| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 148/2023/00239/И/Н |
| Дугаар | 001/ХТ2026/00001 |
| Огноо | 2025-12-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2026/00001
Б.З, Ц.Гд, Ц.Гч нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн
2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 316/ШШ2025/00297 дугаар шийдвэр,
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 208/МА2025/00039 дүгээр магадлалтай,
Б.З, Ц.Гд, Ц.Гч нарын нэхэмжлэлтэй,
Т.Б-д холбогдох
*** аймгийн *** сум *** хэсэгт байрлах, улсын бүртгэлийн Ү-**** дугаартай, хувийн сууцны зориулалттай 91 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх, гэрчилгээг эх хувиар гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,
үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгчөөр тогтоолгох, эсхүл 14,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Б.З, түүний өмгөөлөгч Д.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.З-н өмгөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.З, Ц.Гд, Ц.Гч нар нь хариуцагч Т.Б-д холбогдуулан хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх, гэрчилгээг эх хувиар гаргуулах үндсэн нэхэмжлэлийг,
хариуцагч Т.Б нь *** аймгийн *** сум *** тоот, улсын бүртгэлийн Ү-**** дугаартай, хувийн сууцны зориулалттай 91 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгчөөр тогтоолгох, эсхүл 14,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргаж, зохигч үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
2.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 316/ШШ2025/00297 дугаар шийдвэрээр;
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Б.З, Ц.Гд, Ц.Гч нарын өмчлөлийн *** аймгийн *** сум *** тоот хаягт байршилтай, 91 м.кв талбайтай хувийн сууцыг хариуцагч Т.Б-н хууль бус эзэмшлээс чөлөөлж, Ү-**** дугаартай улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч нарт өгөхийг хариуцагчид даалгаж, Т.Б-н *** аймгийн *** сум *** тоот хаягт байршилтай, 91 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгчөөр тогтоолгох, эсхүл 14,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 208/МА2025/00039 дүгээр магадлалаар;
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 316/ШШ2025/00297 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Б.З, Ц.Гд, Ц.Гч нарын бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай хариуцагч Т.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т.Б-г *** аймгийн *** сум *** тоотод орших Ү-**** улсын дугаартай, хувийн сууцны зориулалттай 91 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчээр тогтоосугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.З, Ц.Гд, Ц.Гч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн сөрөг шаардлага гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулан хариуцагчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгч Б.З, түүний өмгөөлөгч Д.А нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэлцлийн үндсэн дээр хариуцагчид үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил шилжсэн тул хууль ёсных гэж дүгнэхдээ үндэслэл болгосон нотлох баримтуудаа хуульд заасан шаардлага хангасан эсэхийг шалгаж тогтоогоогүй. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д зааснаар нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн тул өмчлөл, эзэмшил заавал өмчлөгчөөс шилжих нь зүй ёсных бөгөөд өмчлөгч бус этгээдээс хэлцлийн үндсэн дээр эзэмшил шилжүүлж авсныг хууль ёсоор эзэмшил үүссэн гэж үзэхгүй. Улсын дээд шүүхийн 2009.06.10-ны өдрийн 17 дугаар тогтоолд зөвхөн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүссэн эзэмшил нь эрх зүйн үр дагавар буюу шаардах эрхийг үүсгэнэ гэж тайлбарласан. Гэтэл давж заалдах шатны шүүх хуульд заасан шаардлага хангаагүй буюу өмчлөгч биш Б.Ч-тай байгуулсан хэлцлийг үндэслэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэлээ. Мөн тогтоолд шударга эзэмшигч гэдэгт өөрийн эзэмшлийг хууль ёсны гэж ойлгож, эзэмшлээ хууль бус болохыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан хууль бус эзэмшигчийг хамааруулж ойлгоно гэжээ. Гэтэл хариуцагчийн аав Л.О-т 4,000,000 төгрөг төлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан даруйдаа өмчлөгч нь Б.З болохыг мэдсэн бөгөөд энэ үеэс өөрсдийн эзэмшлийг хууль бус болохыг мэдсэн гэж үзнэ. Гэрч Б.Ч, Б.З нарын дунд өмчлөлийн маргаантай хэмээн нотлогдоогүй зүйлд дүгнэлт хийсэн, улмаар хэт нэг талыг барьсан дүгнэлт байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5.Нэхэмжлэгч Б.З, түүний өмгөөлөгч Д.А нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.11.19-ний өдрийн 001/ШХТ2025/01081 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгч Б.З, түүний өмгөөлөгч Д.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
7.Нэхэмжлэгч Б.З, Ц.Гд, Ц.Гч нар нь хариуцагч Т.Б-д холбогдуулан *** аймгийн *** сум *** тоот, улсын бүртгэлийн Ү-**** дугаартай, 91 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, гэрчилгээг эх хувиар гаргуулах нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ “...2007.10.23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд Б.З, Ц.Гд, Ц.Гч нарын нэр байгаа, дүү Б.Ч нь дүү Б.Г-н өр төлбөрийн барьцаанд хувийн сууц болон гэрчилгээг Б.Т-н эзэмшилд шилжүүлснийг хожим олж мэдсэн... 10,000,000 төгрөгийн өртэй гэж хэлсэн... Л.О-т 4,000,000 төгрөг төлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсны дараа Б.Т гуай надтай ирж уулзсан... 15,000,000 төгрөгийн зөрүү өгвөл шилжүүлж болно, ... түүнээс 15,000,000 төгрөгийн байшин биш, хэмжээ нь 9х11 харьцаатай, саун, тахианы байртай, 1.5 га эзэмшлийн газартай, ийм хөрөнгийг өгөх боломжгүй...” гэж тайлбарласан.
8.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...нэхэмжлэгч Б.З-н дүү Б.Г банканд ажиллаж байхдаа 2015 онд миний аав Б.Т-н гарын үсгийг дуурайлган зурж, данснаас нь мөнгө авсан тул өр төлбөртөө дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн, энэ үед аав маань нэхэмжлэгчид зөрүү төлбөр 3,600,000 төгрөгийг өгч, хэлцэл байгуулсан. Гэтэл 2016 онд Б.З уг хашаа, байшинг Л.О гэх хүнд барьцаалан 4,000,000 төгрөгийн зээл авсныг хожим мэдсэн ба энэ талаар шүүхийн шийдвэр гарч, байшин хураагдах болсон. Тэр үед Б.З 4,000,000 төгрөгийг төлөөд байшингаа аваарай гэсэн тул Л.О-т 4,000,000 төгрөг төлсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхийг Б.З-с 2016 оноос хойш шаардсан боловч шалтаг хэлж хойшлуулж явсаар 2021 онд аав маань нас барсан.” гэж маргасан,
хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, эсхүл 14,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ: “Б.Г-н эгч Б.Ч, Б.З нарын зүгээс аав Б.Т-т хандан дүүгээ эрүүгийн хэрэгт ял шийтгүүлэхгүйн тулд хашаа байшинг 10,000,000 төгрөгт тооцож аваад, цагдаад гомдолгүй гэж хэлж өгөөч гэсэн хүсэлт тавьсан тул аав маань залилуулсан 6,400,000 төгрөг дээр байшингийн 10,000,000 төгрөгийн зөрүү болох 3,600,000 төгрөгийг өгсөн. Гэтэл 2017 онд аймгийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас холбогдож 4,000,000 төгрөгийн өр төлбөрт байшинг хураах шүүхийн шийдвэр гарсан талаар хэлсэн. Ингээд Л.О-т 4,000,000 төгрөг, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 500,000 төгрөгийг шилжүүлсэн, иймд байшингийн өмчлөх эрхийг шилжүүлэх эсхүл 14,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч Б.З сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч “Б.Т-той уулзаж, 10,000,000 төгрөгт тооцон байшингаа шилжүүлэхээр ярилцсан асуудал огт байхгүй, би тухайн үед **** аймагт амьдарч байсан. Дүү Б.Г “таны байшингийн зөрүүнд Б.Т 15,000,000 төгрөг өгнө.” гэж хэлсэн. Байшин зоорьтой, тахианы байр, түлээний амбаартай, хашаа том бөгөөд тохижилт сайтай тул 10,000,000 төгрөгт тооцох боломжгүйг хариуцагч мэдэж байгаа” гэж маргасан.
9.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ; “...маргаан бүхий сууц нь нэхэмжлэгч нарын нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэн бөгөөд хариуцагч хууль ёсоор эзэмших эрхтэй гэж үзэх үйл баримт тогтоодоогүй тул нэхэмжлэгч нар Т.Б-н хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй, сөрөг нэхэмжлэлийн тухайд зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгч нараас 14,500,000 төгрөг гаргуулах шаардлага үндэслэлгүй, Б.Т хашаа байшинг худалдаж авсан гэх үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж дүгнэсэн.
10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангахдаа: “...Нэхэмжлэгч Б.З, өөрийн төрсөн дүү Б.Ч-тай маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар маргаантай, Б.Ч нь Б.Т-той өөрийн төрсөн дүү Б.Г-н өр төлбөрийн асуудлаар хэлцэл хийж, сууцыг төлбөрт шилжүүлэхээр тохирсон үйл баримтын талаар Б.З мэдэж байсан талаарх баримт хэрэгт авагдсан, зохигч үл хөдлөх эд хөрөнгө Т.Б-н эзэмшилд хэрхэн шилжсэн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд гагцхүү улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн хууль ёсны өмчлөгч гэх үндэслэлээр маргасан, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч хэлцлийн дагуу эзэмшилдээ авсан, 2015 оноос хойш нэхэмжлэгч Б.З нь хуульд заасан шаардлага гаргаагүй тул хариуцагчийг шударга эзэмшигч гэж үзэж сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй” гэсэн дүгнэлтийг хийжээ.
11.Хоёр шатны шүүх маргааны үйл баримтад эрх зүйн өөр өөр дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэр гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шийдвэрт нөлөөлсөн эсэх талаар нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.
12. *** аймгийн *** сум *** хэсэгт байршилтай, хувийн сууцны зориулалттай, 91 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлийн Ү-**** дугаарт, өмчлөгч Б.З, Ц.Гд, Ц.Гч нарын нэр дээр бүртгэгдсэн,
мөн “2015.07.20-ны өдөр Б.Г нь Б.Т-с авсан 6,400,000 төгрөгийн үндсэн зээлийг хүүгийн хамт 2015.10.31-ний дотор төлөхөөр харилцан тохиролцов”, “...тус сумын *** хэсэгт орших өөрийн байшинг тус сумын иргэн Б.Т-т худалдсан нь үнэн болно”, “Б.Т би Б.Г-н нэр дээрх 9,000,000 төгрөгийн өр төлбөрийг хаасан, өр төлбөртөө өвлийн байшин, хашаатай, ... авахаар хэлэлцэн тохиролцов, 9,000,000 төгрөгийг 2015.10.01-ний дотор Б.Т-т буцаан төлбөл барьцааг буцаан өгнө” гэсэн агуулга бүхий Б.Ч, Б.Г, Б.Т нарын гарын үсэг зурсан бичгийн баримтууд үйлдэж,
Б.Ч-с маргаан бүхий хашаа, байшинг 2015 оны 10 сард Б.Т-т хүлээлгэн өгсөн, Б.Т өөрийн охин хариуцагч Т.Б-д хүлээлгэн өгсөн, Б.Т 2021.09.12-ны өдөр нас барсан, 2023.07.07-ны өдрийн 0078 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээнд “Б.Т-н шүүхэд төлөөлөх эрхийг охин Т.Б-д өвлүүлсэн” талаар дурдсан, хариуцагч Т.Б уг хашаа, байшинг өнөөг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтын талаарх баримтууд хэрэгт авагджээ.
13.Талууд нэхэмжлэгч нар хариуцагчийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг шаардах эрхтэй эсэх буюу тодруулбал, маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл хийгдсэн эсэх, хариуцагчийн эзэмшил хэлцлийн үндсэн дээр үүссэн, хууль ёсны эсэх талаар маргасан байна.
14.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг чиглүүлэх үүрэгтэй бөгөөд энэ хэргийн агуулга нь нэхэмжлэгч Б.З-н дүү Б.Г хариуцагчийн эцэг Б.Т-т төлөх өр төлбөрт маргаж байгаа хашаа байшинг өгсөн эсэх талаар байгаа тохиолдолд хариуцагч талын гаргасан хүсэлтээр Б.Ч, Б.Г нарыг гэрчээр оролцуулахдаа тэдгээр нь маргааны зүйлийн талаар эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх талаар буюу хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг нь тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн.
Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн ба нэхэмжлэгч “15,000,000 төгрөгийн байшин биш” гэж, хариуцагч “хашаа байшинг 14,500,000 төгрөгийн өр төлбөрт тооцсон” гэж маргаж байгаа тохиолдолд хөрөнгийн үнэлгээ нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байна. (1хх-ийн 157)
Нөгөө талаар нэхэмжлэгч “…Байшин зоорьтой, тахианы байр, түлээний амбаартай, 1.5 га эзэмшлийн газартай том хашаа бөгөөд тохижилт сайтай тул 10,000,000 төгрөгт тооцох боломжгүй...” гэж тайлбарласнаас үзэхэд талуудын маргааны зүйлийг зөвхөн 91 м.кв талбайтай байшингийн өмчлөх, эзэмших эрхийн талаар маргасан гэж үзэхээргүй байх тул энэ талаар тодруулах шаардлагатай.
15.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулах үүргээ биелүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцээгүй, энэ хэргийн оролцогч бус, гэрчээр оролцсон этгээдэд холбогдох асуудлаар дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.
16.Мөн давж заалдах шатны шүүх хариуцагч “…үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгчөөр тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байхад үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчээр тогтоож шийдвэрлэсэн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 118 дугаар зүйлийн 118.5-д тус тус нийцээгүй байхаас гадна сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан тахианы байр, түлээний амбаартай, 1.5 га талбай бүхий эзэмшлийн газартай хашаа хамаарч байгаа эсэхийг тодруулаагүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.З, түүний өмгөөлөгч Д.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг Улсын дээд шүүхэд 2025.09.29-ний өдөр хүлээн авснаас хойш хариуцагч Т.Б 2025.10.28-ны өдөр нас барсан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “…эрх залгамжлагчийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулах” тухай хүсэлтийг хангаж, хяналтын шатны шүүх хуралдааныг хойшлуулсан.
Гэвч хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар хүсэлт гаргаагүй тул хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэх нь хууль зөрчихгүй ба хуульд заасан журмын дагуу зохигчийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр солих тухай асуудлыг анхан шатны шүүх шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 316/ШШ2025/00297 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 208/МА2025/00039 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.09.18-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД