Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2022/00162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2021/01303/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***хот,  ***дүүрэг,***-р хороо,*** гудамж,*** -р байрны*** тоотод оршин суух,*** овгийн Ц-н Б-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:*** аймаг,*** сум,***-р баг,*** цогцолбор сургуулийн урд талын зэрэгцээ***.. шар хаусын*** тоотод оршин суух хаягтай,***. овгийн Э-ын Б-т холбогдох,

 

3 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О-,

Хариуцагч Э.Б-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б- түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О- нар  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие***........ Пабын гал тогтоог түрээслэн ажиллуулж байсан. Энэ үед надтай нэг сургуульд хамт суралцаж байсан Э.Б- уулзаад “туршлага судлах гэсэн юм. Би Дарханд тахиа хийх санаатай байгаа бөгөөд хотын нэг найзтайгаа хамтарч ажиллуулах гэсэн юм” гэж хэлсэн. Би тухайн үед ажлын байраа солиод******.. гэдэг хоолны газрыг түрээслэн ажиллуулах бодолтой байсан тул “надтай хамтарч ажиллах юм уу” гэсэн саналыг тавьсан. Ингээд Б- нь найзтайгаа ирээд миний түрээслэн ажиллуулах гэж байгаа хоолны газрыг үзээд боломжийн юм байна, хамтарч ажиллая гэсэн. Ингээд бид хоолны газрыг хамтарч түрээслэхээр болж дундаасаа хөрөнгө оруулалтын мөнгөө гаргаад 2020 оны сүүлээр засвараа эхлүүлсэн. Засварыг***......... овогтой Н- ах хамтарч ажилладаг хүмүүстэйгээ хийж, ажлын хөлсөнд нь 2 700 000 төгрөг авсан. 2021 оны 3-р сард засвар дууссан. Мөн бид дундаасаа мөнгө гаргаад хоолны газарт шаардлагатай гал тогооны хэрэгсэл, хүнсний бараа материал аваад 2021 оны 3 сарын 22-ны өдөр нээлтээ хийж үйл ажиллагаа маань эхэлж байсан. Бид 2021 оны 7 сарын 10-ны өдрийг хүртэл хамтарч ажилласан. Тэгээд бид хоорондоо ярьж 3 хүн хамтрахад дэмий юм байна. Хэн нэг нь бие дааж ажиллуулахад тохиромжтой юм байна гэж ярилцаад хэн больсон нь 3 сая төгрөг аваад хамтын ажиллагаанаасаа гарья гэсэн шийдэлд хүрсэн. Ингээд би 3 сая төгрөгөө аваад гарья гэхэд Э.Б- “одоо бэлэн мөнгө өгөх боломжгүй 9 сараас эхлэн сард 600 000 төгрөг өгөөд чиний мөнгийг дуусгая, орлого сайн бол хугацаанаасаа өмнө төлчихнө өө” гэж надад хэлээд бид салцгаасан. Ингээд 9 сарын 27-ны өдөр болж би Б-тэй утсаар ярьж мөнгөө нэхэхэд “мөнгийг чинь өгч чадахгүй, чамд сохор зоос ч өгөхгүй, орлого ч байхгүй байна” гэхээр нь тэгвэл би ажиллуулъя гэхэд чамд өгөхгүй гэсэн. Эсвэл хамтарч ажиллуулъя гэхэд “чамтай хамт ажиллахгүй” гэсэн хариу өгч утсаа тасалсан. Үүнээс хойш тэр утсаа ч авахгүй, мессеж бичихээр хариу ч өгөхгүй, миний бүх зүйлийг блоклоод холбогдохоо больсон. Иймд Б-с миний 3 000 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Ц.Б-ын нэхэмжлэл, хариу тайлбар бүгд худлаа. Энэ нь ямар учиртай вэ гэхээр 1-рт тахиа хийх тухай юу ч яриагүй. Анхнаасаа бид лоунжийн үйл ажиллагаа явуулна, олон хоол хийхгүй 4-5 нэр төрлийн хоол хийх санал гаргаж байсан. 2-рт надтай хамтран ажиллах санал гаргасан гэж байна. Миний хувьд огт тийм санал гаргаагүй. н.Б- гэдэг У..........т байгаа найзтайгаа хамтран Дарханд хоолны газар ажиллуулахаар Ц.Б-с санаа авахаар уулзсан. Харин Ц.Б- нь өөрөө бидэнд анх санал тавьж байсан. 3-рт 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нээлт хийсэн гэж байна. Ханчо хоолны газар нээлт хийж сүр дуйлаан болоогүй, 4-рт бид ярилцаад 3 хүн хамтрах дэмий юм байна. Хэн нэг нь бие даан ажиллуулах нь тохиромжтой гэж ярилцсан гэж нэхэмжлэл, хариу тайлбарт бичсэн байсан бид ерөөсөө ярилцаагүй. Энэ тухайг н.Б- гэдэг хүн гэрчээр мэдүүлэг өгөхөд хэлсэн байгаа. Ц.Б- нь ашиг аваагүй тул хөрөнгө оруулсан мөнгө авна гэж байна. Миний хувьд огт ашиг аваагүй гэв. Засварын ажлаас н.Б- Улаанбаатар хотод төрийн албанд ажиллаж байгаа ирэх боломжгүй гээд чөлөөлсөн. Ц.Б- нь намайг дааж засвараа хийсэн гэж бичсэн байсан. Бизнесийн хувьд ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулалт хийх, ажлын бүтээмж нь тавь, тавин хувьтай хийх ёстой, хэзээ ч би Ц.Б-ыг чөлөөлөөгүй гэв. Ц.Б-ын оруулсан мөнгөнөөс бодитоор Х- лаунжийг засвар хийхэд зарцуулсан.***. оны***. сарын***-наас үйл ажиллагааг нээж 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс дампуурсан. Дархан сумын*** дүгээр багт байрлах “Хай март” дэлгүүрийн 2 давхрыг сарын 1,000,000 төгрөгөөр түрээсэлдэг байсан гэв. Оруулсан хөрөнгөө гурав хуваах ёстой, гэхдээ би Ц.Батбаярт өгөхгүй, өгөхгүй гэх шалтгаан байгаа. 1-рт Засварыг н.Н- гэдэг хүний би хамтран зассан.  Ц.Б- огт оролцоогүй. 2-рт Шүүхэд нэхэмжлэл, хариу тайлбарт худлаа зүйл бичсэн. Тухайн үед Ц.Б- хүнсний дэлгүүр ажиллуулаад ирээгүй. Мөн сүм хийдийн ажил оролцоод завгүй байдаг байсан. Ц.Б- бид ярилцаад 3 хүн хамтрах дэмий юм байна. Хэн нэг нь бие даан ажиллуулах нь гарах хүн нь 3,000,000 төгрөгөө авах тухай ярилцсан гэх зүйл худлаа бид тийм зүйл огт яриагүй. Ханчо хоолны газарт н.Ш- гэдэг тогооч ажиллаж байгаад Ц.Б-тай муудалцаад ажлаасаа гарсан. Ц.Б- нь манай хоолны газрын хажууд өөр хоолны газар түрээслээд манайхтай яг ижил хоол хийсэн үүнээс болж маргасан. Ашиг байхгүй байсан хэдий ч өөрөө өөр хоолны газар түрээсэлж ашиг авч байсан. Ширнэнг ажилгүй болгож бид 6-7 хоног ажиллаагүй. Мөн 380 айлын хүнсний бөөний төвөөс Ц.Б-ыг хүнсний бараа материал авахад нь “Х-” гэж бичээгүй “С-” гэж бичсэн зарлагын баримт өгснийг миний бие төлж байгаа гэв. Би н.О- эгчээс “Х-” гэдэг хоолны газар яагаад “С-” гэх баримт өгсөн юм гэхээр эгч нь андуураад бичсэн байна. Ц.Б-ын ирж авч байсныг “Х-” хоолны газарт авсан материалыг “С-” гээд андуур ч бичсэн гэх тайлбар хэлдэг. Надад андуурсан гэж нэхээд байгаа болохоор би төлөөд явж байгаа гэв.

Нэхэмжлэгч нь нотлох баримтаар Ц.Б-ын Х- б-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зарлагын баримтууд, дэврийн цаасан дээр гараар бичсэн тооцоо зэргийг,

хариуцагч нь О-ээс С-д хүнсний материал олгосон зарлагын баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын хүсэлтээр гэрчээр У.А-, Г.О-, Д.Н-, Д.О-, Б.Б-, С.Б- нараас мэдүүлэг шүүх авч бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч Э.Б-т холбогдуулан хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу шилжүүлсэн төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ц.Б-, хариуцагч Э.Б-, Б- нар нь***......... сумын***.-р багт байрлах Х-М- хоолны газрыг сарын 1 сая төгрөгөөр түрээслэн, Х- нэртэйгээр үйл ажиллагаа явуулахаар харилцан тохиролцож, уг хоолны газрыг өөрсдийн зардлаар засаж тохижуулж, улмаар 2021 оны 3 сарын 22-ны өдрөөс үйл ажиллагааг нээж 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ажиллуулж байсан үйл баримт талуудын тайлбар, гэрч У.А-, Г.О-, Д.Н-, Б.Б-, С.Б- нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Талууд нь хамтран ажиллах тохиролцоог амаар байгуулсан ба хураамжийн хэмжээг зардал гарсан даруй тухай бүр нь тэнцүү хэмжээгээр гаргаж байхаар тохиролцсон ба  тэдний хооронд Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэсэн Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч Ц.Б- нь өөрийн оруулсан хураамжийн хэмжээг 3 000 000 төгрөг гэж тодорхойлж, цаашид нэг нь дангаараа ажиллуулъя гэсэн тохиролцооны дагуу 2021 оны 7 сарын 10-ны өдөр гарахдаа оруулсан мөнгийг сар бүрийн 27-нд буцаан төлөхөөр тохиролцсон гэж гараар дэвтрийн цаасан дээр бичсэн баримт болон өөрийн Х- б-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, засварын ажилд зарцуулсан төлбөртэй холбогдуулан зарлагын баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Хариуцагч нь татгалзлын үндэслэлийг***засварын ажлыг би дангаараа, Н-тэй хийсэн. Уг ажилд Ц.Б- оролцоогүй, Б- тогооч Ш-тэй маргалдсаны улмаас 5-7 хоног ажилгүй зогссон, нэг нь ашгаа аваад үргэлжлүүлээд ажиллуулъя гэж тохиролцоогүй дээрх маргааны улмаас гарч явсан, 3-80-н бөөний төвөөс Б- нь өөрийн ажиллуулж байсан С- хоолны газартаа***... сая гаруй төгрөгийн хүнсний зүйл авсныг уг төвийг ажиллуулдаг О- надаас нэхсэн тул би***. сая гаруй төгрөг барагдуулаад явж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж, О-с С-д олгосон зарлагын баримтуудыг ирүүлсэн байна.

Хэрэгт авагдсан Ц.Б-н Х- б-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар хариуцагч Э.Б-н ******* тоот дансанд Б-, Б- засвар гэсэн утгатайгаар 2020.12.15 170000 төгрөг, 2021.1.11 90000 төгрөг, 2021.2.22 Б- Х- хөшиг 20000 төгрөг, 2021.02.24 Б- Х- аяга 26500 төгрөг, 2021.02.25 Х- гүц 30000 төгрөг, 2021.02.26 Х- гал тогоо материал 100 000 төгрөг, 2021.03.06 Х- хаяг 100 000 төгрөг, 2021.03.06 Х- мөс сав 28 000 төгрөг, 2021.03.13 Х- пиво 225 000 төгрөг, 2021.03.16 Х- пиво, архи 295 000 төгрөг, 2021.03.17 Х- тооцоо 102 000 төгрөг, 2021.03.19 Х- тогооч үнэмлэх 85000 төгрөг, 2021.03.20 Х- цамц 48 000 төгрөг, 2021.03.21 у- хаяг 200 000 төгрөг, 2021.03.21 Х- 53 000 төгрөг, 2021.03.21 Х- бараа 46 000 төгрөг, 2021.03.22 Х- хэвлэл 50000 төгрөг, 2021.03.24 х- пицца суурь 92000 төгрөг, 2021.03.25 х- бараа 40200 төгрөг зэрэг нийт 1 800 700 төгрөгийг Х- лоунжийн үйл ажиллагаанд зарцуулсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримтыг хариуцагч үгүйсгэж мэтгэлцээгүй тул нэхэмжлэгчийн хамтын үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө гэж үзэв.

Харин нэхэмжлэгчийн барилгын засварын зардалд 1 519 900 төгрөг зарцуулсан талаар зарлагын баримтууд ирүүлсэн боловч уг баримтыг хэнд олгосон, хэн хүлээж авсан тодорхойгүй байхаас гадна төлбөрийг хэн хэрхэн барагдуулсан эсэх, уг баримтыг Х- лоунжийн засварт зарцуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн оруулсан хураамжийг буцааж төлөхдөө хувааж төлөхөөр тохиролцсон тохиролцоо гэж дэвтрийн цаасан дээр тооцов Т- гэсэн гарын үсгийг хариуцагч үгүйсгэж байх тул түүнийг талуудын тохиролцоо гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн оруулсан хураамжийг графикийн дагуу буцааж төлөхөөр тохиролцсон гэж тохиролцоонд зурсан гарын үсгийг хариуцагч үгүйсгэж байх ба гарын үсгийн үнэн зөв байдлыг нэхэмжлэгч нотлоогүй тул тэдний хооронд бий болсон тохиролцоо гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэл болгож ирүүлсэн*** Ц.Б-ын өөрийн ажиллуулдаг С- хоолны газарт авсан материалыг О-ийн зарлагын баримтын дагуу төлж барагдуулсан гэж ирүүлсэн зарлагын баримт болон гэрч О-ийн мэдүүлгээр уг баримт нь Х- хоолны газарт холбоотой эсэх нь тодорхойгүй байхаас гадна С- гэж бичсэн байхад яагаад Х-с төлж байгаа талаар хариуцагч нотлоогүй тул төлбөрийг хасч тооцуулах хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна, 479 дүгээр зүйлийн 479.4-д нэг тал гэрээнээс гарсан боловч үлдсэн талууд хамтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцсон бол гэрээнээс гарсан талд ногдох хувийг мөнгөн хэлбэрээр эгүүлэн олгох боловч ингэхдээ түүний гарах үед биелээгүй байсан хэлцлийг харгалзана гэжээ.

Иймд нэхэмжлэгч Ц.Б-ын хамтын үйл ажиллагаа эхлэхдээ төлсөн хураамжийг 1 800 700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.4-д тус тус зааснаар хариуцагч Э.Б-с 1 800 700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 199 300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 43 762 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУЯА