Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2022/00533

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа  даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Н.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч”ТБ” ХХК-д холбогдох,

Н.А  нь “Монгол микрон кашмер” ХХК болон “ТБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 0000 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 48/01 дугаартай “Зээлийн гэрээ”-ний хамтран зээлдэгч биш болохыг тогтоолгох, Монголбанкны зээлийн мэдээллийн сан дахь бүртгэлээс Н.А-ийн бүртгэлийг хасч бүртгэхийг даалгах тухай  иргэний хэргийг  2021 оны 07 дугаар сарын 19-ний хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дагдансүрэн нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.А-аас  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номингоос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.А  нь 0000.00.00-ний өдөр “ММК” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд компанийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор ерөнхий захирал Ч.Б  нь “ТБ” ХХК-тай 2017.06.02-ны өдрийн 48/01 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, 2 000 000 ам.долларын зээл авсан байдаг. Зээлийн гэрээ байгуулах үед банкнаас тус компанийн хувьцаа эээмшигч, ерөнхий захирал Ч.Б-оос гадна, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал нь гэрээнд гарын үсэг зурах шаардлагатай гэсний дагуу банкны гаргаж өгсөн гэрээний “Хамтран зээлдэгч” хэсэгт “ММК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.А  гэж гарын үсэг зурсан. Ингээд 2019.07.18-ны өдөр “ММК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Б-ийн 06 тоот шийдвэрээр Н.А-г гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж,  Б.Т-ыг гүйцэтгэх захирлаар томилсон. Гэтэл “ТБ” ХХК нь иргэн Н.А-г уг зээлийн хамтран зээлдэгчээр Монголбанкны Зээлийн мэдээллийн санд бүртгэсэн байх ба энэ алдаатай бүртгэлээ залруулж өгөхийг шаардаж удаа дараа хүсэлт гаргасан боловч ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Иргэн Н.А-ийн хувьд 48/01 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу олгогдсон мөнгийг хүлээн аваагүй, түүнээс захиран зарцуулаагүй, зээлийн  2 000 000 ам.долларыг зээлдэгч “ММК” ХХК-ийн 370000061186 тоот дансанд шилжүүлж, зээлдэгч нь тухайн зээлийг өөрийн үйл ажиллагаанд зарцуулсан болох нь баримтаар нотлогддог.  “ТБ” ХХК нь дээрх зээлийн гэрээний үүргийг “ММК” ХХК-иас шаарддаг нь  иргэн Н.А-г хамтран хариуцагчаар татан оролцуулаагүй болохыг батална. Энэ нь уг гэрээнд Н.А  нь гагцхүү тухайн үед хашиж байсан албан тушаал буюу гүйцэтгэх захирлын  хувиар гарын үсэг зурсныг хүлээн зөвшөөрч байгааг ч давхар нотолно.

Н.А  нь 2019 оноос хойш өөрийн эзэмшлийн компанийг үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байгаа ба “ММК” ХХК-тай ямарч харилцан хамааралгүй атал “ТБ” ХХК нь “ММК” ХХК-тай байгуулсан  48/01 тоот “Зээлийн гэрээ”-ний мэдээллийг бүртгэхдээ хамтран зээлдэгч мэтээр бүртгэснээс  өөрийнхөө нэр дээр болон өөрийн компанийн нэр дээр  банк, санхүүгийн байгууллагаас зээл авах боломжгүй, эдийн засгийн хувьд хохирсоор байхаас гадна 48/01 тоот гэрээний дагуу зээлдэгчийн адил үүрэг, хариуцлага хүлээх үндэслэлийг бүрдүүлж байна. 

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2.-т “ Зээлдэгч нь зээлийн мэдээллийн сан дахь мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд бус тохиолдолд мэдээллийг шинэчлэхийг мэдээлэл нийлүүлэгч болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч этгээдээс шаардах эрхтэй”, 20 дугаар зүйлийн 20.2.3.-т “Мэдээлэл нийлүүлэгч нь зээлийн мэдээллийг дутуу, алдаатай нийлүүлсэн тохиолдолд түүнийг засах, гүйцээх, нэмэлт оруулах арга хэмжээг нэн даруй авах үүрэгтэй” гэж заасны дагуу зээлдэгч “ММК” ХХК-ийн шаардлага, эрх ашиг нь хохирч байгаа иргэний шаардлагыг биелүүлж, Н.А-г хамтран зээлдэгч гэж бүртгэсэн бүртгэлээс хасч бүртгэх үүрэгтэй гэж үзэж байна. Иймд иргэн Н.А  нь “ММК” ХХК болон “ТБ" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017.06.02-ны өдрийн 48/01 тоот “Зээлийн гэрээ”-ний хамтран зээлдэгч биш болохыг тогтоож, Монголбанкны Зээлийн мэдээллийн сан дахь бүртгэлээс хамтран зээлдэгч иргэн Н.А-ийн бүртгэлийг хасч бүртгэхийг “ТБ” ХХК-д даалгаж нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү.

48/01 тоот “Зээлийн гэрээ”-ний эхний хэсэгт Н.А  гэж бичигдсэн болохоос гэрээний хамгийн сүүлд гэрээг байгуулсан гэдэгт гүйцэтгэх захирал Н.А  гэж, мөн бусад баримтуудад дандаа  гүйцэтгэх захирал гэж бичигдсэн байдаг. Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт бол Ч.Б  гэж, 2 000 000 ам.долларын зээлийн зээлдэгчийн мэдээлэлд “ММК” ХХК гэсэн мөртлөө гүйцэтгэх удирдлага гэдэгт нь Б , гүйцэтгэх удирдлагын эцгийн нэр гэдэгт А  гээд регистрийн дугаар нь бичигдсэн гэх мэт алдаатай баримтууд байдаг. Эдгээрээс болж хамтран зээлдэгч гэж иргэн Н.А-ийн нэр бүртгэгдсэнээс нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж байна гэв.

 

2.Хариуцагч “ТБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ас шүүхэд  болон шүүх хуралдаанд  гаргасан гаргасан тайлбартаа: “ММК” ХХК болон “ТБ" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017.06.02-ны өдрийн 48/01 тоот “Зээлийн гэрээ”-нээс үзвэл “.... тоот хаягт оршин суух, Ц.А гээд цаашид хамтран зээлдэгч гэж иргэн Н.А  гарын үсэг зурсан харагддаг. Банкны хувьд ямар нэгэн алдаатай тэмдэглэл хийгээгүй. Гэрээний дагуу хамтран зээлдэгч нь Н.А  байгаа учраас бүртгэл зөв хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн яг юу нь зөрчигдөж байгаа, ямар зөрчил үүсээд байгаа, эрх зөрчсөн талаарх гол нотолгоо баримт тодорхойгүй байгаа учраас уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний хамтран зээлдэгч биш болохыг тогтоолгох талаарх үндэслэлээ ярьсангүй. Зөвхөн хамтран зээлдэгч биш учраас Н.А-ааг бүртгэлээс хасах шаардлагыг ярьж  байх тул дээрх шаардлагаа огт дэмжихгүй байна гэж ойлгож байна. Нэхэмжлэгч хамтран зээлдэгч биш гэж үзэж байгаа бол яагаад нэхэмжлэлдээ яагаад хамтран зээлдэгч гээд бичээд байна вэ, Тодруулбал, хамтран зээлдэгч биш болохыг тогтоолгох гэж байгаа мөртлөө хамтран зээлдэгч Н.А-ийн бүртгэлийг хасах гэж бичсэн нь ойлгомжгүй байна. Т  банкны Эрсдлийг удирдах хэлтсээс зээлийн гэрээг үндэслэн Монголбанканд  мэдээлэл нийлүүлдэг. Алдаатай мэдээлэл нийлүлсэн байж болно, үүнийг залруулах зохицуулалт байгаа. Харин дутуу мэдээлэл, илүү мэдээлэл оруулаагүй тул банк нэхэмжлэлийг татгалзсан. Н.А  гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, тухайн компанийн зээл чанаргүй ангилалд ороход гүйцэтгэх захирлын үүргээс албаар чөлөөлөгдөх нөхцөл байдал үүссэн үүссэн байх боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсон. Зээлийн гэрээний хамтран зээлдэгч биш болохыг талууд л шийдэх ёстой. Иргэний хуулийн үндсэн зарчим алдагдана. 2 000 000 ам.долларын зээлийг авсан зээлдэгч нь “ММК” ХХК, түүнчлэн зээлийг ашигласан нь  тус компани гэдгийг тодорхойлох ёстой. Н.А-ийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байгуу тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, “ММК” ХХК болон “ТБ" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017.06.02-ны өдрийн 48/01 тоот “Зээлийн гэрээ”, “ММК” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2019.07.18-ны өдрийн 05 тоот “Компанийн гүйцэтгэх захирлын чөлөөлөх тухай”, 06 тоот “Компанийн гүйцэтгэх захирлыг томилох тухай” шийдвэрүүд, 0100861 тоот Н.А-ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, “ММК” ХХК-иас “ТБ” ХХК-д явуулсан 2021.03.24-ний өдрийн 21/20 тоот албан бичиг, Н.А-аас “ТБ” ХХК-д 2021.04.05-ны  өдрийн хүсэлт /хх 5-11, 65/,

Хариуцагч талаас, “ММК” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, “ММК” ХХК-ийн  зээлдэгчийн дансны хуулга  /хх 52-61/ зэргийг тус тус гаргасан.

Тус шүүхийн шүүгчийн 2021.09.22-ны өдрийн 182/ШЗ2021/08789, 2021.11.02-ны өдрийн 182/ШЗ2021/10168 дугаартай захирамжуудын дагуу Монгобанкны 2021.09.29-ний өдрийн Б-10/650 тоот албан бичиг, хавсралтаар ирүүлсэн Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн  “ММК” ХХК-ийн зээлийн мэдээллийн лавлагаа, 2021.11.09-ний өдрийн Б-10/779 тоот албан бичиг, хавсралтаар ирүүлсэн Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн  иргэн Н.А-ийн зээлийн мэдээллийн лавлагаа /38-50, 77-80/, хариуцагч “ТБ” ХХК-ийн 2021.11.15-ны өдрийн 25-1321/73 тоот албан бичгээр ирүүлсэн Н.А-ийн зээлийн мэдээллийн лавлагаа /хх 83-86/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс нэхэмжлэгч Н.А-ийн “ММК” ХХК болон “ТБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 48/01 дугаартай “Зээлийн гэрээ”-ний хамтран зээлдэгч биш болохыг тогтоолгох, Монголбанкны Зээлийн мэдээллийн сан дахь бүртгэлээс Н.А-ийн бүртгэлийг хасч бүртгэхийг даалгах тухай хариуцагч байгууллагад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч Н.А  нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, хариуцагч нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед “ТБ” ХХК болон “ММК” ХХК-ийн хооронд  байгуулсан 2017.06.02-ны өдрийн 48/01 тоот “Зээлийн гэрээ”-ний хамтран зээлдэгчээр иргэн Н.А-г бүртгэж, Монголбанкны Зээлийн мэдээллийн санд мэдээлснээс өөрийнхөө нэр дээр болон өөрийн компанийн нэр дээр  банк, санхүүгийн байгууллагаас зээл авах боломжгүй, эдийн засгийн хувьд хохирч, зээлдэгчийн адил үүрэг, хариуцлага хүлээх үндэслэлийг бий болгосон, Зээлийн мэдээллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2., 20 дугаар зүйлийн 20.2.3.-т заасан үүргээ биелүүлэхгүй, эрх ашиг зөрчигдсөн гэж тодорхойлон мэтгэлцсэн.

2.Хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, “ММК” ХХК болон “ТБ" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017.06.02-ны өдрийн 48/01 тоот “Зээлийн гэрээ”-нд хамтран зээлдэгч гэж гарын үсэн зурсан, банк алдаатай мэдээлэл өгсөн байж болох бөгөөд үүнийг залруулах зохицуулалт байна, харин дутуу мэдээлэл, илүү мэдээлэл оруулсан гэж үзэхгүй,  Н.А  гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад авсан тухайн компанийн зээл чанаргүй ангилалд ороход гүйцэтгэх захирлын үүргээс чөлөөлөгдөх нөхцөл байдал байж болно, зээлийн гэрээний хамтран зээлдэгч биш болохыг талууд л шийдэх ёстой, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн дээрх нотлох баримтуудаар дараахь үйл баримтууд тогтоогдсон.

3.1.Нэхэмжлэгч Н.А  нь “ММК” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2012.04.01-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байгаад 2019.07.18-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь “ММК” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2019.07.18-ны өдрийн 05 тоот “Компанийн гүйцэтгэх захирлын чөлөөлөх тухай”, 06 тоот “Компанийн гүйцэтгэх захирлыг томилох тухай” шийдвэрүүд, 0100861 тоот Н.Ариунаагийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, “ММК” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтаар нотлогдсон.

3.2.Н.А-г тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхэлж байх үед буюу 2017.06.02-ны өдөрММК” ХХК нь хариуцагч “ТБ” ХХК-иас 2 000 000 ам.долларыг, жилийн 11,5 хувийн, сарын 0,95 хувийн хүүтэйгээр, эргэлтийн хөрөнгийн  зориулалтаар зээлж аван 48/01 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээнд зээлдэгчийг төлөөлж “ММК” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Б, гүйцэтгэх захирал Н.А  нар гарын үсэг зуржээ.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.-д “Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно”, 62.3.-т “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8.-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж тус тус зааснаас үзэхэд тус компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан гүйцэтгэх захирал Н.Ариунаа нь ерөнхий захирлын хамт компанийг төлөөлж “Зээлийн гэрээ”-г байгуулсан нь дээрх хуулийн заалтуудад нийцсэн төдийгүй Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа хоёр хуулийн этгээдийн хооронд үүссэн байна.

 Дээрх 2017.06.02-ны өдрийн “ММК” ХХК болон  “ТБ” ХХК-ийн хооронд байгуулсан 48/01 тоот “Зээлийн гэрээ”-ний зүйл болох 2 000 000 ам.долларыг тус компанийн “ТБ” ХХК дахь 370000061186 тоот дансанд 2017.06.06-ны өдөр шилжүүлж, зээлдэгч “ММК” ХХК-иас зээл болон зээлийн хүү төлж,  2020.12.31-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 1 122 220 ам.долларын үүрэгтэй үлдсэн болох нь тус дансны хуулга, Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн зээлийн мэдээллийн лавлагаагаар нотлогдсон.

3.3.Хэрэгт авагдсан Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн  “ММК” ХХК-ийн зээлийн мэдээллийн лавлагаа, иргэн Н6А-ийн зээлийн мэдээллийн лавлагаа,  “ММК” ХХК-иас “ТБ” ХХК-д явуулсан 2021.03.24-ний өдрийн 21/20 тоот албан бичиг зэргээс үзэхэд  “ММК” ХХК болон “ТБ” ХХК-ийн хооронд байгуулсан 48/01 тоот “Зээлийн гэрээ”-ний хугацаа 2020.06.02-ны өдөр дууссан, зээлийн үүрэг болох 1 122 220 ам.долларын төлбөр нь муу ангиллын зээлд хамрагдаж “ММК” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн байна.

Эдгээрээс үзэхэд, 2017.06.02-ны өдөр “ММК” ХХК болон “ТБ” ХХК-ийн хооронд байгуулсан 48/01 тоот “Зээлийн гэрээ”-ний зээлдэгч нь нэхэмжлэгч Н.А  биш байх бөгөөд уг зээлийн гэрээний эхний хэсэгт “...Энэхүү зээлийн гэрээг...нөгөө талаас... “ММК” ХХК-ийг төлөөлж... ерөнхий/гүйцэтгэх захирал ... ...зээлдэгч гэх...,  ...хамтран зээлдэгч гэх...” гэж бичигдсэн нь иргэн  Н.А-ааг зээлдүүлэгч “ТБ” ХХК-ийн өмнө зээлийн гэрээний үүргийг хариуцахаар хамтран зээлдэгч буюу зээлдэгчээр тодорхойлсон гэж үзэх хууль үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, зээлдэгч “ММК” ХХК нь зээлдүүлэгч “ТБ” ХХК-иас 2 000 000 ам.долларыг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авч ашигласан, банкны өмнө зээлийн гэрээний үүрэгт 1 122 220 ам.долларыг төлөх үүрэг хүлээсэн үйл баримт тогтоогдсон байна.

4.Хариуцагч “ТБ” ХХК-ийн 2021.11.15-ны өдрийн 25-1321/73 тоот албан бичгээр ирүүлсэн Н.А-ийн зээлийн мэдээллийн лавлагаанд: “...Зээлдэгчийн мэдээлэл...Зээлдэгчийн ерөнхий мэдээлэл-01...Байгууллагын нэр: “ММК” ХХК...Гүйцэтгэх удирдлагын нэр: Б ...Гүйцэтгэх удирдлагын эцгийн нэр: А ...” гэж бичигджээ.

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8.-д зааснаар “Мэдээлэл нийлүүлэгч гэж зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа зээлдүүлэгч...” байх бөгөөд мэдээлэл нийлүүлэгч нь хариуцагч “ТБ” ХХК байна.

Уг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.-д “Зээлийн  мэдээллийн санд нийлүүлсэн зээлийн мэдээлэлд нэмэлт өөрчлөлт орсон бол мэдээлэл нийлүүлэгч нь тухайн нэмэлт өөрчлөлтийг ажлын 3 өдрийн дотор зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч этгээдэд хүргүүлнэ”, 20 дугаар зүйлийн 20.1.3.-т “зээлийн мэдээллийн санд  шилжүүлсэн мэдээлэлд худал, буруу ташаа нэмэлт мэдээлэл оруулахгүй байхад хяналт тавих”, 20.2.1.-д “зээлийн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгаж, бодитой, тодорхой, эх сурвалжид нийцсэн  мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэх”, 20.2.3.-т “зээлийн мэдээллийг дутуу, алдаатай нийлүүлсэн тохиолдолд засах, гүйцээх, нэмэлт оруулах арга хэмжээг нэн даруй авах” эрх, үүргийг мэдээлэл нийлүүлэгч  нь хэрэгжүүлэхээр байна.

Иймд, мэдээлэл нийлүүлэгч буюу зээлдүүлэгч “ТБ” ХХК нь Н.А-ийн зээлийн мэдээллийн лавлагаанд ...Гүйцэтгэх удирдлагын нэр: Б ...Гүйцэтгэх удирдлагын эцгийн нэр: А ...” гэх мэтээр буруу ташаа мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд мэдээлсэн, уг мэдээллээ засах, нэмэлт оруулах зэргээр дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Н.А  нь өөрийн эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдалд сэргээхээр иргэний эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлэх, Зээлийн мэдээллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2.-т зааснаар зээлийн мэдээллийн сан дахь мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэт бус тохиолдолд мэдээллийг шинэчлэхийг мэдээлэл нийлүүлэгч этгээдээс шаардах эрхтэй болно.

5.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч “ТБ” ХХК нь нэхэмжлэгч Н.А-г “ММК” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед нь тус компанид олгосон 2 000 000 ам.долларын зээлийн гэрээнд иргэний хувьд хамтран зээлдэгчээр бүртгэн зээлийн мэдээллийн санд буруу, ташаа мэдээлэл нийлүүлснээс нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөн байх тул  Н.А-ааг 48/01 тоот “Зээлийн гэрээ”-ний хамтран зээлдэгч биш болохыг тогтоон, Зээлийн мэдээллийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1., 20.2.3.-т заасан үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалган, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.2.-т заасныг тус  тус удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2., Зээлийн мэдээллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А-ааг “ТБ” ХХК болон “ММК” ХХК-ийн хооронд  байгуулсан 2017.06.02-ны өдрийн 48/01 тоот “Зээлийн гэрээ”-ний хамтран зээлдэгч биш болохыг тогтоож, иргэн Н.А-ийн нэрийг Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулан хасч бүртгэхийг хариуцагч “ТБ” ХХК-д даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.БАЙГАЛМАА