Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 53

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                    Хэргийн индекс: 180/2017/0056/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд

 

Нарийн бичгийн дарга                    Д.Мөнхцэцэг ,

Улсын яллагч                                     Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Д.Оюунцэцэг,

Шүүгдэгч                                             Ч.Бямбацогт нарыг оролцуулан

 

            Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чулууны Бямбацогтод холбогдох эрүүгийн 201723000012 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1974 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 43 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Хэрлэн сум 1-р баг Хийдийн 1-10-17 тоот /төрсөн дүү Эрдэнэхуягийнд/ оршин суух, урьд 2014 оны 07 сарын 22-ны өдөр Сум дундын шүүхээр 29 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Чулууны Бямбацогт /РД:СЭ74080372 /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

Яллагдагч Ч.Бямбацогт нь давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Цацалын 03-10 тоотод оршин суух иргэн О.Энхтуяагийн хашаанаас хонда мотор, пронтер маркийн радиотар зэргийг хулгайлж 345.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн Хэнтий аймаг дахь салбарын хашаанд оршин суух иргэн Б.Гантөмөрийн гэрээс VC2500  маркийн жи мобайлын гар утас  ширхэг, бэлэн 200.000 төгрөгийг хулгайлж нийт 604.500 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогдсон байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг судлав. Үүнд:

 

            Хохирогч О.Энхтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн “... Манай хашаанд байсан цэнхэр өнгийн тог гаргадаг хонда маркийн хуучин мотор 1 ширхэг, пронтер маркийн автомашины радиотар 1 ширхэг хулгайд алдагдсан. Хэдний өдөр алдагдсныг мэдээгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

 

            Иргэний нэхэмжлэгч Г.Дулмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн “... Гантөмөр нь манай Бадралын төрсөн дүү байсан юм. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өвчний улмаас нас барсан. Гантөмөр нь гар утас 200.000 төгрөгөө алдсан гэж ярьж байсан. Гантөмөр нь өөрийн гэсэн эхнэр, үр хүүхэд гэж байхгүй ганц бие байсан. Хохирлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

 

            Гэрч Д.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн “... Бямбацогт надад манай найз хүүхэн 65.000 төгрөгөөр гар утас авч өгсөн бас 200.000 төгрөг өгсөн гэж ярихаар нь чамд утас мөнгө өгдөг хүн байдаг юм уу гэж асуухад байдаг гэсэн. ... Маргааш өглөө нь 7 цаг өнгөрч байхад Ч.Бямбацогт “эгчээ яг шартаж үхлээ. Ганц шил архи аваад өгчих  мөн энэ хар өнгийн гар утсыг та 15.000 төгрөгөөр худалдаж аваа ч” гээд гуйгаад байхаар нь би 15.000 төгрөгөөр авсан. Тэр өдөр цагдаа нар ирээд Ч.Бямбацогтыг бариад явсан. Харин Ч.Бямбацогт надаас авсан 15.000 төгрөгөө надад өгсөн. Би хар өнгийн гар утсыг нь цагдаад өгсөн. Эзэн нь хулгайд алдсан утас мөн байна гээд авсан ... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

 

Гэрч А.Идэрбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “... талийгаач Б.Гантөмөрийн гэрт орой 19 цагийн үед очиход Гантөмөр ах танихгүй зүс таних шөвгөр бор царайтай залуутай хамт байсан. Тэгэхэд Гантөмөр ах 1 шил архи гаргаж  ирээд бид гурав хувааж уусан. Гантөмөр ах орой хоол хийгээд өгөөрэй гэж гуйж байсан юм. Гантөмөр ах хоол идээд, архи уугаад орон дээр өмсөж байсан хувцастайгаа унтаад өгсөн. Гэрт байсан залуу бид 2 гэрээс нь орой 20 цагийн үед гарсан. Маргааш нь Гантөмөр ахтай таарахад гар утас, мөнгө зэрэг байдаггүй. Урд шөнө алдчихлаа гэж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24 тал/,

 

Сэжигтнээр Ч.Бямбацогтын мөрдөн байцаалтанд өгсөн “... Гантөмөр ахынд 1 шил стандарт архи задалсан. Тэр архийг ууж байтал Идэр гэх залуу орж ирсэн. ... Гантөмөр ах унтаад өгөхөөр нь хар өнгийн жи мобайлын гар утас, кармаанаас нь 200.000 төгрөг дан 20.000 дэвсгэрт байсныг аваад гарсан. Маргааш нь цагдаад баригдсан. 2016 оны 10 дугаар сарын 20-нд нилээн халамцуу байхдаа Цацалын 3 дугаар гудамжны 10 тоотод очиход хүнгүй байхаар нь гэрийнх нь зүүн хэсэгт хонда мотор, радиотарыг аваад такси бариад дунд захын түүхий эд авдаг ченжид 4000 төгрөгөөр  моторыг өгсөн. Радиотараа таксинд орхисон. Одоо ямар такси байсныг санахгүй байна. Би 2 удаа бусдын эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна ... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38 тал/,

 

Үнэлгээний комиссын тэмдэглэл /хх-ийн 12, 17 тал/,

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 58-73 тал/,

Шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгөтэй эсэхийг тодруулсан тухай баримтууд /хх-ийн 53-56, 67 тал/,

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үнэлээд, шүүгдэгч Ч.Бямбацогтыг давтан үйлдлээр буюу 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Цацалын 03-10 тоотод оршин суух иргэн О.Энхтуяагийн хашаанаас хонда мотор, пронтер маркийн радиотар зэргийг хулгайлж 345.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн Хэнтий аймаг дахь салбарын хашаанд оршин суух иргэн Б.Гантөмөрийн гэрээс VC2500  маркийн жи мобайлын гар утас 1 ширхэг, бэлэн 200.000 төгрөгийг хулгайлж нийт 604.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг халдаах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Бямбацогт нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдад нийт 949.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Бямбацогт нь 2014 онд ял шийтгүүлж байсан байх бөгөөд түүний ялтай байдал нь 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж анх удаа ял шийтгэлтэй гэж үзэх үндэслэлтэй болно.

Хохирогч О.Энхтуяа нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүх шүүгдэгчийг түүнд төлөх төлбөргүй гэж үзэн, хохирогч талийгаач Б.Гантөмөрийн эгч болох иргэний нэхэмжлэгч Г.Дулмаад алдагдсан бэлэн мөнгө 200,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ч.Бямбацогт нь хувьд оногдох эд хөрөнгөгүй тул шүүх түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Бямбацогт нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдснийг шүүх ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзав.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298  дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Чулууны Бямбацогтыг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бямбацогтыг эд хөрөнгийг хураахгүйгээр 5 сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бямбацогтын цагдан хоригдсон 54 /тавин дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн  бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх зааснаар шүүгдэгч Ч.Бямбацогтоос 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Дулмаад олгож, шүүгдэгч нь хохирогч О.Энхтуяад төлөх төлбөргүйг дурдсугай.

 6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Бямбацогтод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.УЯНГА