Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0625/З |
Дугаар | 128/ШШ2017/067 |
Огноо | 2017-01-24 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2017/067
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагч:Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Гуравдагч этгээд: “Н” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 47 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/356 дугаар захирамжийг хүчингүйд тооцуулах
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.Т, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч А.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, гуравдагч этгээдийн өмгөөдөгч Х.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний хууль зүйн үндэслэлээ: “....Н нь 1989 онд байгуулагдан үйл ажиллагаагаа эхлэж улмаар 2000 онд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Н болон өргөжиж Монголын Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллага юм. Тус төвийн үндсэн бүтцийн нэг нь эмийн
үйлдвэр бөгөөд Хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цар хүрээ өргөжих тутам эмийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий болсон учир Нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 тоот захирамжаар 2004 онд Сүхбаатар дүүргийн 06 дугаар хорооны нутагт Эмийн үйлдвэрийн зориулалтаар газар эзэмших №004******* тоот гэрчилгээг 15 жилийн хугацаатай олгож, ******* тоот газар эзэмшүүлэх гэрээг байгуулан ажиллаж байна.
Мөн эмийн үйлдвэрийн хуучин барилгыг шинэчлэх хэрэгцээ шаардлагын улмаас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 87 дугаар тогтоол, Нийслэлийн засаг дарга 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 445 тоот захирамж гаргаж барилгыг актлаж, тухайн газар дээрээ шинээр Сургалт сувилал эрдэм шинжилгээ судалгааны цогцолбор төвийн барилга барихаар зохих зөвшөөрлийг авснаар 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” 470 тоот захирамж гарч эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрлийг таван жилийн хугацаатай Нд олгосон юм.
Гэтэл Нийн тухайн газрыг эзэмших гэрчилгээ, гэрээний хугацаа дуусаагүй, мөн шинээр цогцолборын барилга барих зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байхад Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны А/54 дугаар “Газар эзэмшүүлэх ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамж гарч тус газарт газар эзэмших эрхийг хууль бусаар хүчингүй болгосон юм.
Улмаар энэхүү Засаг даргын шийдвэрийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 718 дугаар шийдвэр гарч Нийслэлийн Засаг даргын дээрх шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн билээ. Гэтэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 5-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дээрх акталсан барилгыг “Н" ХХК шилжүүлэн өгсөн шийдвэрийг гаргаж улмаар энэ тогтоолд үндэслэж Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/356 дугаар захирамж гарч тус обьектыг өр төлбөрт шилжүүлэн өгөх ажлыг зохион байгуулж эхлээд байна. Манай байгууллагад дээрх шийдвэр гарсныг захиргааны байгууллагаас албан ёсоор мэдэгдээгүй бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтнүүд 2016 оны 06 дугаар сарын 20-
ны өдөр тус обьектод ирж энэ тухай мэдэгдсэн болно.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 47 дугаар тогтоолоор нэгэнт актлагдсан тухайн обьектын байршиж буй газар нь өөр хуулийн этгээдийн эзэмшилд хуулийн дагуу байгаа нөгөөтэйгүүр газар эзэмшигч тухайн газартаа өөр обьект барих зөвшөөрлийг албан ёсоор өгсөн байхад актласан шийдвэрээ гэнэт хүчингүй болгож огт хамааралгүй өөр хуулийн этгээдэд шилжүүлсэн нь манай байгууллагын хууль ёсны эрх ашгийг хөндсөн илт хууль бус үйлдэл боллоо гэж үзэж байна.
Түүнчлэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 47 дугаар тогтоолд үндэслэн гарсан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Б/356 дугаар захирамж мөн хууль бус гэж үзэж байна.
Иймд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 47 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Б/356 дугаар захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хууль зүйн үндэслэлээ: “...Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаар тогтоолоор Нийн блансад бүртгэлтэй 40260300 төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий эмийн үйлдвэрийн барилга байгууламжийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хассан байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 47 дугаар тогтоолоор “Н” ХХК-д төлөх 725 788 829 төгрөгийн өр төлбөрт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийслэлийн өмчийн барилгыг шилжүүлж, хөрөнгө бүртгэлээс хасах тухай Нийслэлийн Засаг даргын 2010 оны 445 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Б/356 дугаар захирамж нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 47 дугаар тогтоолд үндэслэж хууль ёсны дагуу гарсан байна.
Иймд нийслэлийн Засаг даргын 2016 оны Б/356 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх
боломжгүй байна” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар хууль зүйн үндэслэлээ: “...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна. Мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-т орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчид шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ гэж заасан байна.
Иймд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6-р хороонд байрлах нийслэлийн өмчийн акталсан барилга байгууламжийг Н ХХК-д өрийн үлдэгдэлд холбогдох шат шатны шүүхийн шийдвэрийн үндсэн дээр шилжүүлэн өгсөн болно.
Уг маргаан бүхий Уламжлалт анагаах ухаан элэг судлалын клиник төвийн блансанд бүртгэлтэй тус барилга байгууламж нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын дүрмийн шаардлага хангахгүй болсон байсан тул нийслэлийн өмчийн бүртгэлээс 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаар тогтоолоор хассан байсан болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “Н” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хууль зүйн үндэслэлээ: “...Нэг. Манай компани нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 15-р хороололд байх 60 айлын орон сууцны зориулалтай 113-р байрны албан ёсны өмчлөгч байсан. Гэтэл манай өмчийн байрыг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас дур мэдэн бусдад эзэмшүүлсэн асуудлаар үүссэн өмчийн маргаан шүүхээр шийдвэрлэгдсэн. Засаг даргын Тамгын газар нь нэгэнт оруулсан олон айлыг хөөж гаргах нь хүндрэлтэй гэсэн тайлбарын дагуу Чингэлтэй шүүхийн 2006 оны 1150 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2007 оны 45 дугаар магадлалаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 60 айлын орон сууцны барилгын нөхөн төлбөрт тухайн үеийн үнэлгээгээр 1209241600 төгрөгийг гаргуулах болсон.
Манай компани шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөрийг барагдуулах талаар 2006-2007 онд Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Өмчийн газарт удаа дараа хандсан боловч тэд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тул манай хүсэлтээр 2007 онд шүүх Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 532 тоот захирамж, 82
тоот шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бичсэн. Үүний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газарт өр төлбөрийг барагдуулах талаар удаа дараа шаардсан юм. Мөн манай компаниас ч гэсэн өр төлбөрийг барагдуулах талаар өөрийн шаардлага болон тодорхой олон саналуудыг хүргүүлж байсан. Нийслэлийн төсвөөс тухайн үеийн их хэмжээний мөнгөн хөрөнгийг шууд гаргуулахад хүндрэлтэй гэдгийг бид ойлгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн урьд жилүүдийн практикийг харгалзан, Төрийн өмчийн тухай хуулийн 77-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийслэлийн өмчийн ашиглалтгүй, ашиглалт үр дүн муу байгаа хөрөнгөөс төлбөрт дүйцэх хэмжээний хөрөнгө, хөрөнгийн эрхийг нэхэмжлэгчид олгох нь шүүхийн шийдвэрийг эв зүйгээр хэрэгжүүлэх хамгийн дөт бөгөөд бодитой арга зам гэж бид үзэж асуудлыг шийдвэрлүүлэхээр олон шаардлага, санал өгч байсан юм.
Ингэсний үр дүнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 143 тоот “Өрийн асуудлыг шийдвэрлэх тухай” тогтоол, Нийслэлийн засаг даргын 613 тоот “Өр барагдуулах тухай” захирамж гаргасны дагуу урт хугацаанд алдагдалтай ажиллаж байсан “У*******” ХХК-ийн нийслэлийн мэдлийн 34 хувийн хувьцааг 725788830 төгрөгийн өрөнд тооцон манайд өгсөн. Манай компани “У*******” ХХК-ийн хувьцааг худалдан аваагүй бөгөөд зөвхөн өр авлагаа барагдуулах зайлшгүй шаардлагаар хүлээн авсан юм. Гэтэл “У*******” ХХК-ийг хамтран байгуулсан солонгосын талын компани Нийслэлийн удирдлагын шийдвэрийг компанийн хуулиар хүлээн зөвшөөрөөгүй шүүхэдсэн тул хувьцаа шилжих ажил зогсож, манай авлага барагдаагүй үлдсэн юм.
Манай компани болон Нийслэлийн захиргааны хоорондох тооцооны асуудал, өр барагдуулалт нь маш удаан хугацаанд шүүхийн шийдвэр гарснаас хойш 11 дэх жилдээ үргэлжилж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, өмгөөлөл, хуульзүйн туслалцаа авах, орон нутгийн захиргааны хүнд сурталтай тэмцэх зэрэгт их хугацаа зарцуулж, зардал чирэгдэл, хөдөлмөр зарцуулсан, мөн мөнгө валютын ханшны өөрчлөлт үнэгүйдэл, үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт, хөрөнгөө түрээслээд олох байсан ашигаа ологүй бизнесийн алдагдсан боломж, эдийн засгийн алдагдал зэргээр онц их хэмжээний хохиролтой учирсан.
Иймээс манай компанийн хувьд төлбөрийг яаралтай барагдуулах зорилгоор
нийслэлийн ашиглалтгүй, үр ашиг муутай зарим барилга байгууламжийг өрөндөө тооцож авах талаар олон удаагийн олон санал санаачлагыг хүргүүлж ирсэн. Тухайлбал 1936 онд баригдсан, ашиглалт муутай Хан-Уул дүүргийн соёлын төвийн барилгыг, 2-р төрөхийн хашаанд байгаа хуучин актлагдсан уурын зуух, угаалгын байр, зоорийг, У******* ХХК-ийн нийслэлийн мэдлийн 34 хувийг, Улаанбаатар паласын урд байх спорт цогцолборын дуусаагүй барилга каркасыг, Монголын архитектур нэгдэлийн барилгын шатсан хэсгийг, Улсын Их Хурлын 1999 оны 29-р тогтоолоор нийслэлийн мэдэлд ирсэн боловч нийслэл өөрөө эзэмшиж ашиглаж байгаагүй 1959 онд баригдсан Экологийн боловсролын төв ашиглаж байсан хуучин барилгыг, Стадионы баруун хойно байх жилдээ наадмын 2 хоног ашиглагддаг зуны үйлчилгээний 2 ширхэг ТҮЦ хуучин барилгыг авахаар санал болгож байсан билээ.
Ингэж манай олон жилийн шаардлагын дүнд 2016онд Нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга нь Сүхбаатар дүүргийн 6-р хороонд байх 1952 онд баригдсан, 2010 онд актлагдаж, Нийн блансаас хасагдсан хуучин барилгыг манайд төлөх өрөндөө тооцон шилжүүлэхээр шийдвэрлэсэн тул бид өрийг барагдуулж дуусгах шаардлагаар хүлээн зөвшөөрч аваад байна.
Хоёр. Нэхэмжлэгч “Н”-ийн дүрэм, байгуулагдсан бичиг баримттай танилцахад уг төв нь Нийслэлийн Засаг даргын дэргэдэх төсөвт үйлдвэрийн газрын эрх хэмжээтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. /“Н”, Улсын бүртгэлийн гэрчилгээ 2015.07.30, улсын бүртгэлийн дугаар 90*******, регистр 9*******/.
“Н” нь анх 1989 онд Улаанбаатар хотын Захиргааны даргын тушаалаар “Эл*******” нэрээр байгуулагдсан байдаг. Нийслэлийн засаг даргаас 1991 онд эмнэлгийн удирдлагыг шинээр томилж, 1997 онд улируулан томилсон байна. Нийслэлийн Засаг даргын 2000.12.29-ны 468-р захирамжаар байгууллагын нэрийг одоогийн “Н” гэж өөрчлөн нэрлэж, дүрмийг нь шинэчлэн батлажээ.
Харин нэхэмжлэгчийн маргааны зүйл болох эмийн үйлдвэрийн хуучин барилгыг Нийслэлийн Засаг даргын 1996.01.11-ны өдрийн А/12 дугаарын захирамжаар “Эл*******”-д блансаар шилжүүлэн ашиглуулах болжээ.
“Н” нь дүрмийн дагуу Нийслэлийн өмчит төсөвт газрын хувьд 2001, 2007 онд Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын даргын баталсан “Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-тэй ажиллаж ирсэн байна.
Төсөвт үйлдвэрийн газрын хувьд түүний өмчийн асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулдаг. Уг хуулийн 13-р зүйлийн 3/-т зааснаар “Н” нь орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг гэсэн ангилалд багтаж байна.
Гурав. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “орон нутгийн буюу тухайн аймаг, нийслэлийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдах, шилжүүлэх талаар Засаг даргын өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэж шийдвэрлэх”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “ Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ. Төрийн өмчит хуулийн этгээдийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь дор дурдсанаар ангилна: 1/ төрийн байгууллага, албан газар; 2/ төрийн өмчит үйлдвэрийн газар, 3/төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг”, Орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна”, 77.2-т “Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхтэй” 77.3-т “орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах” 77.4-т “Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл орон нутгийн өмчийн хувьд өмчлөгч нь хуульд зааснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн хурал болно. Иргэний хуулийн 103 дугаар зүйлд “103.1. Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана.”гэж заасан. Мөн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд “101.1. Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээгээр ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “ Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаар тогтоолоор Нийн хүсэлтээр түүний блансад бүртгэлтэй байсан нийслэлийн өмч болох эмийн үйлдвэрийн хуучин барилга байгууламжийг хөрөнгийн бүртгэлээс нь хассан байна. Энэ талаар одоог хүртэл 7 жилийн хугацаа өнгөрсөн “Н” нь ямар нэгэн гомдол санал гаргаж байгаагүйгээс үзэхэд хүлээн зөвшөөрч
байсан гэж дүгнэж байна.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 47 дугаар тогтоолоор “Н” ХХК-д төлөх 725 788 829 төгрөгийн өр төлбөрт Сүхбаатар дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон Нийслэлийн өмчийн барилгыг шилжүүлж, хөрөнгө бүртгэлээс хасах тухай Нийслэлийн Засаг даргын 2010 оны захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Б/356
дугаар захирамж нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 47 дугаар тогтоолд үндэслэж гарсан.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах” гэж заасан бөгөөд Засаг дарга өөрийн саналыг Нийслэлийн иргэдийн ТӨлөөлөгчдийн Хуралд өргөн бариад, гарсан тогтоолын дагуу өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд захирамжаа гаргасан байна.
Дөрөв. Нийн актлагдсан барилгын газрын тухайд гэвэл Нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 5-ны өдрийн 360 дугаар захирамжын хавсралтад зааснаар “73.Эмийн үйлдвэр-лэлийн зориулалтаар 2893 м2 газар” эзэмшиж байсан байна. Нийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/54 дүгээр захирамжаар хүчингүй болгож, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт уг газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсан байдаг боловч Нөөс А/54 захирамжийн үндэслэлийг буруу гэж үзэн маргаж, захиргааны анхан шатны шүүхийн 2015.10.28-ны 0718 дугаар шийдвэрээр А/54 захирамжийн үндэслэл буруу байсныг тогтоосон бөгөөд захирамжийн үндэслэлээ илт буруу гаргасан байгааг НЗД-ийн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, нийслэлийн Засаг даргын зүгээс дахин газрын харилцаатай холбоотой захирамж гаргах асуудал нээлттэй тул давж заалдаагүй байна.
Н нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 470 дугаар захирамжаар 5 жилийн хугацаанд багтаан барилга барих зөвшөөрөл авчээ. 470-р захирамжийн “18.Нд Сувилал, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны төвийн барилгын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт Хотын түргэн тусламжийн авто баазын зүүн талд байршуулан 0.086 га” газрыг барилга барих зөвшөөрөл олгохоор захирамжилж эзэмшиж байсан газрын хэмжээг багасгажээ.
Гэвч захирамжид заасан хугацаа болох 5 жилийн дотор “Сувилал, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны төв”-ийн барилга барих ямар нэгэн ажил хийгдээгүй, зураг төсөл батлуулаагүй, хуучин барилгыг буулгаагүй байдаг. Учир нь өмнөх хурал дээрх Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараас харахад санхүүжилтийн асуудлыг нийслэл шийдээгүйтэй холбоотой байдаг. Ингээд барилга барих зөвшөөрөл авсан гэх боловч 2016 онд зөвшөөрлийн хугацаа нь дуусчихсан байна. Үүнийг манай талаас Нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн байгууллагаас тодруулга авч мэдсэн.
Энэ бүгдээс үндэслэн дүгнэхэд нийслэлийн өмчийн асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий 2 субьект нь өөрийн шийдвэрээ хуульд нийцсэн хэлбэрээр гаргасан байгаа нь нотлогдож байх бөгөөд “Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Нийслэлийн Засаг даргын шийдвэр нь зохих хуульд нийцүүлэн гарсан хууль ёсны шийдвэр байх тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч, хариуцагч гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 47 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/356 дугаар захирамжийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “манай байгууллагын газар эзэмших эрх хүчин төгөлдөр байгаа...уг хүчин төгөлдөр эрх бүхий газар дээр байрлаж байгаа акталсан барилгыг бусдад өр төлбөрт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...газар эзэмшигчид тухайн газар дээрээ өөр обьект барих зөвшөөрөл олгосон атлаа өөр этгээдэд шилжүүлж байгаа нь манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн...” гэж тодорхойлон, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өөрийн эрх хэмжээний хүрээнд, шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор уг обьектыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн...”
гэж тайлбарлан маргаж байна.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 47 дугаар бүхий “Өр төлбөрт хөрөнгө шилжүүлэх тухай” тогтоолоор Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2.3 дахь заалт, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 1150 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 45 дугаар магадлал, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 87 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 01/909 дугаартай албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн “...Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Н ХХК-д төлөх 1 209 241 600 /нэг тэрбум хоёр зуун есөн сая хоёр зуун дөчин нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийн өрийн үлдэгдэл 725 788 829 /долоон зуун хорин таван сая долоон зуун наян найман мянга найман зуун хорин ес/ төгрөгийн өр төлбөрт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийслэлийн өмчийн барилгыг шилжүүлэн өгөхийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид зөвшөөрч энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн засаг даргын 2010 оны 445 дугаар захирамжийг хүчингүй болгохыг Нийслэлийн засаг даргад даалгажээ.
Уг тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/356 дугаар бүхий “Өр төлбөрт хөрөнгө шилжүүлэн өгөх тухай” захирамжаар Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын а, б, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 1150 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 45 дугаар магадлалын дагуу
“...Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Н ХХК-д төлөх 1 209 241 600 /нэг тэрбум хоёр зуун есөн сая хоёр зуун дөчин нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийн өрийн үлдэгдэл 725 788 829 /долоон зуун хорин таван сая долоон зуун наян найман мянга найман зуун хорин ес/ төгрөгийн өр төлбөрт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн зориулалтаар 1952 онд баригдаж ашиглалтад орсон, одоо ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийслэлийн өмчийн 2 давхар барилгыг Н ХХК-д хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн өмчийн харилцааны даалгаж улмаар Нийслэлийн засаг даргын 2010 оны 445 дугаар захирамжийг хүчингүй болгосон, Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/283 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2015/01 дугаар актаар уг барилгыг “Н” ХХК-д хүлээлгэн өгч акт үйлдсэн үйл баримтууд тогтоогдов.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийг зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг улсыг төсөвт үйлдвэрийн газар гэнэ” мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 2-д ”орон нутгийн нийтийн зориулалттай өмчид тухайн орон нутгийн хүн амын нийтийн хэрэглээнд зориулсан эд хөрөнгө хамаарна” гэж зааснаас үзвэл Уламжлалт анагаах ухаан элэг судлалын клиник төв нь уламжлалт ба орчин цагийн анагаах ухааны тусламж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн өмчит үйлдвэрийн газар ба түүний ашиглаж буй эд хөрөнгө нь орон нутгийн нийтийн зориулалттай эд хөрөнгөд хамаарахаар байна.
Түүнчлэн уг хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа илүүдэл үндсэн эд хөрөнгө, түүнчлэн ашиглах хугацаа нь дууссан буюу ...зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон...эд хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгаж болно” гэж, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тухайн аймаг, нийслэл сум дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна” мөн зүйлийн 2-ын 3-д “орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг...бусдад шилжүүлэх..-ийг хэлэлцэн батлах”, мөн 77 дугаар зүйлийн 3-д “Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх...асуудлыг гагцхүү иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний хуралдааны чөлөө цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байх ба хуулийн 78 дугаар зүйлийн 1-д “Засаг
дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй” –г заажээ.
Үүнээс үзвэл маргаж буй захиргааны актуудаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид өөрт олгогдсон эрх хэмжээнд нийцүүлэн Уламжлалт анагаах ухаан элэг судлалын клиник төвийн үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн өмчийн зүйлийг Н ХХК-д төлөх төлбөрт тооцон шилжүүлэхээр шийдвэрлэснийг илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба дээрхи тогтоолоор Нийслэлийн засаг даргад даалгасны дагуу Нийслэлийн засаг дарга захирамж гаргасан нь хууль зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.
Маргаж буй тогтоолзахирамжийг гарахаас өмнө буюу Нийслэлийн Иргэдийн
төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаар бүхий “Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 77 дугаар зүйлийн 77.3 дахь заалт, Нийслэлийн засаг даргын өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон...Нийн балансад бүртгэлтэй 40 880 300 /дөчин сая найман зуун наян мянга гурван зуу/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий эмийн үйлдвэрийн барилга байгууламжийг Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид зөвшөөрсөн байна. Дээрхи тогтоолыг үндэслэн Нийслэлийн засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 445 дугаар захирамжаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон...Нийн балансад бүртгэлтэй 40 880 300 /дөчин сая найман зуун наян мянга гурван зуу/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий эмийн үйлдвэрийн барилга байгууламжийг Нийслэлийн өмчийн данс бүртгэлээс хасахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт зөвшөөрсөн байна.
Эдгээр тогтоол, захирамжийг үндэслэн Өмчийн харилцааны газрын даргын 2010 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 452 дугаар бүхий “Хөрөнгө данснаас хасах тухай” тушаалаар дээр дурдсан эмийн үйлдвэрийн барилгыг данс бүртгэлээсээ хасахыг Нийн захирал Ж.Х*******т зөвшөөрч, актлан устгаж данс бүртгэлээс хасаж байгаа барилгыг буулгах, хог хаягдлыг тээвэрлэх зардлыг уг төвөөс гаргуулахаар шийдвэрлэсэн боловч дээрхи тогтоол бодитоор хэрэгжээгүйг тэмдэглэх нь зүйтэй
Харин уг обьект байрлаж буй газрын тухайд, Нийслэлийн засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар “Газар эзэмшүүлэх ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар Нд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар 2893 м2 /үүнээс барилгын доорхи талбай 550 м2 бусад 2343 м2/ газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгон гэрээ байгуулж гэрчилгээ олгосон ба 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 470 дугаар захирамжаар эзэмшил газрын зориулалтыг өөрчилж сувилал, сургалт, эрдэм шинжилгээ судалгааны төвийн зориулалтаар 0,086 га-гийн хэмжээгээр тогтоон улмаар 5 жилийн хугацаанд барилга барихыг зөвшөөрсөн байна.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/54 дүгээр захирамжаар нэхэмжлэгч байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргаснаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 718 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа нь тогтоогдож байна.
Түүнчлэн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 8/3911 дугаар албан бичгээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн Техникийн зөвлөлийн дүгнэлтийн 47-д дурдсанаас үзвэл газар эзэмшигч- Нийслэлийн өмчийн харилцааны газарт орон сууц үйлчилгээний зориулалтаар 2893 м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гишүүдийн саналаар зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгч дээрхи шүүхийн шийдвэр болон техникийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн хууль ёсны газар эзэмшигчийн эрхийг зөрчсөн гэж маргаж байх боловч маргаан бүхий захиргааны актуудаар газрын асуудлыг шийдвэрлээгүй, харин уг газар дээр байрлаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 306.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай
хуулийн 15 дугаар зүйлийн 2, 31 дүгээр зүйлийн 1, 74 дүгээр зүйлийн 2, 77 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2-ын 3, мөн зүйлийн 3, 78 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Уламжлалт анагаах ухаан элэг судлалын клиник төвөөс Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 47 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/356 дугаар захирамжийг хүчингүйд тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар
зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.Д