхэд нотолж чадаагүй бөгөөд хэрэгт цугларсан бичгийн баримтаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 390 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 390 000 төгрөгийг хариуцагч Д.Нямсүрэнгээс гаргуулан нэхэмжлэгч П.Болормаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 325 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21 710 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 12 350 /390 000 төгрөгт ногдох/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 77 дугаар зүйлийн 77.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Нямсүрэнгээс орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 390 000 /гурван зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Болормаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 325 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21 710 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Д.Нямсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 12 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Болормаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй
болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН