| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0190/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/229 |
| Огноо | 2024-09-11 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Г.Анхбаяр |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/229
2024 09 11 2024/ШЦТ/229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул,
Улсын яллагч Г.Анхбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,
Шүүгдэгч С.Нэргүй нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сэргэлэнгийн Нэргүйд холбогдох 2439000720195 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч С.Нэргүй нь Хэнтий аймгийн Норовлин сумын ойн баяр наадамд хурдан морь уралдуулахаар бэлтгэл хийж байхдаа буюу 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн орчим 11 настай Д.Цэнд-Очироор бор зүсмийн азарга унуулахдаа Үндэсний Их баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсгийн 14.7.7 “уралдаанч хүүхдэд энэ хуулийн 13.1-д заасан стандартын шаардлагад нийцсэн хувцас, хэрэглэл хэрэглүүлэх”, 14.7.10.уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангах, 14.7.11 уралдаанч хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаан болон морины сунгаа, бэлтгэлийн үед морь унуулах зөвшөөрлийг бичгээр авсан байх гэсэн үүргээ биелээлээгүй буюу эцэг, эхээс нь морь унуулах талаар бичгээр зөвшөөрөл аваагүй, хурдан моринд бэлтгэл хийхдээ унаач хүүхдэд хамгаалах хэрэгсэл хэрэглүүлээгүй, аюулгүй байдлыг бүрэн хангалгүйгээс Д.Цэнд-Очир унаж бэртсэний улмаас тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины хүнд зэргийн няцралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Нэргүй шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Булганцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Энхбат ахын охин Энхтуяа нь надтай тааралдаад Цэнд-Очир мориноос уначихсан байна гэхээр нь би Энхтуяагийн хамтаар эмнэлгийн байгууллагад мэдэгдээд хүү Цэнд-Очирынхоо мориноос унасан гэх газарт буюу Норовлин сумын 4 дүгээр багт сумын баруун талд тал газарт очсон чинь миний хүү Цэнд-Очирыг Нэргүй тэврээд суучихсан байдалтай, хүүгийн минь хамраас цус гарчихсан ухаан алдсан байдалтай байсан. Тухайн үед эмнэлгийн байгууллагаас үзээд шууд эмнэлэгт авч очоод Хэнтий аймгийн төвөөс эмч ирээд толгойд нь хагалгаа хийсэн. Түүнээс хойш эмнэлгийн байгууллагаар тасралтгүй явж байгаа бөгөөд миний хүү Цэнд-Очир нь 1 дүгээр ангиасаа 5 дугаар анги хүртэлх хугацаанд сурч боловсорч, хэвийн эрүүл саруул хүүхэд байсан боловч одоо хэлж ярихдаа гацаж, ээрдэг, ой тогтоолтгүй, байнгын асаргаанд байдаг болсон...” гэжээ. (хх-ийн 14-15),
Гэрч М.Доржханд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Нэргүй нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр манай хүү Цэнд-Очирыг Энхбат ахын эзэмшлийн бор зүсмийн азарга дээр дур мэдүүлэн унуулах үед нь манай хүү Цэнд-Очир нь ойчоод толгойдоо гэмтэл авснаас болоод тархиндаа хагалгаа хийлгэж мөн бүтэн 1 сарын турш ухаангүй байж байгаад хотод очиж Эх нялхас эмнэлэгт эмчлүүлж байгаад ухаан орсон. Тухайн үед Энхбат ах Улаанбаатар хотод байж байх үед нь Нэргүй нь манай хүүхдээр Энхбат ахын бор зүсмийн азаргыг унуулсан байсан. Би гэртээ байсан болохоор болсон зүйлийг сайн мэдэхгүй байгаач гэсэн манай хүүгээр морь унуулах үедээ хамгаалах малгай, хэрэгсэл өмсүүлэлгүй унуулж байсан...” гэжээ (хх-ийн 18-19),
Гэрч Ж.Энхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед азарга минь шогшоод явж байх үедээ бүдэрхэд нь унаач хүү болох Цэнд-Очир мориноос толгой хэсгээрээ газарт унан гэмтэж бэртчихлээ гээд манай хүргэн Нэргүй хэлэхээр нь би Улаанбаатар хотоос шууд Норовлин сумын төв рүү машинтайгаа гараад Норовлин суманд очсон...” гэжээ. (хх-ийн 22-23),
Гэрч Э.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр манай нөхөр Нэргүй нь над руу залгаад “Цэнд-Очир морины хөшөө гаргах гээд шогшуулж байсан чинь унаад ухаан алдчихлаа, эмч аваад ирээч, эмнэлэгт хэлээд өгөөч” гэхээр нь би Норовлин сумын эрүүл мэндийн төв рүү явж байсан чинь замд Цэнд-Очирын ээж Булганцэцэг тааралдахаар нь болсон зүйлийн талаар яриад машиндаа суулгаад эмнэлгээс эмч аваад Норовлин сумын 4 дүгээр баг сумын төвөөс баруун талд “Дэлийн ар” гэх газарт очиход манай нөхөр Нэргүй нь Цэнд-Очирыг өвөр дээрээ тэвэрчихсэн байдалтай байж байсан. Харин Цэнд-Очир ухаангүй байсан учраас яаралтай эмнэлэг авч явсан...” гэжээ. (хх-ийн 26-27),
Шүүгдэгч С.Нэргүй мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Цэнд-Очирын аав, ээжээс бичгээр зөвшөөрөл аваагүй, мөн шаардлагад нийцсэн хувцас хэрэглэлгүйгээр морь унуулж, уралдааны бэлтгэл ажил хийлгэж байхад Цэнд-Очир мориноос унаж бэртсэн. Би өөрийн хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Мөн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэжээ. (хх-ийн 136-137),
Гэрч С.Төмөрпүрэвийн мэдүүлэг (хх-ийн 147-148),
Гэрч Д.Уранчимэгийн мэдүүлэг (хх-ийн 150-151),
Шүүх сэтгэц эмгэг судлалын 27 дугаартай “...1. Насанд хүрээгүй хохирогч Д.Цэнд-Очир нь сэтгэцийн хувьд тархи доргилтын дараах хам шинж хэмээх өвчтэй байна.
2. Тус өвчин нь одоо тархины гэмтлийн цочмог үеийн сэтгэцийн шилжилтийн хам шинж илрэх үе шатанд байна.
3. Д.Цэнд-Очир нь болсон үйл явдлыг зөв тусган, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна.
4. Тухайн гэмтлээс болж Д.Цэнд-Очирын сэтгэцийн байдал нь өөрчлөгдсөн ба тархи доргилтын дараах хам шинж хэмээх өвчинтэй байна.
5. Д.Цэнд-Очир нь ойгүйдлийн хам шинж өвчтэй байна. Энэ эмгэг өвчин нь гэмтлээс үүссэн байж болно...” гэх дүгнэлт (хх-ийн 34-37),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 141 дугаартай “...1.2. Д.Цэнд-Очирын биед тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины хүнд зэргийн няцралт, тархи доргилт, зүүн ташаанд зулгаралт, хоёр хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүдээс тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины хүнд зэргийн няцралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, тархи доргилт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн ташаанд зулгаралт, хоёр хөлийн шилбэнд цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь өвчний эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь мориноос унах үед үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт (хх-ийн 41-44),
Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай “...1. Насанд хүрээгүй Д.Цэнд-Очирын оролцохоор бэлтгэж байсан наадам буюу Норовлин сумын баяр наадам нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зохицуулалтад хамаарах наадам мөн (Хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. Үндэсний их баяр наадам нь улс, аймаг, сумын баяр наадмаас бүрдэнэ).
2. Уяач Боржигон овогт Сэргэлэнгийн Нэргүй (СЙ90052817) нь насанд хүрээгүй Э.Цэнд-Очирыг наадмын бэлтгэл хийлгэх үедээ хамгаалалтын малгай, хантаазыг өмсөж хэрэглүүлэлгүй, хууль ёсны асран хамгаалагч болох Дүүгээсүрэнгийн Булганцэцэг, Мөнхчулууны Доржханд нараас бичгээр зөвшөөрөл аваагүй, асран хамгаалагч, уяач, хүүхэд гурвалсан гэрээ байгуулаагүй, гэнэтийн ослын даатгалд хамруулаагүй зэрэг нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 14 дүгээр зүйлийн 14.7.7, 14.7.8, 14.7.9, 14.7.10, 14.7.11 дүгээр заалтыг болон “Үндэсний морин уралдааны үед морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2011 стандарт”-ыг зөрчсөн байна...” гэх дүгнэлт (хх-ийн 123-125),
Д.Цэнд-Очирын өвчний түүхийн хуулбар (хх-ийн 48-113),
Хэнтий аймгийн Норовлин сумын Баян-Өлзийт багийн Засаг даргын тодорхойлолтын хуулбар (хх-ийн 119),
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 141-142),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 152),
Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн мэргэжилтний тодорхойлолт (хх-ийн 143),
Хэнтий аймгийн Норовлин сумын Жаргалант багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 144),
С.Нэргүйн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 140),
С.Нэргүйн Хаан банкны харилцах дансны хуулга (хх-ийн 145) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч С.Нэргүйд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Боржигон овогт Сэргэлэнгийн Нэргүй нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн орчим Хэнтий аймгийн Норовлин сумын ойн баяр наадамд бор зүсмийн азаргыг уралдуулахаар 11 настай Д.Цэнд-Очироор унуулж бэлтгэл хийх үедээ Үндэсний Их баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсгийн 14.7.7 “уралдаанч хүүхдэд энэ хуулийн 13.1-д заасан стандартын шаардлагад нийцсэн хувцас, хэрэглэл хэрэглүүлэх”, 14.7.10 “уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангах”, 14.7.11 “уралдаанч хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаан болон морины сунгаа, бэлтгэлийн үед морь унуулах зөвшөөрлийг бичгээр авсан байх”, гэсэн заалтууд болон “Үндэсний морин уралдааны үед морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2011 стандартад заасан үүргээ биелээлээгүйн улмаас Д.Цэнд-Очир мориноос унаж улмаар эрүүл мэндэд нь тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины хүнд зэргийн няцралт гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч С.Нэргүйн “...Би 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Цэнд-Очирын аав, ээжээс бичгээр зөвшөөрөл аваагүй, мөн шаардлагад нийцсэн хувцас хэрэглэлгүйгээр морь унуулж, уралдааны бэлтгэл ажил хийлгэж байхад Цэнд-Очир мориноос унаж бэртсэн. Би өөрийн хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Мөн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Булганцэцэгийн “...Энхбат ахын охин Энхтуяа нь надтай тааралдаад Цэнд-Очир мориноос уначихсан байна гэхээр нь би Энхтуяагийн хамтаар эмнэлгийн байгууллагад мэдэгдээд хүү Цэнд-Очирынхоо мориноос унасан гэх газарт буюу Норовлин сумын 4 дүгээр багт сумын баруун талд тал газарт очсон чинь миний хүү Цэнд-Очирыг Нэргүй тэврээд суучихсан байдалтай, хүүгийн минь хамраас цус гарчихсан ухаан алдсан байдалтай байсан. Тухайн үед эмнэлгийн байгууллагаас үзээд шууд эмнэлэгт авч очоод Хэнтий аймгийн төвөөс эмч ирээд толгойд нь хагалгаа хийсэн. Түүнээс хойш эмнэлгийн байгууллагаар тасралтгүй явж байгаа бөгөөд миний хүү Цэнд-Очир нь 1 дүгээр ангиасаа 5 дугаар анги хүртэлх хугацаанд сурч боловсорч, хэвийн эрүүл саруул хүүхэд байсан боловч одоо хэлж ярихдаа гацаж, ээрдэг, ой тогтоолтгүй, байнгын асаргаанд байдаг болсон...” гэх, гэрч М.Доржхандын “...Нэргүй нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр манай хүү Цэнд-Очирыг Энхбат ахын эзэмшлийн бор зүсмийн азарга дээр дур мэдүүлэн унуулах үед нь манай хүү Цэнд-Очир нь ойчоод толгойдоо гэмтэл авснаас болоод тархиндаа хагалгаа хийлгэж мөн бүтэн 1 сарын турш ухаангүй байж байгаад хотод очиж эх нялхас эмнэлэгт эмчлүүлж байгаад ухаан орсон. Тухайн үед Энхбат ах Улаанбаатар хотод байж байх үед нь Нэргүй нь манай хүүхдээр Энхбат ахын бор зүсмийн азрагыг унуулсан байсан. Би гэртээ байсан болохоор болсон зүйлийг сайн мэдэхгүй байгаач гэсэн манай хүүгээр морь унуулах үедээ хамгаалах малгай, хэрэгсэл өмсүүлэлгүй унуулж байсан...” гэх, гэрч Ж.Энхбатын “...Тухайн үед азарга минь шогшоод явж байх үедээ бүдэрхэд нь унаач хүү болох Цэнд-Очир мориноос толгой хэсгээрээ газарт унан гэмтэж бэртчихлээ гээд манай хүргэн Нэргүй хэлэхээр нь би Улаанбаатар хотоос шууд Норовлин сумын төв рүү машинтайгаа гараад Норовлин суманд очсон...” гэх, гэрч Э.Энхтуяагийн “...2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр манай нөхөр Нэргүй нь над руу залгаад “Цэнд-Очир морины хөшөө гаргах гээд шогшуулж байсан чинь унаад ухаан алдчихлаа, эмч аваад ирээч, эмнэлэгт хэлээд өгөөч” гэхээр нь би Норовлин сумын эрүүл мэндийн төв рүү явж байсан чинь замд Цэнд-Очирын ээж Булганцэцэг тааралдахаар нь болсон зүйлийн талаар яриад машиндаа суулгаад эмнэлгээс эмч аваад Норовлин сумын 4 дүгээр баг сумын төвөөс баруун талд “Дэлийн ар” гэх газарт очиход манай нөхөр Нэргүй нь Цэнд-Очирыг өвөр дээрээ тэвэрчихсэн байдалтай байж байсан. Харин Цэнд-Очир ухаангүй байсан учраас яаралтай эмнэлэг авч явсан...” гэх мэдүүлгүүд, Шүүх сэтгэц эмгэг судлалын 27 дугаартай, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 141 дугаартай, Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт биелүүлээгүйн улмаас гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.
Шүүгдэгч С.Нэргүй нь унаач хүүхдэд хамгаалалтын хувцас өмсүүлээгүйгээс мориноос унах үед гэмтэл авах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч өөрийн үйлдэлдээ хайхрамжгүй хандаж гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч С.Нэргүй, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл нар нь гэм буруугийн тал дээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Нэргүйн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Д.Цэнд-Очирын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 141 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч С.Нэргүйд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Нэргүйг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Нэргүй нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийн хурдан морь уях эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүгдэгчийн хурдан морь уях эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ялын санал тус тус гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч С.Нэргүйн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хурдан морь уях эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Хохирогч Д.Цэнд-Очирын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Булганцэцэг нь шүүхэд бичгээр “...Сэцэн овогт Дүүгээсүрэнгийн Булганцэцэг миний бие хүү Д.Цэнд-Очирын хохирсон хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож 2024.09.11-ний өдрийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд дараах хүсэлтийг гаргаж байна.
1. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14... хууль зүйн туслалцаа авах эрхтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1-д ... хохирогч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй...", Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4.1.1-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараах зардлаас бүрдэнэ. гэж... 1.1-д ...хохирогч хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчид төлөх зардал...", мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох санхүүжүүлэх журмын 2.6.6-д "насанд хүрээгүй, өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр" гэж тус тус заасныг удирдлага болгон миний бие насанд хүрээгүй хүү Д.Цэнд- Очирыгоо төлөөлөн түүний хэрэгт өмгөөлөгч авсан 3.000.000 төгрөгийн зардлыг шүүгдэгчээс нэхэмжилж байгааг хүлээн авна уу.
Жич: Шүүгдэгчийн урьд төлсөн нийт төлбөр бол урьд гаргасан эмчилгээний зардал, Улаанбаатар хотод болон Хэнтий аймгийн төвд хүүгээ эмчлүүлэх гэж удаан хугацаанд гэрээсээ хол байсан, энэ хугацаанд ажилгүй орлоггүй байсан гээд нийт өмнөх хугацаанд зарцуулсан, мөн "гомдолгүй" гэсэн бичгийг өгч ял шийтгэлийг хөнгөлөхөд тус дөхөм үзүүлэх зэрэг төлбөрийг бид хоорондоо сайн дураараа хэлэлцэн тохирч нийт 25 сая төгрөнд багтааж төлсөн юм. Үүнд өмгөөлөгчид төлсөн хөлсийг багтааж бодоогүй болно.
2. Мөн Бидний зүгээс шүүгдэгчээс урьд гаргасан эмчилгээний зардлыг бүрэн авсан тул одоогийн байдлаар эмчилгээний зардал нэхэмжлэхгүй харин миний хүү Д.Цэнд-Очир нь хүнд гэмтэл авч, цаашид сурах, хүмүүстэй энгийн харилцаанд орох чадваргүй болсон бөгөөд хожим энэхүү гэмтэл нь сэдэрч болзошгүй тул шүүхийн шийдвэрт "хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй" үлдээж шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлтийг гаргасан.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 1 дэх хэсгийн 1.2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа байгууллага болон прокурор, шүүх, шүүхийн шинжилгээний байгууллагын тухайн жилийн төсөвт тусган санхүүжүүлж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” зааснаас үзэхэд бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа байгууллага болон прокурор, шүүх, шүүхийн шинжилгээний байгууллагаас хохирогч, түүний өмгөөлөгчид төлсөн зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахаар байх бөгөөд хууль ёсны төлөөлөгч Д.Булганцэцэгийн өмгөөлөгч Б.Жавхланд өмгөөлөгчийн хөлсөнд өгсөн 3,000,000 төгрөг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал биш байх тул шүүгдэгч С.Нэргүйгээс 3,000,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Булганцэцэгт олгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Булганцэцэг цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн байх тул холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд С.Нэргүйгээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С.Нэргүй нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Сэргэлэнгийн Нэргүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Сэргэлэнгийн Нэргүйд хурдан морь уях эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 4000 (дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нэргүйн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нэргүйн хурдан морь уях эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг ял оногдуулсан үеэс тоолсугай.
5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Булганцэцэг нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд С.Нэргүйгээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С.Нэргүй нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Нэргүйд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР