| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 192/2025/03351/И |
| Дугаар | 001/ХТ2026/00002 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2026/00002
Г.Д-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Б.Э-д холбогдох
Сургалтын төлбөрт төлсөн нэмэлт зардалд 19,650,000 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч болон түүний өмгөөлөгч П.У нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч П.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч Б.Э-д холбогдуулан сургалтын төлбөрт төлсөн нэмэлт зардалд 19,650,000 гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/04744 дүгээр шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Э-д холбогдох 19,650,000 төгрөг гаргуулах тухай Г.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 256,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 210/МА2025/01588 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/04744 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Э-гаас 19,650,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Д-д олгосугай.” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-гаас 256,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Д-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Хариуцагч Б.Э-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Г.Д-тай 2016 онд танилцан хамт амьдарч эхэлсэн бөгөөд бидний дундаас 2017.06.06-ны өдөр охин Э.А маань төрсөн билээ. Г.Д бид хоёр гэр бүлийн дарамт, таарамжгүй харилцааны улмаас 2019 оны 9 дүгээр сард салсан. Тусдаа амьдарч эхэлсний эхний жилд Г.Д-тай хамтран эцэг, эхийн үүргээ биелүүлэхээр тохиролцож, би 2019 оны 9 сараас 2020 оны 10 сар хүртэл долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд охин Э.А-тай тогтмол уулздаг байсан. Гэвч дэлхий даяар СОVID-19 цар тахал дэгдэж, Монгол Улсад хөл хорио тогтоосны улмаас охинтойгоо уулзах боломжгүй болсон. Хөл хорионы үед Г.Д одоогийн нөхөр Б.З-гоос жирэмсэн болсон бөгөөд үүнээс хойш охин Э.А-г надтай уулзуулахгүй болсон. Одоогийн байдлаар би охинтойгоо таван жил уулзаагүй бөгөөд хамгийн сүүлд 2020.12.31-нд хөл хорионы үед утсаар ярьсан. Би дөрвөн настайгаасаа хойш ганц бие ээжийнхээ гар дээр өссөн. Тиймээс хүүхэд төрсөн аавтайгаа холбоотой байх нь түүний сэтгэл, хүмүүжил, амьдралд ямар их нөлөөтэйг би өөрийн биеэр ойлгож, мэдэрсэн. 2021 оноос эхлэн маргаантай асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэхээр шийдсэн бөгөөд Г.Д-г тухайн үед бие давхар, нялх хүүхэдтэй байсныг харгалзан үзэж 2022.12.19-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлтээ гаргасан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.07-ны өдрийн шийдвэрээр охин Э.А-г миний гаргасан нэхэмжлэхийн дагуу 2 сард нэг удаа уулзуулж байхыг Г.Д-д даалгаж, эцэг миний хүсэлтийн дагуу эх Г.Д-гийн асрамжид үлдээх, хуулийн дагуу тогтоосон тэтгэмж болон Г.Д-гийн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэхийн дагуу холбогдох хугацааны сургалтын төлбөрүүд болох 19,152,450 төгрөгийн нэмэлт зардлыг миний зүгээс төлж гаргуулахаар шийдвэрлэсэн. Миний бие охиноо дүү нартайгаа хамт өсөхийг бодолцон үзэж эх Г.Д-гийн асрамжид байлгах болон тогтоосон хүүхдийн тэтгэмж төлж байхыг охиныхоо эрх ашгийн үүднээс ойлгон хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлж байгаагийн дээр, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн нэмэлт зардал болох 19,152,450 төгрөгийг зээл авч өгсөн байгаа хэдий ч өнөөдрийн байдлаар зээлээ бүрэн төлж дуусгаагүй үлдэгдэлтэй байна. Хүн бүрийн санхүүгийн боломж, бололцоо адилгүй учир энэхүү нэмэлт зардлыг барагдуулахад багагүй хугацаа өнгөрсөн. Нэмэлт зардлуудыг барагдуулж шилжүүлсэн өдөр шүүхэд дахин хандаж одоогийн Давж заалдах гомдлоор хангагдсан 19,650,000 төгрөгийг нэхэмжлэхээ мэдэгдсэн. Гэр бүлийн тухай хуульд “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэсэн байдаг ч энэхүү хууль зөвхөн эхийн талд үйлчлэх нь шударга бус билээ. Миний зүгээс шүүхийн шийдвэрээ биелүүлсэн хэдий ч шүүхээс шийдвэрлэсний дагуу 2 сард нэг удаа уулзуулах эрх маань өнөөг хүртэл хэрэгжихгүй байгаа. Миний бие одоогоор бусдын адил цалингаас цалин хооронд амьдардаг. Охиноо хувийн сургуульд сурч боловсорч байгаад эх болон хойд аавд нь талархалтай байгаа ч охиноо ямар сонирхолтой, ямар хүн болж төлөвшиж байгаа тал дээр огт мэдээлэлгүй, хаана ямар сургуульд сурах зэрэг том санхүүгийн шийдвэр гаргалтад огт оролцоогүй 5 жилийг үдэж байна. Миний бие давж заалдах гомдлоор хангагдсан 19,650,000 төгрөгийн нэхэмжлэлийг зүй ёсны үндэслэлгүй гэсэн байр суурьтай байж, үл хүлээн зөвшөөрч байна гэжээ.
5.Хариуцагчийн өмгөөлөгч П.У-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: 2025.09.19-ний өдрийн 01588 тоот магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3, 172.2.4-т заасан үндэслэлүүдээр дараах хяналтын гомдлыг гаргаж байна. Г.Д нь Б.Э-д холбогдуулан охин Э.А-гийн сургуулийн сургалтын төлбөрийн нэмэлт зардалд 19,650,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “охин Э.А ямар сонирхолтой, ямар хүн болж төлөвшиж байгаа тал дээр огт мэдээлэлгүй, хаана ямар сургуульд сурах зэрэг шийдвэр гаргалтад огт оролцоогүй” гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргасан. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заасан. Монгол Улсын Дээд шүүхийн 2008.11.25-ны өдрийн 46-д “гэр бүлийн болон иргэний бүртгэлийн тухай хуулиудын зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах” тогтоолын 28 дугаар зүйлийн 28.2. Мөн зүйл, хэсэгт заасан "Онцгой нөхцөл байдал тохиолдсон" гэдэгт тэжээн тэтгүүлэгч нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т заасан хүнд нөхцөлд байгаа, түүнчлэн Хүүхдийн болон насанд хүрэгсдийн асрах байгууллага, мөн халамжийн газруудын асрамжид байгаа, эсхүл нэн ядуугаас гадна өрхийн нэг хүнд оногдох орлого нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээс бага байгаа зэрэг бусдын санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болсныг ойлгохын зэрэгцээ ердийн боловч тухайн хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулсан үйл явдал, үйл баримт нь хөрөнгө, мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлж, тэтгэлгийн хэмжээгээр хангагдах боломжгүй байх нөхцөлийг нэгэн адил хамааруулна” гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, хүүхэд өндөр төлбөртэй хувийн сургуульд элссэн нь “онцгой нөхцөл байдал”-д тооцогдохгүй буюу хувийн сургуульд элссэн нь “онцгой нөхцөл байдалд”-д автомат байдлаар хамаарахгүй. Онцгой нөхцөл байдал гэдэгт хууль тогтоогч ердийн боловсрол эзэмших /ерөнхий боловсролын сургуульд сурах/ нөхцөлийг хамруулахгүй. Харин онцгой хэрэгцээтэй эсвэл хүндэтгэх шалтгаантай боловсрол эзэмших нөхцөлд /жишээ нь авьяас, өвчин, улсын сургуульд сурах боломжгүй гэх мэт/ тодорхой үндэслэлтэйгээр хамруулж болохоор байна.
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.07-ны өдрийн шийдвэрээр зохигчдын гэрлэлтийг цуцалж, охин Э.А-гийн асрамжийг эхэд нь үлдээн шийдвэрлэсэн. Энэ нь шүүх хүүхдийн асран хамгаалагчийн асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдийг эхийн асран хамгаалалтад үлдээх нь санхүүгийн хувьд хүүхдэд ашигтай гэж дүгнэсэн. Мөн Хүүхдийн эрхийн конвенцын 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эцэг эх буюу хүүхдийн төлөө үүрэг хариуцлага хүлээж байгаа бусад хүн хүүхдийг хөгжүүлэхэд шаардагдах амьдралын нөхцөлийг өөрсдийн чадавх санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүрэгтэй.” гэж зохицуулжээ. Харин нэгэнт хүүхдийн эх өндөр төлбөртэй сургуульд хүүхдээ сургах санхүүгийн боломжтой нь хүүхдийн эцгийг амьдрах эх үүсвэр санхүүгийн дарамт байнгын өр төлбөрт байлгана гэсэн агуулга биш бөгөөд Гэр бүлийн хуулийн 48.1 дэх заалт нь хэдийгээр хүүхдийн эрхийг хамгаалсан эерэг агуулга бүхий ч гэсэн хууль тогтоогч энэ заалтыг хэрэглэхдээ “Онцгой нөхцөл байдал" байгаа эсэхийг зайлшгүй шаардсан, тогтоогдсон байхыг урьдчилсан нөхцөл болгосон байна. Дээрх маргааныг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйл 48.1 дэх хэсгийг хоёр өөр агуулгаар дүгнэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх нь мөн заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж харилцан өөр өөрөөр дүгнэж хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн байна. Мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг хэрэглэхдээ Монгол Улсын дээд шүүхийн 2008.11.25-ны өдрийн 46 дугаар тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзэж байна. Дээрх хуулийн заалтад заагдсан “онцгой нөхцөл байдал” гэдгийг хууль хэрэглээг нэг мөр ойлгох нийтлэг байдлаар тогтоох нь цаашид процессын хуулийн 172.2.4 дэх хэсэгт заасан нийтлэг ач хологдолтой гэж өмгөөлөгч үзэж байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.09.19-ний өдрийн 01588 тоот магадлалд заасан үндэслэл нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-т хамаарч байх тул хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэж, давж заалдах шатны шүүхийн 2025.09.19-ний өдрийн 01588 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.06.03-ны өдрийн 192/ШШ2025/04744 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
6.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.12.04-ний өдрийн 001/ШХТ2025/01191 дүгээр тогтоолоор хариуцагч болон түүний өмгөөлөгч П.У нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
7.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
8.Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч Б.Э-д холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөрт төлсөн нэмэлт зардалд 19,650,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “... охин Э.А нь одоо “И” олон улсын дунд сургуулийн 2 дугаар ангид суралцдаг ба 2024 оноос 2025 оны сургалтын төлбөрт 21,000,000 төгрөгийг бусад зардалд 300,000 төгрөгийг 3 дугаар ангийн буюу 2025 оноос 2026 оны сургалтын төлбөрт 18,000,000 төгрөгийг, нийт 39,300,000 төгрөгийг төлсөн. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ" гэж зааснаар охин Э.А-гийн 2, 3 дугаар ангийн сургалтын төлбөрт төлсөн зардлын 50 хувь 19,650,000 төгрөгийг эцэг Б.Э-гаас гаргуулна” гэжээ.
Хариуцагч Б.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргахдаа “... өмнө гарсан шүүхийн шийдвэрийн дагуу охинтойгоо 2 сард нэг удаа уулзах эрхээ хэзээнээс, хэрхэн эдлэх тухай Г.Д-тай удаа дараа холбогдож, хүсэлтээ хэлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг шийдэлд хүрээгүй, 5 жил охинтойгоо уулзаагүй байна. Охины хууль ёсны эцэг нь би боловч надаар овоглодоггүй, Б.З-гоор овоглодог. Миний эцэг байх эрх зөрчигдөж байгаа ч хариуцлага нэхэгдэж байна. Энэ нэхэмжлэлээс өмнө шийдвэрлэсэн хүүхдийн нэмэлт зардал 16,652,450 төгрөгийг хуримтлалаасаа талыг нь төлж, талыг нь зээл авч төлж сая барагдуулсан. Энэ зээлээ одоог хүртэл төлөөд явж байгаа. Цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа миний хувьд санхүүгийн боломжгүй байна. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан боловч миний бие охин Э.А нь ямар сонирхолтой, ямар хүн болж төлөвшиж байгаа тал дээр огт мэдээлэлгүй, хаана ямар сургуульд сурах зэрэг шийдвэр гаргалтад огт оролцоогүй, эхний төлбөрийг зээлээр төлсөн, дараагийн өндөр төлбөрийг төлөх боломжгүй” гэсэн агуулгатай тайлбар гаргасан.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагчийн “хүүхэдтэйгээ уулзаж чаддаггүй, нэхэмжлэгч уулзуулдаггүй” гэсэн тайлбарыг үгүйсгээгүйгээс гадна төлбөртэй сургуульд хүүхдийг сургах талаар хариуцагчаас зөвшөөрөл авах, харилцан тохиролцсон байдлаа нотолсонгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7-д “сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно” зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн сурч боловсрох эрхийн хүрээнд сургалт сайтай хувийн сургуульд сургаж, чанартай мэдлэг, боловсрол олгох сонголт хийснийг хүүхдийн эрх, ашиг сонирхолын үүднээс буруутгах боломжгүй боловч хариуцагч Б.Э энэ шийдвэрийг гаргахад оролцоогүй байна. Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн нэмэлт зардлыг мөн адил хэмжээгээр хариуцах ч хүүхдийг жилийн 18,000,000-21,000,000 төгрөгийн төлбөртэй хувийн сургуульд сургах шийдвэрийг нэхэмжлэгч өөрөө гаргасан тохиолдолд үр дагаврыг хариуцагчид хуваан хариуцуулах боломжгүй. Хүүхдийн эцгээс зөвшөөрөл аваагүй хувийн сургуульд сургасны нэмэлт зардлыг хариуцагч хуваах үүрэггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэсэн дүгнэлт хийсэн.
10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахдаа “... охин Э.А нь “И” олон улсын дунд сургуульд 2025-2026 оны хичээлийн жилд 2 дугаар ангид суралцаж байгаа нь сургуулийн тодорхойлолтоор тогтоогдсон. Э.А-гийн 2025-2026 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 21,000,000 төгрөг, 2026-2027 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 18,000,000 төгрөг, сургуулийн бүртгэлийн төлбөр 300,000 төгрөг, нийт 39,300,000 төгрөгийг төлсөн байна. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар зохицуулсан. Түүнчлэн, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д хүүхэд бага, суурь, бүрэн дунд боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй гэж зохицуулсан нь хүүхдийг төлбөртэй хувийн цэцэрлэг, сургуульд хамрагдах эрхийг хязгаарлахгүй. Хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, хөгжиж төлөвшихөд нь туслах эцэг, эхийн үүргийн хүрээнд төлбөртэй сургуулийг сонгон суралцуулахдаа хариуцагчийн зөвшөөрлийг аваагүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй. Төлбөртэй сургуульд суралцуулахад хариуцагчтай зөвшилцөөгүй гэх үндэслэлээр хариуцагчийг нэмэлт зардлаас чөлөөлсөн нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасантай нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн зохицуулалт нь хүүхдэд гарсан нэмэлт зардлыг хариуцагч хариуцахгүй байх үндэслэл болохгүй.” гэж дүгнэсэн.
11.Анхан болон давж заалдах шатны шүүх хүүхдийн сургалтын зардалд гарсан нэмэлт зардлын тал хувийг эцгээс нь гаргуулахаар шаардсан маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хууль хэрэглээний өөр дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, хариуцагч талаас хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
12.Хэргийн баримтаас үзэхэд Г.Д, Б.Э нар нь 2016 онд танилцан хамт амьдарч, тэдний дундаас 2017.06.06-ны өдөр охин Э.А төрсөн, 2019 оны 9 сараас тусдаа амьдарч эхэлсэн талаар талууд маргаагүй. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.07-ны өдрийн №181/ШШ2024/00469 дугаар шийдвэрээр охин Э.А-г эх Г.Д-гийн асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэхийн хамт Г.Д-гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж, энэ нэхэмжлэл гаргахаас өмнө гарсан 19,152,450 төгрөгийн нэмэлт зардлыг Б.Э-гаас гаргуулахаар шийдвэрлэсэн гэсэн хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байх бөгөөд энэ шийдвэр хэрэгт авагдаагүй. Хариуцагч шүүхийн шийдвэрт зааснаар хүүхдийн тэтгэлэг төлдөг, улмаар 19,152,450 төгрөгийн нэмэлт зардлыг төлж дуусгажээ.
13.Энэ хэргийн хувьд нэхэмжлэгч нь 2024-2025, 2025-2026 оны хичээлийн жилд охин Э.А-гийн сургалттай холбоотой гарсан нэмэлт зардлын тал хувь гэж хариуцагчаас гаргуулахаар шаардахдаа Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгосон.
14.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбар харилцан зөрүүтэй байхад энэ талаар тодруулаагүй, маргааны үйл баримт бүрэн бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх анхаарахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасангүй.
Хариуцагч нь охин Э.А өөр хүний нэрээр овоглодог болсон, охинтойгоо уулзуулдаггүй, яаж өсч, хэрхэн хүмүүжиж байгаа талаар мэдээлэл байхгүй, өндөр төлбөртэй сургалтын талаар өөрт нь хэлээгүй, мэдэх боломж олгоогүй гэх агуулгаар татгалзсан тайлбар гаргасан байна.
Хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээнд охин Э.А эцэг Б.Э-гаар овоглосон, сургалтын төлбөр төлсөн баримтууд болон сургуулийн тодорхойлолтод охиныг иргэн Б.З-гоор овоглосон баримт хавтаст хэргийн 4-11 дэх талд авагдсан байна.
Дээрх байдлаар хүүхдийн овог өөр өөрөөр бичигдсэн баримт хэрэгт авагдсан, хариуцагч ийм агуулгатай тайлбар гаргасан байхад хоёр шатны шүүх энэ талаар тодруулаагүй, эрх зүйн дүгнэлт хийгээгүй, улмаар энэ үйл баримт зөв тогтоогдоогүй байхад зохигчийн хооронд үүссэн маргааныг Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглэн эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/04744 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 210/МА2025/01588 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2025 оны 10 сарын 22-ны өдөр төлсөн 256,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД