Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 223

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч Б.Мэндсайхан

шүүгдэгч Я.Энхсайхан, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1952 оны 12 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотод төрсөн, халх, 65 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо  Ногоон чулуутын 3-25 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:ЧЕ52121273/ Боржигон овогт Ядамсүрэнгийн Энхсайханд холбогдох 201726020700  дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Я.Энхсайхан  2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо “Тод Өнгө” бүжгийн клубт иргэн Л.Батхишигийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож Л.Батхишигийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүгдэгч Я.Энхсайхан шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 16 цагт би “Тод өнгө” бүжгийн газарт очоод үл таних эмэгтэй Шаншыг урьж бүжиглэсэн. Тэгээд би Шанштай хамт партнёр болоод бүжиглэж байтал нэг үл таних эрэгтэй орж ирээд Шаншыг дуудсан. Тэгэхээр нь би Шаншид “партнёр чинь ирсэн, өөрийг чинь дуудаж байх шиг байна” гэхэд Шанш надад “зүгээрээ, хамаагүй” гэж хэлсэн. Тэгтэл Шаншыг Батхишиг 2-3 удаа цохиод авахаар нь би холдоод явчихсан чинь Батхишиг ирээд намайг цохичихоор нь би сандарсандаа Батхишигийг зөрүүлээд зүүн гараараа цохисон юм. Батхишигийн биед хөнгөн гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна. Батхишигт би хохиролын 1.000.000 төгрөг өгсөн. Батхишиг намайг Шанш гэх эмэгтэйтэй хардаж л надад эхэлж гар хүрсэн юм байна лээ. Би өдий 66 наслахдаа нэг л амьдралтай явсан, 5 хүүхэдтэй, арав гаруй ач зээ нартай, надад хэн нэгэнтэй дотносох ч гэдэг юм уу ямар ч тийм бодол байхгүй. Батхишиг бол надаас 3 насаар ах 69 настай хүн юм байна лээ.  Ер нь би хүний царай зүс харж бүжгэнд урьдаггүй, хөл нийлээд бүжиглэчихээр хүнийг л урьж бүжиглэдэг юм. Би сахарын өвчтэй болоод 10 жил болж байгаа, энэ өвчнөө хүндрүүлчихгүйн тулд бүжгийн клубт очиж бүжиглэдэг юм гэв. 

Шүүгдэгчийн  хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29/, ял шалгах хуудас /хх-ийн31/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 30/ зэргийг шинжлэн судлав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Я.Энхсайхан 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо “Тод Өнгө” бүжгийн клубт Л.Батхишигтэй  хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Л.Батхишигийн ”2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн орчим би Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бүжгийн клубт ороход миний партнёр болох Шанш гэх эмэгтэй өөр хүнтэй бүжиглэж байхаар нь би дуудаад жаахан дургүйцээд явж хамт гаръя гэж хэлсэн чинь гарахгүй гээд уурлаад байсан тэгэхээр нь би ганцаараа үүд рүү явж байгаад Шанштай бүжиглэж байсан эрэгтэйг үүдний сандал дээр сууж байхад нь жаахан дургүйцээд мөрлөөд гарсан тэгтэл араас тэр залуу босож ирээд намайг зодсон. Би бүжгийн клубд Шаншыг өөр хүнтэй бүжиглэж байхаар нь энийгээ харуулах гэж намайг дуудсан юмуу гэж хэлснээс болж Шанш дургүйцэж хэнтэй ч бүжиглэсэн яадаг юм гэж хэлээд уурласан. Энхсайхан миний нүүр толгой руу цохисон араас хөл рүү өшиглөсөн. /хх-ийн 10/

 

гэрч Б.Шанш:..”2017 оны 3 дугаар сарын 13-ны 16 цагийн үед би Энхсайхан гэгчтэй бүжиглэж байтал хөгжим дуусаж хувцасны өлгүүрийн дэргэд Батхишиг ирсэн зогсож байсан тэгэхээр нь би Батхишигийг хувцасаа тайлчих гэхэд Батхишиг нь миний мөрнөөс татсан юу гэж татсаныг би мэдэхгүй байна. /хх-ийн 12/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон,

    

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3712 дугаартай: Л.Батхишигийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 17/ гэсэн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох  баримтуудаар

 

сэжигтнээр Я.Энхсайханы...”2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бүжгийн  клубт бүжиглэж байгаад үл таних эмэгтэйтэй бүжиглэж байсан түүний партнёр гэх үл таних хүн надтай бүжиглэж байсан эмэгтэйг дуудсан тэгэхээр нь би цуг бүжиглэж байсан эмэгтэйг “таныг дуудаад байна очиж уулзаа”ч гэсэн чинь “зүгээрээ зүгээр яах ч үгүй” гээд тэгээд бид хоёр бүжиглээд хөгжмийн ая дуусаад дахин ая явхаар нь дахин бүжиглээд байж байтал нөгөө партнёр гэх эрэгтэй нь гадуур хувцасаа тайлаад өлгүүр рүү явж байсан. Тэгэхээр нь би бүжиглэж байсан эмэгтэйдээ ашгүй танай партнёр ороод ирлээ гэж хэлсэн. Хөгжим дуусаад би сандал дээр суугаад байж байтал тэр нөгөө эрэгтэй надтай бүжиглэж байсан эмэгтэйг 2-3 удаа цохиод цамцнаас нь татаад байсан тэгээд тэнд байсан хүмүүс салгасан тэгэхээр нь би холдоод энэ 2 хоорондоо маргалдаад эхэллээ гэж бодоод би үүдэнд байдаг сандал дээр сууж байтал нөгөө эрэгтэй гарахдаа миний нүүр рүү гараараа  нэг удаа цохисон. Тэгэхээр нь би цочиж балмагдаад эргүүлээд нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. /хх-ийн 20/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод Өнгө” бүжгийн клубт Я.Энхсайхан, Б.Шанш нар партнёр болон бүжиглэж байхыг харсан Я.Батхишиг нь Б.Шаншид уурлаж, улмаар түүнтэй хамт бүжиглэж байсан Я.Энхсайханыг мөрлөж, цохих зэрэг зүй бус үйлдэл гаргасны улмаас Я.Энхсайхан нь Л.Батхишигийг зодсон хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байх бөгөөд Я.Энхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан Баянгол дүүргийн прокурорын газраас сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж үйлдэж  ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд Боржигон овогт Ядамсүрэнгийн Энхсайханыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хохирогч Л.Батхишиг би Я.Энхсайхантай сайн дураараа эвлэрч байна. Я.Энхсайхан өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч надад учирсан хохиролыг төлж барагдуулсан тул түүнд холбогдох хэргийг хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний хувьд цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй” гэсэн бичгийн хүсэлтийг шүүхэд гаргасныг хүлээн авах нь зүйтэй.

 

Шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн Я.Энхсайханд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан “хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг  баримтлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.