Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2022/00361

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Д.Хийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Ү-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , Ч. , хариуцагч Б.Ү , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дагдансүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Х-ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Х миний бие нь 0000 онд Б.Ү-тай танилцан улмаар хамтран амьдарч байсан. 0000 оны 07 дугаар сарын 01-ний өдөр охинтой болсон.  Б.Ү-тай 0000 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 0000 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хойш салж тус тусдаа амьдарх болсон. Ү.Б нь ээж болох Д.Х-ийн асрамжид амьдарч өсөж торнисон бөгөөд би охиноо цаашид өөрийн асрамжинд байлган мөн хүүхдийн тэтгэлэг авахгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү, охин Ү.Б-г миний асрамжид үлдээж өгнө үү гэв.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний охин Д.Х , хүргэн Б.Ү  нар оюутан байхдаа танилцаж, сургуулиа төгсөх жилдээ дундаасаа охин Ү.Б-г 0000 оны 07 дугаар сарын 01-нд  төрүүлсэн. Гэрлэлтээ батлуулсан байсан. Энэ хоёр маань хамтдаа нэг дор удаан хугацаагаар амьдарч байгаагүй. Хүргэн Б.Ү  нь Улаанбаатар хотод ажил албатай байсан учраас байнга очиж чаддаггүй байсан.

Эхнэр Д.Х-гээ төрөхөд нь 7 хоногийн чөлөөтэй очиж асарч байсан.

Ингээд тус тусдаа амьдраад байсан учир хоорондоо таарч нийлэхгүй болсон болов уу гэж боддог. Зээ охин маань  одоо 4 настай, ээжтэйгээ, бидэнтэй хамт амьдарч байна. Б.Ү  нь охиндоо анхаарал халамж тавьдаг, баяр ёслолын үеэр охиндоо янз бүрийн бэлэг юм явуулдаг, утсаар асууж ярьж байдаг.  Д.Х  одоо тусдаа амьдралтай болсон, үр хүүхэд төрүүлсэн учраас цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж байгаа. Иймд гэрлэлтээ цуцлуулж, охин Ү.Б-гаа өөрийн асрамжинд авч өсгөж хүмүүжүүлэх хүсэлттэй байгаа. Үүнийг нь дэмжиж байна. Энэ хоёрын дунд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн. Харин цаашид охин Ү.Б-тай аавыг нь холбоотой байлгах, уулзуулах үүрэгтэй гэдгийг Д.Х  ойлгож байгаа, аавтай нь охиныг нь байнга холбоотой байлгана. Өөр маргаантай  зүйл байхгүй болно гэв.

 

3.Хариуцагч Б.Ү-аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 0000 онд  танилцан улмаар хамтран амьдарч 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр охинтой болсон. Д.Х-тэй 0000 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Би 2018-2021 онд Улаанбаатар хотод ажил хийн, сургалтын төлбөрөө олж ажлынхаа хажуугаар МҮИС-д суралцан төгссөн. Үр хүүхдээ бахархах мэргэжлийг эзэмшээд ажил амьдралаа авч явж эхлэх энэ мөчид Д.Х хамтран амьдрагчтай болсныг би мэдээгүй явсан. Нутгийн хүмүүсийн ярьсан ярианд итгээгүй. Намайг л хамтран амьдрагчтай болсон гэж ярьж байгаад харамсаж байна. Би одоо тусдаа амьдрал зохиосон зүйл байхгүй. Надад архи, тамхи хэрэглэдэг муу зуршил байхгүй. Гэр бүл цуцлалт охин үрд минь яаж нөлөөлөх бол гэдэгт л маш их санаа зовж байна. Иймд миний охиныг хүссэн үед минь надтай уулзуулж байхыг чин сэтгэлээсээ хүсч байна. Д.Х  нь нэгэнт хамтран амьдрагчтай болоод гэрлэлт цуцлуулах хүсэлт гаргаж байгаа бол зөвшөөрч байна. Тухайн үед ажиллахын хажуугаар суралцаж байсан тул чөлөө зав олдохгүй, эхнэр хүүхэд дээрээ байнга очиж чаддаггүй байсан нь үнэн. Охин Ү.Б-г ээжийнх нь асрамжинд байлгахад татгалзах зүйлгүй.  Бидэнд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй гэв.

 

4.Нэхэмжлэгч талаас баримтаар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт,  тус сумын  3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, 2 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг нотлох баримтаар шүүхэд ирүүлжээ.

 

         Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Х  нь хариуцагч Б.Ү-д холбогдуулан,  гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч Б.Ү  хүлээн зөвшөөрч, гэрлэлтээ цуцлуулна, хүүхдээ ээжийнх нь асрамжинд үлдээнэ гэж тайлбарлаж байна.

 

2.Гэрлэгчид  2017 онд танилцаж, улмаар хамтран амьдарсан байх бөгөөд энэ хугацаанд тэдний дундаас 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр охин Ү.Б төрж, гэрлэгчид 2018  оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрийн эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн нь 4304000010 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, 4304000053 бүртгэлийн дугаартай охин Ү.Б-ийн төрсний гэрчилгээний хуулбар,  зохигчдын тайлбараар нотлогдсон.

3.Гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 0000 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон, нэхэмжлэгч Д.Х  нь бусадтай гэр бүлийн харилцаатай болж, хүүхэд төрүүлсэн,  гэрлэгчид хэн аль нь гэр бүлээр үргэлжлүүлэн амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч тохиролцсон байх тул шүүхээс гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

4.Зохигчдын тайлбар, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 81 тоот тодорхойлолт, тус сумын  3 дугаар багийн Засаг даргын  2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 990 тоот тодорхойлолт,  2 дугаар цэцэрлэгийн  эрхлэгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тодорхойлолт зэрэг  баримтаар  гэрлэгчдийн охин нь  одоо эх Д.Х-ийн хамт амьдран эрүүл өсч бойжиж, сурч  байгаа бөгөөд хариуцагч Б.Ү  нь хүүхдээ эхийнх нь асрамжинд байлгах талаар зөвшөөрч маргаагүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг ханган, гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж,  охин Ү.Б-г эх Д.Х-ийн асрамжинд үлдээн шийдвэрлэв.

5.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.-т “Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй.”, 5.3.-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй.” гэж заасны дагуу охин Ү.Б  нь эцэг, эхийнхээ хэн алинитай нь хамт байх, асруулах, халамжлуулах эрхтэй.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2., Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.-д заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх шаардлагаар хариуцагч Б.Ү-ын охин Ү.Б-тай хамт байх, уузлах, тэжээн тэтгэх эрх үүргээ хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч Д.Х-ээс саад учруулахгүй байхыг даалгах нь зүйтэй гэж үзэв.

6.Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамижд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.4.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан Хөх нохой овогт Д.Х, Б.Ү нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 0000 оны 07 дугаар сарын 01-ний өдөр охин Ү.Б-г эх Д.Х-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг болон гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг  тус тус дурдсугай.

 

 4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.-д заасныг баримтлан хариуцагч Б.Ү  нь охин Ү.Б-тай хамт байх, уулзах, асрах, тэжээн тэтгэх эрх үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг нэхэмжлэгч Д.Х-д даалгасугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамижд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ж.БАЙГАЛМАА