Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2022/00458

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: М.Х-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Л-д холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Х, хариуцагч С.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дагдансүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Х-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Х  миний бие 0000 онд С.Л-тэй танилцаж, дотно үерхэн хамтран амьдрах болсон. 0000 оны 00 дугаар сард би жирэмсэн болсон бөгөөд 0000 оны 05 дугаар сарын 15-нд хүү Л.Х  төрсөн. Ер нь жирэмсэн болсноос хойш хугацаанд бид хамт амьдраагүй гэж хэлж болно. Би ажлаа хийгээд, эмнэлэгт үзүүлээд л явж байсан, надтай нэг ч удаа хамт эмнэлэг рүү явж байгаагүй. Намайг төрөхөөс өмнөхөн С.Л-ийн ар гэрээс бэр гуйх ажиллагаа хийж байсан. Ингээд би хүүгээ төрүүлээд С.Л-ийн гэрт нь очсон. С.Л нь ажилтай гээд гэртээ ирэх нь бага байсан бөгөөд зарим хугацаанд би хүүтэйгээ өөрийнхөө гэрт очдог, зарим үед нь С.Л-ийн гэрт ирэх зэргээр амьдарч байсан. Хүүгээ  7 сартай болох үед би өөрийн гэртээ бүрмөсөн ирсэн. Одоо хүү маань 3 настай, төрсөн цагаас хойш миний асрамжинд өсч байна. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан. Хүүгээ ааваар нь овоглож гэрчилгээг нь авсан. Цаашид С.Л-тэй хамт амьдрах боломжгүй тул хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. С.Л  нь хүүгийн талаар огт  асуудаггүй, анхааарал халамж тавьдаггүй, эргэж тойрдоггүй. Би хүүгээ өөрийнхөө асрамжинд байлгана. Бидэнд өөр маргаантай зүйл байхгүй. Цаашид хүүгээ эцэгтэй нь холбоотой байлгана  гэв.

 

 

2.Хариуцагч С.Л-ээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Халиунаагийн гаргасан нэхэмжлэлд эсэргүүцэх зүйл байхгүй.

Бидний дундаас 2019 оны 05 дугаар сарын 05-нд хүү Л.Х  төрсөн.

Гэрчилгээг нь миний нэрээр овоглож авсан тул эцэг тогтоолгох шаардлагагүй.

Миний бие 2018 оны 10 сараас 2019 оны 05 дугаар сар хүртэл  Ховд аймагт ажиллаж байгаад их удаж ирсэн. Тэнд ажиллаж байх хугацаандаа бусдад залилуулаад,  гэмт хэрэгт шалгагдаж, тэнд их удсан нь үнэн. Одоогоор энэ асуудал дуусаагүй, харьяалын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт хандан хохирлоо барагдуулах талаар хандсан байгаа. Ийм шалтгаануудын улмаас хүүхэддээ анхаарал хандуулж чадахгүй байсан нь үнэн. Хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлнө. Хүүгээ ээжийнх нь асрамжинд байлгахад татгалзах зүйлгүй. Цаашид би хүүгээ харж хандах, тусалж дэмжих, тэжээн тэтгэх үүргээ ойлгож мэдэж байгаа, хүүтэйгээ холбоотой байна. Надтай байнга уулзуулж, холбоотой байлгахыг хүсч байна. Бидэнд өөр маргаантай зүйл байхгүй  гэв.

3.Нэхэмжлэгч талаас баримтаар, М.Х-ийн иргэний үнэмлэх, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 321 дугаартай М.Х-ийн ам бүлийн тодорхойлолт, хүү Л.Х-ийн 1107590120 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, “Энэрэнгүй үйлс” Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн “Тодорхойлолт” зэргийг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн бөгөөпд хариуцагчаас нотлох баримт ирүүлээгүй болно.

 

         Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Х  нь хариуцагч С.Л-д холбогдуулан,  хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч С.Л хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлнө, эцэг тогтоолгох шаардлагагүй, хүүгээ ээжийнх нь асрамжинд байлгахад татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж байна.

2.Зохигчид  2018 онд танилцаж, улмаар хамтран амьдарсан байх бөгөөд энэ хугацаанд тэдний дундаас 0000 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүү Л.Х  төрсөн болох нь хүү Л.Х-ийн 1107590120 дугаартай төрсний гэрчилгээ,  зохигчдын тайлбараар нотлогдсон.

3.Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан бөгөөд хүү Л.Х-г хариуцагч С.Л-ээр овоглож хүүхдийн төрсний гэрчилгээг авч бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байх бөгөөд Л.Х-г өөрийн хүүхэд мөн гэдгийг хүлээн зөвшөөрч хариуцагч маргаагүй, Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д зааснаар захиргааны журмаар эцэг тогтоосон байна.

4.Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д ...эцэг, эх хүүхдээ....тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1.-д Эцэг эх нь насанд хүрээгүй.хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу эцэг эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй тул эцэг С.Л-ээр хүү Л.Х-д оногдох хүүхдийн тэтгэлэг төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

5.Зохигчдын тайлбар, “Энэрэнгүй үйлс” Өрхийн эрүүл мэндийн төвийн “Өрхийн эмчийн тодорхойлолт” баримтаар хүү Л.Х  одоо эх С.Х-ийн асрамжинд эрүүл өсч бойжиж байгаа, хариуцагч энэ талаар маргаагүй байх тул хүү Л.Х-г эх С.Х асрамжид үлдээх нь зүйтэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.-т “Тэжээн тэтгэхтэй  холбогдсон нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж заасан  бөгөөд шүүхийн онцгой харъяаллын дагуу нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь хуулийн дээрх зохцуулалттай нийцсэн.

7.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг ханган, хүүхдүүдэд оногдох хүүхдийн тэтгэлэгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.,60 дугаар зүйлийн 60.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.Л-ээс 37 030 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 0000 оны 05 дугаар сарын 15ы өдөр төрсөн хүү Л.Х-г эх С.Х-ийн асрамжинд үлдээсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар хүү Л.Х-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Л-ээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

 3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.-д заасныг баримтлан хариуцагч С.Л  нь хүү Л.Х-тай хамт байх, уулзах, асрах, тэжээн тэтгэх эрх үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг нэхэмжлэгч С.Х-д даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.,60 дугаар зүйлийн 60.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.Л-ээс 37 030 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                Ж.БАЙГАЛМАА