Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/168

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

улсын яллагч Б.Түвшинтөр,

хохирогч Ж.Д,

шүүгдэгч О.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Ш-т холбогдох 2416001270191 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ******** аймгийн **** сумд төрсөн, ** настай, *****, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******, ам бүл **, ****, **, дүүгийн хамт ******* аймгийн **** сумын *****  багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******** регистрийн дугаартай, **** овогт О-н Ш.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Ш-ыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:   

Шүүгдэгч  О.Ш  нь  согтуурсан үедээ **** оны ** дугаар сарын **-ны  өдөр ****** аймгийн ******** сумын ******* багийн **-** тоот хашаанд тодорхой шалтгаангүйгээр хохирогч Ж.Д-ыг зодож түүний биед доод үүдэн ** шүдний ганхалт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, ** нүдний дээд, доод зовхины хавдар, ** нүдний дээд доод зовхинд зулгаралт гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:

1. Хохирогч Ж.Д-ын шүүх хуралдаанд өгсөн “...Айлаас гараад гэр рүүгээ явах гэж байгаад үүдэн дээр таарсан. Сайн муу асуух хооронд зодсон... Шүүгдэгч 2 сая төгрөг өгөхөөр тохиролцсон...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

2. Шүүгдэгч О.Ш-ын шүүх хуралдаанд өгсөн “...Би буруугаа хүлээн зөвшөөрч байна... 2 сая төгрөгийг одоохондоо өгч чадаагүй байгаа. Удахгүй төлнө ...”  гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

3. Хохирогч Ж.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би тэр хоёр залуугаас сайн муу сурахад Ш гэх залуу нөгөө цуг явсан залуудаа “...наад пизда чинь манай хадам байна...” гэж хэлээд намайг барьж аваад мөргөсөн. Миний хамраас цус гараад би доошоо тонгойход миний малгайтай цамцны араас татаад намайг боогоод урагш татаж унагаагаад нүүр лүү Ш **-** удаа өшиглөсөн.  Миний хоёр нүд хөхөрч хавдсан. Мөн хамар хавдсан, дээд талын хоёр үүдэн шүд сэтэрсэн, доод талын үүдэн нэг шүд хөдөлсөн, зүүн мөр хөдөлгөж болохгүй байсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/

4. Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай нөхөр “...би жаахан архи уучихсан байна, намайг ирээд аваадах...” гэж хэлээд байгаа хаягаа хэлсэн... Айлын хашаанд ороход манай нөхөр хүнд зодуулсан, хоёр нүд хавдсан, толгойн хэсгээс цус гарсан байдалтай байсан... Гэрээс Ш гэх залуу гарч ирэхээр нь “...чи миний нөхрийг зодсон юм уу? яаж байгаа юм...” гэхэд “...танай нөхөр өөрөөсөө болсон юм...” гэсэн... Нөхрөөсөө “...чи яасан юм, юу гэж хэлсэн бэ...” гэж асуухад манай нөхөр “...би сайн уу...” гэж асуухад Ш “...энэ манай хадам болдог юм алаад өг гээд зодсон...” гэж хэлсэн. Тэр оройдоо эмнэлэгт нөхрөө аваачиж үзүүлсэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/

5. Гэрч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Ш-тай ****  сум  явж  байхдаа  танилцсан ... Ш бид хоёр тэр айлаас гараад хашааны хаалган дээр нэг залуутай тааралдсан. Тэр залуутай Ш маргалдаад хоорондоо барилцаж аваад зодолдсон. Би  Ш-ыг “боль” гээд салгах гэхэд намайг “...чи пизда минь байж бай энэ манай хадам болдог хүн байгаа юм...” гэхээр нь тэр хоёрыг тэнд нь орхиод явсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/

6. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Д-ийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаартай “... Ж.Д-ын биед доод үүдэн 1 шүдний ганхалт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, 2 нүдний дээд доод зовхины хавдар, 2 нүдний дээд доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтлүүдээс дээд үүдэн 1 шүдний ганхалт, зүүн нүдний алимны салстын цус харвалт гэмтлүүд нь бүрдлээрээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй... Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ... Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой болно...” гэх агуулга бүхий дүгнэлт/хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Шүүгдэгч О.Ш-ын үйлдэл нь хүний биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал, хохирлын хэмжээг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 74/, хохирогч Ж.Д-ын шүүх хуралдаанд өгсөн “...Шүүгдэгч 2 сая төгрөг өгөхөөр тохиролцсон ...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Ж.Д нь ****  оны ** дугаар сарын **-ны өдрөөс ** дугаар сарын **-ны хооронд амбулаторын үзлэгээр (R52.9) 62,000 төгрөг, (S01.9) 38,767 төгрөг, (H52.4) 60,000 төгрөг, яаралтай тусламж (S06.30) 31,049 төгрөг, (K25.3) 102,837 төгрөгийн тусламж үйлчилгээ гаргуулсан байна. Нийт 294,653 төгрөгийн тусламж үйлчилгээ гаргуулсан байна …” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/, хохирогч Ж.Д-ын ******* аймгийн Цагдаагийн газарт гаргасан “… Энэ хэрэгт холбогдуулж миний зүгээс гомдол санал байхгүй, тул сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шаардлагагүй...” гэх агуулга бүхий хүсэлт/хавтаст хэргийн 68 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Ш-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч О.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд 294,653(хоёр зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун тавин гурав) төгрөг төлсөн, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  ***** овогт О-ийн Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ш-д 600(зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Ш-т сануулсугай. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд 294,653(хоёр зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун тавин гурав) төгрөг төлсөн, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА