Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 60

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Чинбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2018/00662 дугаар шийдвэртэй, Ховд аймаг, Жаргалант сум, Наран баг, 13-03 тоотод оршин суух, Боржигон овогт Наранцогтын Чинбатын нэхэмжлэлтэй, Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалан баг, Их монгол 12 айлын орон сууц, 06 тоотод оршин суух, Дамдины Галсандондогт  холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Чинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр сэргээлгэх, 10,000,000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрүүдэд хуралдсан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд урилгаар оролцсон. Миний бие үг хэлж, санал бодлоо илэрхийлэх гэтэл аймгийн Засаг дарга Д.Галсандондог нь намайг үг хэлүүлэхгүй гэж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Пүрэвгандитай хэрүүл маргаан өдөж улмаар намайг галзуу, солиотой, мэдрэлгүй, 70 хувийн групт байдаг, 3 хүний хамар хуга цохьсон, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Пүрэвганди нь мөнгө өгч миний эсрэг үг хэлүүлж байна гэх мэтээр гүтгэн доромжилж, цагдаад энэ галзууг гарга гэхэд хоёр цагдаа ирж намайг гаргасан. Асуудал маш ноцтой байдалд хүрсний үндсэн дээр би нэхэмжлэл гаргасан. Шүүхийн танхимд бүх юм үнэн байх ёстой. Хуулийг өнөө цагт төрийн алба хашиж байгаа хүмүүс уландаа гишгэж байгаагийн тод илрэл. Д.Галсандондог хэд хэдэн удаагийн үйлдлээр олон түмний нүдэн дээр намайг доромжилсон. Би Д.Галсандондогийг дэмждэг байсан. Бид хоёр ах дүү шиг байсан. Монгол төрийн ажил шудрага байх ёстой бүх юм хуулийн дагуу байх ёстой. Монгол улсын хууль иргэн бүрт тэгш үйлчлэх ёстой. Намайг нэхэмжлэлээсээ татгалзаач гэж Д.Галсандондог хүнээр хэлүүлсэн байсан. Би үгүй гэж хэлсэн. Намайг шоронд хийдэггүй юм гэхэд ядаж 6 сар эмнэлэгт албадан хэвтүүлээдэх гэсэн байсан. Ховд аймгийн Цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллага нь Д.Галсандондог гэдэг хүнтэй холбогдсон байсан учраас миний хаагдсан эрүүгийн хэргийг сэргээлгэсэн. Монгол төрд үнэн ноёрхох ёстой. Би өөрийнхөө нэхэмжлэлээсээ татгалзахгүй. Би авилгатай тэмцэх газарт Д.Галсандондогийг шалгуулахаар өгсөн байгаа. Яагаад энэ хүнд хууль үйлчлэхгүй байгаа вэ? Монгол төр ариун байх ёстой. Монгол төр хууль дүрэм журамтай байх ёстой гэдгийг харуулах гэж би энд зогсож байна. Д.Галсандондог засаг дарга намын хурал, аймгийн иргэдийн хурал дээр намайг УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос 2 өрөө байр, приус машин авсан, хүнээс мөнгө авч байж үг хэлдэг гэж доромжилсон. Би С.Бямбацогтын үйлдэл нь зөв, олон түмний төлөө ажил хийж байгаа учраас дэмждэг. Би Д.Галсандондогт хэлсэн С.Бямбацогттой битгий муудалц гэж. Д.Галсандондогийн хэлдэг үг нь С.Бямбацогт Ховд аймгийг компанийн нам болгох гэж байна гэж ярьдаг байсан. Би энэ залуу хүн Ховдын төлөө ажил хийж байна хамтдаа дэмжээд явж байна гэхэд Д.Галсандондог битгий С.Бямбацогтыг дэмж. Би Ш.Адьшаатай нийлж Ховдыг самарна гэж ярьдаг байсан. Д.Галсандондогт Ховдын ард түмнээр тоглох эрх байхгүй. Д.Галсандондог тусгай бөө нартай байдаг. Бөө нараасаа Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа даргаар тавьсан ба Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр Захиргааны байранд өрөөндөө хэнгэрэг нүдүүлж бөөлүүлж байсан. Ийм ёсзүйгүй хүн, Би үнэнийн төлөө юм бүхнийг зөв байгаасаа гэж боддог. Би Д.Галсандондогтой хамтраад явж байсан. 2017 оны Аймгийн Иргэдийн төлөөлөгчидийн 5-р хурал дээр Аймгийн иргэдийн төлөөлөгчийн дарга намайг үг хэлнэ гэж хэлэхэд Д.Галсандондог чи Н.Чинбатаар үг хэлүүлдэг юу юм гээд иргэдийн төлөөлөгчидийн хурлын дарга Г.Пүрэвганди Д.Галсандондог хоёр хурлын индэр дээр хэрэлдсэн. Би та нар хуулиа хэрэгжүүлээчээ гэхэд Д.Галсандондог Г.Пүрэвганди Н.Чинбатад мөнгө өгч миний эсрэг яриулж байна. Энэ хүн чинь сэтгэцийн өвчтэй, галзуу, хүн зодсон, 70 хувийн групптэй гэж доромжилсон. Гурван цагдаа авчирч намайг бариулж шүүх хуралдааны танхимаас гаргасан. Би цагдаагийн газар очиход цагдаа нар нь дээрээс дарга нар дарамтлаад байхаар хэцүү байна гэж хэлсэн. Аймгийн иргэдийн төлөөлөгчидийн хурал болж байхад цагдаа нарын шаардлага байхгүй гэж би хэлсэн. Аймгийн иргэдийн төлөөлөгчидийн хурал архидалт хувилдаан болж дууссан. Монгол ардын намын дарга сонгох 38 дугаар бага хурал 2017 оны 03 дугаар сарын 11-12-ны өдөр болсон. Хурал дээр намайг үг хэлэхэд Д.Галсандондог цагдаагийнханыг авчирсан байсан. Цагдаагийн Эрүүгийн тасгийнхан энгийн хувцастай байсан. Д.Галсандондог хурлыг нээж хурлын индэр дээрээс хүн бүхнийг доромжилсон. Би босож үг хэлэхэд Н.Чинбат хуралд орж ирэхдээ эрүүл болдог, цагдаа дээр очиходоо галзуу өвчтэй болдог гэж намайг доромжилсон. Цагдаа нарт энэ хүнийг аваад яв гэсэн. Би Д.Галсандондогт энэ үнэн юм ярих ёстой хурал, чи зөв бай гэж би хэлсэн. Намайг хоёр өрөө байр, прусс 20 машиныг юугаараа авдаг юм гэж олон түмний нүдэн дээр доромжилсон. Би Д.Галсандондог шиг Ланд200 машин бэлгэнд авч, төрийн албыг худалдаагүй гэж хэлсэн. Цагдаагийн газрынхан таны зөв бид дээрээсээ тушаалтай учраас дээрээс үүрэгдээд байна та чимээгүй бай гэсэн. Цагдаа нар намайг Д.Галсандондогын буруу байсан ч та гүрийчихээч гэж байсан. Д.Галсандондог аймгийн засаг даргын тамгын газрын 2 давхарт бөө бөөлүүлсэн. Бид нар нэг хүнийг хүлээж цаг гарантай суусан. Аймгийн засаг даргын тамгын газрын дарга Б.Ганболдын өрөөнд 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөр шилжих шөнө бөө бөөлүүлсэн. Жижиг асуудал хэлэлцэхийн төлөө бүхэл өдөр шөнийн асуудал болсон. Д.Галсандондог бид хоёр цагдаад өргөдөл өгөхөд Д.Галсандондогийн өргөдөл хүч аваад миний өргөдөл дарагдаад байсан. Д.Галсандондог үнэнээс их айж байгаа. Ерөнхийлөгч болон ерөнхий сайд нар Ховд аймагт ирэхэд намайг уулзуулаагүй. Д.Галсандондог цагдаагийн газрынхан болон тагнуулынханд намайг битгий оруул гэж үүрэг өгсөн байсан. Би үнэн байх ёстой гэдгийг харуулах гэж явж байна. Д.Галсандондог хүн бүхнийг дарамталж харьцдаг. Намайг прокурор цагдаа хоёроор дарамтуулах гэж оролдсон. Би хүний муу үзэх гэж явж байгаа биш. Цаг ямагт үнэн ялна гэдэг эргэлзэхгүй өдий хүртэл явж байна. Үүнээс цааш ч явна. Намайг дутагдлыг нь хэлснийх нь төлөө, авилгатай тэмцэх газарт өглөө гэж, шүд зуудаг. Намайг эргүү балай гэж хамтрагчтайгаа ярьдаг. Ховд аймгийн хууль зүйн хэлтсийн дарга авилгач хулгайч хүний даалгавраар ажлаа явуулдаг. Б.Мөнхбат 1962 оны хууль яриад зогсож байдаг. Би Б.Мөнхбаттай мэтгэлцэх сонирхолтой байсан. Б.Мөнхбат Эрхзүйч мэргэжил эзэмшчихээд худлаа юм хэлээд явж байгаад харамсалтай байна. Би худал хэлэх дургүй. Би хүнд өширхөж байсан удаа байхгүй. Би тангараг өргөөгүй ч гэсэн тангараг өргөсөн хүнээс ч шудрага явдаг. Намайг нэхэмжлэлээ татаад авчих гэж хэлсэн. Д.Галсандондог бөөлж байгаа хүмүүстээ албан тушаал өгсөн байдаг. Монгол төрийг наймаалж байгаа наймаа явж байгаа. Надад мөнгөнийх нь тооноос илүү үнэн хэрэгтэй. Би Д.Галсандондогтой үнэний төлөө тэмцэж байгаа. Намайг хүмүүс мөнгө авдаг, захиалгаар хурал зөвлөгөөн дээр үг хэлдэг гэж ярьж байгаа. Би үнэн ялна гэдэг дээр тууштай байгаа. Ард иргэд намайг мөнгө авсан, байр авсан, приус машин авсан гэж ярьж байна. Би Д.Галсандондогийг хамгаалж явж байхдаа нэг удаа ч мөнгө авч үзээгүй. Намайг эд нарыг айлгаж байгаад мөнгө авдаг гэсэн яриа гарсан. Бид нарт ажил хийхэд хэцүү байна таны зөв гэж цагдаагийнхан хэлсэн. Миний хаагдсан байсан хэргийг сэргээж намайг яллагдагчаар татсан. Буруутай хүмүүсийг нь буруутгахгүй буруугүй намайг буруутгасан. Монгол ардын намын байрыг би ард түмний өргөө гэж хардаг. Сонгуулиас өмнө Монгол ардын нам мөнгө байхгүй гэхээр нь хүмүүс орж ирэхэд тав тухтай байг гээд одоогийн Ховд аймгийн Жаргалант сумын засаг дарга Ц.Ганданповрон бид хоёр янзалсан. Бид нар ажил хийхдээ хөлс авъя гэж бодоогүй. 2017 оны 03 дугаар сарын 11-12-ны өдрийн намын 38 дугаар хурал дээр их хурлын гишүүн О.Батнасан байрны засварт 3,500,000 төгрөгийг бэлэн өгсөн гэж хэлэхэд Д.Галсандондог 1,500,000 төгрөгийг намайг авсан гэсэн. Би О.Батнасанг ална шүү гэж хэлсэн. Д.Галсандондог Монгол Ардын намын байр засна гээд УИХ-ын гишүүн О.Батнасангаас мөнгө авсан байснаа надруу оруулсан. Намайг гүтгэсэн 2017 оны 06 дугаар сарын 5-р бага хурал дээр намайг мэдрэл муутай, 70 хувийн групптэй гэж олон түмний нүдэн дээр хэлсэн. Д.Галсандондогийн бөө нар нь Ховд аймгийн Жаргалант сумын орлогч дарга Лувсанлхам болон Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд нэг эмэгтэй бөө байдаг.Бөөгөөр хүмүүсийг айлгаж Ховд аймгийн Захиргааны байранд бөөлүүлж байсан. Олон нийтийн дунд намайг мөнгө авч хурал дээр эсрэг ярьдаг гэж хүмүүст ойлгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж миний нэр төрийг сэргээж, Д.Галсандондогоос 10,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Танай шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх Н.Чинбат нь сэтгэцийн улмаас хэрэг хариуцах чадваргүй нь Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн сэтгэцийн эмч нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн удаа дараагийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Улмаар Н.Чинбат нь Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолоор хэрэг хариуцах чадваргүй үндэслэлээр эрүүгийн болон зөрчлийн хариуцлагаас удаа дараа чөлөөлөгджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар шүүхэд эрхээ өөрөө хэрэгжүүлэх буюу төлөөлөгчөөр дамжуулан гүйцэтгүүлэх чадварыг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээдийг хэргийн оролцогч гэж үздэг. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй шалтгаанаар эрүүгийн хариуцлагаас удаа дараа чөлөөлөгдсөн Н.Чинбат нь өөрөө бие даан нэхэмжлэл гаргасан эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан оролцож, хариуцлага хүлээж чадах эсэх, нэхэмжлэлд гарын үсэг зурсан эсэх зэрэг олон асуудал эргэлзээтэй байдаг. Ийм байхад дээрхи асуудалд шүүхээс анхаарал хандуулахгүйгээр иргэний хэрэг үүсгэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Н.Чинбат нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зүйн чадамжтай эсэх, уг нэхэмжлэлийн өргөдөлд Н.Чинбат нь гарын үсэг зурсан эсэх, хэргийн оролцогчийн эрх, үүргийг эдэлж чадах эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дэг, журмыг зөрчснөөс үүсэх хариуцлагыг бие даан хүлээж чадах эсэх, уг нэхэмжлэлийг өөрийн гараар бичсэн эсэх зэрэг олон асуудлыг шалгах зайлшгүй шаардлагатай гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2018/00662 дугаар шийдвэрээр 1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Чинбатын нэр төр сэргээхийг хариуцагч Д.Галсандондогт даалгаж, хариуцагч Д.Галсандондогоос 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Чинбатад олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Н.Чинбат нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч Д.Галсандондогоос нийт 245,150 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хуулийг буруу хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Д.Галсандондог гэж тодорхойлж, нэр төр сэргээхийг даалгаж, гэм хорын хохирол, улсын тэмдэгтийн хураамж гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 118 дугаар зүйлийн 118.5-т заасантай нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулахгүйгээр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон хууль хэрэглээний зөрчил гаргаж байна. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-т зааснаар хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах зарчимтай. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлоогүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүйн улмаас хариуцагч талын хуульд заасан зарим эрхийг ноцтой зөрчсөн.

Хариуцагч талд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдээгүй, хэргийн материалыг танилцуулаагүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Н.Чинбатын нэр төр сэргээхийг Д.Галсандондогт даалгасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцээгүй, нэхэмжлэгч, хариуцагч хэн алины эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Шүүхэд гаргаагүй шаардлага, үндэслэлийн талаар шүүх дүгнэлт хийх эрхгүйн зэрэгцээ шаардлагын үндэслэл, зүйлээс өөр үндэслэл, зүйлийг шийдвэрлэх, шаардлагын хэмжээнээс илүү хэмжээгээр шийдвэр гаргах эрх шүүхэд байхгүй.

Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт хийсэн дүгнэлтүүд болон тогтоох хэсгийн эхний заалт болон баримталсан Иргэний хуулийн заалтууд нь хоорондоо олон талаар зөрүүтэй байгаа нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, эргэлзээгүй байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

                Нэхэмжлэгч Н.Чинбат нь хариуцагч Д.Галсандондогт холбогдуулан нэр төр сэргээлгэх, 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч Д.Галсандондогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “нэхэмжлэгч Н.Чинбат нь сэтгэцийн өвчний улмаас хэрэг хариуцах чадваргүй нь тогтоогдсон, шүүхэд нэхэмжлэл гаргах чадвар чадамж байхгүй” гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримтыг дүгнэвэл:

Бүсийн оношилгоо эмчилгээний төв эмнэлэгийн сэтгэцийн эмч нарын 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн №2 дугаартай, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №27 дугаартай, 2018 оны 6 дугаар сарын 28-ний өдрийн №18 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр нэхэмжлэгч Н.Чинбат нь “мэдрэл сэтгэцийн хувьд тархины гэмтлийн дараах үлдэц өөрчлөлт, уналт, таталт, бие хүний зан төрхийн өөрчлөлт духны хам шинж өвчтэй, болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй” болох нь тогтоогдсон байна.

Хувь хүний нууцын тухай хуулийн 2 дугаар зүйлд “"Хувь хүний нууц" гэж Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4-т эрүүл мэндийн нууц гэдгийг “тухайн хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг” ойлгоно” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлд “Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан этгээд өөрийнх нь нууцыг бусдад задруулсан гэж үзвэл хувь хүн энэ тухай гомдлоо шүүхэд гаргах эрхтэй” гэж тус тус хуульчилсан байна.

Гэтэл хариуцагч Д.Галсандондог нь 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдрийн Ардын намын 38 дугаар хурал болон 2017 оны аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн 5 дугаар хуралдаан дээр нэхэмжлэгч Н.Чинбатыг “мэдрэл муутай, галзуу солиотой, хэрэг хариуцах чадваргүй, 70 хувийн групптэй” зэргээр түүний дээрх хуулиар хамгаалагдсан нууцыг задруулсан үйл баримт хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон байна. Мөн  2017 оны аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн 5 дугаар хуралдааныг орон нутгийн Жаргалант телевиз, Ховд телевизээр Ховд аймгийн Жаргалант сумын хэмжээнд бүрэн эхээр нь 2 удаагийн давтамжтайгаар цацсан болох нь тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчийн эрүүл мэндийн талаарх нууц мэдээллийг бусдад задруулснаар түүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төрд илтэд хохирол учруулж болзошгүй үйлдэл хийсэн байна.

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан “Г.Пүрэвгандиас хэдэн төгрөг авч хаана хэзээ хэдийд захиалгаар ямар үг хэлж байсан” гэх үйл баримт нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэлд дурдсан Н.Чинбат нь “УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос 36 айлын орон сууцанд байр, приус 20 маркийн авто машин авсан, МАН-ын байрны бие засах газрыг шинэчлэн засахад 3.500.000 төгрөг өгсөн” гэх үйл баримтууд нь хэрэгт ач холбогдолгүй байна. Учир нь нэхэмжлэгч Н.Чинбат нь нийтийн /төрийн/ албан тушаалтан биш бөгөөд тэрээр УИХ-ын гишүүн болон бусад хүн, аливаа хуулийн этгээдээс байр, авто машин үнэ төлбөргүй авахыг хууль тогтоомж, дүрэм журмаар хориглоогүй байна.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгч Н.Чинбатад засварын хөлсөнд 3.500.000 төгрөг бодитоор өгөөгүй боловч, өгсөн гэж худал ярьснаар нэхэмжлэгчийн нэр төр хохирсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбатын давж заалдсан гомдлын тухайд.

Нэхэмжлэлд дурдсан үйл баримтууд нь аймгийн Засаг дарга хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдаа гэхээсээ илүүтэйгээр тухайн хүний хувийн болон ёс зүйн талаар дурдсан байхад аймгийн засаг даргыг төлөөлөн хууль зүйн хэлтсийн дарга хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэлээр оролцсон нь ойлгомжгүй болжээ.

Гэвч анхан шатны шүүх хуралдаан болсны дараа иргэн Д.Гансандондог нь шүүхэд өөрийгөө төлөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар иргэн Б.Мөнхбатад итгэмжлэл хийж өгсөн нь иргэнийхээ хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож байгаагаа хожим хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо гэрч Ч.Багдал, С.Батцэцэг, А.Түмэнжаргал, Б.Даваадорж, Ц.Очирбат нарын мэдүүлэгтэй танилцаагүй гэсэн боловч тэрээр 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр дээр дурдсан гэрчүүдийн мэдүүлэгтэй танилцаж, гарын үсгээ зурсан байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245.150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2018/00662 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245.150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

              ШҮҮГЧИД                                         Б.ДАМБА

                                  

М.НЯМБАЯР