Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 61

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Цолмонгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2018/00660 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 06-16 тоотод оршин суух, ПВ87080405 тоот регистрийн дугаартай, Хотгойд овогт Батчулууны Цолмонгийн нэхэмжлэлтэй, Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежид холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Цолмон түүний өмгөөлөгч Г.Батзаяа, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие Ховд аймаг дахь Хөгжил политехникийн коллежид 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтны ажлын байранд ажиллаж байсан. Ховд аймаг дахь Хөгжил политехникийн коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Дэлгэрсайхан нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай Б/177 дугаартай тушаал гаргаж, ажлаас халсан байна.

Ажлаас халах тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг үндэслэж, Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөө, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бүртгэх орон тооны бус байнгын комиссын ажлын төлөвлөгөө зэргийг батлуулан хэрэгжүүлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэх үндэслэлгүйгээр ажлаас халсан байна.

Үүнд: 1.Ажлаас халах тушаал гаргахдаа сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэх боловч ямар зөрчлийг давтан гаргасан болох нь тодорхойгүй байна.

2.Ажлаас халах тушаалд дурдагдсан, зөрчил гэсэн үйлдлүүд нь хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй, зөрчилд тооцогдоогүй байна.

Тушаалд дурдсан үйлдэл нь сахилгын зөрчил гэж үзнэ гэсэн зохицуулалт байхгүй. 3.Намайг сахилгын зөрчил гаргасан, удаа дараа гаргасан гэх боловч үйлдэл тус бүрийг шалгаж, зөрчилд тооцсон эсэх нь тодорхойгүй, зөрчил гаргасан этгээдэд танилцуулаагүй, тайлбар тодруулга аваагүй, зөрчилд сахилгын шийтгэл ногдуулахдаа холбогдох баримтыг бүрдүүлэлгүй үндэслэлгүйгээр тушаал гаргаж ажлаас халсан байна.

Иймд Ховд аймаг дахь Хөгжил политехникийн коллежийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/177 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.      Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл байхаар заасан.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцах тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг байдаг.

Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна гэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д заасан байдаг. Хуулийн энэ заалтын дагуу Б.Цолмонг Ховд аймаг дахь Хөгжил политехникийн коллежийн захирлын тушаал гарч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар томилон ажиллуулсан.

 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны хэрэгжүүлэх чиг үүргийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д тодорхой заасан байдаг. Нэхэмжлэгч Б.Цолмон нь хуулийн дээрх заалт, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд нийцээгүй Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бүртгэх орон тооны бус байнгын комиссын ажлын төлөвлөгөө зэргийг батлуулан хэрэгжүүлээгүй, тухайн ажлын гүйцэтгүүлэх чиглэлээр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2018/00660 дугаар шийдвэрээр 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/177 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Цолмонг Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтны эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Цолмонд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 8,379,720 төгрөгийг хариуцагч Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежээс гаргуулан олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны олговороос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежид даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежоос улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг ажилгүй байсан хугацааны цалин хөлсийн олговорт 149,025 төгрөг нийт 219,225 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/177 дугаартай тушаалд Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл болон үйлдвэрийн осол, хурц хордлогыг бүртгэх орон тооны бус байнгын комиссын ажлын төлөвлөгөө зэргийг батлуулан хэрэгжүүлээгүй, удирлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан Б.Цолмонтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-д сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэх хуулийн дагуу ажил олгогч нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 75 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар сануулах арга хэмжээ авч, дахин эрүүл ахуйн төлөвлөгөө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл болон үйлдвэрийн осол, хурц хордлогыг бүртгэх орон тооны бус байнгын комиссын ажлын төлөвлөгөө зэргийг батлуулан хэрэгжүүлээгүй гэж ажлаас халах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 8.2.2, Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн хөдөлмөрийн дотоод журам 8.2.1-д заасан заалтад нийцсэн хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч тал нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Мөн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа гэрч нарын мэдүүлгийг үнэлээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

            Нэхэмжлэгч Б.Цолмон нь хариуцагч Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежид холбогдуулан Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/177 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “би энэ ажилд орсны дараа Б.Цолмонг Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бүртгэх орон тооны бус  байнгын комиссын ажлын төлөвлөгөөг гаргах үүргийг өгсөн боловч биелүүлээгүй, удаа дараа шаардсан боловч батлуулж хэрэгжүүлээгүй. Болохгүй болохоор нь энэ талаар сахилгын арга хэмжээ авч байсан боловч төлөвлөгөөг батлуулаагүй. Иймээс ажлаас халсан” гэж тайлбарлажээ.

            Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудын хууль зүйн бодит үндэслэлийг дүгнэвэл:

            Нэхэмжлэгч Б.Цолмонгийн өмгөөлөгч Г.Батзаяа “2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтэндээ 2017 оны 5-6 сарын үед нэхэмжлэгч Б.Цолмон нь тухайн үед сургуулийн захирлаар ажиллаж байсан Д.Баярмаагаар 2017-2018 оны Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөөг батлуулсан. Энэхүү ажлын төлөвлөгөөг нэг хувь үйлдэж тухайн үед өөрөө хуулбарлан авч эх хувийг үлдээсэн тул уг төлөвлөгөөний эх хувийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж, уг төлөвлөгөөний хуулбар хувийг хүсэлтэндээ хавсаргаж шүүхэд өгчээ.

            Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээрх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч хариуцагч байгууллагаас “уг төлөвлөгөө манай сургуульд байхгүй” гэсэн албан тоот ирүүлжээ.

            Улмаар шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр тухайн үед сургуулийн захирлаар ажиллаж байсан Д.Баярмааг уг төлөвлөгөөг баталсан эсэх талаар гэрчээр асуухад “миний гарын үсэг мөн байна. Тэгэхээр баталсан гэсэн үг. Эх хувь нь сургуульд байх ёстой” гэж мэдүүлжээ.

Гэтэл нэхэмжлэгч Б.Цолмон нь “2017-2018 оны Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөө”-г Д.Баярмааг захирал байх үед буюу 2017 оны 5-6 сард батлуулсан байхад хөгжил политехник коллежийн захирлын зөвлөлийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанд Б.Цолмонг оролцуулж, энэ талаар тайлбар авахгүйгээр түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн байна. Иймд нэхэмжлэгч Б.Цолмонд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/177 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Дээр дурдсан үйл баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа хариуцагчийн татгалзал нь баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хариуцагч байгууллагын өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2018/00660 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

              ШҮҮГЧИД                                         Б.ДАМБА

                                  

М.НЯМБАЯР