| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2024/0172/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/169 |
| Огноо | 2024-09-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
улсын яллагч Б.Түвшинтөр,
хохирогч Г.С,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.О-т холбогдох 2416001910180 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны **** дугаар сарын ***-ний өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, фитнесийн дасгалжуулагч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн **** сумын **** багийн ************ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* регистрийн дугаартай, У овогт Б-н О.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.О-г прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Б.О нь 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан ноцолдох үедээ хохирогч Г.С-н хөлөөс нь өргөж шидэн түүний биед толгойн зулайд шарх, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт, зүүн шуунд цус хуралт буюу хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:
1. Хохирогч Г.С-н шүүх хуралдаанд өгсөн “... Эхлээд өөрөө миний ар гол руу цохисон. Тэгээд шатны уруу намайг чирч гарсан. Бичлэг дээрээс харагдана. Намайг хэл амаар доромжлоод байсан учир би өөрийг нь өшиглөх гэхэд миний хөлийг аваад шидсэн. Би энэ хүнийг өшиглөсөн зүйл байхгүй. Өөрөө эхлээд ар гол руу цохиод шатны уруу чирээд гарсан ... Би хоёр найзтайгаа ***** баарны хаалгаар ороод үүдэн дээр нь энэ хүн байж байсан. Орох гэхэд хэл амаар доромжлоод байсан... Шатаар гарах гэж байхад ар гол руу цохисон “Хөөе чи яаж байгаа юм бэ” гэхэд “гараад учраа олчихъё” гэсэн. Гадаа үүдэнд гараад маргалдаж байгаад би өшиглөх гэхэд миний хөлийг аваад шидсэн... Уучлалт гуйсан, хохирол төлсөн зүйл байдаггүй ... сэтгэцэд учирсан хохирол 2 дугаар зэрэг гарсан байгааг хүлээн зөвшөөрч байна... Тухайн үед би урт үстэй байсан. Цус алдсаны улмаас оёо тавьсан. Тэгээд үсээ тайраад эдгэсний дараа нь үс залгуулсан. Хувиараа өөртөө маш олон эм тариа авч хийлгэсэн ...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
2. Шүүгдэгч Б.О шүүх хуралдаанд өгсөн “... Өөрийгөө эхэлж өшиглүүлсэн. Би өөрийгөө хамгаалж хөлийг нь өргөсөн. Тэрнээс би шууд хөлийг нь авч шидээгүй. Бичлэг дээрээ ч гэсэн байгаа... Дахиж өшиглөхөөс нь хамгаалж хөлийг нь авч шидсэн ...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
3. Хохирогч Г.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...О гэх залуу миний ууц руу цохисон юм. Намайг “... шаачихна шүү ...” гэхээр нь “...чи юу гээд байгаа юм...” гэхэд миний гарыг хаагаад барих гэхээр нь хөл рүү нь өшиглөх гэхэд миний хөлийг аваад шидсэн юм. Тэгээд газарт унахад толгойноос цус гарсан юм. Зүүн мөр бас хөхөрсөн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/
4. Гэрч Б.Ж-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...коридорт гараад ирсэн чинь С нэг өндөр бор залуутай маргалдаад байж байсан. С тухайн залууг “...чи яагаад намайг хэл амаар доромжлоод байгаа юм...” гэхэд нөгөө залуу нь С-г “...би чамайг яасан юм бэ...” гээд хоорондоо маргалдсан... Тухайн өндөр бор залууг С өшиглөх гэсэн чинь С-н хөлөөс нь өргөөд шидсэн... шалан дээр толгойгоороо хүчтэй унаад хэсэг газарт хэвтсэн... Толгойноос нь цус их гоожсон ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/
5. Гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Шөнийн 2 цагийн үед **** бааранд бид гурав очсон юм. Тэгээд ***** баар руу ороход Ж түрүүлж ороод араас нь би миний араас С ирж байсан юм. Би баарны өгсдөг шатаар өгсөж байхад миний ард С нэг танихгүй өндөр залуутай маргалдаад байх шиг болохоор нь би очиж “...юу болсон юм бэ...” гэхэд С “...энэ залуу намайг ямар сайхан хүүхэн бэ? шаачих юмсан гэж хэллээ...” гэхэд тэр өндөр залуу “...би чамайг тэгж хэлээгүй шүү дээ...” гээд тухайн залуу С-г “...гараад уулзъя...” гээд гараас нь чирээд шатаар буулгаад коридорт гарч ирсэн. Тэр залууг С “...чи намайг хэл амаар доромжилдог хэн бэ...” гээд тэр хоёр нэгнээсээ зууралдаад маргалдаж байгаад С өшиглөх гэсэн чинь хөлөөс нь гараараа өргөөд шидсэн. С шалан дээр толгой хэсгээрээ хүчтэй унаад хэсэг газар хэвтсэн. Толгой нь хагараад шалан дээр цус гоожсон... Би цагдаад дуудлага өгсөн... Тэндээсээ шууд эмнэлгийн 103 яаралтай дээр очиж үзүүлсэн. Толгойд 2 хэсэг оёо тавиулсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/
6. ****** баарын хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хэрэгт ирсэн CD-д хуулгасан бичлэг/хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/
7. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 194 дугаартай “...Г.С-н биед толгойн зулайд шарх, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... Г.С-н биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 52-53-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.О-н үйлдэл нь хүний биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “ ... Дахиж өшиглөхөөс нь хамгаалж хөлийг нь авч шидсэн ...” гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдлыг аргагүй хамгаалалт гэж үзэх боломжгүй юм.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчилжээ. Шүүгдэгч хохирогчийн биед халдан хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх боломжгүй бөгөөд хоорондын тааламжгүй харилцаанаас үүдэлтэйгээр маргалдах, ноцолдох явцдаа хохирогчийн хөлнөөс өргөж шидэн гэмтэл учруулсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт, үйл явдал бичигдсэн хяналтын камерийн бичлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ. Хэдийгээр хохирогчийн зүгээс шүүгдэгчийн биед халдсан үйлдэл байгаа боловч таарамжгүй харилцаанаас үүдэлтэй бие биенийхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөл байдлыг аргагүй хамгаалалт гэж үзэх хууль зүйн боломжгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал нөхөн төлөх хохирлын хэмжээг тогтоох зорилгоор “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 93 дугаар хуудас/, Эрүүл мэндийн даатгалын санд 155,070(нэг зуун тавин таван мянга дал) төгрөг төлсөн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт/хавтаст хэргийн 33 дугаар хуудас, “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирсон ********* регистрийн дугаартай Г-н С-н сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлийг тогтоов. Хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн ...” гэх агуулга бүхий Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн баримт/хавтаст хэргийн 35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.О-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.
Хохирогч нь баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг 3,960,000(гурван сая есөн зуун жарган мянга) төгрөгөөр тооцон шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Учир нь, Улсын дээд шүүхээс баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8 дугаар зүйлд шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг журмаар баталсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэргийн хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирлын хэмжээнд нөлөөлж болох дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзээд дээд болон доод хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэхээр, мөн журмын 4 дүгээр зүйлд заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтээр 2 дугаар зэрэглэлд хамаарч байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5(тав) дахин нэмэгдүүлснээс 12,99(арван хоёр зууны ерэн ес) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний дүнгээр тооцон гаргуулахаар зохицуулжээ. Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтээр тогтоогдсон зэрэглэлийн аль хэсэгт хамаарч байгаагаас шалтгаалан нөхөн төлбөрийг хэмжээг шүүх тогтоох зохицуулалт гэж хоёрдмол утгагүйгээр ойлгогдохоор байна. Иймээс шүүх Хөдөлмөр Нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000(зургаан зуун жаран мянга) төгрөгийг 6(зургаа) дахин нэмэгдүүлж хохирогч Г.С-н сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг 3,960,000 (гурван сая есөн зуун жаран мянга) төгрөгөөр тогтоосон болно.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд 155,070(нэг зуун тавин таван мянга дал) төгрөг төлсөн, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Б-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т 700(долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15(арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1(нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.О-т сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хохирогч Г.С-н сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөр 3,960,0000(гурван сая есөн зуун жаран мянга) төгрөгийг шүүгдэгч Б.О-с гаргуулж, хохирогчид олгосугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд 155,070(нэг зуун тавин таван мянга дал) төгрөг төлсөн, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА