Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 50

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2017/0053/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

    

              Нарийн бичгийн дарга: Н.Энхзул,

              Улсын яллагч: Д.Энх-Амар

                 Хохирогч: Я.Энхсаруул,

                 Хохирогчийн өмгөөлөгч: Д.Оюунцэцэг,

                 Шинжээч: Б.Далайцэрэн, Г.Пүрэвдорж,   

                 Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Биязхан,

                 Шүүгдэгч: С.Алтантулга нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Алтантулгад холбогдох 201623010096 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Дорнод аймгийн Хэрлэн суманд 1984 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 18-17 тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагнал үгүй, 2009 онд эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан Боржигон овогт Сүрэнхорлоогийн Алтантулга /РД:ЖЭ84092971/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:

Шүүгдэгч С.Алтантулга нь 2016 оны 10 дугаар сарын 12-ноос 13-ны шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт өөрийн эзэмшлийн 85-70 УБТ улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасан “Жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын зай болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас иргэн С.Чинзоригийн эзэмшлийн 25-82 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэж улмаар С.Чинзоригийг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.Алтантулга нь 2016 оны 10 дугаар сарын 12-ноос 13-ны шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт өөрийн эзэмшлийн 85-70 УБТ улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн С.Чинзоригийг дайрч амь насыг нь хохироосон болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Хохирогч С.Мөнхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Талийгаач маань өөрийнхөө хувийн эзэмшлийн саарал өнгийн Стана маркийн машиндаа 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Аймгийн Нэгдсэн эмнэлгийн вакциныг ачаад машиндаа 3 залуугийн хамтаар Чингис хот руу ирж яваад Чингис хаалганы зүүн хэсэгт машинаа зам чөлөөлж тавиад машинаасаа яг буух үед нь араас нь ирж явсан 85-70 УБТ улсын дугаартай Истана маркийн шар өнгийн тээврийн хэрэгслийн жолооч эхлээд талийгаачийн машины зүүн гар талын хойд хэсгийг мөргөж, дараа нь машиныхаа зүүн гар талд замын зорчих хэсэгт дөнгөж буугаад зогсож байсан дүүг маань мөргөж эсрэг урсгалд орж зогссоны улмаас талийгаач дүү замын хойд хэсэг буюу шороон далангийн хойд хэсгийн ховилд шидэгдэж унасан байгаа болохыг би сая хэргийн газар дээр нь өрийн биеэр очиж үзээд ирлээ. Талийгаач дүү маань гэнэтийн осолд орж нас барсанд буруутай жолоочид маши их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-22-23х/

Хохирогчийн Я.Энхсаруулын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 12-ноос 13-ны шилжих шөнө өөрийнх нь төрсөн С.Мөнхбат талийгаачийг “Чингис” хаалганы тэнд аваарт орчихсон байна хоёулаа очъё гэх хэлсэн. Тэгээд бид хоёр очсон. Тэгэхэд замынхаа эсрэг талд баруун хойшоо харсан байдалтай жалганд хэвтэж байсан. Чингис хаалганаас ертөнцийн зүгээр зүүн урагш наад талд багацаагаар 40-50 метр газар хэвтэж байсан. Эмч ирж үзээд явчихсан байсан. Нөхрийгөө нас барсан байна гэдгийг мэдсэн. Толгойн араас өргөхөд их хэмжээний нөжирсөн цус гарч байсан. Цамц, өмд нь урагдсан, баруун талын гутал нь сугарчихсан байхгүй байсан, өмдний тэлээ сугараад ойчсон, гар утас нь хэдэн хэсэг болчихсон байсан. Шар өнгийн Стана маркийн машин зорчих хэсгийн баруун гар талд урагшаа хараад зогсож байсан. Гомдолтой байна. Оршуулгын зардал болон оюутны сургалтын төлбөр, машинд учруулсан хохирол, банкинд төлдөг байсан зээл төлбөр зэргийг нэхэмжилнэ....” гэх мэдүүлэг /хх-25х/, “.... Алтантулгаас надад 5.500.000 төгрөгийг увуулж цувуулж хохиролд өгсөн. Охин Ч.Мягмардулам оршуулгын ажилд Оросын холбооны улсаас ирж буцсан замын зардал 1648690 төгрөг, задлан шинжилгээ хийлгэхэд төлсөн 40.000 төгрөг, талийгаачийн банкинд төлөх ёстой зээлийн үлдэгдэл 5812367 төгрөг, Мягмарсүрэнгийн Их сургуульд суралцах 6 жилийн төлбөр 48.000.000 төгрөг эдгээрийг нэхэмжилнэ. Аккумляторын үнэ 140.000 төгрөг, урд салхины шил шинээр цууралт үүссэн байсан. Шинээр солиулахад 130.000 төгрөг, Вендо компанийн үнэлгээгээр автомашинд учирсан хохирол 345000 төгрөг нийт 56.125.327 төгрөгийг төлүүлэх хүсэлтэй байна....” гэх мэдүүлэг /хх-26х/

Иргэний нэхэмжлэгч Г.Мөнхзулын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Манай хүргэн С.Энхтүвшин 2015 оны 12 дугаар сарын 3-4-ний  үед талийгаач С.Чинзоригтой 25-82 ХЭҮ улсын дугаартай Итсана маркийн автомашины наймаа хийж 4.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэн 1.500.000 төгрөгөнд дэлгүүрийн ачаа ачиж өгч цайрна гэж хоорондоо ярьж тохирсон юм билээ. Талийгаач С.Чинзориг тэр мөнгөнөөсөө 500.000 төгрөгөнд ачаа ачиж цайруулсан. Одоо надад 1.000.000 төгрөгийг талийгаачийн ар гэрээс өгч байж би машиныхаа гэрчилгээг тэдний нэр дээр шилжүүлэх юм. Уг автомашин миний нэр дээр байгаа. Үлдсэн 1.000.000 төгрөгийг барагдуулж өгнө үү гэж хүсэж байна....” гэх мэдүүлэг /хх-28х/

Гэрч Л.Ууганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “... С.Чинзориг ах намайг сэрээж байсан. Тэгээд сэрээд харахад аймгийн гэрэл харагдаж байсан. Тэгээд нойрмоглоод буцаад унтсан. Тэгтэл машин тас гээд дуугарахаар нь сэрсэн чинь шар өнгийн Стана зам дээр зогсож байсан. Тэгэхээр нь машинаас буусан чинь манай машиныг мөргөсөн жолооч бууж ирээд би сая нэг хүн мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгэхээр нь би Чинзориг ахыг харсан чинь харагдахгүй байсан. Тэгэхээр би замын баруун талаар Чинзориг ахыг хайсан, харин шар өнгийн машины жолооч замын зүүн талаар хайж байгаад Чинзориг ахыг оллоо гэж хэлсэн. Тэгэхээр нь гүйгээд очсон чинь дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр эмнэлэг дуудаад дараа нь цагдаа дуудсан. Чинзориг ах Чингис хот Улаанбаатар хот чиглэлийн хатуу хучилттай замын зүүн талд хонхорт дээшээ харсан байдалтай толгой хэсэг нь хойшоо харсан байдалтай байсан. Өмдний тэлээ, товч нь тайлагдсан, өрөөсөн пүүзгүй байсан. Чинзориг архи уугаагүй эрүүл байсан. Зам тээврийн осол болсоны дараа машинаас буугаад харж байхад манай машины хатуу хучилттай замын баруун талын хэсэгт замын зах хэсэгт байсан үргэжилсэн цагаан шугамны гадна талд буюу баруун талд урагшаа харсан байдалтай зогссон байсан...” гэх мэдүүлэг /хх-29х/

Гэрч П.Золжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “.... 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймаг явах Стана маркийн улсын дугаарыг нь мэдэхгүй шар өнгийн автомашинд суусан. Тэгээд Хэнтий аймгийн хаалгаар гартал ямар маркийн автомашин байсныг мэдэхгүй жолоочийн хаалга онгорхой хоёр улаан гэрэл асаасан байж байсан. Манай машин нэлээн хурдтай явж байсан болохоор тэр автомашины хойд талыг мөргөх шиг болсоноо хажуугаар дарсан чинь бид хэдийн сууж явсан Стана маркийн автомашины голын хаалгаараа нөгөө автоамшиныг мөргөөд хаалганы шил хагарч автомашины урд талд нэг хүн автомашиныхаа эсрэг тал руу гүйсэн чинь бид хэдийн сууж явсан жолооч автомашинаараа тухайн хүнийг мөргөсөн. Миний сууж явсан машины жолооч хүн дайрчихлаа гээд машиныг зогсоож өөрөө буугаад явсан. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн....” гэх, “... Зам дээр зогсож байсан машины араас нь очиж шүргэхэд өөдөөс зөрж явсан машин байгаагүй. Зам дээр зогсож буй машины араас чиглэж явж байгаад зүүн гар тийшээ жолооны хүрдээ дараад миний сууж явсан машины буруу талаараа зам дээр зогсож байсан машиныг шүргээд цаашаа гарахад нь нэг явган хүн зогсож байсан талаас зүүн чигт замын гол хэсэг рүү гүйгээд гараад ирсэн. Тэгэхэд миний сууж явсан машины жолооч машинаараа тэр хүнийг зам гол хэсэгт мөргөсөн. Тэгээд чигээрээ явж байгаад зогссон...” гэх мэдүүлэг /хх-30-31х/

Гэрч Г.Тунгалагын мөрдөн байцаалтанд өгсөн: “.... 2016 оны 10 сарын 12-ны өдөр Дорнод аймаг явах улсын дугаарыг нь мэдэхгүй шар өнгийн автомашинд суусан. Би Цэнхэрмандал сумаас гараад унтаад өгсөн. Тэгсэн чинь хүмүүс хашгираад цонхны шил хагараад шил автомашинд орж ирээд машин тооромслоод зогссон. Жолооч та нар яахав би хүн дайрчихлаа гээд жолооч буугаад явсан...” гэх мэдүүлэг /хх-32х/

Гэрч Г.Ганбаатарын “... Дорнод аймаг руу явахаар 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шар өнгийн Стана маркийн автомашинд зардлаа өгөөд суусан. Намайг сэрэхэд миний сууж явсан шар өнгийн Стана маркийн машины жолооч машинаа зогсоосон байсан ба өөрөө машинаасаа буугаад хойшоо гүйгээд явсан. Тэгээд би машинаас буух гэсэн чинь миний сууж явсан машины голын хаалга онгойхгүй байсан. Холоос харахад дээшээ харсан байдалтай толгой хэсэг нь баруун хойшоо харсан байдалтай байсан.... “ гэх мэдүүлэг /хх-34х/

Гэрч Д.Пүрэвжавын мөрдөн байцаалтанд өгсөн: “.... 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий явах саарал өнгийн Стана маркийн машинд суусан. Чингис хотын хаалга дөнгөж өнгөрөөд жолооч машинаа зогсоогоод миний баруун гар талд унтаж явсан залууг жолооч урд суудлаас дуудаж сэрээгээд ямар айхтар унтдаг юм бэ гэж хэлээд өөрөө машинаасаа буутал араас ирж байсан машин бидний сууж явсан зогсож байсан саарал өнгийн машиныг арааснь мөргөсөн. Тэгээд урд салхины шилээр харахад шар өнгийн Стана машин замын зорчих хэсэг дээгүүр Чингис хотын зүгт 1-2 удаа зүүн баруун гар тийш мурилзаж явж байсанаа зогссон. Тойроод харахад зүүн гар талын хойд дохионы хэсгээр мөргөсөн байсан. Гэтэл жолооч огт харагдахгүй байсан. Тэгтэл мөргөөд өнгөрч зогссон шар өнгийн стана маркийн машины жолооч гүйж ирээд сая хүн мөргөчихлөө, хүн нь хаана байна гээд хамт хайсан. Талийгаачийг хайгаад гүйж явахад шар өнгийн Стана маркийн машины жолооч би одоо үүрэглэж явсан юм байхдаа гэж хэлж байсан. Үүрэглэж байгаад нэг мэдэхэд урд машин гэнэт тулаад ирсэн, зүүн гар тийш дарахад хүн мөргөчихсөн гэж ярьж байсан. Түргэний эмч ирж үзээд нас барсан байна гэж хэлээд 1 тариа хийгээд цээжин дээр нь хиймэл амьсгаа хийж дараад нас барсан байна гэж хэлээд машиндаа сууж байгаад хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-38х/

Гэрч Д.Ган-Эрдэнийн “... 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Нарантуул захаас саарал өнгийн Стана маркийн машинд Хэнтий аймаг орохоор суусан. Намайг унтаж байхад гэнэт миний сууж явсан машины араас нэг машин хүчтэй мөргөхөд би сэрсэн. Туслах жолооч, хүргэн Д.Пүрэвжав, бид гурав машинаас буугаад юу болов гээд машины ар хэсгийг очиж харахад зүүн гар талын хойд хэсгийн дохионы хэсгээр шар өнгийн Стана машин мөргөсөн байсан. Бидний машиныг мөргөсөн жолооч гүйж ирээд би сая хүн мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд дөрвүүлээ хайсан. Хайж байхад шар өнгийн Стана маркийн машины жолооч би сая үүрэглэж байсан юм байхдаа гэнэт урд машин тулаад ирэхээр нь зүүн гар тийш нь дарсан чинь хүн мөргөчихлөө гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-37х/

Гэрч Э.Билэгсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу явахаар Амгалангийн вокзал дээрээс Дорнод аймаг руу явах шар өнгийн Истана маркийн машинд араасаа 2 дахь суудал дээр урагшаа хараад эхнэрийнхээ хамт зэрэгцээд сууж явсан. Тэгээд замд нэг зүүрмэглээд сэрсэн чинь Хэнтий аймгийн гэрэл харагдаж байсан. Тэгэхэд замын хажууд нэг машин зогсож байсан ба тэр машин руу хойноос нь ойртоод ирж байсан. Тэгсэнээ миний сууж явсан машины жолооч өөрийнхөө жолооны хүрдийг зогсож байсан Стана маркийн машинаас зайлуулж нөгөө тийш нь дарсан чинь машиныхаа буруу талаар зогсож байсан машины зөв талын хойд талын хэсгийг шүргээд гарсан. Машин шүргэх үед миний сууж явсан машины буруу талын цонхнууд хагарсан. Шар өнгийн Стана маркийн машины жолооч машиныг зүүн тийш дараад нь зогсож байсан саарал өнгийн машиныг шүргээд цаашаа зам руу гартал нэг явган хүн гэнэт саарал өнгийн машины талаас зүүн тийшээ чигтээ урдуур нь гараад ирсэн. Зам дээр зогсож байсан саарал өнгийн машин руу ойртож шүргэх үед өөдөөс явж байсан зөрсөн тээврийн хэрэгсэл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-38х/

Гэрч А.Мэгзэрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн туслаж 103-т тухайн өдөр жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. 2016 оны 10 дугаар сарын 13-ны 00 цаг 42 минутанд самбарын наана зам тээврийн осол гарсан талаар дуудлага ирсэн. Очиход 40 гаран насны эрэгтэй замын хажууд дээшээ харсан нас барсан байдалтай байсан. Түүний амьсгал зүрх судас зогссон, хүүхэн хараа өргөссөн байсан. Эхлээд адреналин тариаг 1 мл зүүн гаранд судсаар хийж, зүрхэнд нь шууд бус массаж хийсэн боловч үр дүн өгөхгүй байсан тул анхны тусламжийг зогсоосон....” гэх мэдүүлэг 48-19х/

Гэрч С.Мөнхбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Талийгаачийг осолд орсноос хойш машиныг нь түр саатуулах хашаанаас хүлээж аваад машиныг нь асаах гэхэд акумлятор нь ажиллахгүй цэнэггүй болсон байхаар нь өөрийнхөө акумляторыг тавьж асаасан. Акумлятортой талаараа мөргүүлсэн учраас дотороо кроток үүсэж акумлятор нь ойрхон ойрхон цэнэгээ алдаж хадаглахаа больсон байсан. Автомашины урд салхины шил мөргүүлснээс болж шинэ цууралт үүссэн байсан. Энэ талаар нэмэлт үнэлгээ гаргуулж өгнө үү....” гэх мэдүүлэг /хх-58х/

Гэрч Т.Мөнхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Мөргөсөн гэх автомашин нь эсрэг урсгалд нөгөө автомашинаасаа 100 шахуу метр зайтай зүүн тийш харж зогссон байсан. 25-82 ХЭҮ улсын дугаартай автомашин нь замаа чөлөөлж зогссон байсан. 85-70 УБТ улсын дугаартай автомашин эсрэг урсгалд зогссон байсан. Схем зураг нь бодит байдлыг хэд дахин багасгаж зурдаг учраас бодит байдлаас зөрүүтэй харагдаж болно....” гэх мэдүүлэг /хх-184х/

      Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 049 дугаартай акт /хх-68-69х/

     Зам тээврийн ослын талаар гаргасан 2017 оны 02 дугаар сарын 20-ний №63 дугаартай  шинжээчийн: “...  Хэргийн материалтай танилцаж үзэхэд 85-70 УБТ улын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Алтантуга нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна ” гэснийг зөрсөн нь зам тээврийн осол, хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтай байна”  гэсэн дүгнэлт /хх-191-192х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Алтантулгын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж иргэн С.Чинзоригийн амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт хэрэг байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн ба энэ хэргийн улмаас иргэн С.Чинзоригийн амь нас хохирсон бөгөөд хохирогч Я.Энхсаруул оршуулгын болон бусад зардалд 23.075.327 төгрөг нэхэмжилж байгаа боловч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, шалгахад оршуулгын зардал болон  эд хөрөнгөнд нийт 6.224.768 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байгаа ба шүүгдэгч С.Алтантулгаас дээрх хохиролд 6.000.000 төгрөгийг хохирогч Я.Энхсаруулд төлсөн байх тул үлдэх 224.768 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч Я.Энхсаруулд олгох үндэслэлтэй байна. Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжилж байгаа бусад хохирол, зардлын үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтууд нь хэрэгт бүрэн хавсаргагдаагүй,  хавтаст хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй байх тул хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар  жич нэхэмжлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь ялгүй үедээ буюу анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

                 1.Шүүгдэгч Боржигон овогт Сүрэнхорлоогийн Алтантулгыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар шүүгдэгч С.Алтантулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч 03 жил 01 сарын хорих  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Алтантулгад оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй

4. Энэ хэрэгт хураагдан ирсэн 421805 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бусад бичиг баримт шүүхэд ирээгүй ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 00583061 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгож, шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгчийн 85-70 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолыг  хэвээр үлдээсүгэй.

                 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505, 510  дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Алтантулгаас 224.768 төгрөгийг гаргуулан хохирогч Я.Энхсаруулд олгосугай,

7. Шүүдэгч С.Алтантулга нь хохирогч нарт оршуулгын болон бусад зардалд 6.000.000 төгрөгийг төлсөн ба хохирогч иргнэий нэхэмжлэгч нар нь бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар  жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Алтантулгад авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ГАНЗОРИГ