Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/989

 

                                                                                                                      

 

    2024         09          13                                   2024/ШЦТ/989

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,

улсын яллагч Л.Наранхүү,

шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн Ж танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт А овогт Брийн Өыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн   дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Өыг ххххх-ны өдрийн 07 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ххххтоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч П.Бийг бусадтай хардаж толгойн тус газар нь гар утсаар цохиж биед нь зулай, дагзны хуйханд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн   дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Ө нь хххх-ны өдрийн 07 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ххх тоотод хамтран амьдрагч П.Бийг бусадтай хардаж толгойн тус газар нь гар утсаар цохиж биед нь зулай, дагзны хуйханд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

ЦЗДЦГ, ЦХ-1, шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/,

 

Хохирогч П.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би өчигдөр буюу ххх-ны өдөр ажлаасаа тараад ххх хажууд найз Д, Б, нөхөр Өын хамт уулзаж караоке орж, найз Д манай нөхөр Ө хоёр нэг шил архи хувааж ууж, би 4 лааз пиво уусан, хххх-ны шөнийн 03 цаг орчимд найз Дгийн гэрт ирээд нөхөр бид хоёр хонохоор болоод бүгд унтацгаасан. Өглөө 07 цаг 30 минутын орчимд машин гаръя гэж Б рүү хүн залгаад би Бийн хамт гарч машин холдуулчихаад ороод ирсэн. Буцаж орж иртэл манай нөхөр сэрчихсэн, Дгийн утсыг оролдоод байж байсан, манай нөхөр Ө тус утсыг үзээд нэг хүнээс чат ирснийг харсан юм шиг байсан. Д бид хоёрын утас яг ижилхэн кейстэй, ижилхэн хххх загварын гар утас барьдаг болохоор манай нөхөр андуурсан байсан. Тухайн утсыг миний утас байна гэж бодож эрэгтэй хүнээс чат ирсэн байсан болохоор намайг тус хүнтэй харьцдаг гэж бодож барьж байсан утсаараа миний толгой хэсэг рүү 3 удаа хүчтэй цохисон. Намайг цохиж байх үед Б Өад хандаж "Хүүе ээ болиочээ наад утас чинь Дгийн утас байна шүү дээ" гэж хэлсэн. Бийг тухайн үгийг хэлж дуусах үед намайг аль хэдийн 3 удаа цохичихсон байсан ба миний толгойноос цус гарч байсан. Би айсандаа цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаа нар ирээд нөхөр бид хоёрыг авч яваад нөхөр Өыг эрүүлжүүлсэн. Би 103 түргэн тусламж дуудаад биеэ үзүүлтэл толгой ялзарч хагарсан байна гэж хэлээд миний толгойн дээр 8 оёдол тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

Ө миний биед халдаж зодохдоо гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Тухайн үйлдэл нь сардаа 1-2 удаа тохиолддог. Би болсон үйл явдал болгоныг он сараар нь сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,  

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Э.Эрхэмбаярын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5718 дугаар:

П.Бийн биед зулай, дагзны хуйханд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

 

Шүүгдэгч Б.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би хххх-ны өдөр эхнэр П.Бийг хорооллын эцсээс очиж аваад найз Д, Б нартай хамт хххх хажууд байрлах караоке руу орж архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тухайн газар байж байгаад Дгийн гэр болох Баянзүрх дүүргийн хххх тоот байр луу очсон. Очоод бид дөрөв ахин архи согтууруулах ундаа хэрэглэсэн ба яг архи согтууруулах ундаа хэр хэмжээгээр хэрэгэлсэн гэдгээ санахгүй байна. Түүнээс хойш би юу болсныг огт санахгүй байна, нэг мэдэхэд гаднаас цагдаа ороод ирчихсэн байсан. Тухайн цагдаа намайг цагдаагийн хэлтэс рүү авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Өын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 22/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 23/, ниймгийн даатгалын төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийнш 24/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийнш 25/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч Б.Ө нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Өын гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч П.Бийн биед зулай, дагзны хуйханд няцарсан шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.8 дахь заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилан зүйлчлэхээр заажээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Б.Ө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч П.Бийн биед гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

Хохирогч П.Б нь нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх ба түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Б.Өад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилготой байдаг.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүх хуралдааны оролцогчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан торгох ялыг тухайн зүйлд заасан багавтар хэмжээгээр оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Ө нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А Брийн Өыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өыг 625 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 625.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өад оногдуулсан 625 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 625.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Өад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БААСАНБАТ