| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Золзаяа |
| Хэргийн индекс | 315/2025/00100/И |
| Дугаар | 001/ХТ2025/00220 |
| Огноо | 2025-12-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2025/00220
Б.Дгийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Э.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн
2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 315/ШШ2025/00206 дугаар шийдвэр,
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 222/МА2025/00008 дугаар магадлалтай,
Б.Дгийн нэхэмжлэлтэй
С.Д, В.Онарт холбогдох,
Гэм хор учруулсны төлбөрт 98,875,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагч В.О, хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Ц нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э /цахимаар/, хариуцагч В.О, хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч С.Д, В.Онарт холбогдуулан гэм хор учруулсны төлбөрт 98,875,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
2. Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.06.26-ны өдрийн 315/ШШ2025/00206 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Дгийн хариуцагч В.О, С.Д нараас тус бүр 49,437,500 төгрөг нийт 98,875,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 653,525 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
3. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.09.12-ны өдрийн 222/МА2025/00008 дугаар магадлалаар: Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.06.26-ны өдрийн 206 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2018.11.02-ны өдрөөс эхлэн тооцож, 2009.06.19-ний өдөр төрсөн охин Г.У, 2011.04.04-ний өдөр төрсөн хүү Г.Д нарыг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны зөрүү тус бүрд нь 217,000 төгрөг, нийт 435,000 төгрөгийг хариуцагч В.Оаас сар бүр гаргуулж, нэхэмжлэгч Б.Дд олгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсэгт “нэхэмжлэгч Б.Дгийн хариуцагч С.Дгаас гэм хорын төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Дгийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 652,325 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч В.Оаас 70,200 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсэг, заалтуудыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Д нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.
4. Хариуцагч В.О, түүний өмгөөлөгч Ж.Ц нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Талийгаач Х.Гын дундаж цалин хөлс нь 2,500,000 төгрөг байсныг нотлохоор нэхэмжлэгчээс ирүүлсэн талийгаачийн болон нэхэмжлэгч Б.Дгийн дансны хуулга, тус хуулгад тэмдэглэсэн мөнгийг “миний нөхрийн найз “Оч” гэсэн гүйлгээний утгатайгаар над руу шилжүүлдэг байсан нь миний нөхрийн цалин” гэсэн тайлбар, хариуцагч В.О “талийгаачийн цалинг өөр хүний данс руу шилжүүлдэггүй, өөрийнх нь дансанд хийдэг байсан” гэх тайлбар зэргийг үндэслэн талийгаачийн сарын дундаж цалин орлогыг шүүх тогтоох боломжгүй.
Талийгаач Х.Г нь тогтмол цалин авдаггүй, ажлын үр дүнгээс хамаарч цалинждаг байсан ба нэхэмжлэгч нь талийгаачийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулга болон цалингийн цэс, ажил олгогчтой цалин хөлсний талаар тооцоо нийлсэн баримтуудыг шүүхэд ирүүлээгүй. Анхан шатны шүүх Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хорооны 2024.10.07-ны өдрийн “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон” 3 дугаартай тогтоолыг үндэслэн нас барагчийн орлогыг 792,000 төгрөгөөр тооцож, гэр бүлийн 4 гишүүнд хуваахад 1 хүнд 198,000 төгрөг байх ба насанд хүрээгүй 2 хүүхдэд оногдох 396,000 төгрөг гэж тооцоод үүнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нэхэмжлэгчийн хэлсэн 397,000 төгрөгөөс хасаж тооцоход зөрүү гарахгүй байх тул хариуцагчаас гарах төлбөргүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Талийгаач Х.Г нь хариуцагч В.Оы “Норд бенз” маркийн ачааны машиныг 8 сарын хугацаатайгаар хариуцан тээвэр хийж байсан бөгөөд энэ хугацаанд 4 удаагийн шилжүүлгээр “ХБ” ХК-ийн нэрийн дансаар 4,860,000 төгрөг цалин гэж гүйлгээ хийгдсэн байна. Өөр ямар нэгэн орлого тодорхойлж ашиг олсон баримт байхгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх нь Х.Гын 1 сарын орлогын дунджийг 1,620,000 төгрөгөөр тооцож 2009.06.19-ний өдөр төрсөн охин Г.У, 2011.04.04-ний өдөр төрсөн хүү Г.Д нарт тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг 18 нас хүртэлх хугацаагаар тооцоолж, 2018 оны 11 сараас хүүхэд тус бүрт 217,500 төгрөг хариуцагч В.Оаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 2.1.1-т “1 сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж тодорхойлно” гэж заасан. Талийгаач Х.Гын 8 сарын хугацаанд ажиллаж байхдаа авсан цалингийн дундаж нь 607,500 төгрөг болж байхад 1,620,000 төгрөгөөр нэмэгдүүлж тооцсон нь хуулийг буруу тайлбарлаж, ноцтой зөрчсөн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.11.27-ны өдрийн 001/ШХТ2025/01112 дугаар тогтоолоор хариуцагч В.О, хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Ц нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр авч хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч С.Д, В.Онарт холбогдуулан гэм хор учруулсны төлбөрт 95,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлийг “ Б.Д нь нөхөр Х.Гтай 2008 онд гэрлэсэн. 2009.06.19-ний өдөр охин Г.У, 2011.04.04-ний өдөр хүү Г.Д нар төрсөн. 2018.11.02-ны өдөр Х.Г нь ажил үүргээ гүйцэтгэж яваад хамт ажиллаж байсан Н.Гын автомашинд дайруулж нас барсан. Н.Гын ажил олгогч нь С.Д, түүний эзэмшиж байсан машины өмчлөгч нь В.Оюм. Талийгаач Х.Г нь сарын 2,500,000-3,000,000 төгрөгийн цалин авдаг байсан. Хүүхдүүдийг 18 нас хүртэл хохиролд 98,875,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарлажээ.
7. Хариуцагч С.Д, В.Онар нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа “...нэхэмжлэгч Б.Д нь тухайн осол гаргаж гэмт хэрэгт холбогдон ял шийтгэгдсэн жолооч Н.Гыг хариуцагчаар татахгүй биднийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Жолооч Н.Г нь учруулсан гэм хорын хохирлоо төлж барагдуулах учиртай” гэжээ.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “Н.Г нь Сүхбаатар аймгийн ЭСБ гэх газарт 2018.11.02-ны өдрийн 17 цагийн орчимд В улсын дугаартай North Benz маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн хийхдээ Х.Гыг дайрч амь насыг нь хохироосон. Н.Г нь хариуцагч В.Отай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч цалин хөлс авахаар тохиролцон В.Оы өмчлөлийн ХХ-ХХ ХХХ улсын дугаартай North Benz маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, хийсэн ажлынхаа үр шимээс хамааран цалинжиж ажилладаг байсан. С.Д хариуцагч биш. Хариуцагч В.Онь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хариуцлагыг хүлээнэ. Х.Гын сарын дундаж цалин орлогыг шүүх тогтоох боломжгүй байна. Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024.10.07-ны өдрийн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон 03 дугаартай тогтоолыг үндэслэн нас барагчийн орлогыг 792,000 төгрөгөөр тооцож гэр бүлийн 4 гишүүнд хуваахад 1 хүнд 198,000 төгрөг ногдох ба насанд хүрээгүй 2 хүүхдэд ногдох 396,000 төгрөг гэж тооцоод үүнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нэхэмжлэгчийн тайлбарласан 397,000 төгрөгөөр хасаж тооцоход зөрүү гарахгүй байна. С.Д хариуцагч биш.” гэжээ.
9. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “2018.11.02-ны өдөр Н.Г нь ХХ-ХХ ХХХ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслээр Х.Гыг мөргөж, амь насыг нь хохироосон. Хариуцагч В.ОХХ-ХХ ХХХ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч В.Онь уг тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас хохирсны улмаас учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Б.Д нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.2 дахь хэсэгт зааснаар талийгаачийн асрамжид байсан насанд хүрээгүй 2 хүүхдэд олгох гэм хор учруулсны төлбөрийг тэдний хууль ёсны төлөөлөгчийн хувиар нэхэмжлэх эрхтэй. Талийгаач Х.Гын 5374451644 дугаартай, ХБны дансны хуулгаар 2018.08.27-ны өдөр 1,500,000 төгрөг, 2018.09.01-ний өдөр 1,360,000 төгрөг, 2018.10.08-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018.10.30-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 4,860,000 төгрөгийн орлого орсон. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.1.1-д заасны дагуу талийгаач Х.Гын нэг сарын орлогын дундаж 1,620,000 төгрөг болно. 2009.06.19-ний өдөр охин Г.У, 2011.04.04-ний өдөр хүү Г.Д нар төрсөн. Талийгаачийн нэг сарын орлого болох 1,620,000 төгрөгөөс нас барагчид өөрт нь болон түүний эхнэрт ногдох хэсгийг хасахад түүний 2 хүүхдэд 810,000 төгрөгийн орлого ногдож байх ба үүнээс тэдний тэжээгчээ алдсаны тэтгэвэрт сар бүр авдаг 375,000 төгрөгийг хасаж тооцоход 435,000 төгрөгийн зөрүү гарч байна. Үүнээс нэг хүүхдэд ногдох хэсгийг тооцоход 217,500 төгрөг болно. 2 хүүхдэд тэднийг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны зөрүү тус бүрд нь 217,500 төгрөг, нийт 435,000 төгрөгийг хариуцагч В.Оаас сар бүр гаргуулж, нэхэмжлэгч Б.Дд олгоно. Хариуцагч С.Д ХХ-ХХ ХХХ улсын дугаартай “Норд бенз” маркийн автомашины эзэмшигч биш тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно” гэжээ.
10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх залруулж өөрчлөлт оруулахдаа үйл баримтыг дутуу дүгнэснээс тооцооллын алдаа гаргаснаас гадна гэм буруугүйгээр гэм хорын хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлийг зөрүүтэй тайлбарласан байна. Хяналтын шатны шүүхээс уг алдааг залруулах боломжтой.
11. Х.Г нь 2018.11.02-ны өдөр Н.Гын жолоодож байсан ХХ-ХХ ХХХ улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлж нас барсан, хариуцагч В.Оуг ХХ-ХХ ХХХ улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч бөгөөд жолооч Н.Гын ажил олгогч, Х.Г нь насанд хүрээгүй хоёр хүүхэдтэй, хүүхдүүдийн эх нь тэдгээрийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй, хариуцагч С.Дд нэхэмжлэлийн шаардлага хамааралгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ... амь нас ...-д хууль бусаар ... болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж тус тус заажээ.
Хариуцагч В.Онь жолооч Н.Гын ажил олгогч бөгөөд ажилтантай хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар бичгээр байгуулаагүй боловч жолооч Н.Г нь хэрэг учрал гарах үед хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэж байсан байна.
Иймд түүний үйлдлээс учирсан гэм хорын хохирлыг ажил олгогчийн хувьд В.О хариуцан арилгах үүрэгтэй.
12.1. Харин анхан шатны шүүх хариуцагч В.Оыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 болон 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирол төлөх үүрэгтэй гэж шаардах эрхийн зөрүүтэй үндэслэлийг адил гэж дүгнэсэн нь алдаатай болжээ. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийн зохицуулалт нь хөдөлмөрийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан ажилтны гэм хор арилгах үүргийг ажил олгогч хариуцах бол мөн хуулийн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж зааснаар тээврийн хэрэгслийг эзэмшигчийн хувьд гэм хор хариуцах үүргийн зохицуулалт болно. Хэдийгээр В.Онь нэг талаас ажил олгогч нөгөө талаас зам тээврийн осол гаргасан жолооч Н.Гын жолоодож байсан тээврийн хэрэгслийн өмчлөгч боловч түүний хариуцах гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь дээрхи зохицуулалтын аль нэгээр зүйлчлэгдэх учиртай.
Иймд ажил олгогчийн хувьд гэм хор учруулснаас үүсэх үүргийг хариуцуулсан тохиолдолд түүнд нэмж тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хувьд дахин үүрэг ногдуулах нь зохимжгүй.
13. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан ... найман нас хүрээгүй хүүхэд ... авах эрхтэй”, мөн зүйлийн 508.3 дахь хэсэгт “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна.”гэж тус тус заажээ.
13.1. Х.Гын дундаж цалин хөлсийг “ХБ” ХК дахь түүний эзэмшлийн дансаар 2018.08.27-ны өдөр 1,500,000 төгрөг, 2018.09.01-ний өдөр 1,360,000 төгрөг, 2018.10.08-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018.10.30-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 4,860,000 төгрөгийн орлого орсон байхад анхан шатны шүүх түүний орлогыг тодорхойлох боломжгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулсан нь зөв болжээ.
Давж заалдах шатны шүүх дээрх баримтыг үндэслэн талийгаач Х.Гын орлогыг нэг сарын 1,620,000 төгрөг гэж тогтоосон нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.1.1-д “нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж тодорхойлно” гэж заасантай нийцжээ.
Учир нь хариуцагч В.О“талийгаач Х.Г нь 2018 оны 4-11 сарын хугацаанд ажиллаж байсан ба тээвэрлэх ачаа байх үед тээвэрт явдаг, ойрын тээвэр 150,000 төгрөг, холын тээвэр 300,000 төгрөгийн ханштай байсан” гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Иймд талийгаач Х.Гын дансаар орсон мөнгөн орлогыг үндэслэн түүний сарын орлогыг тодорхойлоход 2018 оны 4 сараас 7 сар дуусах хүртэлх хугацааг оруулан тооцох боломжгүй.
13.2. 2018.11.02-ны өдрийн байдлаар талийгаач Х.Гын төрсөн охин Г.У 9 настай, хүү Г.Д 7 настай байсан. Талийгаач Х.Гын сарын орлого 1,620,000 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж нэг хүүхдэд ногдох хэсгийг 405,000 төгрөг болохыг давж заалдах шатны шүүх зөв тогтоосон. /1,620,000:4/
13.3. Тэжээгчээ алдсаны тэтгэмж жил бүр өөрчлөгдөж байсан нь нэхэмжлэгч Д.Долгорсүрэнгийн эзэмшлийн “ХБ” дахь дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2025.09.12-ны өдрийг хүртэлх хугацаан дахь төлбөрийг нэг мөр тооцож олгох байжээ. Гэтэл давж заалдах шатны шүүх сар бүр олгох байдлаар нэхэмжлэлийг тодорхойлж шийдвэрлэсэн нь шийдвэрийг гүйцэтгэхэд ойлгомжгүй, тодорхойгүй байдлыг бий болгосон гэж дүгнэж дараах байдлаар уг алдааг залруулна.
13.3.1. Д.Долгорсүрэнгийн “ХБ” ХК дахь дансны хуулгаас үзвэл 2023.06.15-ны өдрийг хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэвэр нэг хүүхдэд сард 144,000 төгрөгийг олгосон байх тул 2018.11.02-ны өдрөөс 2023.06.15-ны өдрийг хүртэл төлбөрт 55 сарын хугацаанд сар бүр нэг хүүхдэд 261,000 төгрөгөөр /405,000-144,000/ тооцвол 14,355,100 төгрөг, 2 хүүхдэд 28,710,000 төгрөг болжээ.
13.3.2. Мөн нэхэмжлэгчийн дээрх банкны дансны хуулгаас 2023 оны 7 сараас 2024.03.14-ний өдрийг хүртэл хугацаанд нэг хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр сард 163,000 төгрөг олгож байсан тул 2023 оны 7 дугаар сараас 2024 оны 3 дугаар сар дуустал 9 сарын хугацааны төлбөрийг сар бүр нэг хүүхдэд 242,500 төгрөг /405,000-163,000/-өөр тооцвол нийт 2,182,500 төгрөг, хоёр хүүхдэд 4,365,000 төгрөг болж байна.
13.3.3. Мөн баримтыг үндэслэн 2024.04.15-2025.09.12-ны өдрийг хүртэл нэг хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр сард 187,500 төгрөг олгож байсан тул 2024.04.15-ны өдрөөс 2025.09.12-ны өдрийг хүртэл төлбөрт 18 сарын хугацаанд сар бүр нэг хүүхдэд 217,000 төгрөгөөр тооцвол 3,915,000 төгрөг, хоёр хүүхдэд 7,830,000 төгрөг болно.
13.3.4. Дээрх хугацааны төлбөрийг нэгтгэж хариуцагч В.Оаас 40,905,000 төгрөгийг гаргуулж хүүхдүүдийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-д олгохоор байна.
14. Харин 2025 оны 10 дугаар сараас хойш олгох төлбөрийн зөрүүг нэг хүүхэд 217,000 төгрөгөөр тооцож хүүхдүүдийг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар бүр хариуцагч В.Оаас гаргуулж нэхэмжлэгчид олгож байхаар шийдвэрлэх нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1-д тус тус нийцнэ.
15. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч С.Дд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хууль баримтлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт “тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, ...” гэснийг зөрчсөнийг залруулав.
Түүнчлэн магадлалын тогтоох хэсгийг заалтын дугаарлалтад “Нэг”, “1.1.” гэх зэрэг тэмдэглэлийг хэрэглэсэн нь зохимжгүй байгааг анхааруулах нь зүйтэй.
16. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч В.Оы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 222/МА2025/00008 дугаар магадлал, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 315/ШШ2025/00206 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч В.Оаас 40,905,000 төгрөг гаргуулж Б.Д-д олгож, 2025 оны 10 дугаар сараас сар бүр 435,000 төгрөг гаргуулж 2009.06.19-ний өдөр төрсөн Г.Уд 217,500 төгрөг, 2011.04.04-ний өдөр төрсөн Г.Дт 217,000 төгрөгөөр тэдгээрийг 16 нас, суралцаж буй бол 18 нас хүртэл олгохыг тус тус даалгаж, хариуцагч С.Дд холбогдох гэм хорын хохирол гаргуулах тухай Б.Д нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,
Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “56.1” гэснийг “56.2” гэж, “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч В.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 362,475 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч В.Онь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.10.06-ны өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
Э.ЗОЛЗАЯА
Б.УНДРАХ