Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 21

 

 

   2020           05           13                                           2020/ДШМ/21

 

 

 

Ч.Гт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Прокурор: Б.Догмиддорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Дагийнамжил,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ууганбаяр нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/50 дугаар цагаатгах тогтоолтой, шүүгдэгч Ч.Гт холбогдох, эрүүгийн 1920002660018 дугаартай, 1 хавтас, 204 хуудас бүхий хэргийг прокурор Б.Догмиддоржийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.Г-д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокурор Б.Догмиддоржоос, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Ч.Г 2019 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн 2 дугаар цэцэрлэгийн хойд талд байрлах иргэн Ч.Эын хашаанаас нэг тонны багтаамжтай, цагаан өнгийн усны хуванцар савыг 56-86 ДАХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Ч.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

 

            Ч.Г энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.3-т зааснаар энэ хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн 56-86 ДАХ улсын дугаартай, “Портер” маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Г.Д-д олгохоор,

 

            цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, хохирогч, өмгөөлөгч, Ч.Г нар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  “...цагаатгах тогтоол нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10- 12-р хуудас/,

- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 73-74, 80- 86-р хуудас/,

- Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 25-27, 90-92-р хуудас/,

- эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 97-98-р хуудас/,

- хохирогч Ч.Эын мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,

- гэрч Ч.Гын мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/,

- яллагдагч Ч.Гын мэдүүлэг /хх-ийн 66-67-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Гын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт Ч.Г нь өөрийн гэм бурууг хүлээж, тээврийн хэрэгсэл ашиглахгүйгээр 1 тонны савыг ганцаараа өргөж 2 километрт оршин суух гэртээ аваачиж тавих боломжгүй тул “Портер” маркийн 56-86 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж гэртээ аваачсан гэх мэдүүлэг өгсөн, мөн энэ нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Ч.Эын мэдүүлэг болон бусад бичгийн баримтуудаар эргэлзээгүйгээр давхар нотлогдон тогтоогддог болно. Ч.Г уг гэмт хэргээ нуун далдлахын тулд мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ч.Эад “Алтанхундага” гэх хүнээс 20000 төгрөгөөр худалдаж авсан гэж худал мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагааг төөрөгдүүлэх, цаг хугацаа хожих зэрэг үйлдэл гаргасныг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй байхад шүүхээс хохирлын хэмжээ “бага бус хэмжээ”-нд хүрэхгүй гэж тогтоолдоо үндэслэл болгосон нь ойлгомжгүй, мөн шүүгдэгч Ч.Г нь хохирогч Ч.Эын эзэнгүй хашаанаас 1 тонны савыг хулгайлан авахдаа хохирогчид хэлж, мэдэгдээгүй байхад шүүхээс мэдэгдсэн, утсаар ярьсан мэтээр хийсвэр дүгнэлт хийж, хэт нэг талыг барьж хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцэхгүй байна. Хохирогч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээс эрс зөрүүтэй мэдүүлэг шүүх хуралдааны явцад мэдүүлсэн байхад мөрдөн байцаалтын үед гаргасан мэдүүлгийг уншиж сонсгоогүй. Цагаатгах тогтоолд “машин механизм ашигласан” гэж хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, биеэр авч явж чадахгүй хөрөнгийг зөөж, тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласан байхыг ойлгох юм гэжээ. Дээрх үйлдэлтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад хийсвэр байдлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” бөгөөд дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Иймд 50 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг үйлдэгдсэнээс хойш 4 сар өнгөрч байхад зөрчлийн хэрэг мэтээр явсан. Яллагдагчаар өгсөн мэдүүлгээс бусад нь зөрчлийн хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлгүүд байдаг бөгөөд гэнэт эрүүгийн тогтоол гараад шүүхэд шилжсэн хэрэг юм. Прокурорын яриад байгаа хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд нөгөө хулгайд алдсан гэх сав байхгүй, газрын зураг л байдаг. Тэр газарт алдагдсан сав байсан гэдгийг ч нотолсон нотлох баримт байхгүй. Мөн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргасан усны цагаан савны зураг Ч.Эын хашаанаас алдагдсан цагаан савны зураг биш юм. Тэр усны цагаан сав нь алдагдсан цагаан сав биш гэдгийг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр ярьдаг. Шинжээч болон Ч.Эаас асуухад энэ зураг алдагдсан усны савны зураг биш гэдэг. Ямар ч хамаагүй савны зураг аваад хэрэгт хийсэн байдаг. Өөр нэг асуудал нь Ч.Эын алдагдсан усны савны багтаамж нь ямар юм, 1 тонны багтаамжтай усны сав гэж ярьдаг хэдий ч дотроо маш олон төрлийн сав байдаг юм байна лээ. Гадна талын хамгаалалтын төмөр нь өөр, ер нь ус хийх зориулалттай сав биш, замын бэхжүүлэлтэд хийдэг хорны сав юм. Шинжээч нь тухайн савыг 200000 төгрөгөөр үнэлсэн. Талууд үнэлгээн дээр маргадаггүй. Шүүгдэгч нь хэргээ хүлээсэн байхад яагаад шүүх хэргийг цагаатгадаг юм гэдэг асуудлыг прокурорын зүгээс ярьдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “нотолбол зохих байдал” гэдгийг зааж өгсөн. Прокурорын эсэргүүцэл дээр машинтай явсан гэдгээр нь хүндрүүлж оруулж ирж байна. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т “учрах саадыг арилгах зорилгоор” гэсэн шинэ зүйл заалт ороод ирсэн. Учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгслийг ашигласан юм уу, санаа зорилго нь юу байсан гэдгийг тогтоох ёстой. Шүүгч хэргийг шийдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасны дагуу түүнийг цагаатгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй, хэргийг прокурорт буцаах, дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах үндэслэлгүй гэж үзэж байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн  прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзээд шүүгдэгч Ч.Гыг цагаатгасан, цагаатгах тогтоолыг дараах үндэслэлээр хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Тодруулбал: Гэмт хэргийн ойлголт, шинжийг Эрүүгийн хуульд “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”, “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус тодорхойлсны зэрэгцээ “Хулгайлах гэмт хэрэг” гэдэгт бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар эзэмшилдээ авч, өөрийн өмч, хөрөнгийн адил захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн, гэм буруугийн санаатай үйлдлийг ойлгох ба хэрвээ машин механизм ашиглаж үйлдсэн бол энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хэргийг зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэжээ.

 

“Машин механизм ашигласан” гэдгийг эд хөрөнгийн хамгаалалт болох хашаа, хаалгыг нэвтэрч эд хөрөнгөд хүрснийг, тухайн эд хөрөнгийг зөөж, тээвэрлэснийг ойлгох нь зүйтэй буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдэлдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзнэ.

 

Хуулийн тайлбар нь хуулийн заалт, агуулгатайгаа нийцэж, тохирч байхын зэрэгцээ хуулийн утга нь хуулийн зорилго, түүнийг хангах гол агуулга, зохицуулах зүйлийн хэмжээ, хязгаараар тодорхойлогддог учиртай.  

 

Тиймээс машин механизмыг “урьдчилан бэлтгэлгүйгээр” ашигласан бол  “Хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзэхгүй гэсэн ойлголт Эрүүгийн хуульд тусгагдаагүйн гадна “...машин механизмыг тусгайлан бэлтгэж, ашигласан бол” гэх утга санаа, агуулга мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т илэрхийлэгдэж, тодорхойлогдоогүй  болно.

 

Дээр дурдсан хууль зүйн үндэслэл болон энэхүү хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж үзэхэд шүүгдэгч Ч.Г 2019 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн 2 дугаар цэцэрлэгийн хойд талд байрлах, иргэн Ч.Эын хашаанд 56-86 ДАХ улсын дугаартай, Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй нэвтэрч, нэг тонны багтаамжтай, цагаан өнгийн усны хуванцар савыг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогдсон байх ба тухайн цаг хугацаанд шүүгдэгчээс өөрийн хууль бус үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, ухамсарлах боломжгүй байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хэргийг мөрдөн шалгах явцад хохирогч Ч.Э “...2019 оны 05-р сарын 17-ны өдөр 10:20 цагийн орчим хашаанаас 1 тонны усны сав алга болсон байсан, би 2019 оны 05-р сарын 16-ны 18 цагийн үед хашаандаа мод усалж байгаад усыг нь дуусгаад явсан юм, мөрийг нь харахад ардаа давхар дугуйтай машин орж ирээд ачаад явсан мөр байсан. Би 2019 оны 05-р сарын 07-нд Сэргэлэн гэх хүнээс 2 ширхэг усны савыг 1 000 000 төгрөгөөр бодож авсан, нэг нь 500 000 төгрөг гэсэн үг. Би 2019 оны 6 сарын эхээр  Замын-Үүд сумын 3-р баг, Амарын гудамжинд явж байтал миний алдсан усны савтай адилхан сав айлын хашаанд байхаар нь орж үзэхэд мөн байсан. Би хашаанд ороод эзэнтэй нь уулзахад Ч.Гын хашаа байсан. Би саваа авъя гэхэд Ганбаа юун сав бэ гээд савыг хүнээс 30 000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн. Би цагдаад бүртгүүлчихсэн байгаа эзнийг нь олж өгөөрэй гэхэд 3 хоногийн дараа миний савыг хашаанд авчраад тавьчихсан байсан” /хх 14-15/ гэж мэдүүлжээ.

 

Хохирогч Ч.Эад “хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх” үүрэгтэйг мөн зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэдэг болохыг сануулж мэдүүлгийг авсан, мэдүүлгийг авахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй, хохирогчоос мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж,  мэдүүлсэн байна. Хэрвээ мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй.

 

Мөн хохирогчийн мэдүүлгийг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудтай харьцуулан эх сурвалжийг магадлан, шалгаж үзэхэд эдгээр баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн, тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээлэл гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Харин хэргийн эд мөрийн баримтын тухайд: Хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 73-74/, шинжээчийн дүгнэлт /хх 26/, шинжээчийн мэдүүлэг зэргээс үзэхэд 1050L 57 кg гэсэн тэмдэглэгээтэй, цагаан өнгийн, гадна талаараа төмөр хамгаалалттай, хуванцар усны сав нь шүүгдэгч Ч.Гын холбогдсон хэргийн ул мөр үлдсэн, агуулсан эд зүйл биш болох нь нотлогдож, тогтоогджээ.

 

Гэтэл мөрдөгчөөс 2019 оны 06-р сарын 10-ны өдөр хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон тогтоолдоо “...нэг тонны багтаамжтай, дөрвөлжин хэлбэртэй, цагаан саарал өнгөтэй, хуучин усны хуванцар савны үнэлгээг гаргах, уг савыг 2019 оны 05-р сарын 07-ны өдөр 500000 төгрөгөөр бодож авч байсан гэх” гэж тэмдэглэн, шинжээчийн мэдэлд зөвхөн тогтоолыг хүргүүлээд, харин хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий жинхэнэ эд мөрийн баримтыг шилжүүлээгүй нь “...шинжилгээний объект нь эх хувь буюу биет байдлаар байх, үнэлгээчнийг хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардлагатай үнэн зөв баримт, мэдээллээр хангах” зэрэг хуулийн шаардлагыг хангаагүй байх тул “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт, үнэлгээчний тогтоосон “усны савны үнэ цэнэ” нь үндэслэл бүхий биш, бодит байдалд нийцээгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн нэг гол шинжийг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг илэрхийлдэг ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,  хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

 

Хохирлын хэмжээг Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тодорхойлсон ба шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоох учир шүүгдэгч Ч.Гын холбогдсон гэмт хэргийн хохирлын хэмжээг үнэн зөв тогтоох нь гэмт хэргийн шинж болон гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуульд заасан ямар, зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэхийг тогтооход чухал ач холбогдолтой.

 

Өөрөөр хэлбэл хэргийн эд мөрийн баримт болох “усны савны үнэ цэнэ”-ийг үнэн зөв бодитой тогтоосноор шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрэх эсэхэд шүүхээс дүгнэлт хийж, гэм буруугийн асуудлыг хэлэлцэж улмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэх юм.

 

Хэрвээ  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох эсэх, шийтгэл оногдуулах эсэхийг Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар шалгах учиртай. 

 

Тиймээс прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/50 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, прокурор Б.Догмиддоржийн эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд шүүгдэгч Ч.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                                    ШҮҮГЧИД                                    А.САЙНТӨГС

                                                                                                                         

                                                                                                         Н.БОЛОРМАА