Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 133/ШШ2022/00058

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.М-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: М.Д

Хариуцагч: С.О нарт холбогдох

Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.М, хариуцагч М.Д, С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага: Миний бие Д.М  2008 онд өөрийн хүү Д.Н-г төрүүлж 2018 онд өөрийн аав М.Д-д үрчлүүлсэн юм. Одоо аав маань нас дээр гарсан 65 настай тул өөрийн хүү Д.Н-г өөр дээрээ буцаан авч өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэй байна. Иймд 2021 оны 02 дугаар сарын 11-нд өөрийн төрсөн аав М.Д-д төрсөн хүү Д.Н-г үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга, үндэслэл: М.Д, С.О нар нь 2008 он 11 сарын 19-нд төрсөн Б.Б биеийн байдлаас болоод үрчилж авч өсгөн өдий болгосон үнэн. Энэ жил аав Бнь нас барсан тул ээж М-т эргүүлэн үрчлүүлж өгөх хүсэлт гаргаж байна. Учир нь бид хоёр хоёулаа тэтгэврийн нас хүрч, 60 гарсан учир хүү Н-г хуучин нэр Б болгон ээжид нь үрчилж өгөхийг хүсч байна гэжээ.

Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргын Тамгын газрын 0000480527/01/93 дугаартай төрсний гэрчилгээ,

- Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргын Тамгын газрын 01/93 дугаартай хүүхэд үрчилсний гэрчилгээ,

- Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 228201000103 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа,

- Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргын Тамгын газрын 8240000017  дугаартай нас барсны гэрчилгээ,

-Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргын тамгын газрын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03/174 дугаартай албан бичиг.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М  нь хариуцагч М.Д, С.О нарт холбогдуулан 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, ............... регистрийн дугаартай Б.Б үрчилснийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Уг нэхэмжлэлийн үндэслэлээ “төрсөн эцэг Ч.Б нь нас барсан тул, үрчлэн авсан эцэг М.Д, эх С.Ог нар нь тэтгэврийн насанд хүрсэн“ гэж тодорхойлжээ.    

Энэхүү үндэслэлээр Б.Б үрчилснийг хүчингүйд тооцуулахыг хариуцагч М.Д, С.О нар нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг гаргажээ.

Говь-Алтай аймгийн Цогт сумын улсын бүртгэгчээс олгосон 01-93 дугаартай үрчлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараас үзэхэд эцэг Ч.Бр, эх Д.М  нар нь хүү Б.Б 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өвөг эцэг М.Д, эмэг эх С.О-т нарт үрчлүүлжээ. Ингэхдээ Б.Б нэрийг Д.Н гэж нэрийг нь өөрчилжээ.

Улмаар Говь-Алтай аймгийн Цогт сумын улсын бүртгэгчээс Б.Б нэрийг өөрчлөлтийг бүртгэж, Д.Н нэрээр 01/93 дугаартай төрсний гэрчилгээ олгожээ.

Д.Н-н төрсөн эцэг Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан нь Говь-Алтай аймгийн Цогт сумын улсын бүртгэгчээс олгосон 8240000017 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт  “Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болногэжээ.

Төрсөн эцэг Б.Б нь нас барсан, үрчлэн авсан эцэг М.Д, эх С.О нар нь тэтгэврийн насанд хүрсэн тул хүү Д.Н-г төрсөн эх Д.М ын асрамжид шилжүүлэх нь үрчлэлтийг хүчингүйд тооцох шаардлагатай үндэслэл гэж шүүх үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийг хангавал хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох тухай шийдвэр гаргана” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Д.М ын нэхэмжлэлийг хангаж, хариуцагч М.Д, С.О нарт үрчилсэн ........... регистрийн дугаартай Д.Н үрчлэлтийг хүчингүйд тооцох эрх зүйн үндэслэлтэй.

Үрчлэлтийг хүчингүйд тооцох нь хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх шаардлагыг үүсгэдэг болно. Энэ талаар Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ”,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт “Шүүх энэ хуулийн 145.6-д зааснаар үрчлэлтийг хүчингүй болгосон бол хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгч тэдгээр нь байхгүй бол хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.  

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хүү Д.Н-г төрсөн эх Д.М ын асрамжид шилжүүлэв. Хүү Д.Н-н нэрийг Б.Б гэж өөрчлөх нь Улсын бүртгэлийн байгууллагын харьяалан шийдвэрлэх асуудал тул энэ талаар нэхэмжлэгч Д.М  нь Говь-Алтай аймгийн Цогт сумын улсын бүртгэгчид хандан шийдвэрлүүлэх боломжтой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М ын нэхэмжлэлийг хангаж, хариуцагч М.Д, С.О нарт үрчилсэн ............... регистрийн дугаартай Д.Н үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан регистрийн дугаартай Д.Н-г нэхэмжлэгч Д.М ын асрамжид шилжүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАТ