Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 104/ШШ2021/00285

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: *******, *******, *******, өөрийн байранд байрлах С.******* /РД:*******/-ийн

 

            Хариуцагч: *******, *******, өөрийн байранд байрлах *******,

 

            Хариуцагч: *******, , өөрийн байранд байрлах нд холбогдуулан

  

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Х., А., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч С.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус банк нь ...Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн төлбөр санал болгох ажиллагааны шийдвэрээр Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГ-ын барилга, газар, холбогдох тоног төхөөрөмжийг Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГ-аас авах 504.284.651 төгрөгийн төлбөрт тооцон авсан. Төлбөрт тооцон авснаас хойш уг үйлдвэрийн /гэрчилгээгүй/ барилга, газрыг С.******* өөрийн өмчлөл, эзэмшил, хамгаалалтад байлгаж байсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар буюу Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай тогтоолоор дээрх хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлсэн ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэснийг Улаанбаатар хотын банк 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авлаа. Дээрх тогтоолд ******* дэх Шийдвэр гүйцэтгэх тасаг хөрөнгийг төлбөрт тооцсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалтад нийцээгүй, 4.207.106.282 төгрөгийн хөрөнгийг 504.284.651 төгрөгийн төлбөрт тооцсон гэх үндэслэл дурджээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт Албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй ... газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасч төлбөрөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно гэж зохицуулсан байсан бөгөөд ажиллагааны аль хэсэг нь хуулийн энэ зохицуулалтад тогтоосон журмыг зөрчсөн, хуульд урьдчилсан нөхцөл журам тогтоогоогүй байхад тогтоолд үнэлгээтэй холбоотой асуудлыг хэрхэн хамруулж дурдсан, уг үнэлгээг яаж хэрэглэх ёстой байсан зэрэг нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Уг хөрөнгө нь 1994 онд баригдсанаас хойш зориулалтаараа ашиглагдаагүй, чанар ашиглалтын байдал илэрхий доройтсон байсан тул уг хөрөнгө 4.207.106.282 төгрөгийн үнэ цэнд огтхон ч хүрэхгүй мөн хөрөнгө болон газар нь албан ёсны гэрчилгээ бүртгэл байхгүй тул өнөөг хүртэл 504.284.651 төгрөгөөр хэн ч худалдан авахаар сонирхохгүй байгаа зэргээс үзвэл төлбөрт тооцож өгснөөр төлбөр төлөгчийн эрх ашиг хохирсон гэж үзэх үндэслэлгүй. Бас тухайн үеийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хуулийн зохицуулалтын шууд агуулга, уг заалтын дагуу хэрэгжүүлдэг ажиллагааны практикт хөрөнгийн үнэлгээ бодит үнэ цэнэ тодорхойгүй тохиолдолд төлбөр авагчид санал болгож зөвшөөрвөл төлбөр шилжүүлэх байдлаар шийдвэрлэгддэг байсан. Тооцон авсан өр төлбөрийнхөө үнэд хүрэхгүй байгаа хөрөнгийг шилжүүлсэн ажиллагааг хүчингүй болгож хөрөнгийг Улаанбаатар хотын банкны өмчлөл, эзэмшлээс гаргах байдлаар эд хөрөнгийн хохирол учруулах, улмаар илэрхий хоосон өндөр үнэлгээгээр дахин санал болгох ажиллагаа хийх гэж байгаа нь Улаанбаатар хотын банкны хууль ёсны ашиг уг хөрөнгөтэй холбоотой үүссэн хохиролтой нөхцөл байдлыг илүү дордуулах нөхцөл бүрдүүлж байна.

 

Иймд *******ны 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. Мөн тогтоолд С.******* гаргах гомдлыг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан боловч Сүхбаатар дүүргийн шүүх гомдлыг хүлээж авахаас татгалзсан бөгөөд гомдлыг Багахангай, Налайх дүүргийн шүүхэд гаргаж байгаатай холбоотойгоор дараах нөхцөл байдлуудыг дурдах нь зүйтэй гэж үзлээ. Тогтоолд гомдол гаргах хугацааг гарсанаас хойш 7 хоног гэж тодорхойлсон боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрт гомдол гаргах хугацааг заагаагүй тул уг тогтоолд дурдсан хугацаа нь шүүхэд гомдол гаргах нийтлэг журам, хугацааны дотор гомдол гаргах боломж шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарлахгүй гэж үзлээ. Мөн уг гомдлыг гаргах хэргийн харъяалал эргэлзээтэй, хуучин Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх татан буугдсан, гомдолд дурдагдсан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол нь явагдаж дууссан ажиллагаатай холбоотой гаргасан уг гомдол нь Багахангай, ******* дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасаг /нэгжийн үйл ажиллагаатай холбоотой бус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчтэй холбоотой тухайн этгээд хариуцагчаар татагдсан байх тул С.******* нь гомдлыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан. Дээрх тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэлийн тодорхой ажиллагаа явагдахаар товлогдсон байгаа нь Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлэхэд тохиромжгүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор Багахангай, Налайх дүүргийн шүүхэд гомдлыг гаргасан болно гэжээ.

 

            Хариуцагч *******, ******* дэх Шийдвэр гүйцэтгэх хэсэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 24/388 дугаар шийдвэр Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГ-аас 504.284.651 төгрөгийг гаргуулан С.*******-д олгохоор шийдвэрлэсний дагуу гүйцэтгэх баримт бичгийг 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус тасагт ирүүлсэнийг үндэслэн 430.518.965 төгрөгийг гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаалсан төлбөр төлөгч Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГ-ын эзэмшиж байсан Нийслэлийн Өмчийн харилцааны газарт бүртгэлтэй үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, 2 га газрын хамт 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 300/01, 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 388/02 дугаар тогтоолоор тус тус битүүмжилж, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 388/03 дугаар тогтоолоор хурааж, Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГ-ын үйлдвэрийн захирал Ц.гийн хадгалалт хамгаалалтад хадгалуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газар дээрх хөрөнгийг 4.207.106.282 төгрөгөөр үнэлүүлснийг төлбөр авагч С.******* хүлээн зөвшөөрч анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7.-д Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан бусад зардлыг хасч төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно/ гэж заасны дагуу төлбөр авагч С.*******-д санал болгоход хүлээн авах хүсэлтээ тус тасагт ирүүлснээр 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төлбөр авагч С.*******-д 4.207.106.282 төгрөгөөр тооцож шилжүүлэн өгч, хадгалалт хамгаалалтыг Улаанбаатар хотын банкинд хүлээлгэн өгсөн. Улаанбаатар хотын банк нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар шилжүүлсэн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэх ажиллагааг даалгах тухай нэхэмжлэлийг Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тасгийг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргаснаар тус шүүхээс 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 725 дугаар шийдвэр гарч, Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГ-ын үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилга, 2 га газрын хамтаар төлбөр авагч С.*******-ийн нэр дээр шилжүүлж, гэрчилгээг гаргаж өгөх тухай албан мэдэгдлийг хүргүүлсэн. Төлбөр төлөгч Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГ тус хэсгийг Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүхэд хариуцагчаар татаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаснаар тус шүүхээс 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 765 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Төлбөр төлөгч Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГ уг шийдвэрийг эс зөвшөөрөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Тус шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 248 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсгийг өөрчлөн Налайх дүүргийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдийн санал болгох комиссын хурлын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус тасгаас Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Улсын Дээд шүүхийн хяналтын журмаар гомдол гаргахад Улсын Дээд шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 399 дүгээр тогтоолоор Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хуульд заасан журмын дагуу шийдвэр биелүүлэх ажиллагаа явуулахыг ******* дэх Шийдвэр гүйцэтгэх тасагт даалган шийдвэрлэсний дагуу худалдан борлогдоогүй хөрөнгийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын банкинд 431.018.965 төгрөгийн төлбөрт тооцон өгөхөөр шийдвэрлэж, төлбөр авагчид хөрөнгийг шилжүүлсэн тухай тогтоол гаргаж, Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГ Улаанбаатар хотын банк, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр албан бичгээр тус тус мэдэгдсэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дээрх ажиллагаатай холбогдуулан гаргасан гомдлын дагуу Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоор Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГ-ын барилга, тоног төхөөрөмж, газрыг төлбөр авагч С.*******-ийн төлбөрт тооцсон ажиллагааг хүчингүйд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулахыг үүрэг болгосон тул С.*******-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн.

 

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч *******, ******* дэх Шийдвэр гүйцэтгэх тасагт холбогдуулан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох гомдлын шаардлагыг 2017 оны Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5.-д зааснаар иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар төлбөрт шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгө 1994 онд баригдсанаас хойш зориулалтаараа ашиглагдаагүй, чанар, ашиглалтын байдал илэрхий доройтсон учраас 4.207.106.282 төгрөгийн үнэ цэнд огтхон ч хүрэхгүй хөрөнгийг илэрхий хоосон өндөр үнэлгээгээр дахин санал болгох ажиллагаа хийх зорилготой гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байгаа боловч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээний талаар маргаж байгаагүй байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар төлбөр төлөгч Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байсан байна. Уг хэрэг маргаан 3 шатны шүүхээр хянагдаж Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7.-д Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасч төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно. Төлбөр авагч татгалзвал үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид тус тус буцаана гэж заасныг ******* дэх Шийдвэр гүйцэтгэлийн тасагт шийдвэр гүйцэтгэгч үл биелүүлж 2002 оны Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7.-д заасан хуулийн агуулгыг зөрчиж дахин төлбөр төлөгчийн үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж, 2 га газрыг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төлбөр авагчийн төлбөрт тооцож өгсөн үйл баримтад зохигч маргаагүй учраас энэ үйл баримттай холбогдох хэрэгт авагдсан баримтуудад шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх зарчимтай.  

 

Маргааны зүйл болох Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолыг агуулга нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 24/388 дугаар шийдвэрээр Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГ-аас 205.284.651 төгрөгийг гаргуулан С.*******-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу ******* дэх Шийдвэр гүйцэтгэлийн тасгаас 2002 оны Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасан ажиллагааг явуулахдаа энэ хуулийн 48 дугаар зүйлийн 48.7.-д заасны дагуу худалдан борлогдоогүй 4.207.106.282 төгрөгийн эд хөрөнгүүдийг төлбөр авагчид санал болгон шилжүүлсэн хууль зөрчсөн ажиллагааг хуульд нийцүүлж явуулах, Улсын Дээд шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2016/000399 дүгээр тогтоолыг биелүүлэх зорилготой байна.

 

2017 оны Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.1.-д зааснаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй субъект юм.

 

Шийдвэр гүйцэтгэгч хуулийн заалтыг зөрчиж ажиллагаа явуулсныг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж залруулсаныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.2002 оны Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7., 2017 оны Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******-ийн *******, ******* дэх Шийдвэр гүйцэтгэх тасагт холбогдох Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1., 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч С.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлснийг улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Л.ЭНХБИЛЭГ