| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 167/2019/0132/Э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2020-05-14 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 22
Л.Ж-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: Б.Догмиддорж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ууганбаяр нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/148 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Л.Жод холбогдох, эрүүгийн 1920003030024 дугаартай, 1 хавтас, 196 хуудас бүхий хэргийг прокурор Б.Догмиддоржийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч: Монгол Улсын иргэн, Л.Ж-д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Яллагдагч Л.Ж нь 2019 оны 12 сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 1-р багийн нутаг дэвсгэрт 34-79 ДГС улсын дугаартай “Митсубиши RVR” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2-т зааснаар “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас 41-38 УБО улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар иргэн У.У-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Яллагдагч Л.Ж-д холбогдох эрүүгийн 192000303004 тоот хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт буцааж,
Хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж,
Хэргийг прокурорт очтол яллагдагч Л.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагч Л.Ж-с гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьсан хүн, хуулийн этгээд байхгүй байхад шүүхээс иргэний нэхэмжлэгч томилж, хохирол төлбөр барагдсан эсэхийг шалга гэж буцааж байгаа нь ойлгомжгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нь өөрийн санаачилгаар хохирогч У.У-д эмчилгээ болон бусад зардалд 3951000 төгрөг өгсөн, мөн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэгт өөрийн биеэр ирж “...цаашид хохирогчийн хөлний хадаас авахуулах эмчилгээ болон бусад гарсан зардлыг бүрэн төлж барагдуулна... би Б.П-г дагуулан явж, Улаанбаатар хотоос “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл шинээр авч өгсөн байгаа баримтыг нь авч ирсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийе” гэсэн тайлбар өгсөн, мөн гэрч Б.П-гээс шүүхэд бичгээр ирүүлсэн “гомдол, саналгүй” гэсэн хүсэлт, Б.П-гийн жолоодож явсан “Приус-20” маркийн 41-38 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Ашид билгүүн” ХХК-иас 5130000 төгрөгөөр үнэлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж болох “их хэмжээний хохирол”-д хүрэхгүй байх тул уг хэрэгт иргэний нэхэмжлэгч томилох хууль зүйн шаардлага үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд шүүх хуралдаанд хохирогч У.У, гэрч Б.П-г нарыг оролцуулан хийх бүрэн боломжтой. Мөн хэрэгт цугларсан нотлох баримтаар яллагдагчаас Б.П-гийн эмчилгээний зардалд 220000 төгрөг, Ж.Ад 130000 төгрөгийг өгсөн болох нь тогтоогддог бөгөөд бусад хохирлын тооцоо судалгаа, хохирлын үнийн дүн үнэн зөв бичигдсэн эсэх зэрэг асуудлыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хэргийн оролцогч нараас асууж тодруулах замаар нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаад шийдвэрлэх боломжтой. Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт үг, үсэг, тооны алдаа гарсныг үгүйсгэхгүй бөгөөд уг алдаа, зөрчлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу “...техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт гаргах замаар...”, мөн шүүх хуралдааны явцад оролцогч нараас асуулт асууж, хариулт авах замаар хэргийг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд 148 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/148 тоот “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Гэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан хэргийг буцаах тухай үндэслэлүүд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй болно.
Учир нь: 1. Яллагдагч Л.Ж-д холбогдох эрүүгийн хэргийн улмаас иргэн Б.П-н жолоодож явсан 41-38 УБО улсын дугаартай приус-20 маркийн автомашинд 5.130.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь “Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 68-72/-гаар тогтоогдсон, хэрэгт уг автомашины өмчлөгч, эзэмшигчийг иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоогоогүй, автомашины хохирлын талаар нэхэмжлэл, гомдол санал гараагүй боловч хэрэгт мөрдөн байцаалтын шатанд иргэн Х.Бямбабаатар /хх-ийн 129/, шүүхийн шатанд гэрч Б.П-г /хх-ийн 188/ нараас тус тус хүсэлт гаргасан ба уг хүсэлтүүдээс харахад 41-38 УБО улсын дугаартай автомашин нь Б.П-н эзэмшлийнх, уг автомашины хохиролд яллагдагч Л.Ж нь өөр автомашин худалдаж аваад өгчихсөн тул машины талаар гомдол саналгүй, хохирол төлөгдсөн талаар бичигдсэн, энэ талаар хэн ч маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дэхь хэсэгт “ ...шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж, иргэний нэхэмжлэгчээр тогтооно.” гэж зааснаас үзэхэд энэхүү ажиллагааг зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаагаар хийлгэх үндэслэлгүй ба анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгчийг тогтоон, гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нэхэмжлэх эсэх, эсхүл нэхэмжлэлээсээ татгалзах эсэх асуудлыг тодруулж, шийдвэрлэх боломжтой гэж үзнэ.
2. Хэргийн 121 дүгээр хуудаст авагдсан мөрдөгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой тооцоо, жагсаалтыг ойлгомжгүй гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шаардсан нь мөн үндэслэлгүй болсон.
Бичиглэлийн алдаатай хохирлын зардлын талаарх жагсаалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар “энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий” нотлох баримт биш бөгөөд шүүх уг жагсаалтад хавсаргасан зардлын баримтууд /хх-ийн 122-128/-ыг шалгаж тооцож нягтлах, эсхүл шүүх шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаанд хохирогч У.У, гэрч Б.П-г, Ж.А нарыг оролцуулан хохирлын тооцоог тус тус бүрэн гаргуулан хэргийг шийдвэрлэх боломжтой байжээ.
3. Хэргийг шүүхэд ирсний дараа прокурор Б.Догмиддоржоос яллах дүгнэлтэд хохирогчийн нэрийг буруу бичсэн, хохирогчийн мэдүүлгийн хохирлын тоо, тооцооллыг буруу бичиж техникийн шинжтэй алдаатай яллах дүгнэлт ирүүлснээ засах хүсэлтээ прокурор 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гаргасныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хүсэлтийг хянан хэлэлцсэн атлаа энэ үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4-т нийцээгүй.
Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1, 1.7-д зааснаар шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэрээ гаргаж, уг шийдвэрээрээ прокурорын хүсэлтэд дурдагдсан яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдааг засах боломжийг олгож болохыг тус тус хуульд маш тодорхой зааж зохицуулсан байгааг анхан шатны шүүх анхаараагүй.
Мөн шүүхийн нэр хаягийг буруу бичсэнийг ч энэ шийдвэрээрээ засуулах боломжтойн гадна прокурорын хүсэлтэд дурдсан засуулах хүсэлт бүхий алдааг техникийн шинжтэй алдаа биш гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Харин давж заалдах шатны шүүхээс прокурор Б.Догмиддоржоос гаргасан эсэргүүцэлд үндэслэн түүнд бичигдсэн асуудлуудаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд мөрдөгч, прокурор нь мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлүүдээр мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож чадаагүй, мөрдөгч нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, цугларч байгаа нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлэх журмыг зөрчсөнийг прокурор, анхан шатны шүүх анхаараагүй байна гэж үзлээ. Үүнд:
1. Гэрч Б.П-н “ ... Өргөн сумын уулзвар нилээд өнгөрөөд явж байтал эсрэг чигийн эгнээнд явж байсан машин урсгал сөрөөд хурдтай яваад байсан, би тухайн машин руу гэрлээрээ дохио өгсөн боловч урсгал сөрөөд яваад байсан, тэгэхээр нь би зорчих эгнээнийхээ баруун гар тал руу зам тавьж өгч шахтал машин хурдтай ирээд миний машиныг мөргөсөн...” /хх-ийн 31-р хуудасны ард тал/ гэсэн мэдүүлэг,
гэрч Ж.Агийн “... Сайншанд нилээн дөхчихсөн явж байхад аягүй хурц гэрэлтэй машин өөдөөс их хурдтай шинжтэй ирж байгаа нь мэдрэгдсэн, тэгээд хажуугаар зөрчих байлгүй дээ гэж бодтол шууд өөдөөс орж ирээд мөргөчихсөн. ...бид нар эгнээндээ явж байтал өөдөөс урсгал сөрөөд ороод ирсэн, тэгээд уг асуудал гарсан...” /хх-ийн 34-р хуудас/ гэсэн мэдүүлэг,
Л.Ж-н гэрчээр өгсөн “... миний бодлоор хэсэг зуур зүүрмэглэсэн гэж бодож байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,
яллагдагчаар өгсөн “... тухайн үед би маш их ядарсан байсан, урд шөнө нь нойргүй ажил дээрээ хонож ажиллаад осол болдог өдөр 18 цаг 30 минутын үед өөдөөс ирж явсан тээврийн хэрэгслүүд гэрлээ шилжүүлэхгүй байсан машины гэрлийн гялбаанд ороод 1-2 минут орчим явж байгаад тэр хооронд миний нүд анилдаад зорчих хэсгийн эсрэг урсгал руу орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 118-р хуудас/ зэргээс үзэхэд яллагдагч Л.Ж нь ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож алсын замын хөдөлгөөнд оролцсон нь зам тээврийн осол болох нэг нөхцөл болсон байж болзошгүй байхад үүнийг анхаараагүй орхигдуулсан байна.
Энэ нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а/-д заасан “...жолооч ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох” үйлдлийг хийсэн гэх нөхцөл болох ба Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтэд энэ талаар огт тусгагдаагүй ба энэ талаар шинжээчээс тодруулаагүй байх тул шинжээч шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой хийгээгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
2. Мөрдөгч 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 41-38 УБО улсын дугаартай приус-20 маркийн автомашины жолооч Б.П-г, уг автомашины зорчигч Ж.А нарын биед гэмтэл учирсан эсэхийг тогтоох зорилгоор шинжээчийг тус тус томилсон /хх-ийн 53, 54/ боловч Б.П-г, Ж.А нар нь шинжилгээ хийлгэхгүй гэсэн тайлбарыг тогтоолын ард гараар бичиж шинжилгээг хийлгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан “Шинжилгээ хийлгэх журам” зөрчигдсөн гэж үзэхээр байна.
Уг журамд шинжилгээ хийлгүүлэх этгээд зөвшөөрөөгүй тохиолдолд шинжилгээг хийхгүй байх тухай зохицуулалт байхгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2-т хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох нь заавал шинжилгээ хийлгэх тохиолдолд хамаарч байна.
Мөн мөрдөгч дээрх шинжээч томилсон 2 тогтоолдоо шинжилгээ хийлгэх байгууллагын нэрийг тодорхойлж бичээгүй буюу шинжилгээний байцаагч, шинжилгээний байгууллага гэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3-т нийцээгүй зөрчсөн.
3. Зам тээврийн ослын улмаас 41-38 УБО улсын дугаартай приус-20 маркийн автомашинд эд хөрөнгийн хохирол /хх-ийн 68-72/ учирсан нь тогтоогдож байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3-т зааснаар мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн аль ч шатанд гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьсан хүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох боломжтой боловч тогтоогоогүй ба хэргийг нэгэнт прокурорт буцааж байгаа тул иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох эрх бүхий этгээдүүдийг тогтоож, хохирлын талаар гомдол санал, нэхэмжлэх зүйл байгаа эсэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шалгаж, тодруулах нь зүйтэй.
Ийнхүү хохирогч, иргэний нэхэмжлэгчийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоосноор тэд гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлоо нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хууль зүйн үндэслэл бүрдэх учиртай.
Эдгээр ажиллагаанууд нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/148 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Догмиддоржийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
А.САЙНТӨГС