Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

   2020           05           14                                           2020/ДШМ/23

 

 

 

Ү.Бт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Прокурор: Ж.Айжуу,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Урангоо,

Шүүгдэгч: Ү.Б,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ууганбаяр нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/27 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ү.Бт холбогдох, эрүүгийн 2019000000008 дугаартай, 1 хавтас, 185 хуудас бүхий хэргийг хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагийн эсэргүүцэл, шүүгдэгч Ү.Бийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 05-р сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р баг, Мааньзав гудамжны 6-28 тоотод оршин суух, урьд Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1994 оны 10-р сарын 21-ний өдрийн 145 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, жирийн дэглэмтэй засан хүмүүжүүлэх колонид эдлүүлэхээр шийдвэрлэж, 1995 оны 10-р сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 1997 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, 2000 оны 03-р сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 10-р сарын 19-ний өдрийн 89 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 04 сар 09 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 12-р сарын 30-ны өдөр хугацаа дуусч суллагдсан Дарь овогт Үржингийн Батхуяг /РД:ЕЮ67052316/-т холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Ү.Б нь 2020 оны 01-р сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн Мааньзав гудамжны 6-63 тоотод архидан согтуурч, иргэн Ч.Гантулгын хэвлийн тус газарт хутгыг хэрэглэн хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Дарь овогт Үржингийн Батхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Бт 3 жил 6 сар хорих ял шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Бт оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

 

Шүүгдэгч Ү.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар цагаан иштэй, ажлын хэсэг нь мурийсан хутгыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ү.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч, шийтгэх тогтоол гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Мөнгөнтуяа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ү.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь шүүгдэгч Ү.Бийн яллагдаж байгаа зүйл анги буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт “...бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." оногдуулахаар заасан бөгөөд шүүх энэ тохиолдолд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах;” гэж заасныг баримталж, шүүгдэгч Ү.Бт ял оногдуулах ёстой байсан. Гэтэл шүүх шүүгдэгч Ү.Бт хорих ялыг хөнгөрүүлж оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэснийг баримталж, ял оногдуулсан нь анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгч Ү.Бт хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулсан байна. Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан ...” гэснийг, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан ...” гэж өөрчлөлт оруулан бусад заалтыг хэвээр үлдээж, шийдвэрлүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

 

Шүүгдэгч Ү.Б давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний эрүүл мэндийн байдал /нуруу, бөөр өвддөг/, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ү.Бийн хувьд анхан шатны шүүхээс ял хөнгөрүүлэх заалт буюу Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулсан. Гэхдээ анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг хэрэглэхдээ буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлах ёстой байсан. Иймд ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг хэвээр үлдээж, ял хөнгөрүүлсэн хуулийн заалтыг өөрчилж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн шүүгдэгч нь биеийн байдал, эрүүл мэндийн шалтгааны улмаас ялыг хөнгөрүүлэх талаар гомдол гаргасан. Энэ тал дээр ямар нэгэн тайлбар байхгүй...” гэв.

 

Прокурор Ж.Айжуу давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэхдээ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасныг баримталж ял оногдуулах ёстой байсан. Гэтэл шүүхээс шүүгдэгч Ү.Бт хорих ялыг оногдуулж хөнгөрүүлэхдээ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг баримталж ял оногдуулсан нь анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/27 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан гэж өөрчлөлт оруулан, бусад заалтыг хэвээр үлдээхээр эсэргүүцэл бичсэн. Энэ эсэргүүцлийг хангаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/27 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

Учир нь: Шүүгдэгч Ү.Бийн давж заалдсан гомдолд үндэслэн түүнд бичигдсэн асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс бүхэлд нь хянан хэлэлцвэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлжээ.

 

Шүүгдэгч Ү.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 18-нд гэртээ бусадтай архи ууж согтуурсан байх үедээ гэрт нь ирсэн Ч.Гантулгыг хутгалж, биед нь хэвлий нэвтэрч нарийн гэдэс, чацархай тус тус тасарсан, амь насанд нь аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч Ч.Гантулга /хх-ийн 48-50/, гэрч Д.Нямаа /хх-ийн 7-8, 49-51/ нарын мэдүүлэг болон хохирогчийн биед шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн 02/029 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63-64/, хохирогчийн Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс засал хийлгэсэн талаарх эмчилгээний баримтууд /хх-ийн 70-100/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон ба шүүгдэгч Ү.Б нь үйл баримтыг мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус хүлээн мэдүүлдэг болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна. 

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан ба тэдний зүгээс хэргийн талаар нэмж шалгуулах талаар санал хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ү.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Тодруулбал: Шүүгдэгч Ү.Бийн үйлдлийн улмаас хохирогчид хэвлийн хөндий нэвтэрч, нарийн гэдэс, чацархай тасарсан гэмтэл учирсан ба эдгээр гэмтэл нь хүний амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болох нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-т зааснаар болон шүүх эмнэлгийн шинжээчийн 02/029 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон,  

 

хүнийг зэвсэг буюу хутгаар хүний амь насанд аюултай гэмтэл учруулж болзошгүйг мэдэх боломжтой, мэдсээр байж шүүгдэгч нь гал тогооны шүүгээнээсээ авч, хохирогчийн хэвлийн тус газар нь хутгалж хохирогчийг зориуд гэмтээж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, мөн хуулийн, зүйлийн 2.4-д заасан “энэ гэмт хэргийг ...зэвсэг хэрэглэсэн” гэх шинжүүдэд нь тус тус нийцжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д “... таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр заасан боловч анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ч.Гантулгын шүүхийн хэлэлцүүлэгт оролцож  “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” гэсэн журмыг хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй гэж үзсэн.

 

Гэвч анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна” гэснийг хэрэглэхээр шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгтээ зөв дүгнэсэн боловч тогтоох хэсэгтээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримталсан нь буруу болсон.

 

Иймд энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах энэ үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх нөхцөл болно.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ү.Бт 3 жил 6 сар хорих ял оногдуулсан нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасан “...ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэсэнд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан ялын доод хэмжээ болох таван жилийн хорих ялын гуравны хоёроор ялыг хөнгөрүүлж оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүгдэгчид хуульд заасан хамгийн бага ялыг оногдуулсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгчээс гаргасан эрүүл мэндийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэхийг хүссэн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/27 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Бт 3 жил 6 сар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Бт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Б.Мөнгөнтуяагийн эсэргүүцлийг хангаж, шүүгдэгч Ү.Бийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Ү.Бийн цагдан хоригдсон 49 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                                     ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                                         А.САЙНТӨГС