Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2022/00624

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Э.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Х-т холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.О, хариуцагч Ц.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дагдансүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.О-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.О  миний бие  Ц.Х-тай 2000 оны 12 дугаар сард Солонгос улсад танилцсан бөгөөд бид 1 жил дотно харилцаатай байсан. Бид тэнд хоёулаа хөдөлмөрийн гэрээтэй ажилладаг байсан.  

Энэ хугацаанд  2013 оны 06 дугаар сард би жирэмсэн болж, 0000.00.00-нд бид сарын хугацаатай эх орондоо хамт ирсэн. Монголд ирээд би жирэмсний хордлоготой байсан тул эмчилгээ хийлгэж байсан. Ц.Х  Ховд аймаг руу 14 хоногийн хугацаатай аав ээж рүүгээ явсан боловч ирээгүй. Тэр үед эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж миний буцах хугацаа болж 2013.09.07-нд Солонгос улс руу явсан. Ц.Х-ын хугацаа ч болж араас ирсэн. Би Ц.Х-ыг Монголд  байх 1 сарын хугацаанд өөр хүнтэй байсныг мэдээд бие муудаж,  эмнэлэгт эмчлүүлж байгаад 2013 оны 12 дугаар сард Монголд ирсэн. 0000.00.00-нд охин Х  төрүүлсэн. 2014 оны 06 сард Ц.Х  надтай утсаар ярьж ямар хүүхэдтэй болсон талаар асууж, охинтой болсон гэдгээ мэдсэн.  Түүнээс хойш дахин холбогдоогүй бөгөөд  охиноо 4 нас хүрсэн хойно нь Ц.Х-аас 2 удаа хүүхдийн цэцэрлэгийн төлбөр авсан. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан. Одоо охин маань 8 настай, цаашид охиноо би өөрийн асрамжинд байлган өсгөн хүмүүжүүлнэ. Би өөрийнхөө нэрээр овоглож төрсний гэрчилгээг авсан.  2021 оны 08 дугаар сард Ц.Хү эх орондоо ирсэн боловч охиндоо тэтгэлэг өгөхгүй удаа дараа утсаа ч авахгүй, уулзахгүй зугатааж байсан. Тиймээс Ц.Х-аас охин Х-д хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Бидэнд өөр маргаантай зүйл байхгүй  гэв.

 

2.Хариуцагч Ц.Х-аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би 2012 онд Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр явсан бөгөөд тэнд Э.О-тай танилцсан. Бид дотно харилцаатай байсан, гэхдээ хамт амьдарч байгаагүй. Ингээд  Э.О  нь надад жирэмсэн болсон гэж хэлсэн. Охин Х-г  2014.03.13-нд төрсөн гэж надад утсаар хэлсэн. Бид цаашид хамт амьдрах боломжгүй гэдгээ хэн аль нь мэдэж байсан. Охин Х миний хүүхэд гэдэгт маргахгүй,  хүлээн зөвшөөрч байгаа, шинжээч томилуулах  шаардлагагүй. Цаашид ээжийнхээ асрамжинд байхад татгалзах зүйл байхгүй. 2021 оны 07 дугаар сард Солонгос улсаас ирсэн тул охин Х-тай уулзаж амжаагүй, цаашдаа холбоотой байж анхаарал халамж тавьж байна.  Би өөрөө эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг.

Хуулийн дагуу  охин Х-д хүүхдийн тэтгэлэг төлнө. Өөр маргаантай зүйл байхгүй гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас баримтаар, Э.О-ын иргэний үнэмлэх, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын 2021.12.17-ны өдрийн 981 дугаартай Э.О-ын ам бүлийн тодорхойлолт, охин О.Х-ийн 1061 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн 2021.12.17-ны өдрийн тодорхойлолт, “Чин хүслэн” Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн “Тодорхойлолт”, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.25-ны өдрийн 182/ШШ2021/02292 дугаартай шийдвэр, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын 2021.11.29-ний өдрийн 45-С/3493 дугаартай албан бичиг, Ховд  аймаг, Жаргалант сумын “Магсаржав” багийн Засаг даргын 2021.11.23-ны өдрийн 548 дугаартай тодорхойлолт зэргийг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчаас шүүхэд нотлох баримт ирүүлээгүй болно.

 

         Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.О  нь хариуцагч Ц.Х-т холбогдуулан,  хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч Ц.Х  хүлээн зөвшөөрч, охиноо ээжийнх нь асрамжинд байлгахад татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж байна.

 

2.Зохигчид  2012 онд танилцаж, улмаар дотно харилцаатай байсан бөгөөд тэдний дундаас 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр охин О.Х   төрсөн болох нь О.Х-ийн 1061 дугаартай төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбараар нотлогдсон.

 

3.Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан бөгөөд охин О.Х-г нэхэмжлэгч Э.О-аар овоглож хүүхдийн төрсний гэрчилгээг авч бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн, хариуцагч Ц.Х  нь охин  О.Х-г өөрийн хүүхэд мөн гэдгийг хүлээн зөвшөөрч  маргаагүй байна.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д ...эцэг, эх хүүхдээ....тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1.-д Эцэг эх нь насанд хүрээгүй.хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу эцэг эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй тул эцэг Ц.Х-аар охин О.Х-д оногдох хүүхдийн тэтгэлэг төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

5.Зохигчдын тайлбар, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн 2021.12.17-ны өдрийн тодорхойлолт, “Чин хүслэн” Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн “Тодорхойлолт” баримтаар охин О.Х  одоо эх Э.О-ын асрамжинд эрүүл өсч бойжиж байгаа, хариуцагч энэ талаар маргаагүй байх тул охин О.Х-г эх Э.О-ын асрамжид үлдээх нь зүйтэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.-т “Тэжээн тэтгэхтэй  холбогдсон нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж заасан  бөгөөд шүүхийн онцгой харъяаллын дагуу нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь хуулийн дээрх зохцуулалттай нийцсэн.

 

7.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг ханган, хүүхдүүдэд оногдох хүүхдийн тэтгэлэгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.,60 дугаар зүйлийн 60.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ц.Х-аас 37 030 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 0000 оны 00 дугаар сарын 00ы өдөр төрсөн охин О.Х-г эх Э.О-ын асрамжинд үлдээсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн охин О.Х-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.Х-аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.,60 дугаар зүйлийн 60.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ц.Х-аас 37 030 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                Ж.БАЙГАЛМАА