| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0229/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/240 |
| Огноо | 2024-10-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/240
2024 10 02 2024/ШЦТ/240
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул,
Улсын яллагч Н.Амгалан,
Шүүгдэгч Д.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Даваадоржийн Отгонсүрэнд холбогдох 2439000000262 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.Отгонсүрэн нь 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны сургуулийн дотуур байрны барилгын ажил явагдаж байгаа талбай дээр “бетон зуурмаг нягтаршуулагч багаж эвдэлсэн” гэх шалтгаанаар О.Амгаланбаяртай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас түүний эрүүл мэндэд нь баруун 11 дүгээр, зүүн 21 дүгээр шүд, баруун 41 дүгээр, зүүн 3 дугаар шүдний эмтрэл, зүүн 21 дүгээр шүдний сулрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Отгонсүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч О.Амгаланбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр барилга дээрээ ирж ажлын явц байдалтай танилцахад бетон зуурмаг нягтаршуулагч багаж эвдэрчихсэн байхаар нь “Цоо шинэ багаж авч өгөөд 1 хоноогүй байхад яагаад эвдэлчихдэг юм” гэхэд хажуугаар явж байсан үл таних нөхөр миний хэлсэн үгийг өлгөж аваад надтай үг сөргөж бид хоёрын дунд хэрүүл маргаан болсон. Тэгтэл тэр залуу намайг “Гэдсээ чирээд зайл” гэх мэт хэлэх хэлэхгүй муу үгээр хэлээд намайг нүүр хэсэг рүү маань 2, 3 удаа гараараа цохисон. Тэгээд бид хоёр барьцалдтал хажууд байсан хүмүүс салгасан. Тухайн үед миний нүүр, хамар халцарч үүдэн дээд доод 4 шүд эмтэрч, дээд 2 шүд хөдөлгөөн орсон болохоор цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ... хажуугаар явж байсан үл таних залуу гэж надтай хэрүүл маргаан үүсгэж, миний шүд рүү цохисон залуу буюу сүүлд нэрийг нь сонсоход Отгонсүрэн гэдэг гэж байсан...” гэжээ. (хх-ийн 6-7, 10-11),
Гэрч Н.Энхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ажил дээрээ ирэхэд манай ажилтан Отгонсүрэн, захиалагч компаний ажилтан Амгаланбаяр нар хоорондоо барилгын бетоны нягтаршуулагч эвдэлсэн гэх шалтгаанаас болж хоорондоо маргалдаж, зодолдсон гэж сонссон...” гэжээ. (хх-ийн 14-15),
Гэрч Б.Нарантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэр өдөр намайг гадуур ажилтай яваад ирэхэд надтай хамт ажилладаг Отгонсүрэн гэх хүн Амгаланбаяр гэх хүнтэй бетон зуурмагын нягтаршуулагчаас болж хоорондоо маргалдаж, Отгонсүрэн нь Амгаланбаярыг нүүр хэсэгт нь гараараа 1 удаа цохиод цагдаа дуудсан гэж сонссон...” гэжээ. (хх-ийн 18-19),
Гэрч Х.Төрбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Амгаланбаяр цаашаа помп руу очоод эргэж ирэхдээ “Отгонсүрэн би чамайг юм эвдэлсэн гэсэн юм уу? чи юу гээд байгаа юм” гэхэд “Би эвдсэн юм уу” гээд Амгаланбаярыг нүүр хэсэг рүү нь гараараа 1 удаа цохиод Амгаланбаяр суугаад өгсөн. Тэгээд удалгүй босож ирээд Отгонсүрэн, Амгаланбаяр 2 зууралдхаар нь би салгаад дараа нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ... Амгаланбаярын хамар бага зэрэг халцарсан байсан, мөн шүд хөдлөөд байна гэж байсан. Отгонсүрэнгийн биед харагдах гэмтэл учраагүй байсан...” гэжээ. (хх-ийн 26-27),
Шүүгдэгч Д.Отгонсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны нутаг дэвсгэрт сургуулийн дотуур байрны барилга дээр ажиллаж байх үедээ бетон зуурмаг авч байсан чинь О.Амгаланбаяр над руу уурлаад хэлэх хэлэхгүй үгээр хэлээд бетон зуурмаг нягтаршуулагчийн хошуу эвдчихлээ гээд байхаар нь уурын мунхагаар нүүр хэсэгт нь баруун гараараа 1 удаа цохисон. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэжээ. (хх-ийн 48-49),
Гэрч М.Шүрэнцэцэгийн мэдүүлэг (хх-ийн 62-63),
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 303 дугаартай “...1. О.Амгаланбаярын биед баруун 11-р, зүүн 21-р шүд, баруун 41-р, зүүн 3-р шүдний эмтрэл, зүүн 21-р шүдний сулрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.
4. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт (хх-ийн 32-33),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1),
Хэнтий аймгийн Бэрх хотын эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 26, 27),
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 53-54),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 64),
Д.Отгонсүрэнгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 56-60),
Д.Отгонсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хх-ийн 52, 55) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Д.Отгонсүрэнд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Боржигин овогт Даваадоржийн Отгонсүрэн нь 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны нутаг дэвсгэрт байрлах сургуулийн дотуур байрны барилгын ажил явагдаж байгаа талбай дээр хохирогч О.Амгаланбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун 11 дүгээр, зүүн 21 дүгээр шүд, баруун 41 дүгээр, зүүн 3 дугаар шүдний эмтрэл, зүүн 21 дүгээр шүдний сулрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Д.Отгонсүрэнгийн “...2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны нутаг дэвсгэрт сургуулийн дотуур байрны барилга дээр ажиллаж байх үедээ бетон зуурмаг авч байсан чинь О.Амгаланбаяр над руу уурлаад хэлэх хэлэхгүй үгээр хэлээ бетон зуурмаг нягтаршуулагчийн хошуу эвдчихлээ гээд байхаар нь уурын мунхагаар нүүр хэсэгт нь баруун гараараа 1 удаа цохисон. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч О.Амгаланбаярын “...би 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр барилга дээрээ ирж ажлын явц байдалтай танилцахад бетон зуурмаг нягтаршуулагч багаж эвдэрчихсэн байхаар нь “Цоо шинэ багаж авч өгөөд 1 хоноогүй байхад яагаад эвдэлчихдэг юм” гэхэд хажуугаар явж байсан үл таних нөхөр миний хэлсэн үгийг өлгөж аваад надтай үг сөргөж бид хоёрын дунд хэрүүл маргаан болсон. Тэгтэл тэр залуу намайг “Гэдсээ чирээд зайл” гэх мэт хэлэх хэлэхгүй муу үгээр хэлээд намайг нүүр хэсэг рүү маань 2, 3 удаа гараараа цохисон. Тэгээд бид хоёр барьцалдтал хажууд байсан хүмүүс салгасан. Тухайн үед миний нүүр, хамар халцарч үүдэн дээд доод 4 шүд эмтэрч, дээд 2 шүд хөдөлгөөн орсон болохоор цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ... хажуугаар явж байсан үл таних залуу гэж надтай хэрүүл маргаан үүсгэж, миний шүд рүү цохисон залуу буюу сүүлд нэрийг нь сонсоход Отгонсүрэн гэдэг гэж байсан...” гэх, гэрч Н.Энхбаярын “...2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ажил дээрээ ирэхэд манай ажилтан Отгонсүрэн, захиалагч компаний ажилтан Амгаланбаяр нар хоорондоо барилгын бетоны нягтаршуулагч эвдэлсэн гэх шалтгаанаас болж хоорондоо маргалдаж, зодолдсон гэж сонссон...” гэх, гэрч Б.Нарантуяагийн “...Тэр өдөр намайг гадуур ажилтай яваад ирэхэд надтай хамт ажилладаг Отгонсүрэн гэх хүн Амгаланбаяр гэх хүнтэй бетон зуурмагын нягтаршуулагчаас болж хоорондоо маргалдаж, Отгонсүрэн нь Амгаланбаярыг нүүр хэсэгт нь гараараа 1 удаа цохиод цагдаа дуудсан гэж сонссон...” гэх, гэрч Х.Төрбатын “...Амгаланбаяр цаашаа помп руу очоод эргэж ирэхдээ “Отгонсүрэн би чамайг юм эвдэлсэн гэсэн юм уу? чи юу гээд байгаа юм” гэхэд “Би эвдсэн юм уу” гээд Амгаланбаярыг нүүр хэсэг рүү нь гараараа 1 удаа цохиод Амгаланбаяр суугаад өгсөн. Тэгээд удалгүй босож ирээд Отгонсүрэн, Амгаланбаяр 2 зууралдхаар нь би салгаад дараа нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ... Амгаланбаярын хамар бага зэрэг халцарсан байсан, мөн шүд хөдлөөд байна гэж байсан. Отгонсүрэнгийн биед харагдах гэмтэл учраагүй байсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хэнтий аймгийн Бэрх хотын Эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт, Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 303 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Отгонсүрэн нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч Д.Отгонсүрэн нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Отгонсүрэнгийн үйлдлийн улмаас хохирогч О.Амгаланбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 303 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Д.Отгонсүрэнд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Отгонсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Отгонсүрэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Отгонсүрэнгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О.Амгаланбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч О.Амгаланбаяр нь “...700 гаруй мянган төгрөгийн эмчилгээ хийлгэсэн байгаа. Д.Отгонсүрэнтэй утсаар ярихад төлнө гэж байх тул бид харилцан тохиролцсон. Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Д.Отгонсүрэнг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч О.Амгаланбаяр нь өөрт учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Д.Отгонсүрэнгээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д.Отгонсүрэн нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигин овогт Даваадоржийн Отгонсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Даваадоржийн Отгонсүрэнд 600 (зургаа) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Отгонсүрэн нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хохирогч О.Амгаланбаяр нь өөрт учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Д.Отгонсүрэнгээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д.Отгонсүрэн нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Отгонсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР