Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 117/ШШ2022/0023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэрэнрагчаа даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******   

Хариуцагч: Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч  *******

Гомдлын шаардлага: 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0010134 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийг төлөөлж хяналтын прокурор Л.Галав,  хариуцагч ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Гомдол гаргагч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0010134 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.

2. Хариуцагч нь Гурвансайхан сумын гийн “... нарын 2020 оны 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл тасарч, хохирч байгаа нь захирал миний бие болоод нягтлан бодогчийн хариуцлагагүй үйлдлээс болж байгаа тул эдгээр хүмүүсийн 2019, 2020 оны 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлд задаргаа хийж өгнө үү” гэх хүсэлтийн дагуу хяналт шалгалтыг явуулж, 2019, 2020 оны 6,7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг буруу тайлагнасан үндэслэлээр зөрчил гаргасан гэж үзээд тус сургуулийн захирал д 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр торгох

шийтгэл ногдуулжээ.  

3. Эрх бүхий албан тушаалтнаас 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, гомдол гаргагч 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд хандсан байна. 

4. Гомдол гаргагч 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0010134 дугаар шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд.

4.1. Гурвансайхан сумын ерөнхий боловсролын сургууль 2019, 2020 оны 6,7 дугаар сарын нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд тайлагнаагүй болох нь тогтоогдож байх боловч Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн” бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй, Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэсэн заалтуудыг зөрчиж шийтгэл оногдуулсан гэв.

5. Прокурор дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “ ... Гурвансайхан сумын ерөнхий боловсролын сургууль 2019, 2020 оны 6, 7 дугаар сарын тайланг буруу тайлагнасан гэх зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч д 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 010134 дугаартай шийтгэлийн хуудсаар 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг шалгалтын явцад хянав. Материалд цугларсан эрх бүхий албан тушаалтны хохирогч *******, холбогдогч нарын мэдүүлэг, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, Гурвансайхан сумын ерөнхий боловсролын сургууль 2019, 2020 оны цалингийн хуулбар, *******, *******, *******, *******, ******* нарын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар Гурвансайхан сумын ерөнхий боловсролын сургууль 2019, 2020 оны 6,7 дугаар сарын нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд тайлагнаагүй болох нь тогтоогдож байна. Гэвч Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн” бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй, Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэсэн заалтуудыг зөрчиж шийтгэл оногдуулсан байна. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хяналтын улсын байцаагч *******ийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 0010134 дугаартай шийтгэлийн хуудсаар 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Прокурор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьдаг болохоос ямар шийдвэр гаргахыг заадаггүй... ” гэв.

6. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Тус хэлтэс нь 2021 оны 10 дугаар сараас Зөрчлийн хэрэг нээн хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэлсэн. Миний бие зөрчлийн хэрэг нээсэн тохиолдолд 5 хоногийн дотор прокурорын байгууллагад бүртгүүлж хянуулдаг бөгөөд шийтгэлийн хуудсыг тухай бүр биелүүлж, дараа нь тайлан засах үйлдлийг програмд оруулж даатгуулагчийн хохирлыг барагдуулдаг. Хөөн хэлэлцэх хугацаа гэдгийг миний хувьд зөрчил илэрсэн тухайн хугацаанаас гэж тооцон зөрчлийн хэрэг нээн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хэрэв анх прокурорт хэрэг бүртгүүлж байхад энэ хугацааг надад тайлбарлаж хэлсэн бол өнөөдөр энэ асуудал үүсэхгүйгээр Нийгмийн даатгалын тухай хуулиар хариуцлагыг  тооцох байсан. Мөн энэ торгуулийг Найгалмаа өөрөө хүлээн зөвшөөрч төлсөн, ямар нэгэн гомдол саналыг гаргаагүй байхад бүхэл бүтэн 8 сарын дараа шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулна гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дансанд торгуулийн 250000 төгрөгийг төвлөрүүлэн оруулсан тул буцаан гаргах боломжгүй. Дээрх 2 үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохоос татгалзаж байгаа тул шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү. Цаашид энэ алдааг гаргахгүй байх дээр анхаарч ажиллах болно. Прокурор *******тэй ажлын талаар байнгын холбоотой байдаг. Өнөөдөр шүүх хуралдаанд оролцуулахаар томилсон прокурортой холбогдуулж санал, хүсэлт байхгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн” бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй, мөн энэ хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж тус тус заажээ.

2. Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбараас дүгнэвэл Гурвансайхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Н.Найгалмаа, тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан З.Энэбиш нар нь нэр бүхий 5 хүний нийгмийн даатгалын шимтгэлийг буруу тайлагнасан үйлдлээ 2019, 2020 оны 6, 7 дугаар сард гаргасан байх ба энэ үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцох, энэ тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа  явуулахгүй байх нь үндэслэлтэй байна.  

Иймээс прокурорын дүгнэлтэд дурдсан хууль зүйн үндэслэлийг хүлээн авч, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн  2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “ Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0010134 дугаар шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзээд хүчингүй болгохоор шийдвэрлэв.

3. Гурвансайхан сумын нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 43 дугаар албан бичигтээ “... 2019 оны 7 дугаар сарын, ... 2020 оны 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл тасарч, хохирч байгаа нь захирал миний бие болоод нягтлан бодогчийн хариуцлагагүй үйлдлээс болсон“ гэж өөрөө хариуцлага алдсанаа хүлээн зөвшөөрсөн, энэ алдаагаа засуулахаар хандсан зэрэг нөхцөл байдалд үндэслэн Нийгмийн даатгалын хэлтсийн төвлөрсөн санд тушаасан 250000 төгрөгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.  

4. 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд прокурор оролцуулах томилолтоор хяналтын прокурор Л.Галавыг оролцуулахаар томилсон байх бөгөөд хариуцагчаас уг томилолттой холбогдуулан маргаагүй болно.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2.4 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “ Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0010134 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ийн гомдлын шаардлагыг хангасугай.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт  заасны дагуу хэргийн  оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                В.ЦЭРЭНРАГЧАА