Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/234

 

 

 

 

 

 

 

 

 

2024           09           18                                             2024/ШЦТ/234

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул

Улсын яллагч Б.Нарангэрэл

Шүүгдэгч Н.Намнансүрэнгийн өмгөөлөгч С.Нарангэрэл

Шүүгдэгч Э.Түвшинжаргалын өмгөөлөгч Д.Энхжаргал

Шүүгдэгч Н.Намнансүрэн, Э.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өндөр цагаан овогт Энх-Амгалангийн Түвшинжаргал, Хардэл дархан овогт Наваанлувсангийн Намнансүрэн нарт холбогдох 2239000000005 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э.Түвшинжаргал, Н.Намнансүрэн нар нь бүлэглэн, машин механизм буюу 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2021 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Хүрэн чулуут” гэх газраас Д.Тиеугийн эзэмшлийн 1,100,000 төгрөгийн үнэ бүхий зөв талын гуян дээрээ “Л” үсгэн тамгатай, ахар дэлтэй хүрэн зүсний нэг тооны морийг, Ж.Батзоригийн эзэмшлийн 1,300,000 төгрөгийн үнэ бүхий им, тамгагүй хээр алаг зүсний 1 тооны, нийт 2 тооны буюу олон тооны морийг тус тус хулгайлж нийт 2,400,000 төгрөгийн, 

-2021 оны 11 дүгээр сарын 14-ний орой Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Шинэ ус” гэх газраас хохирогч Ц.Дашнямын эзэмшлийн 1,500,000 төгрөгийн үнэ бүхий им тэмдэггүй ухаа халзан зүсний 4 настай үнээ, 1,250,000 төгрөгийн үнэ бүхий зүүн талын чих үзүүрээсээ цуулбар имтэй эрээн нүүртэй мухар улаан, эрээн зүсний охин шүдлэн үхрүүд болох 2 буюу олон тооны үхрүүдийг машин механизм буюу 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж нийт 2,750,000 төгрөгийн,

- 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Номт бэлчир” гэх газраас хохирогч С.Батхуягийн эзэмшлийн 3,300,000 төгрөгийн үнэ бүхий зүүн талын хондлой дээрээ /нүд/ хайчтай, зүүн гуяндаа давхар сартай онги тамгатай хул хонгор зүсний бүдүүн морь, буурал духтай хүрэн зээрд бүдүүн морь, хохирогч Б.Баярхүүгийн эзэмшлийн 10,000,000 төгрөгийн үнэ бүхий 6 настай сартай арвай тамгатай хондлой цоохор хүрэн зүсний морь болох 3 буюу олон тооны адуунуудыг машин механизм буюу 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж нийт 13,300,000 төгрөгийн,

-2021 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Хайлантай” гэх газраас Б.Цэвээнравдангийн эзэмшлийн 7 настай зөв талын чих үзүүрээсээ ам имтэй хар үнээ, зөв талын чих үзүүрээсээ ам имтэй хар халзан эр шүдлэн, улаан үнээ болох 3 буюу олон тооны үхрүүдийг машин механизм буюу 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч Б.Цэвээнравданд нийт 4,140,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Намнансүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өөрийнхөө малыг ажиллаад ачаад явж байсан. Би Түвшинжаргалаар малаа ажиллуулсан...” гэв.

 

Шүүгдэгч Э.Түвшинжаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 3 цагт цагдаа нар ирж хулгайн хэрэгт холбогдсон гэж бариад авч явсан. Тэгээд Мөрөн суманд хонуулаад маргааш нь өдөржин авч яваад Өмнөдэлгэр суманд хонуулаад орой нь аймагт ирээд аймгаас Жаргалтхаан суманд хонуулсан. 3 өдөр, 4 шөнө авч явсан. Би хулгай хийгээгүй гэж хэлсэн. Цагдаа нар 3 цагт ирэхдээ намайг дан ноосон өмдтэй авч явсан. Чамайг хулгай хийсэн үгүйг дор нь шийднэ гэж хэлсэн. Ажилласан малынхаа газрыг заа гэхээр нь Намнансүрэнгийн мал ажилласан газартаа аваачсан чинь суулгаад зураг авсан. Тэгээд Өмнөдэлгэр сум руу явж байгаад алдсан мал байна уу гэж асуусан чинь 2, 3-аар нь алдсан айл байхгүй байх гэж байсан. Тэгээд утсаар асуулгаад 2, 3 цаг болсон. Батхуяг хүний морь алдсан гэж хэлсэн чинь алдсан бол хүрээд ир, хулгайчуудыг барьсан байна гэж хэлсэн. Батхуягийг Батсүх гэх айлд авчираад уулзсан. Тэгээд Өмнөдэлгэр суманд орой 10 цаг өнгөрөөж очоод ийш тийш Чандгана бригад, Өлзийтөөр мал алдсан хүн байна уу гээд утастаад байсан. Дашням гэх хүн нэг үхэр алдсан гэж өглөө нь ирсэн. Өлзийтөөс 2 үхэр алдсан. Хайрхан гэх газраас 3 үхэр алдсан...” гэв.

 

1. Хохирогч П.Тиеу мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2021 оны 09 дүгээр сарын 23-аас 24-ний өдрийн хооронд “Хүрэн чулуут” гэх газраас зөв талын гуян дээрээ Л үсгэн тамгатай ахар дэлтэй хүрэн зүсмийн 1 тооны адуу алдсан. ... Уг алдсан хүрэн морьтой хээр алаг зүсмийн баруун талын 1 нүд нь цэхэр хээр алаг морь ирж манай хүрэн морьтой 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хамт явж байсан. Тухайн үед уг морийг хаанаас ирж манай хүрэн морьтой нийлсэн талаар мэдээгүй. ... Тухайн үед манай ахар дэлтэй хүрэн морь уг гүйж ирсэн хээр алаг морийг дагаад явчихлаа гээд нэлээн хайгаад олж бараагүй юм. ... 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Цагдаагийн байгууллагаас хээр алаг зүсмийн морь алдсан хүнийг хайж байна гэж сонсоод ирж уулзахад миний алдсан хүрэн зүсмийн морьтой им, тамга, зүсээрээ таарч байсан...” гэжээ. (1-р хх-ийн 58-61),

 

Хохирогч Ж.Батзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумаас малаа оторлохоор нүүдэл хийж явж байхдаа Хэнтий аймгийн Мөрөн суманд 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүрч ирээд малаа амраан Мөрөн суманд хоноглосон юм. Ингээд Мөрөн суманд малтайгаа хонож байхдаа хонгор азаргатай саран дэвсгэртэй чандмань тамгатай 32 тооны адуугаа алдсан. Тэгээд тухайн үед эрэл хийж явж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын урд талаас 28 тооны адуугаа олсон бөгөөд манай адуунаас 4 тооны адуу дутаж алга болсон байсан бөгөөд уг 4 адуугаа эрээд олж чадаагүй цааш нүүдлээ хийж явсан. Би адуугаа олсон газраа нэр усыг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ Өмнөдэлгэр сумын нутгаас олсон. ... Би ер нь бол нийтдээ 32 тооны азарга адуу алдсан бөгөөд 4 адуугаа дутуу олсон, үүнээс 3 нь саран дэвсгэртэй чандмань тамгатай адуу байгаа. Харин уг алаг морь ганцаараа им тамгагүй борлог хээр гэхээр завсрын зүстэй адуу байсан юм....” гэжээ. (1-р хх-ийн 64-65),

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Жавхлантөгс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 81-68 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалж 1 сая 500 мянган төгрөгийн зээл авсан. Одоо бол 1 сая 400 мянган төгрөгний зээл үлдсэн байгаа...” гэжээ. (1-р хх-ийн 73-74),

 

Гэрч Х.Зейнелгарав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Уг алдсан морийг манайх өвөл болохоор хониндоо унадаг номхон морь байсан. Тухайн үед манай нөхөр Д.Тиеу гэрийн ойр хавь болон ойролцоо нутагладаг айлуудаас асууж сураглаад олж чадаагүй бөгөөд огт сураг ажиг гараагүй. ... Нөхөр бид хоёр бодохдоо тэр гүйж ирсэн хээр алаг морийг манай хүрэн морийг дагуулаад гүйсэн байх гэж бодсон...” гэжээ. (1-р хх-ийн 76-78),

 

Гэрч С.Баярбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Надад 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Н.Намнансүрэн гэх хүн ганцаараа 81-68 ХЭҮ улсын дугаартай, хөх өнгийн портер маркийн автомашинтай ирж 2 тооны адууны махыг аймгийн төвд бойны газарт байхад надад зарсан. Уг 2 тооны адуу нь нийтдээ 2.050.000 төгрөг болсон...” гэжээ. (6-р хх-ийн 15-16),

 

Шүүгдэгч Э.Түвшинжаргал мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...Тухайн үед би Н.Намнансүрэнтэй цагдаад баригдаад явж байхад Н.Намнансүрэн надад хандан: Би чиний данс руу мөнгө хийсэн болохоор цагдаа нарт дээрх 2 тооны адууг чамтай хулгайлсан гэж мэдүүлсэн байгаа. Нэгэнт энэ хоёулаа цуг явж байгаа юм чинь энэ хэргийг чи хамт үйлдсэн гээд хэлчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би урьд гэрчийн өгсөн мэдүүлэгтэй Н.Намнансүрэнтэй 2 тооны адууг цуг явж бугуйлдаж барьж авсан гэж мэдүүлсэн...” гэжээ. (1-р хх-ийн 115-117),

 

Шүүгдэгч Н.Намнансүрэн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...Миний хувьд урьд хэргийн талаар гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлсэн. 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр намайг ачааны машинтайгаа Багануур дүүрэгт нүүрс зөөгөөд явж байхад Э.Түвшинжаргал нь миний утас руу залгаад надад хандан “Банкны зээл болох гээд байна чи нэг хүрээд ирээч, хэдэн адуу мал ажиллах хэрэгтэй байна” гэхээр нь би очдог байсан. Дээрх асуудал дээр бол 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө Э.Түвшинжаргал намайг утсаар дуудахаар нь би Э.Түвшинжаргалын байгаа газар болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг сангийн аж ахуйн пойлон дотор очоод Э.Түвшинжаргал нь пойлон дотор 2 тооны адуу ажиллачихсан, үүнийг ачаад аймаг авч явж борлуулаад ирээч гээд миний машины ачаан дээр 2 тооны адууны махыг нь бид 2 хамжиж ачаад би борлуулахаар аймгийн төв рүү авч явсан юм...” гэжээ. (1-р хх-ийн 120-122),

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №ХЭ24-21 дугаартай “...2021 оны 09 сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/-р үнэлэгдэв. ... Хүрэн зүсмийн 9 настай морь 1,200,000 төгрөг, хээр алаг зүсмийн 14 настай морь 1,200,000 төгрөг...” гэх дүгнэлт (6-р хх-ийн 9-12),

 

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валиушн” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШД474 дугаартай “...2000 онд үйлдвэрлэж 2017 онд Монгол улсад орж ирсэн 81-68 ХЭҮ улсын дугаартай HYUNDAI PORTER маркийн ачааны автомашины зах зээлийн үнэлгээг 8,878,496.2 төгрөгийг бүхэлчлэн 8,900,000 / найман сая есөн зуун мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 39-44),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 50),

Хохирогч Д.Тиеугийн Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (1-р хх-ийн 52),

Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол (1-р хх-ийн 10-11),

Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол (1-р хх-ийн 13-14),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (1-р хх-ийн 23-24),

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (1-р хх-ийн 25),

Тээврийн хэрэгслийн лавлагаа (1-р хх-ийн 28),

Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандган багийн Засаг даргын тодорхойлолт (1-р хх-ийн 127),

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны захирагчийн тодорхойлолт (1-р хх-ийн 129, 130),

С.Отгонбаатарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 124, 126),

 

Шүүгдэгч Н.Намнансүрэнгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 124, 126),

 

2. Хохирогч Ц.Дашням мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үхрээ бүртгэж үзэхэд 1. Ухаа халзан зүсмийн им тэмдэггүй 4 настай үнээ 2. Эрээн нүүртэй мухар улаан эрээн зүсмийн охин шүдлэн зүүн талын чих үзүүрээсээ цуулбар имтэй үхрүүд маань байхгүй байсан. Манай хүү энэ жил мал дээрээ гарч байгаа болохоор малаа зүсэлж мэдэхгүй тоогоор мэдэж байгаа бөгөөд яг ямар зүстэй үхэр дутаад байгааг мэдэхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагаас надад 2 тооны үхрийн толгой харуулахад манай алдсан 2 тооны үхрийн толгой мөн байсан...” гэжээ. (1-р хх-ийн 151-152),

 

Гэрч О.Долгорсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр манайх үхрээ бүртгэж үзэхэд ухаа халзан зүсмийн им тэмдэггүй 4 настай үнээ, эрээн нүүртэй мухар улаан эрээн зүсмийн охин шүдлэн зүүн талын чих үзүүрээсээ цуулбар имтэй үхрүүд маань байхгүй байсан. Манай хүү энэ жил мал дээрээ гарч байгаа болохоор малаа зүсэлж мэдэхгүй тоогоор мэдэж байгаа бөгөөд яг ямар зүстэй үхэр дутаад байгааг мэдэхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагаас надад 2 тооны үхрийн толгой харуулахад манай алдсан 2 тооны үхрийн толгой мөн байсан...” гэжээ. (1-р хх-ийн 168-169),

 

Гэрч С.Баярбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2021 оны 11 дүгээр сарын 14-нд 2 тооны үхэр өгсөн, 161 кг-тай 1 үхэр, 121 кг-тай1 үхэр 2 тооны үхэр өгсөн. Нийт мөнгө нь 2,110,000 мянган төгрөг болсон байна. Тухайн үед би 5075031220 тоот Хаан банкны Отгончимэг гэх дансанд 910,000 мянган төгрөг шилжүүлсэн байна...”  гэжээ. (1-р хх-ийн 168-169),

 

Шүүгдэгч Э.Түвшинжаргал мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...Миний хувьд Н.Намнансүрэнтэй бүлэглэн дээрх 2 тооны үхрийг бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан асуудал байхгүй ээ. Тухайн үед Н.Намнансүрэн дээрх 2 тооны үхрийг өөрөө ачиж ирэхээр нь л би түүнд тусалж хамтран дээрх 2 тооны үхрийг ажиллаж махалсан. Тэр үед Н. Намнансүрэн нь үхрийн махаа ачаад л явсан...” гэжээ. (1-р хх-ийн 187-188),

 

Шүүгдэгч Н.Намнансүрэн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...2021 оны 11 дүгээр сарын 14-ний орой гэртээ байж байхад Э.Түвшинжаргал над руу утсаар залгаад “Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ Ус” гэх газраас хүнээс 2 тооны үхэр авчихаад гэрийнхээ гадаа ажиллачихлаа, чи маргааш өглөө манай гэрт машинтайгаа хүрээд ирээрэй. Надад “А” данс байхгүй учраас чи махыг маань аймаг авч явж борлуулаад өгөөч” гэж хэлсэн. Ингээд би 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө Э.Түвшинжаргалын гэрийн гадаа өөрийн 81-68 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машинтай очиж дээрх 2 үхрийн махыг машин дээрээ ачаад Хэнтий аймгийн төв рүү орж ченжид 1.900.000 төгрөгөөр өгсөн...” гэжээ. (1-р хх-ийн 192-193),

 

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валиушн” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШД451 дугаартай “...2 тооны үхэрний зах зээлийн үнэлгээг 2,750,000.0 /Хоёр сая долоон зуун тавин мянга/-төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 178-180),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 144),

Хохирогч Ц.Дашнямын Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (1-р хх-ийн 145),

Ш.Отгончимэгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 199),

 

3. Хохирогч С.Батхуяг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2021 оны 11 дүгээр сарын 09-өөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны хооронд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Номт бэлчир” гэх газраас хонгор азаргатай 38 тооны адуунаасаа 3 тооны адуу алдсан юм. Тэгээд би тэр хавиараа эрж хайгаад олоогүй бөгөөд ямар нэгэн сураг гараагүй юм. Уг алдсан 3 тооны адууны 2 нь яг миний өөрийн адуу бөгөөд 1 тооны адуу нь болохоор манай саахалт айл болох Б.Баярхүү гэдэг хүний морь байсан юм. Уг морийг нь тухайн үед азарга нь хасаад манай адуунд нийлээд байсан юм. Миний өөрийн алдсан 2 адууны зүс им тамга гэвэл хар голтой засмал дэлтэй хул хонгор зүсмийн бүдүүн морь, засмал дэлтэй буурал духтай хүрэн зээрд бүдүүн морь дээрх 2 тооны адуу маань зүүн талын хондлой дээрээ /нүд/ хайчтай, зүүн гуядаа давхар сартай онги тамгатай байгаа. Мөн цуг алдсан Б.Баярхүүгийн алдсан адуу нь болохоор ахар дэлтэй хондлой цоохор хүрэн зээрд зүсмийн бүдүүн морь байсан, тамгыг нь санахгүй байна. Дээрх 3 тооны адууны талаар Б.Баярхүү бид хоёр ойр хавийн айлуудын адуу малаар эрж хайгаад ямар нэгэн сураг гараагүй юм. Бидэнд тухайн үед сэжиглэж байсан хүн байхгүй. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр цагдаагийн байгууллагаас 3 тооны адуу алдсан хүн хайж байна гэж сонсоод ирж уулзахад миний алдсан 2 тооны адуу болон Б.Баярхүүгийн алдсан 1 тооны адууны маань сураг нь гарч цагдаагийн байгууллагаас хулгайлсан хүмүүсийг нь олж тогтоосон байсан...” гэжээ. (1-р хх-ийн 219-220),

 

Хохирогч Б.Баярхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...миний хондлой цоохор хүрэн зүсмийн сартай арвай тамгатай ахар дэлтэй морь манайхтай саахалт нутагладаг айл болох С.Батхуяг гэх хүний 2 тооны морьтой 2021 оны 06 дугаар сарын эхэн үе ногоо ургаж эхэлснээс хойш тэдний хоёр тооны хээр, хул зүсмийн морьтой нийлээд гурвуулаа ижилсээд явдаг болсон. Тухайн үед манай азарга адуунаасаа хасаж хөөгөөд байсан юм. Ингээд би нэгэнт манай саахалт айлын адуунд байсан учраас морио салгаж аваагүй бөгөөд намар болтол цуг явж байг гээд адууны эзэн Батхуяг ахад хэлээд үлдээсэн. Ингээд үүнээс хойш 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Батхуяг ах адуугаа бүртгэж үзэхэд бүрэн байсан бөгөөд миний морь уг нийлсэн 2 морьтойгоо цуг явж байна гэж Батхуяг ах надад хэлсэн. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Батхуяг ах адуугаа бүртгэж үзэхэд миний 1 тооны морь болон тэдний 2 тооны морьтой нийлээд уг 3 адуу алга болсон талаар надад хэлж байсан. ... Миний ахын нэр дээр л болохоос би өөрөө харж хандаж уяа сойлгыг нь хийж овоо тахилга, сум, аймаг, бүсийн наадамд уралдуулдаг байгаа. Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ хэлсэн. Ахыгаа төлөөлж хохирогчоор орно гэж, тэрнээс бол манай ах бол ирэх боломжгүй бөгөөд утсаар ярьж хэлэхэд чи өөрөө хохирогчоор ороорой гэж хэлсэн. Миний ахын зүгээс татгалзах зүйлгүй гэсэн..” гэжээ. (1-р хх-ийн 224-225, 2-р хх-ийн 3-4),

 

Гэрч Б.Эрдэнэтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2021 оны 11 дүгээр сарын 09-өөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны хооронд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Номт бэлчир” гэх газраас хонгор азаргатай 38 тооны адуунаасаа 3 тооны адуу алдсан юм. Тэгээд манай нөхөр тэр хавиараа эрж хайгаад олоогүй бөгөөд ямар нэгэн сураг гараагүй юм. Уг алдсан 3 тооны адууны 2 нь манай өөрийн адуу бөгөөд 1 тооны адуу нь болохоор манай саахалт айл болох Б.Баярхүү гэдэг хүний морь байсан юм. Уг морийг нь тухайн үед азарга нь хасаад манай адуунд нийлсэн гэж манай нөхөр ярьж байсан. ... 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр манайх руу цагдаагийн байгууллагаас залгаад “Танайхыг 3 тооны адуу алга болсон талаар сонслоо. Хулгайд алдагдсан 3 тооны адуугаа зүс имээр нь таних уу гэхээр нь нөхөр бид хоёр сумын төв дээр явж очоод харахад манай хар голтой засмал дэлтэй хул хонгор зүсмийн бүдүүн морь, засмал дэлтэй буурал духтай хүрэн зээрд бүдүүн морь мөн Баярхүүгийн эзэмшлийн ахар дэлтэй хондлой цоохор хүрэн зээрд зүсмийн бүдүүн морьд мөн байхыг таньсан. Тэгээд цагдаа нар хулгай хийсэн хүмүүсийг олж тогтоосон талаараа бидэнд мэдэгдсэн юм...” гэжээ. (1-р хх-ийн 233-234, 2-р хх-ийн 203-204),

 

Гэрч С.Баярбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2021 оны 11 дүгээр сарын 09-нд бас 3 тооны бүдүүн адуутай орж ирсэн 225 кг-тай, 215 кг-тай, 182 кг-тай нийт мөнгө нь 5936025517 тоот дансанд 3,283,000 мянган төгрөг болоод Намнансүрэнгийн дансанд хийсэн байна...” гэжээ. (1-р хх-ийн 245-246),

 

Гэрч Б.Баяржаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Дээрх алдагдсан гэх хондлой цоохор хүрэн зүсмийн 6 настай арвай тамгатай адуу нь манай дүү Б.Баярхүүгийн адуу байгаа юм л даа. Миний хэдэн тооны мал нь манай дүү Б Баярхүү дээр байдаг юм. Дээрх алдагдсан хурдан удмын адуутай адилхан нэг морь бол миний нэр дээр байдаг. Тэрэнтэй дүү маань андуурч анх хондлой цоохор хүрэн зүсмийн 6 настай арвай тамгатай адууг миний эзэмшлийн адуу гэж мэдүүлэг өгсөн байсан...” гэжээ. (3-р хх-ийн 123-124),

 

Гэрч Ц.Нэргүй мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Манай сумын залуу уяас Васи Баярхүү гэдэг залуугийн нэр дээр уралддаг байсан хүрэн морь нь 2021 онд хулгайд алдагдсан талаар сонсож байсан. Тухайн морь нь сумын болон бусад уралдаан наадамд оролцохдоо ихэвчлэн манай сумынхны мэддэгээр Васи Баярхүүгийн нэр дээр, хааяа түүний төрсөн ах гэх Баяржаргал нарын нэр дээр уралддаг байсан. Тухайн үед би сумынхаа хэсгийн төлөөлөгчид тэр хүрэн морь хэний нэр дээр ямар ямар уралдаанд орж байр шагнал эзэлж байсан талаар албан тоот хийж өгч байсан санагдаж байна...” гэжээ. (3-р хх-ийн 194-195),

 

Шүүгдэгч Э.Түвшинжаргал мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...2021 оны 11 дүгээр сарын 08-ны орой Н.Намнансүрэн над руу утасдаад: “Би мал ажиллах гэсэн юм. Хамт ажиллаад өгөөч” гэхээр нь би “Би бол танай тийшээ очиж чадахгүй шүү. Мал дээрээ байна. Харин наашаа дөхөж ирвэл ажиллалцаж өгье” гэж хэлсэн. Ингээд 11 дүгээр сарын 09-ний өглөө Н.Намнансүрэн манай гэрээс баруун урагшаа 5 орчим км зайд ирсэн байна гэж ярихаар унааны халиун морьтойгоо очсон. Намайг очиход Н.Намнансүрэн өөрийнхөө машин дээр 3 тооны морь ачиж ирсэн байсан. Тэгээд бид 2 уг тооны морийг буулгаад махалж ажиллаад Н.Намнансүрэн махыг нь өөрийнхөө ачааны машин дээр ачаад аваад явсан...” гэжээ. (2-р хх-ийн 20-22),

 

Шүүгдэгч Н.Намнансүрэн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 07 цаг өнгөрөөгөөд Э.Түвшинжаргал над руу залгаад “Би Өлзийтийн баруун хойно пойлонд 3 адуу ажиллачихлаа. Чи машинтайгаа хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинтайгаа пойлонд очиход Э.Түвшинжаргал нь 3 адуу ажиллаж махалсан байсан. Тэгэхээр нь би түүнийг нь өөрийн 81-68 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машин дээр ачаад Хэнтий аймгийн төврүү зарж борлуулсан...” гэжээ. (2-р хх-ийн 25-26),

 

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валиушн” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШД456 дугаартай “... “Хул” зүсмийн бүдүүн морь /10 настай/-ны үнэлгээг 1,650,000.0 төгрөг, “Хондлой цоохор” хүрэн зүсмийн хурдан морины үнэлгээг “Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын айргийн хүлэг уяачдын холбоо”-ны 2021 оны 12 сарын 01-ний өдрийн тодорхойлолт, авч байсан өргөмжлөл, медаль, шагналыг үндэслэн 10,000,000.0 /арван сая/ төгрөг, 3 адууны нийт үнэлгээг 13,300,000,0 /арван гурван сая гурван зуун мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 9-12),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 212),

Хохирогч С.Батхуяг, Б.Баярхүү нарын Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (1-р хх-ийн 213),

Ш.Отгончимэгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 27),

 

4. Хохирогч Б.Цэвээнравдан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Тухайн үед манай үхэр гэрээс баруун тийш “Цагаан толгойн ар” гэх газарт хээр хоносон. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө үхрээ бүртгэж үзэхэд манай үхрээс 3 үхэр байхгүй байсан. Манай үхэр байсан газрын ойролцоо “Портер” машины мөр байхаар нь дагаад явж үзэхэд үхэр байсан газраас баруун тийшээ 3-4 орчим километр газарт айлын саравчны зүүн талд овгор газар луу ухаж зогсоод мал ачсан бололтой ул мөр байсан. Үхэр бугуйлдсан юм уу, уургалсан юм уу, чирэгдсэн ул мөр байсан. Тэгээд тэр машины ул мөр “Зотлог” гэх газраас Өлзийт тосгон руу явдаг тод замд нийлээд явсан байсан. ...1. Хар үнээ” зөв талын үзүүрээсээ ац имтэй, сүүлний үзүүрийг тайрсан, буруу талын чих амгүй, 7 настай, 2. Хар халзан эр шүдлэн үхэр зөв талын чих үзүүрээсээ ац, сүүлний үзүүрээс тайрамхай, буруу талын чих ацгүй, мухар 3. Улаан үнээ 2 чих ацгүй, эвэр нь далий, 5 настай...” гэжээ. (2-р хх-ийн 53-55),

 

Гэрч П.Даваасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Манай үхэр тухайн үед манай гэрээс баруун тийш “Цагаан толгой” гэх газарт хөдөө хээр хоносон юм. Үхэрт манай нөхөр яваад ирэхдээ “3 үхэр байхгүй байна” гэж ирсэн. Манай үхрийн ойролцоо машины мөр гарсан талаар манай ах Б.Цэвээнравдан ярьж байсан. ... Үхэр бэлчиж байсан газрын эргэн тойронд машины мөр байна. Тэр мөр нь Пүүжээ гээд айлын гаднаас манай үхэр дээр ирсэн байх шиг байна гэж байсан...” гэжээ. (2-р хх-ийн 63),

 

Гэрч Ө.Пүрэвдаваа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Өлзийт тосгоны төв дээр ээжийнхээ хашааг бариад байж байтал манай ээжийн гэрт Намнансүрэн ирсэн. Тэгээд хашааг нь барьж дуусаад явах гэтэл унаа олдохгүй байхаар нь би Намнансүрэнг “Чи хөдөө явж өгөөч. Би түлшний мөнгийг чинь өгнө” гэж хэлээд 30,000 төгрөг өгтөл Намнансүрэн “Би түлшгүй байгаа. Мөрөн сум орж түлш авчхаад хүргэж өгье” гэж хэлээд Мөрөн сум руу явсан. Удалгүй Намнансүрэн “түлшээ авчихлаа” гээд ирсэн. Тэгээд би манай ээжийн хашаанд байсан сүрэл өвсийг ачаад бид нар манай гэр лүү хөдөлсөн. Замдаа төөрч явж байгаад гэрийнхээ зүүн талаас орсон. Намнансүрэн бид хоёр тухайн ачиж ирсэн сүрэл өвсөө буулгаж дуусаад Намнансүрэнгийн машин нь асахгүй байсан. Тэгээд Намнансүрэн манай гэрт хоносон Тэгээд маргааш нь буюу 11 дүгээр сарын 24-ний өдөр Намнансүрэн машинаа янзалж дуусаад 13 цаг өнгөрч байхад манайхаас хөдлөөд явсан. ... Намнансүрэн Өлзийт тосгон руу буцлаа гээд хөдөлсөн...” гэжээ. (2-р хх-ийн 66-67),

 

Гэрч С.Отгонбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2021 оны 11 дүгээр сарын 25-ны өглөөний 10 цагийн орчимд манай хашааны үүдэнд ирээд “Хөгшин нь 3 үхэртэй ирсэн юм аа. Надад виза карт байхгүй. Чиний дансаар мөнгө хийлгээд картнаас чинь авъя. Чи надтай цуг бой яваад өгөөч” гэхээр нь цуг яваад хийдийн сууринд мал мах худалдан авдаг ченж Баярбатад нийт 3,956,000 төгрөгөөр борлуулсан. Тэр мөнгөнөөсөө ченжээр 2,500,000 төгрөгийг нь өөр хүний данс руу хийлгээд миний 5936025517 дугаартай дансанд үлдсэн 1,456,000 төгрөгийг хийлгэсэн...” гэжээ. (2-р хх-ийн 70-71),

 

Гэрч С.Баярбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Намнансүрэнгийн зарсан 3 тооны үхрийн мах нь нийтдээ 3,956,500 төгрөг болсон бөгөөд 5936025517, 5958040073 гэсэн тоот данс руу мөнгөө шилжүүлүүлсэн...” гэжээ. (2-р хх-ийн 70-71),

 

Шүүгдэгч Э.Түвшинжаргал мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...Н.Намнансүрэн тухайн үед надад мөнгөний өртэй байж байгаад миний данс руу 2.500.000 төгрөг шилжүүлсэн юм. Анх хэрэгт холбогдоход надад чиний данс руу мөнгө хийсэн учраас чи энэ хэрэг дээр надтай цуг хулгай хийсэн гэж хэлээрэй гэхээр нь би цагдаад гэрчийн мэдүүлэг өгөхөд ингэж мэдүүлсэн юм...” гэжээ. (2-р хх-ийн 105-107),

 

Шүүгдэгч Н.Намнансүрэн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...2021 оны 11 дүгээр сарын 24-ний орой Э.Түвшинжаргал над руу залгаад “Хөгшөөн би хүнээс 3 үхэр авахаар боллоо. Чи маргааш Өлзийтийн пойлонд хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би маргааш өглөө нь өөрийн 81-68 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машинтай Өлзийт тосгоны пойлонд очиход Э.Түвшинжаргал нь 3 тооны үхэр ажиллачихсан надад хандан “Хөгшөөн машины зээл нэхэгдээд байна. Чи энэ 3 тооны үхрийн махыг аймаг явж зарж борлуулаад ирээч” гэхээр нь би түүнийг нь машин дээрээ ачиж аймгийн төв рүү явж зарж борлуулсан. Тухайн үед 3 үхрийн махны мөнгө гэж 3.000.000 гаран төгрөг болсон. Тэгээд би 2.500.000 төгрөгийг нь Э.Түвшинжаргалд өгсөн...” гэжээ. (2-р хх-ийн 110-111),

 

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валиушн” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШД452 дугаартай “...3 тооны үхрийн зах зээлийн үнэлгээг 4,140,000.0 /Дөрвөн сая нэг зуун дөчин мянга/-төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэжээ. (2-р хх-ийн 96-98),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 40),

Хохирогч Б.Цэвээнравдангийн Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (2-р хх-ийн 41),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 42-45, 46-47, 48-49),

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны захирагчийн тодорхойлолт (2-р хх-ийн 113, 114),

Э.Түвшинжаргалын Хаан банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 115),

Гэрч Б.Болормаагийн мэдүүлэг (2-р хх-ийн 125-126),

Гэрч Ш.Отгончимэгийн мэдүүлэг (2-р хх-ийн 129-130),

Гэрч Н.Ганганмөрөндалайгийн мэдүүлэг (2-р хх-ийн 132-133),

Гэрч Э.Мөнхцэцэгийн мэдүүлэг (2-р хх-ийн 136-137),

Заг капитал ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан бичиг (2-р хх-ийн 167, 168, 169, 170),

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны захирагчийн тодорхойлолт (2-р хх-ийн 139),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт (2-р хх-ийн 141, 142),

Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандган багийн Засаг даргын тодорхойлолт (2-р хх-ийн 146),

Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандган багийн Засаг даргын тодорхойлолт (2-р хх-ийн 147),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 149),

Мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт (2-р хх-ийн 150),

Э.Түвшинжаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (2-р хх-ийн 138, 139, 140, 143, 144),

Н.Намнансүрэнгийн иргэний бүртгэлийн лавлагааны хуулбар байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар, жолоодох эрхийн лавлагааны хуулбар (2-р хх-ийн 145, 148, 151),

Н.Намнансүрэнгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 155-158),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (3-р хх-ийн 26-29),

Э.Түвшинжаргалын 2021 оны жилийн эцсийн “А” дансны мал тооллогын тодорхойлолт (3-р хх-ийн 68),

Ш.Отгончимэгийн 86034408 дугаарын орсон, гарсан дуудлага мессежний лавлагаа (3-р хх-ийн 82-83),

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3-р хх-ийн 104-105, 106),

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (3-р хх-ийн 107-108),

Ш.Отгончимэгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хх-ийн 116-117),

Гэрч П.Буянтогтох мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Тухайн үед цагдаагийн байгууллагад “Мал мах-2021” нэгдсэн арга хэмжээ явагдаж байсан учраас ажлын хэсэг болж мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Батжаргалын хамтаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгон, Өмнөдэлгэр, Жаргалтхаан сумдаар тойрч ажилласан. Тэр үед Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгон хөдөө хэсэг “Хайлантай энгэр” гэх газарт оршин суух малчин Цэвээнравдан 3 тооны үхэр алдлаа гэх өргөдөл гомдол цагдаагийн байгууллагад өгсний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Цэвээнравдангийн урд талын Пүрэвдаваа гэх айлд Н.Намнансүрэн нь ачааны машинтай ирээд явсан талаар яригддаг. Ингээд Н.Намнансүрэнг судалж, түүнийг хаана байгааг нь мэдэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Хэнтий аймгийн Чингис хотод байгаа талаар олж мэдээд эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батхүүд мэдэгдэхэд удалгүй Б.Батхүү нь Н.Намнансүрэнгийн байгаа газрыг мэдэж очиж уулзахад машиныхаа ачаан дээр малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн малынхаа толгой арьс ширийг ачаад явж байсан нь тогтоогдсон. Ингээд Н.Намнансүрэн нь Цэвээнравдангийн 3 тооны үхрээс гадна дахин 3 удаагийн үйлдлээр Түвшинжаргалтай бүлэглэж малын хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ өөрөө ярьдаг бөгөөд ярьсан бичлэгийг нь би тухайн үед гар утсан дээрээ бичиж авч байсан. Түүнээс хойш миний гар утасны фалат нь шатаад тэр бичлэгийг дахин сэргээх боломжгүй болсон. Ингэж дээрх 4 удаагийн үйлдлээр Н.Намнансүрэн, Э.Түвшинжаргал нар нь бусдын олон тооны бог малыг хулгайлсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдсон...” гэжээ. (3-р хх-ийн 127-129),

 

Гэрч Ш.Отгончимэг мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлэхдээ “...Миний Хаан банкны дансанд Н.Намнансүрэнгээс гээд хэд хэдэн удаа мөнгө орж байсан. Нөхөр маань надад хэлэхдээ Н.Намнансүрэнгээс авах үрээний мөнгө, мөн Н.Намнансүрэнд мал ажиллаж өгсөн мөнгө орж байгаа байх л гэж хэлсэн. Өөр зүйлсийг нь би нарийн мэдэхгүй байна...” гэжээ. (3-р хх-ийн 132-133),

 

Гэрч Д.Нэргүй мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Н.Намнансүрэн нь 2019 онд Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандган 5 дугаар баг хөдөө хэсэг “Элстэй” гэх уулын ар, өртөө ухаагийн ар зүгээр, улаан гарам гээд голынхоо баруун талд хаварждаг. Өвөлжөө нь “Алгын ам” гэх газарт ер нь тэр хавьдаа л нутагладаг байсан. Намар, зун, хавартаа эхнэрийнхээ хамаатан Я.Энхболдын хүү Мөнх-Эрдэнэтэй саахалт болж нутагладаг байсан...” гэжээ. (3-р хх-ийн 136-137),

 

Гэрч Э.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг (3-р хх-ийн 147-148),

Гэрч Ш.Минжүүрдоржийн мэдүүлэг (3-р хх-ийн 151),

Гэрч Ж.Батжаргалын мэдүүлэг (3-р хх-ийн 154-155),

Гэрч Б.Батхүүгийн мэдүүлэг (3-р хх-ийн 158-159),

Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандган багийн Засаг даргын тодорхойлолт (3-р хх-ийн 173), шүүгдэгч Н.Намнансүрэн, Э.Түвшинжаргал, тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогч нарт хохирол төлсөн баримтууд, хохирогч Б.Баярхүүгийн шүүхэд гаргасан хүсэлт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны захирагчийн ажлын албаны тодорхойлолт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны эрүүл мэндийн төвийн тодорхойлолт болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Н.Намнансүрэн, Э.Түвшинжаргал нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Хавтаст  хэрэгт  авагдаж  шүүх  хуралдаанаар  шинжлэн  судалсан  нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг мөн гэж үзэв.

 

Шүүгдэгч Өндөр цагаан овогт Энх-Амгалангийн Түвшинжаргал, Хардэл дархан овогт Наваанлувсангийн Намнансүрэн нар нь бүлэглэн, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутаг дэвсгэр “Хүрэн чулуут” гэх газраас хохирогч Д.Тиеугийн эзэмшлийн зөв талын гуян дээрээ “Л” үсгэн тамгатай, ахар дэлтэй хүрэн зүсмийн нэг тооны морийг, мөн хохирогч Ж.Батзоригийн эзэмшлийн им, тамгагүй хээр алаг зүсмийн 1 тооны, нийт 2 тооны буюу олон тооны малыг 81-68 ХЭҮ улсын дугаартай “Хүйндай портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад нийт 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг болох нь хохирогч П.Тиеугийн “...2021 оны 09 дүгээр сарын 23-аас 24-ний өдрийн хооронд “Хүрэн чулуут” гэх газраас зөв талын гуян дээрээ Л үсгэн тамгатай ахар дэлтэй хүрэн зүсмийн 1 тооны адуу алдсан. ... Уг алдсан хүрэн морьтой хээр алаг зүсмийн баруун талын 1 нүд нь цэхэр хээр алаг морь ирж манай хүрэн морьтой 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хамт явж байсан. Тухайн үед уг морийг хаанаас ирж манай хүрэн морьтой нийлсэн талаар мэдээгүй. ... Тухайн үед манай ахар дэлтэй хүрэн морь уг гүйж ирсэн хээр алаг морийг дагаад явчихлаа гээд нэлээн хайгаад олж бараагүй юм. ... 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Цагдаагийн байгууллагаас хээр алаг зүсмийн морь алдсан хүнийг хайж байна гэж сонсоод ирж уулзахад миний алдсан хүрэн зүсмийн морьтой им, тамга, зүсээрээ таарч байсан...” гэх,  хохирогч Ж.Батзоригийн “...2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумаас малаа оторлохоор нүүдэл хийж явж байхдаа Хэнтий аймгийн Мөрөн суманд 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүрч ирээд малаа амраан Мөрөн суманд хоноглосон юм. Ингээд Мөрөн суманд малтайгаа хонож байхдаа хонгор азаргатай саран дэвсгэртэй чандмань тамгатай 32 тооны адуугаа алдсан. Тэгээд тухайн үед эрэл хийж явж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын урд талаас 28 тооны адуугаа олсон бөгөөд манай адуунаас 4 тооны адуу дутаж алга болсон байсан бөгөөд уг 4 адуугаа эрээд олж чадаагүй цааш нүүдлээ хийж явсан. Би адуугаа олсон газраа нэр усыг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ Өмнөдэлгэр сумын нутгаас олсон. ... Би ер нь бол нийтдээ 32 тооны азарга адуу алдсан бөгөөд 4 адуугаа дутуу олсон, үүнээс 3 нь саран дэвсгэртэй чандмань тамгатай адуу байгаа. Харин уг алаг морь ганцаараа им тамгагүй борлог хээр гэхээр завсрын зүстэй адуу байсан юм...” гэх, иргэний нэхэмжлэгч Ч.Жавхлантөгсийн “...2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 81-68 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалж 1 сая 500 мянган төгрөгийн зээл авсан. Одоо бол 1 сая 400 мянган төгрөгний зээл үлдсэн байгаа...” гэх, гэрч Х.Зейнелгаравын “...Уг алдсан морийг манайх өвөл болохоор хониндоо унадаг номхон морь байсан. Тухайн үед манай нөхөр Д.Тиеу гэрийн ойр хавь болон ойролцоо нутагладаг айлуудаас асууж сураглаад олж чадаагүй бөгөөд огт сураг ажиг гараагүй. ... Нөхөр бид хоёр бодохдоо тэр гүйж ирсэн хээр алаг морийг манай хүрэн морийг дагуулаад гүйсэн байх гэж бодсон...” гэх, гэрч С.Баярбатын “...Надад 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Н.Намнансүрэн гэх хүн ганцаараа 81-68 ХЭҮ улсын дугаартай, хөх өнгийн портер маркийн автомашинтай ирж 2 тооны адууны махыг аймгийн төвд бойны газарт байхад надад зарсан. Уг 2 тооны адуу нь нийтдээ 2.050.000 төгрөг болсон...” гэх, шүүгдэгч Э.Түвшинжаргалын “...Тухайн үед би Н.Намнансүрэнтэй цагдаад баригдаад явж байхад Н.Намнансүрэн надад хандан “Би чиний данс руу мөнгө хийсэн болохоор цагдаа нарт дээрх 2 тооны адууг чамтай хулгайлсан гэж мэдүүлсэн байгаа. Нэгэнт энэ хоёулаа цуг явж байгаа юм чинь энэ хэргийг чи хамт үйлдсэн гээд хэлчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би урьд гэрчийн өгсөн мэдүүлэгтэй Н.Намнансүрэнтэй 2 тооны адууг цуг явж бугуйлдаж барьж авсан гэж мэдүүлсэн...” гэх, шүүгдэгч Н.Намнансүрэнгийн “...Миний хувьд урьд хэргийн талаар гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлсэн. 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр намайг ачааны машинтайгаа Багануур дүүрэгт нүүрс зөөгөөд явж байхад Э.Түвшинжаргал нь миний утас руу залгаад надад хандан “Банкны зээл болох гээд байна чи нэг хүрээд ирээч, хэдэн адуу мал ажиллах хэрэгтэй байна” гэхээр нь би очдог байсан. Дээрх асуудал дээр бол 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө Э.Түвшинжаргал намайг утсаар дуудахаар нь би Э.Түвшинжаргалын байгаа газар болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг сангийн аж ахуйн пойлон дотор очоод Э.Түвшинжаргал нь пойлон дотор 2 тооны адуу ажиллачихсан, үүнийг ачаад аймаг авч явж борлуулаад ирээч гээд миний машины ачаан дээр 2 тооны адууны махыг нь бид 2 хамжиж ачаад би борлуулахаар аймгийн төв рүү авч явсан юм...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Д.Тиеугийн Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №ХЭ24-21 дугаартай дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний “Фэйр валиушн” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШД474 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар, (прокурорын яллах дүгнэлтэд хохирогч Д.Тиеуд 1,100,000 төгрөгийн, хохирогч Ж.Батзоригт 1,300,000 төгрөгийн хохирол учирсан гэж бичигдсэн боловч дээрх хохирогч нарт учирсан хохирлын үнэлгээг гаргахдаа дүгнэлт гаргах эрхгүй этгээд гаргасан байсан учир дахин хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулахад хохирогч Д.Тиеуд 1,200,000 төгрөгийн, хохирогч Ж.Батзоригт 1,200,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон тул дээрх үнэлгээгээр хохирлыг тооцсон болно. Энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж үзсэн.)

- 2021 оны 11 дүгээр сарын 14-ний орой Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Шинэ ус” гэх газраас хохирогч Ц.Дашнямын эзэмшлийн им тэмдэггүй ухаа халзан зүсний 4 настай үнээ, зүүн талын чих үзүүрээсээ цуулбар имтэй эрээн нүүртэй мухар улаан, эрээн зүсмийн охин шүдлэн үхэр буюу олон тооны малыг 81-68 ХЭҮ улсын дугаартай “Хүйндай портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад нийт 2,750,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Дашнямын “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үхрээ бүртгэж үзэхэд 1. Ухаа халзан зүсмийн им тэмдэггүй 4 настай үнээ 2. Эрээн нүүртэй мухар улаан эрээн зүсмийн охин шүдлэн зүүн талын чих үзүүрээсээ цуулбар имтэй үхрүүд маань байхгүй байсан. Манай хүү энэ жил мал дээрээ гарч байгаа болохоор малаа зүсэлж мэдэхгүй тоогоор мэдэж байгаа бөгөөд яг ямар зүстэй үхэр дутаад байгааг мэдэхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагаас надад 2 тооны үхрийн толгой харуулахад манай алдсан 2 тооны үхрийн толгой мөн байсан...” гэх, гэрч О.Долгорсүрэнгийн “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр манайх үхрээ бүртгэж үзэхэд ухаа халзан зүсмийн им тэмдэггүй 4 настай үнээ, эрээн нүүртэй мухар улаан эрээн зүсмийн охин шүдлэн зүүн талын чих үзүүрээсээ цуулбар имтэй үхрүүд маань байхгүй байсан. Манай хүү энэ жил мал дээрээ гарч байгаа болохоор малаа зүсэлж мэдэхгүй тоогоор мэдэж байгаа бөгөөд яг ямар зүстэй үхэр дутаад байгааг мэдэхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагаас надад 2 тооны үхрийн толгой харуулахад манай алдсан 2 тооны үхрийн толгой мөн байсан...” гэх, гэрч С.Баярбатын “...2021 оны 11 дүгээр сарын 14-нд 2 тооны үхэр өгсөн, 161 кг-тай 1 үхэр, 121 кг-тай1 үхэр 2 тооны үхэр өгсөн. Нийт мөнгө нь 2,110,000 мянган төгрөг болсон байна. Тухайн үед би 5075031220 тоот Хаан банкны Отгончимэг гэх дансанд 910,000 мянган төгрөг шилжүүлсэн байна...”  гэх мэдүүлэг, шүүгдэгч Э.Түвшинжаргалын “...Миний хувьд Н.Намнансүрэнтэй бүлэглэн дээрх 2 тооны үхрийг бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан асуудал байхгүй ээ. Тухайн үед Н.Намнансүрэн дээрх 2 тооны үхрийг өөрөө ачиж ирэхээр нь л би түүнд тусалж хамтран дээрх 2 тооны үхрийг ажиллаж махалсан. Тэр үед Н.Намнансүрэн нь үхрийн махаа ачаад л явсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Н.Намнансүрэнгийн “...2021 оны 11 дүгээр сарын 14-ний орой гэртээ байж байхад Э.Түвшинжаргал над руу утсаар залгаад “Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ Ус” гэх газраас хүнээс 2 тооны үхэр авчихаад гэрийнхээ гадаа ажиллачихлаа, чи маргааш өглөө манай гэрт машинтайгаа хүрээд ирээрэй. Надад “А” данс байхгүй учраас чи махыг маань аймаг авч явж борлуулаад өгөөч” гэж хэлсэн. Ингээд би 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө Э.Түвшинжаргалын гэрийн гадаа өөрийн 81-68 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машинтай очиж дээрх 2 үхрийн махыг машин дээрээ ачаад Хэнтий аймгийн төв рүү орж ченжид 1.900.000 төгрөгөөр өгсөн...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Фэйр валиушн” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШД451 дугаартай дүгнэлт, хохирогч Ц.Дашнямын Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Ш.Отгончимэгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

 

- 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Номт бэлчир” гэх газраас хохирогч С.Батхуягийн эзэмшлийн зүүн талын хондлой дээрээ /нүд/ хайчтай, зүүн гуяндаа давхар сартай онги тамгатай хул хонгор зүсмийн бүдүүн морь, буурал духтай хүрэн зээрд бүдүүн морь, хохирогч Б.Баярхүүгийн эзэмшлийн 6 настай сартай арвай тамгатай хондлой цоохор хүрэн зүсмийн морь болох 3 буюу олон тооны малыг 81-68 ХЭҮ улсын дугаартай “Хүйндай портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад нийт 13,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Батхуягийн “...2021 оны 11 дүгээр сарын 09-өөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны хооронд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Номт бэлчир” гэх газраас хонгор азаргатай 38 тооны адуунаасаа 3 тооны адуу алдсан юм. Тэгээд би тэр хавиараа эрж хайгаад олоогүй бөгөөд ямар нэгэн сураг гараагүй юм. Уг алдсан 3 тооны адууны 2 нь яг миний өөрийн адуу бөгөөд 1 тооны адуу нь болохоор манай саахалт айл болох Б.Баярхүү гэдэг хүний морь байсан юм. Уг морийг нь тухайн үед азарга нь хасаад манай адуунд нийлээд байсан юм. Миний өөрийн алдсан 2 адууны зүс им тамга гэвэл хар голтой засмал дэлтэй хул хонгор зүсмийн бүдүүн морь, засмал дэлтэй буурал духтай хүрэн зээрд бүдүүн морь дээрх 2 тооны адуу маань зүүн талын хондлой дээрээ /нүд/ хайчтай, зүүн гуядаа давхар сартай онги тамгатай байгаа. Мөн цуг алдсан Б.Баярхүүгийн алдсан адуу нь болохоор ахар дэлтэй хондлой цоохор хүрэн зээрд зүсмийн бүдүүн морь байсан, тамгыг нь санахгүй байна. Дээрх 3 тооны адууны талаар Б.Баярхүү бид хоёр ойр хавийн айлуудын адуу малаар эрж хайгаад ямар нэгэн сураг гараагүй юм. Бидэнд тухайн үед сэжиглэж байсан хүн байхгүй. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр цагдаагийн байгууллагаас 3 тооны адуу алдсан хүн хайж байна гэж сонсоод ирж уулзахад миний алдсан 2 тооны адуу болон Б.Баярхүүгийн алдсан 1 тооны адууны маань сураг нь гарч цагдаагийн байгууллагаас хулгайлсан хүмүүсийг нь олж тогтоосон байсан...” гэх, хохирогч Б.Баярхүүгийн “...миний хондлой цоохор хүрэн зүсмийн сартай арвай тамгатай ахар дэлтэй морь манайхтай саахалт нутагладаг айл болох С.Батхуяг гэх хүний 2 тооны морьтой 2021 оны 06 дугаар сарын эхэн үе ногоо ургаж эхэлснээс хойш тэдний хоёр тооны хээр, хул зүсмийн морьтой нийлээд гурвуулаа ижилсээд явдаг болсон. Тухайн үед манай азарга адуунаасаа хасаж хөөгөөд байсан юм. Ингээд би нэгэнт манай саахалт айлын адуунд байсан учраас морио салгаж аваагүй бөгөөд намар болтол цуг явж байг гээд адууны эзэн Батхуяг ахад хэлээд үлдээсэн. Ингээд үүнээс хойш 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Батхуяг ах адуугаа бүртгэж үзэхэд бүрэн байсан бөгөөд миний морь уг нийлсэн 2 морьтойгоо цуг явж байна гэж Батхуяг ах надад хэлсэн. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Батхуяг ах адуугаа бүртгэж үзэхэд миний 1 тооны морь болон тэдний 2 тооны морьтой нийлээд уг 3 адуу алга болсон талаар надад хэлж байсан. ... Миний ахын нэр дээр л болохоос би өөрөө харж хандаж уяа сойлгыг нь хийж овоо тахилга, сум, аймаг, бүсийн наадамд уралдуулдаг байгаа. Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ хэлсэн. Ахыгаа төлөөлж хохирогчоор орно гэж, тэрнээс бол манай ах бол ирэх боломжгүй бөгөөд утсаар ярьж хэлэхэд чи өөрөө хохирогчоор ороорой гэж хэлсэн. Миний ахын зүгээс татгалзах зүйлгүй гэсэн...” гэх, гэрч Б.Эрдэнэтуяагийн “...2021 оны 11 дүгээр сарын 09-өөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны хооронд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн нутаг “Номт бэлчир” гэх газраас хонгор азаргатай 38 тооны адуунаасаа 3 тооны адуу алдсан юм. Тэгээд манай нөхөр тэр хавиараа эрж хайгаад олоогүй бөгөөд ямар нэгэн сураг гараагүй юм. Уг алдсан 3 тооны адууны 2 нь манай өөрийн адуу бөгөөд 1 тооны адуу нь болохоор манай саахалт айл болох Б.Баярхүү гэдэг хүний морь байсан юм. Уг морийг нь тухайн үед азарга нь хасаад манай адуунд нийлсэн гэж манай нөхөр ярьж байсан. ... 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр манайх руу цагдаагийн байгууллагаас залгаад “Танайхыг 3 тооны адуу алга болсон талаар сонслоо. Хулгайд алдагдсан 3 тооны адуугаа зүс имээр нь таних уу гэхээр нь нөхөр бид хоёр сумын төв дээр явж очоод харахад манай хар голтой засмал дэлтэй хул хонгор зүсмийн бүдүүн морь, засмал дэлтэй буурал духтай хүрэн зээрд бүдүүн морь мөн Баярхүүгийн эзэмшлийн ахар дэлтэй хондлой цоохор хүрэн зээрд зүсмийн бүдүүн морьд мөн байхыг таньсан. Тэгээд цагдаа нар хулгай хийсэн хүмүүсийг олж тогтоосон талаараа бидэнд мэдэгдсэн юм...” гэх, гэрч С.Баярбатын “...2021 оны 11 дүгээр сарын 09-нд бас 3 тооны бүдүүн адуутай орж ирсэн 225 кг-тай, 215 кг-тай, 182 кг-тай нийт мөнгө нь 5936025517 тоот дансанд 3,283,000 мянган төгрөг болоод Намнансүрэнгийн дансанд хийсэн байна...” гэх, гэрч Б.Баяржаргалын “...Дээрх алдагдсан гэх хондлой цоохор хүрэн зүсмийн 6 настай арвай тамгатай адуу нь манай дүү Б.Баярхүүгийн адуу байгаа юм л даа. Миний хэдэн тооны мал нь манай дүү Б Баярхүү дээр байдаг юм. Дээрх алдагдсан хурдан удмын адуутай адилхан нэг морь бол миний нэр дээр байдаг. Тэрэнтэй дүү маань андуурч анх хондлой цоохор хүрэн зүсмийн 6 настай арвай тамгатай адууг миний эзэмшлийн адуу гэж мэдүүлэг өгсөн байсан...” гэх, гэрч Ц.Нэргүйгийн “...Манай сумын залуу уяас Васи Баярхүү гэдэг залуугийн нэр дээр уралддаг байсан хүрэн морь нь 2021 онд хулгайд алдагдсан талаар сонсож байсан. Тухайн морь нь сумын болон бусад уралдаан наадамд оролцохдоо ихэвчлэн манай сумынхны мэддэгээр Васи Баярхүүгийн нэр дээр, хааяа түүний төрсөн ах гэх Баяржаргал нарын нэр дээр уралддаг байсан. Тухайн үед би сумынхаа хэсгийн төлөөлөгчид тэр хүрэн морь хэний нэр дээр ямар ямар уралдаанд орж байр шагнал эзэлж байсан талаар албан тоот хийж өгч байсан санагдаж байна...” гэх, шүүгдэгч Э.Түвшинжаргалын “...2021 оны 11 дүгээр сарын 08-ны орой Н.Намнансүрэн над руу утасдаад: “Би мал ажиллах гэсэн юм. Хамт ажиллаад өгөөч” гэхээр нь би “Би бол танай тийшээ очиж чадахгүй шүү. Мал дээрээ байна. Харин наашаа дөхөж ирвэл ажиллалцаж өгье” гэж хэлсэн. Ингээд 11 дүгээр сарын 09-ний өглөө Н.Намнансүрэн манай гэрээс баруун урагшаа 5 орчим км зайд ирсэн байна гэж ярихаар унааны халиун морьтойгоо очсон. Намайг очиход Н.Намнансүрэн өөрийнхөө машин дээр 3 тооны морь ачиж ирсэн байсан. Тэгээд бид 2 уг тооны морийг буулгаад махалж ажиллаад Н.Намнансүрэн махыг нь өөрийнхөө ачааны машин дээр ачаад аваад явсан...” гэх, шүүгдэгч Н.Намнансүрэнгийн “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 07 цаг өнгөрөөгөөд Э.Түвшинжаргал над руу залгаад “Би Өлзийтийн баруун хойно пойлонд 3 адуу ажиллачихлаа. Чи машинтайгаа хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинтайгаа пойлонд очиход Э.Түвшинжаргал нь 3 адуу ажиллаж махалсан байсан. Тэгэхээр нь би түүнийг нь өөрийн 81-68 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машин дээр ачаад Хэнтий аймгийн төврүү зарж борлуулсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч С.Батхуяг, Б.Баярхүү нарын Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хөрөнгийн үнэлгээний “Фэйр валиушн” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШД456 дугаартай дүгнэлт, Ш.Отгончимэгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

 

- 2021 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутаг дэвсгэр “Хайлантай” гэх газраас хохирогч Б.Цэвээнравдангийн эзэмшлийн 7 настай зөв талын чих үзүүрээсээ ам имтэй хар үнээ, зөв талын чих үзүүрээсээ ам имтэй хар халзан эр шүдлэн, улаан үнээ болох 3 буюу олон тооны малыг 81-68 ХЭҮ улсын дугаартай “Хүйндай портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 4,140,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Цэвээнравдангийн “...Тухайн үед манай үхэр гэрээс баруун тийш “Цагаан толгойн ар” гэх газарт хээр хоносон. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө үхрээ бүртгэж үзэхэд манай үхрээс 3 үхэр байхгүй байсан. Манай үхэр байсан газрын ойролцоо “Портер” машины мөр байхаар нь дагаад явж үзэхэд үхэр байсан газраас баруун тийшээ 3-4 орчим километр газарт айлын саравчны зүүн талд овгор газар луу ухаж зогсоод мал ачсан бололтой ул мөр байсан. Үхэр бугуйлдсан юм уу, уургалсан юм уу, чирэгдсэн ул мөр байсан. Тэгээд тэр машины ул мөр “Зотлог” гэх газраас Өлзийт тосгон руу явдаг тод замд нийлээд явсан байсан. ...1. Хар үнээ” зөв талын үзүүрээсээ ац имтэй, сүүлний үзүүрийг тайрсан, буруу талын чих амгүй, 7 настай, 2. Хар халзан эр шүдлэн үхэр зөв талын чих үзүүрээсээ ац, сүүлний үзүүрээс тайрамхай, буруу талын чих ацгүй, мухар 3. Улаан үнээ 2 чих ацгүй, эвэр нь далий, 5 настай...” гэх, гэрч П.Даваасүрэнгийн “...Манай үхэр тухайн үед манай гэрээс баруун тийш “Цагаан толгой” гэх газарт хөдөө хээр хоносон юм. Үхэрт манай нөхөр яваад ирэхдээ “3 үхэр байхгүй байна” гэж ирсэн. Манай үхрийн ойролцоо машины мөр гарсан талаар манай ах Б.Цэвээнравдан ярьж байсан. ... Үхэр бэлчиж байсан газрын эргэн тойронд машины мөр байна. Тэр мөр нь Пүүжээ гээд айлын гаднаас манай үхэр дээр ирсэн байх шиг байна гэж байсан...” гэх, гэрч Ө.Пүрэвдаваагийн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Өлзийт тосгоны төв дээр ээжийнхээ хашааг бариад байж байтал манай ээжийн гэрт Намнансүрэн ирсэн. Тэгээд хашааг нь барьж дуусаад явах гэтэл унаа олдохгүй байхаар нь би Намнансүрэнг “Чи хөдөө явж өгөөч. Би түлшний мөнгийг чинь өгнө” гэж хэлээд 30,000 төгрөг өгтөл Намнансүрэн “Би түлшгүй байгаа. Мөрөн сум орж түлш авчхаад хүргэж өгье” гэж хэлээд Мөрөн сум руу явсан. Удалгүй Намнансүрэн “түлшээ авчихлаа” гээд ирсэн. Тэгээд би манай ээжийн хашаанд байсан сүрэл өвсийг ачаад бид нар манай гэр лүү хөдөлсөн. Замдаа төөрч явж байгаад гэрийнхээ зүүн талаас орсон. Намнансүрэн бид хоёр тухайн ачиж ирсэн сүрэл өвсөө буулгаж дуусаад Намнансүрэнгийн машин нь асахгүй байсан. Тэгээд Намнансүрэн манай гэрт хоносон Тэгээд маргааш нь буюу 11 дүгээр сарын 24-ний өдөр Намнансүрэн машинаа янзалж дуусаад 13 цаг өнгөрч байхад манайхаас хөдлөөд явсан. ... Намнансүрэн Өлзийт тосгон руу буцлаа гээд хөдөлсөн...” гэх, гэрч С.Отгонбаатарын “...2021 оны 11 дүгээр сарын 25-ны өглөөний 10 цагийн орчимд манай хашааны үүдэнд ирээд “Хөгшин нь 3 үхэртэй ирсэн юм аа. Надад виза карт байхгүй. Чиний дансаар мөнгө хийлгээд картнаас чинь авъя. Чи надтай цуг бой яваад өгөөч” гэхээр нь цуг яваад хийдийн сууринд мал мах худалдан авдаг ченж Баярбатад нийт 3,956,000 төгрөгөөр борлуулсан. Тэр мөнгөнөөсөө ченжээр 2,500,000 төгрөгийг нь өөр хүний данс руу хийлгээд миний 5936025517 дугаартай дансанд үлдсэн 1,456,000 төгрөгийг хийлгэсэн...” гэх, гэрч С.Баярбатын “...Намнансүрэнгийн зарсан 3 тооны үхрийн мах нь нийтдээ 3,956,500 төгрөг болсон бөгөөд 5936025517, 5958040073 гэсэн тоот данс руу мөнгөө шилжүүлүүлсэн...” гэх, шүүгдэгч Э.Түвшинжаргалын “...Н.Намнансүрэн тухайн үед надад мөнгөний өртэй байж байгаад миний данс руу 2.500.000 төгрөг шилжүүлсэн юм. Анх хэрэгт холбогдоход надад чиний данс руу мөнгө хийсэн учраас чи энэ хэрэг дээр надтай цуг хулгай хийсэн гэж хэлээрэй гэхээр нь би цагдаад гэрчийн мэдүүлэг өгөхөд ингэж мэдүүлсэн юм...” гэх, шүүгдэгч Н.Намнансүрэнгийн “...2021 оны 11 дүгээр сарын 24-ний орой Э.Түвшинжаргал над руу залгаад “Хөгшөөн би хүнээс 3 үхэр авахаар боллоо. Чи маргааш Өлзийтийн пойлонд хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би маргааш өглөө нь өөрийн 81-68 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машинтай Өлзийт тосгоны пойлонд очиход Э.Түвшинжаргал нь 3 тооны үхэр ажиллачихсан надад хандан “Хөгшөөн машины зээл нэхэгдээд байна. Чи энэ 3 тооны үхрийн махыг аймаг явж зарж борлуулаад ирээч” гэхээр нь би түүнийг нь машин дээрээ ачиж аймгийн төв рүү явж зарж борлуулсан. Тухайн үед 3 үхрийн махны мөнгө гэж 3.000.000 гаран төгрөг болсон. Тэгээд би 2.500.000 төгрөгийг нь Э.Түвшинжаргалд өгсөн...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.Цэвээнравдангийн Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний “Фэйр валиушн” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШД452 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдсан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн 121,600 төгрөг, эрээн уяа болон хар өнгийн уяа зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Н.Намнансүрэн, Э.Түвшинжаргал нар нь бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын өмчлөлд байгаа олон тооны бод малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Н.Намнансүрэн, Э.Түвшинжаргал, тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд “шүүгдэгч нар нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, өөрийн малаа махалж зарсан, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлцэж байгаа боловч шүүгдэгч Н.Намнансүрэн нь өөрийн малаа махалж зарсан талаарх баримт хэрэгт огт авагдаагүй, нотлох баримт байхгүйн зэрэгцээ хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх яллах талын нотлох баримтуудыг няцаасан баримт байхгүй байх тул шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан дээрх хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Н.Намнансүрэн, Э.Түвшинжаргал нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Намнансүрэн, Э.Түвшинжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж, бүлэглэж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Намнансүрэн, Э.Түвшинжаргал нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Н.Намнансүрэн, Э.Түвшинжаргал нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Н.Намнансүрэн, Э.Түвшинжаргал нарын цагдан хоригдсон 136 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Намнансүрэн, Э.Түвшинжаргал нарын үйлдсэн мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Д.Тиеуд 1,200,000 төгрөгийн, Ж.Батзоригт хохирогч 1,200,000 төгрөгийн, хохирогч Ц.Дашнямд 2,750,000 төгрөгийн, хохирогч С.Батхуягт 3,300,000 төгрөгийн, хохирогч Б.Баярхүүд 10,000,000 төгрөгийн, хохирогч Б.Цэвээнравданд 4,140,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нар нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлсөн талаарх баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

   Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч Н.Намнансүрэн, Э.Түвшинжаргал нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл нь хөрөнгийн үнэлгээний “Фэйр валиушн” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШД474 дугаартай дүгнэлтээр 8,900,000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь “Заг Капитал” ХХК-ийн эзэмшлийнх болох нь авто тээврийн үндэсний төвийн мэргэжилтэн Ж.Жаргалсайханы гаргаж өгсөн лавлагаа, иргэний нэхэмжлэгч Ч.Жавхлантөгсийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн үнэ болох 8,900,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн, шүүгдэгч Н.Намнансүрэнгээс 4,450,000 төгрөг, шүүгдэгч Э.Түвшинжаргалаас 4,450,000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Харин хохирогч Б.Цэвээнравдангийн 3 тооны үхрийг хулгайлахдаа халиун зүсмийн морь ашигласан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №2022/ШД-13 дугаартай “...1 тооны адууны үнэлгээ 1,200,000 төгрөг...” гэх дүгнэлтээр үнэлэгдсэн морины үнэлгээг шүүгдэгч нараас гаргуулах боломжгүй гэж үзлээ.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 121,600 төгрөгийг улсын орлогод оруулж, эрээн уяа болон хар өнгийн уяа зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч “Заг Капитал” ХХК-д буцаан олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Намнансүрэн, Э.Түвшинжаргал нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Өндөр цагаан овогт Энх-Амгалангийн Түвшинжаргал, Хардэл дархан овогт Наваанлувсангийн Намнансүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглан, бүлэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Энх-Амгалангийн Түвшинжаргал, Наваанлувсангийн Намнансүрэн нарт тус бүр 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Түвшинжаргал, Н.Намнансүрэн нарт оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын цагдан хоригдсон 136 (нэг зуун гучин зургаа) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Түвшинжаргал, Н.Намнансүрэн нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 8,900,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн, шүүгдэгч Э.Түвшинжаргалаас 4,450,000 төгрөгийг, шүүгдэгч Н.Намнансүрэнгээс 4,450,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн 121,600 төгрөгийг улсын орлогод оруулж, эрээн уяа болон хар өнгийн уяа зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, прокурорын 81-68 ХЭҮ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

            7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Түвшинжаргал, Н.Намнансүрэн нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ХОСБАЯР