Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2026/00020

 

 

 

Б.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/02958 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2025/01683 дугаар магадлалтай 

Б.Д-гийн нэхэмжлэлтэй,

“Н” ХХК-д холбогдох

“Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б24/1695 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээг одоо байгаа албан тушаалын нэр, цалингийн хэмжээгээр шинэчлэн хийх, бодитоор биетээр ажиллах хөдөлмөрлөх нөхцөлөөр хангахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговорт 12,000,000 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б24/1695 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээг одоо байгаа албан тушаалын нэр, цалингийн хэмжээгээр шинэчлэн хийх, бодитоор биетээр ажиллах хөдөлмөрлөх нөхцөлөөр хангахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговорт 12,000,000 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/02958 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, 42 дугаар зүйлийн 42.1.2, 43 дугаар зүйлийн 43.2.3, 43.2.6 дахь хэсгүүдэд заасан үндэслэл тогтоогдоогүй тул “Н” ХХК-д холбогдуулан “ажилд эгүүлэн томилох, гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б24/1695 дугаар тушаалыг хүчингүй болгох, хөдөлмөрийн гэрээг одоо байгаа албан тушаалын нэр, цалингийн хэмжээгээр шинэчлэн хийх, бодитоор биетээр ажиллах хөдөлмөрлөх нөхцөлөөр хангахыг даалгах, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 12,000,000 төгрөг гаргуулах, 2023 оны 03 дугаар сараас 2025 оны 03 дугаар сар хүртэл хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэгч Б.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Д Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2025/01683 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/02958 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-гийн хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс 12,000,000 төгрөг гаргуулах, 2023 оны 03 дугаар сараас 2025 оны 03 дугаар сар хүртэл эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч Б.Д-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 192/ШШ2025/02958 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2025/01683 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг дараах байдлаар хангаагүй бөгөөд анхан шатны шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэх нөхцөл байдал бүрдсэн гэж үзэж байна. Энэ нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс хянан үзэх учиртай байтал анхаарч үзэлгүй шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн мөн давж заалдах шатны шүүгч нэхэмжлэгч талаас хэт хувийн асуулт асуусан нь энэ хэрэгт нэхэмжлэгч талыг өмнө нь судалсан мэддэг байсан гэсэн хардлага төрүүлсэн болно.

4.1.Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд хугацааг тодорхойлох буюу энэ заалтыг хэлэлцээгүй. Хугацааг 2 янзаар тодорхойлж болдог. Үүнд 71.2 дээр хугацааг зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно гэж заасан. “Н” ГХОХХК 2021.11 сард “Э” ТӨХК-тай 3 жилийн хөрс хуулалт нүүрс олборлолтын гэрээ байгуулан ажилласан. 2024.12 сард гэрээний хугацаа дууссан. 2024.12.16-ны өдөр 12:30 цагт гэрээ дуусаж 14:00 цагт шинэ гэрээ нь эхэлсэн. Тэнд ажиллаж байсан 800 хүн ажил нь тэр чигтээ үргэлжилсэн. Цайны цагийн завсарлагаагаар нэг гэрээ нь дуусаж нөгөө гэрээ нь эхэлсэн. 3 жилийн хугацаатай гэрээний хугацаа дууссан ч “Н” ГХОХХК-ийн төслийн хугацаа үргэлжилсэн. Тэгэхээр энэ төслийн хугацааг зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлох буюу төсөл дээр ажиллаж байгаа л бол ажилтнуудын хувьд хугацаа үргэлжилж байна гэж үзэж болохоор байна. 2024.05.21-нд дараагийн 3 жилийн гэрээ байгуулах эрх нь нээгдсэн ба 2024.05.27-нд дараагийн 3 жилийн гэрээ нь байгуулагдсан нь нотлох баримтаар гарч ирдэг. Намайг 2024.12.16-нд гэрээний хугацаа дууссан гэж ажлаас халсан. Иймээс 3 жилийн гэрээ дууссан гэж нэг хүнийг ажлаас халах үндэслэл байхгүй. Энэ бол ИХ-71.2 дээр заасан үйл явдлаар тодорхойлох хугацаа юм.

4.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 50.4-т “Хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцно” гэж заасан. Би “Н” ГХОХХК-тай 2022.01.01-ний өдөр ХАБЭАБО хэлтсийн ахлах ажилтан албан тушаалд үндсэн цалин 3,100,000 төгрөгийн цалинтай томилогдон ажиллаж эхэлсэн. 2022.03.14-ний өдөр ХАБЭАБО хэлтсийн ахлах мэргэжилтэн албан тушаалд үндсэн цалин 4,000,000 төгрөг болж гэрээ шинэчлэгдсэн. Гэвч энэ өөрчлөгдсөн гэрээг хариуцагч талаас гаргаж өгөөгүй байхад хөдөлмөрийн гэрээ сунгагдаагүй 3 жил болсон гэж үзсэн. 2024.12.16-нд намайг ажлаас халсан тушаал дээр ХАБЭАБО ахлах мэргэжилтэн гэж маш тодорхой зааж өгсөн байгаа. Иймээс хугацаагүй гэрээ байгуулагдсанд тооцно гэж үзэж байна. Хугацаа дууссан шалтгаанаар ажлаас халах үндэслэл байхгүй.

4.3.Шүүгчийн ёс зүйн дүрэм 2.3 дугаар зүйл - Зохисгүй байдал гаргахгүй байх. 2025.10.01-ний өдөр нэхэмжлэгч Б.Д болон хариуцагч “Н” ГХОХХК давж заалдах шатны шүүх хуралдаан дээр 2 тал тайлбараа тавиад шүүгчид асуулт асуухад хамгийн сүүлд Б.М шүүгч нэхэмжлэгч талаас уг хэрэгтэй ямар ч холбоогүй буюу Б.Д чиний өөр нэг хэрэг давж заалдах шатны шүүх дээр явж байсан тэр асуудал чинь шийдэгдсэн үү гэж асуусан нь Б.М шүүгч нэхэмжлэгчийг энэ шүүх хурал болохоос өмнө хувь хүн талаас судалсан, энэ хэрэг хариуцагч талтай тохиролцсон давуу байдал үүсгэж байгаа мэт санагдаж шударга ёсонд нийцэхгүй байгаа тул гомдолтой байна. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.12.12-ны өдрийн 001/ШХТ2025/01264 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Б.Д-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2024.12.22-ны өдрийн Б24/1695 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээг одоогийн албан тушаалын нэр, цалингийн хэмжээгээр шинэчлэн хийх, бодитоор ажиллах нөхцөлөөр хангахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговорт 12,000,000 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргаж, үндэслэлээ “...шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилох тушаал гаргасан боловч гэрээг шинэчлэн байгуулаагүй, ажиллах нөхцөлөөр хангаагүй бөгөөд “Э” ХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ үргэлжилсэн байхад хөдөлмөрийн гэрээний 3.1.1-ийг зөрчиж гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй учир 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилуулах, Хөдөлмөрийн гэрээг одоо байгаа албан тушаалын нэр, цалингийн хэмжээгээр шинэчлэн хийх, бодитоор биетээр ажиллах хөдөлмөрлөх нөхцөлөөр хангахыг даалгах ажилгүй байсан 3 сарын хугацааны цалинтай тэнцэх олговорт 12,000,000 төгрөг гаргуулах, 2023 оны 03 сараас 2025 оны 03 сарыг хүртэл хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгахаар шаардана” гэж тодорхойлсон.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргахдаа “... шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь томилох гүйцэтгэх захирлын тушаал гаргаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацааны цалинг нэхэмжлэгчид олгосон. Ажилд эгүүлэн томилох үед албан тушаалын нэршил өөрчлөгдөөгүй байсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар түүнтэй байгуулсан өмнөх хөдөлмөрийн гэрээ сэргэсэн. “Э” ХК-тай байгуулсан Э-2021/705 дугаартай гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор ажил олгогч 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болгох талаар бичгээр, цахимаар мэдэгдсэн ба гэрээний хугацаа дууссан учир Б.Д-г 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, энэ талаарх шийдвэрийг мэдэгдсэн. 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалинд 21,532,510 төгрөг олгож, энэ олговроос шүүхийн шийдвэр болон хуульд заасны дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлсөн. Иймд ажил олгогчоос нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг гэрээнд заасны дагуу хугацаа нь дуусгавар болж, түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй” гэсэн агуулгатай тайлбар гаргасан.

7.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...“Н” ХХК нь ...гэрээгээр уул уурхайн туслах үйл ажиллагаа явуулах... зэрэг үйл ажиллагаа явуулдаг ба “Т”-ээр “Э” ХК-тай 2021.11.09-ний өдөр Э-2021/705 тоот Ц уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажил гүйцэтгэгчээр оролцон, захиалагчаас зарласан Ц уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг 36 сарын хугацаатай гүйцэтгэхээр тохиролцсон, талууд 2024.12.16-ны өдөр “Ажлыг зогсоох тухай” акт үйлдсэн. Ажилтантай байгуулсан 2022.01.01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний хугацааг “Н” ХХК болон “Э” ХК-ийн хооронд 2021.11.09-ний өдөр байгуулагдсан Э-2021/705 тоот “Ц уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх” гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл хугацаатайгаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6 дахь хэсэгт заасны дагуу тохиролцсон талаар гэрээний 3.1.1 дэх хэсэгт тусгасан. Ажил олгогч нь ажилтанд 2024.11.22-ны өдөр мэдэгдэл хүргүүлэн, “Э” ХК-тай байгуулсан Э-2021/705 тоот гэрээний хугацаа 2024.12.21-ний өдөр дуусгавар болж байгаатай холбоотойгоор 12 сарын 22-ны өдрөөс хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгохыг мэдэгдэж, улмаар гүйцэтгэх захирлын 2024.12.22-ны өдрийн Б24/1695 тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Хариуцагч нь “Э” ХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг шинэчлэн байгуулсан нь Б.Д-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан Э-2021/705 тоот ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсноор Б.Д, “Н” ХХК нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болох тул ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн.

8.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Магадлалд “... хариуцагч нь шинэ тендерт оролцож, шалгарч шинээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан үйл баримтаар нэхэмжлэгч Б.Д-гийн хөдөлмөрийн гэрээний хугацаа дахин 36 сараар сунгагдсан гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв. Харин нэхэмжлэгчийг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгох тухай шаардлага нь бие даасан шаардлага бус, нэхэмжлэлийн үндэслэл бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралгүй хуулийн заалт буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, 42 дугаар зүйлийн 42.1.3, 43 дугаар зүйлийн 43.2.3, 43.2.6 дахь хэсгийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь буруу байх тул үүнийг засна” гэж дүгнэн, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.  

9.Анхан болон давж заалдах шатны шүүх ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн хөдөлмөрлөх эрхийн маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч Б.Д-гийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

10.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Д нь 2022 оны 01 дүгээр сараас “Н” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ахлах ажилтан албан тушаалд томилогдон ажиллаж байсан ба түүнийг гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б23/153 тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Энэ тушаалтай холбоотой маргааныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/00561 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2024/00782 магадлалаар ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 59,384,639 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч Б.Д-г хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, байгаль орчны хэлтэст ахлах мэргэжилтнээр буцаан томилсон тухай гүйцэтгэх захирлын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б24/0924 тушаал гарсан байна.

Гэвч хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хариуцагч “Н” ХХК нь бодитоор биелүүлээгүй буюу ажилтныг ажиллуулаагүй, ажиллах нөхцөлөөр хангаагүй. Ажил олгогч байгууллага хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд ажилтныг ажлаар хангах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүргээ гүйцэтгэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д нийцэх учиртай.

Ажилтан Б.Д-г шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилд эгүүлэн томилох тухай ажил олгогчийн тушаал гарснаас хойш буюу 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн гэрээний хугацаа “Э” ХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан Э-2021/705 тоот гэрээний хугацаа 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болж байгаатай холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, хөдөлмөрийн гэрээний 3.1.4-т заасны дагуу 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөр дуусгавар болох тухай  мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлж, 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б24/1695 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.3, 83 дугаар зүйлийн 83.4, хөдөлмөрийн гэрээний 3.1.1, хөдөлмөрийн дотоод журмын 3.7.3 дахь заалтуудыг үндэслэн түүний хөдөлмөрийн гэрээг 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

11.Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоосон боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4, 50.1.6, 50.5 дахь хэсгүүдийг зөв тайлбарлан хэрэглэж чадсангүй. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн бусадтай байгуулсан “...нүүрс олборлолтын ажлыг 36 сарын хугацаатай гүйцэтгэхээр тохиролцсон” гэрээний хугацаа дууссанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн тушаалын үндэслэл хуульд нийцсэнгүй.  

12.Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул хяналтын шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд хууль хэрэглээний дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

13.“Н” ХХК нь “ТТ” ХХК болон “С” ХХК нарын хамт “Т”-ээр “Э” ХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Э-2021/705 тоот Ц уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээнд ажил гүйцэтгэгчээр оролцон, захиалагчаас зарласан Ц уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг 36 сарын хугацаатай гүйцэтгэхээр тохиролцсон ба гэрээний талууд 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “ажлыг зогсоох тухай” акт үйлдэж, мөн өдрөө Э-2024/1171 тоот Ц уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээний ажил эхлүүлэх акт үйлдсэнээр 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Э” ХК, “Т” нарын байгуулсан Э-2024/1171 дугаар гэрээний ажил эхэлсэн, хариуцагч компанийн үйл ажиллагаа үргэлжилж байна.

14.Хөдөлмөрийн тухай хуулийн 2021 оны шинэчилсэн найруулгад хөдөлмөрийн гэрээний хугацааны талаар тусгайлан зохицуулсан бөгөөд хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д гэрээг хугацаатай байгуулах нөхцөлүүдийг тодорхой заасан байна. Үүний дотор “санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх”-тэй холбоотой харилцаанд гэрээг хугацаатай байгуулж болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д зохицуулсан.

Харин мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т “Энэ хуулийн 58.1.3, 139.1-д зааснаас бусад тохиолдолд хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцно” гэсэн заалт нь хугацаатай байгуулах гэрээний үргэлжлэх дээд хязгаарыг тогтоохын зэрэгцээ хугацаатай гэрээ хугацаагүй болох хууль зүйн боломжийг тусгайлан зохицуулалт хийгдсэн байна.

15.Зохигчийн хооронд байгуулагдсан 2022.01.01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ нь “Н” ХХК болон “Э” ХК-ийн хооронд 2021.11.09-ний өдөр байгуулагдсан Э-2021/705 тоот гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл 36 сарын хугацаатай байх бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан үндэслэл гэж хариуцагч тал тайлбарлах боловч мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т 50 дугаар зүйлийн 50.1.6 хамаарахгүй байгааг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглээгүйгээс шийдвэр, магадлалын дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймээс ажил олгогч “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б24/1695 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т нийцээгүй тул нэхэмжлэгч Б.Д-г ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 53,280,440 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгоно. Тухайлбал, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2025.01.01-2026.01.13-ны хооронд тогтоож, ажилтанд 2024 оны 10, 11, 12 сарын цалин гэж  олгосон нь 51,678,024 төгрөг байх ба энэ хэмжээнээс дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцоход 1 сард 4,306,506 төгрөг, нэг өдөрт 200,302 төгрөг байна. Түүнчлэн үүнээс эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган тооцож, холбогдох бичилт хийхийг ажил олгогчид даалгах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн    176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2025/01683 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/02958 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-г хариуцагч “Н” ХХК-ийн ХАБЭАБО ахлах мэргэжилтний  ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч “Н” ХХК-аас 53,280,440 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “Н” ХХК-аас 424,352 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Д-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

            2.Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.БАЯРМАА

             ШҮҮГЧИД                                                        Н.БАТЗОРИГ

                                                                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                                      Б.УНДРАХ

                                                                                      Д.ЦОЛМОН