Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 204

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Жавхлан хөтлөн,

улсын яллагч Т.Оюунжаргал

шүүгдэгч С.Энхсайхан

шүүгдэгч О.Гантулга, тэдгээрийн өмгөөлөгч О.Баярбаясгалан

шүүгдэгч Б.Дэмбэрэлсүрэн түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

  1. Монгол улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 10-нд Дундговь аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, экскаваторын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Арцатын 1-6-46 тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ЗЗ95051013/ Дарьсүрэн овогт Сугирбаатарын Энхсайхан.

 

2. Монгол улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 16-нд Хөвсгөл аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, ах, эгч нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн 20-1087 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:РА96061613/ Эрхэл овогт Оюунбилэгийн Гантулга.

 

3. Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 22-нд Өвөрхангай аймагт төрсөн, 23 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн  хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Морингийн 10-418 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 471 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан /РД:ЙП94102212/, Хавтгай Бат овогт Бямбасүрэнгийн Дэмбэрэлсүрэн нарт холбогдох 201726020178 дугаартай эрүүгийн  хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч С.Энхсайхан, О.Гантулга, Б.Дэмбэрэлсүрэн нар  2016 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны  нутаг дэвсгэрт орших “ММ” цэнгээний газарт болон уг цэнгээний газрын гадаа иргэн Г.Гантөмөртэй таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүнийг бүлэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

шүүгдэгч С.Энхсайхан шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Гантөмөр бид хоёр тооцооноос болж хоорондоо маргалдахад Гантөмөр намайг мөргөсөн. Тэгэхээр нь би Гантөмөрийг зөрүүлээд цохисон. Гантөмөр бид хоёрыг Дэмбэрэлсүрэн, Гантулга нар салгасан. Гантөмөрийн нүүр рүү нь би цохисон, нуруу руу нь Гантулга цохисон. Дэмбэрэлсүрэн зодоонд оролцоогүй, биднийг салгасан.  Хохирогчийн эмчилгээний зардалд би 265.000 төгрөг төлсөн. Гэмт хэрэг үйлдсэндээ би гэмшиж байна гэв.

 

шүүгдэгч О.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Хохирогчид 265.000 төгрөг төлсөн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

шүүгдэгч Б.Дэмбэрэлсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: Би зодоон цохионд оролцоогүй. Гантөмөр намайг хоёр сая төгрөг өгчихвөл чамайг энэ хэргээс би салгаад өгнө гэж хэлж байсан. Би гэмт хэрэг үйлдээгүй гэв.

 

        Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор:

С.Энхсайханы ял шалгах хуудас /хх-ийн 103/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 102/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 105/, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 106-107/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 104/

гэрчээр Б.Оюунчимэг:..” миний хүү Энхсайхан нь  зан байдлын хувьд даруу төлөв зантай, хүнтэй олон юм яриад байдаггүй дуу цөөтэй, сургуульд байхын л  хүмүүстэй хамтарч ажиллах чадвар сайтай нийтэч, уур уцаар зөрүүд зангүй хүүхэд. Элдэв муу зуршилгүй, тамхи, согтууруулах ундаа хэрэглэж байхыг нь хараагүй, ажилсаг, урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. /хх-ийн 56/

 

О.Гантулгын ял шалгах хуудас /хх-ийн 114/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 112/ оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 113/,

гэрчээр О.Гантөгс:..”Гантулга манай хамгийн бага дүү байгаа юм. Одоо Хөшигтийн хөндийд шинэ нисэх онгоцны буудал дээр агааржуулалтын компанид туслах ажилтан хийдэг. Зан байдлын хувьд дуу цөөтэй даруу төлөв зантай, элдэв муу зуршилгүй, уур уцаар багатай зөөлөн хүүхэд байгаа юм. /хх-ийн 59/

Б.Дэмбэрэлсүрэнгийн ял шалгах хуудас /хх-ийн 144/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 145/, ял шалгах хуудас /хх-ийн 147/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 471 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 149-155/

гэрч Д.Бямбасүрэн “Би Дэмбэрэлсүрэнгийн эцэг нь байгаа юм...2013-2014 онд Өмнөговь аймгийн 131 дүгээр цэргийн ангид алба хаасан. Цэргийн алба хааж ирээд энэ тэнд барилгын ажил хийж байгаад 2016 оны 5 дугаар сараас эхлэн Андууд- Ар ХХК-нд инженерээр ажиллаж байгаа. Зан байдлын хувьд төлөв даруу зантай, ажилд их идэвхитэй ажилсаг хүүхэд.  /хх-ийн 140/ гэсэн мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Энхсайхан, О.Гантулга, Б.Дэмбэрэлсүрэн нар  2016 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны  нутаг дэвсгэрт орших “ММ” цэнгээний газарт болон уг цэнгээний газрын гадаа иргэн Г.Гантөмөртэй таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүнийг бүлэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Г.Гантөмөр”...би эхнэр Хатантуулын хамт ажлын газрын Дэмбэрэлсамбуу, Энхсайхан, Гантулга, Өлзийбаяр, Булгаа, Билгүүн, Оюундорж нарын хамт манай эхнэрийн эгч Ганнямын ажиллуулдаг Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг “ММ” нэртэй караокед очсон. Тэнд бид архи пиво ууц дуулцгаагаад би түрүүлээд гарсан юм. Тэгтэл Гантулга, Өлзийбаяр, Дэмбэрэлсамбуу нарын нэг нь над дээр ирээд дотор тооцооны хэрүүл болоод байна гэхээр нь би буцаад караоке руу ортол Энхсайхан текен дээр Ганнямтай тооцоо хянаад хэрүүл хийгээд зогсож байхаар нь би очоод тооцоо болчихсон биз дээ гэхэд Ганням тооцоо болчихсон гэхээр нь тэгээд яасан бэ гэхэд Энхсайхан тооцоо хоёр гурван удаа шалгаж үзсэн гэхээр нь би Энхсайханыг чи намайг хянаад байгаа юм уу гээд заамдаж аваад нүүр рүү нь толгойгоороо мөргөсөн юм. Тэгтэл Дэмбэрэлсамбуу, Гантулга, Энхсайхан гурав намайг газар унагааж байгаад гурван талаас толгой бие рүү хөл гараараа цохиж байгаад тэр гурав салаад караокеноос гарсан. Тэгэхэд миний дээд уруулын зүүн хэсэгт сэтэрчихсэн байсан байхаар нь би тэрийгээ харчхаад уурлаад араас нь зодолдох гэж гараад Энхсайхан уруу дайраад барьцалдаж аваад газар унаад би дээр нь гарсан чинь Гантулга Дэмбэрэлсамбуу 2 гүйж орж ирээд миний нуруу, толгой уруу 2 талаас өшиглөөд байсан, тэгэхэд Энхсайхан миний дороос гараад гурвуулаа нийлээд хэдэн талаас өшиглөж зодсон юм. /хх-ийн 39/

 

Гэрч О.Хатантуул:..” Энхсайханыг Гантөмөр мөргөөд зодолдож эхлэх үед Гантулга, Дэмбэрэлсүрэн, Өлзийбаяр нар гаднаас орж ирээд салгах гэж оролдсон ба Гантөмөр нэг үг хэлсэн чинь Дэмбэрэлсүрэн Гантөмөрийн зүүн шанаа хэсэгт нь нэг гараараа нэг удаа цохисон өөрөөр Дэмбэрэлсүрэн цохиж байхыг нь хараагүй. Дэмбэрэлсүрэнгийн цохилтоос болж Гантөмөрийн биед гэмтэл учраагүй. Өлзийбаяр сүүлд нь манай эгч Ганням бид хоёр руу уурлаад хөөгөөд байсан тэгж байгаад өөрөө газар хальтараад унаж байсан тэрний дараа нь хархад баруун шанаан хэсэг нь цус болчихсон байсан. /хх-ийн 47/

 

Гэрч Г.Ганням:..” Дэмбэрэлсүрэн гээд байгаа залуу нь Энхсайхан Гантөмөр хоёрыг баарны гадна зодолдоод зууралдаад газар уначихсан байхад нь Гантөмөрийн араас нь 2-3 удаа өшиглөсөн. Мөн караоке дотор Энхсайхан Гантөмөр хоёр эхэлж зодолдоод караокеноос гардаг шат хэсэгт бүгдээрээ л Гантөмөррүү дараад гар хөлөөрөө цохиж зодоод байсан уг хэсэг харанхуй хэсэг учраас хэн хэн нь Гантөмөрийг хаана цохиод байгаа харж чадаагүй...Гантөмөрийн араас Дэмбэрэлсүрэн нь өшиглөж байсан юм /хх-ийн 139/

 

Гэрч Б.Эрхэмбаяр:..” 2016 оны 12 дугаар сарын 24-ны орой манай эгч Хатантуул хүргэн ах Гантөмөр хоёр шинэ жилийнхээ арга хэмжээнд явсан юм. Тэгээд шөнө 01 цаг өнгөрч байхад хамаатны ах Билгүүний түрээслэн ажлуулдаг 3 дугаар эмнэлгийн урд талын автобусны буудлын урд байдаг ММ нэртэй караокед очсон чинь манай эгч Хатантуул хүргэн ах Гантөмөр хоёр ажлын газрын 4 залуутай караокены өрөөнд ууж идээд дуулаад байж байсан юм. Тэгээд удалгүй Хатантуул эгч, Гантөмөрийн ахын ажлын хүмхүүс гарцгаахаар болоод би Хатантуул эгч, Гантөмөр ах хоёрыг гэрт нь хүргэж өгөхөөр караоекоос аваад гарсан юм. Тэгтэл араас Гантөмөр ахын ажлын газрын залуу нь Гантөмөр ахыг дуудаад би Гантөмөртөй буцаад караокеруу орсон юм. Тэгтэл Гантөмөр ахын ажлын газрын Энхсайхан гэх залуу нь караоке дотор текэн дээр зөөгчтөй нь юм яриад зогсож байхад нь Гантөмөр очоод, Энхсайхантай мөнгөний талаар ярьж маргалдаад байсан миний ойлгосноор бол Гантөмөр ах ажилчдаасаа мөнгө хураагаад тооцоо хийсэн юм шиг байна лээ тэгээд нөгөө залуу нь Гантөмөр ахыг мөнгө эдлээ гэж ойлгоод л маргалдсан байх, тэгтэл Гантөмөр ах Энхсайхан гэх залуугийн нүүрлүү нь нэг удаа толгойгоороо мөргөчихсөн, тэгээд би очоод Гантөмөр ахыг салгаад авч байтал, Энхсайхан нь Гантөмөрыг нэг удаа нүүрлүү нь цохиод бужигналдаад л зууралдаад гарсан юм. Тэгээд гадаа гараад Гантөмөр Энхсайхан хоёр зууралдаад  байгаад Энхсайхан нь Гантөмөр ахыг болио  манийгаа тавьчихаа гэж байгаад хавсраад унагаасан ба тэр хоёр хоёулаа гаүзар унасан тэгтэл Гантулга гах залуу гүйж ирээд Гантөмөр ахын толгой нүүр рүү нь болон нурууруу нь  дэвсээд байсан ба инженер гэх залуу  бас ирээд Гантөмөр ахыг өшиглөөд байсан яг хаана нь өшиглөснийг би хараагүй өшиглөөд байх шиг байсан. Харин нөгөө Өлзийбаяр гэх залуу нь хөл дээрээ ч тогтож чадахгүй согтуу яваад байсан. Тэгээд Гантөмөр ахыг Өлзийбаяр нь болио хөгшөөн гээд тэврээд авсан чинь Гантөмөр чи байж бай гээд хавираад газар унагаачихсан. ...Гантөмөр газраас босож ирээд Энхсайхан руу дайрхад нь Энхсайхан Гантөмөр ахыг хавираад унагаасан. Тэгтэл Гантулга, инженер залуу хоёр Гантөмөр ах руу дайраад инженер залуу нь Гантөмөрийн бөгсрүү нь өшиглөхөөр нь би инженер залууг нь болиоч гээд татаад автал намайг ална гээд надруу дайрсан. Тухайн үед Гантулга нь Гантөмөрийн  ар нурууруу нь 2-3 удаа өшиглөж буайсан. Гантулга нь Гантөмөр ахын нурууруу 4-5 удаа толгойруу нь 4-5 удаа өшиглөсөн. /хх-ийн 50/

 

гэрч Т.Нямаахүү:..” Манай хүү Билгүүн гуравдугаар эмнэлгийн замын урд ММ нэртэй караоке баарыг түрээслэн ажлуулдаг юм. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 24-ний орой манай хүү Билгүүн рүү найз Гантөмөр нь залгаад караокед ажлынхаа газрын хүмүүстэй очиж сууна гэж ярьсан юм шиг байна лээ. Билгүүн Гантөмөр ажлынхаа шинэ жилийг тараад ажлынхаа хүмүүстэй ирнэ гэж байна гэж хэлж байсан юм Тэгээд нээх удалгүй Гантөмөр ажлынхаа газрын хүмүүстэй караокед ирээд вип өрөөнд орж сууцгаасан юм. Тэгээд шөнө 02 цагийн үед Гантөмөрийн ажлын хүмүүс гарцгаахаар болоод гаргаж байсан ба би тухайн үед цэвэрлэгээ хийгээд өрөө нойлын ерөөгөөр орж гараад явж байсан ба нэг харахад ба нэг залуу нь манай бармен Ганнямтай тооцооноос болоод бусад нь караокегоос гараад явж байсан Тэгээд удалгүй нөгөө тооцоо бодуулж байсан залуу болон Ганням, Гантөмөр гурав тооцоон дээрээсээ болоод маргалдаж байсан чинь гаднаас түрүүлж гарч явсан гурван залуу орж ирж байсан тухайн үед Гантөмөр нөгөө залуугаа толгойгоороо мөрөгчихсөн тэгээд л бөөн зодоон болоод бужигналдаад бөөн зодоон болсон. Хэн нь хэнийгээ хаана цохиж байхыг хараагүй бөөнөөрөө л бужигналдаад байсан тэгээд би Ганнямыг эд нарыг гаргаад караокегоо хаая гээд Гантөмөрийг гадаа гарч зодолдоцгоо гэхэд бүгдээрээ гараад явцгаасан юм. Тэгээд Ганням бид хоёр караокегоо хаачаад хэсэг хугацааны дараа гараад иртэл Гантөмөрийн нүүр нь нэлэнхүйдээ цус болчихсон хувцас нь урагдчихсан гурван залуутай хоёр залуутай нь барьцалдаад зогсож байсан ба нэг залуу нь нөгөө хоёроо боль гээд Гантөмөрийг өмөөрөөд байж байгаад нөгөө Гантөмөрийг өмөөрсөн залуу газар уначихсан чинь нэг залуу чи яахаараа Гантөмөрийг өмөөрдөг юм бэ? гээд нэг залуу нь газар унасан залуугийн нүүрлүү нь өшиглөчихөөд цаашаа яваад такси бариад зугатахаар нь би Хатантуулын дүү Эрхэмбаяртай хамт араас нь хөөгөөд уг залууг 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр шахаж зогсоон барьж аваад цагдаад дуудлага өгсөн. /хх-ийн 54/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон

 

шүүх шинжилгээний үндэсний 705 дугаартай шинжээчийн: Г.Гантөмөрийн биед дух, зовхи, хацар, шанаа, нуруунд цус хуралт, уруулд няцарсан шарх гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 9/ гэсэн дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд Дарьсүрэн овогт Сугирбаатарын Энхсайхан, Эрхэл овогт Оюунбилэгийн Гантулга, Хавтгай Бат овогт Бямбасүрэнгийн Дэмбэрэлсүрэн нарыг бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2  дахь хэсэгт зааснаар ял оногдуулах хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа С.Энхсайхан, О.Гантулга нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон  хувийн байдал зэргийг нь  харгалзан тэдгээрт албадан ажил хийлгэх ял оногдуулав.

Шүүх, Б.Дэмбэрэлсүрэнд ял оногдуулахад ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд урьд нь шүүхээр ял шийтгэгдэж ялтай байдал нь дуусгавар болоогүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдлыг харгалзан баривчлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Энхсайхан, О.Гантулга нарын өмгөөлөгч О.Баярбаясгалангаас “... хохирогч Г.Гантөмөр гадаад явсан байх тул хохирогчийн эмчилгээний зардал болох 530.000 төгрөгийн хохиролыг шүүхээр дамжуулж өгөх хүсэлтэй байна” гэсэн хүсэлт бүхий тайлбар гаргаж шүүгчийн туслахад хүлээлгэн өгснийг нэр бүхий шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.

 

Шүүгдэгч Б.Дэмбэрэлсүрэнгийн өмгөөлөгч Б.Оюунгэрэлээс ”миний үйлчлүүлэгч энэ гэмт хэрэгт бүлэглэж оролцоогүй тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй юм.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Дэмбэрэлсүрэн нь шүүгдэгч С.Энхсайхан, О.Гантулга  нартай бүлэглэж хохирогч Г.Гантөмөрийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь:

хохирогч Г.Гантөмөрийн”...Энхсайханруу дайраад барьцалдаж аваад газар унаад би дээр нь гарсан чинь Гантулга Дэмбэрэлсамбуу 2 гүйж орж ирээд миний нуруу, толгойруу 2 талаас өшиглөөд байсан, тэгэхэд Энхсайхан миний доороос гараад гурвуулаа нийлээд хэдэн талаас өшиглөж зодсон юм” /хх-ийн 39/

гэрч О.Хатантуулын”...Гантөмөр нэг үг хэлсэн чинь Дэмбэрэлсүрэн Гантөмөрийн зүүн шанаа хэсэгт нь нэг гараараа нэг удаа цохисон” /хх-ийн 47/

гэрч Г.Ганням”...Дэмбэрэлсүрэн гээд байгаа залуу нь Энхсайхан Гантөмөр хоёрыг баарны гадна зодолдоод зууралдаад газар уначихсан байхад нь Гантөмөрийн араас нь 2-3 удаа өшиглөсөн...Гантөмөрийн араас Дэмбэрэлсүрэн нь өшиглөж байсан юм” /хх-ийн 139/

гэрч Б.Эрхэмбаярын”... Гантөмөр газраас босож ирээд Энхсайханруу дайрахад нь Энхсайхан Гантөмөр ахыг хавираад унагаасан. Тэгтэл Гантулга, инженер залуу хоёр Гантөмөр ах руу дайраад инженер залуу нь Гантөмөрийн бөгс рүү нь өшиглөхөөр нь би инженер залууг нь болиоч гээд татаад автал намайг ална гээд над руу дайрсан” /хх-ийн 50/ гэсэн мэдүүлгүүдээр нотлогдсон бөгөөд түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлт нь эдгээр мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтээр няцаагдаж байна.