| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2020/00536/И |
| Дугаар | 104/ШШ2021/00304 |
| Огноо | 2021-10-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 104/ШШ2021/00304
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******од оршин суух ******* *******ы ******* /*******/
Хариуцагч: Налайх дүүрэг 4 дүгээр хороо, *******од оршин суух ******* ын /РД:/-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэг 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат / аймгаас онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 05 дугаар сард 9 тонн тарвас тарьсан. хотоос ирж 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 3 тонн 737 кг тарвас, 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 1 тонн 532 кг тарвас, нийт 5 тонн 269 кг алаг тарвасыг 1 килограммыг 1000 төгрөгөөр тооцож авсан. Тарвасны үнэ 5.300.000 төгрөг өгөхөөс 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 2.200.000 төгрөг өгсөн. Үлдэх 3.000.000 төгрөгийг өгөхгүй янз бүрийн шалтаг хэлсээр өдий хүрлээ. Иймд тарвасны үлдэгдэл үнэ 3.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Очирбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 5 тонн, 200 кг алаг тарвасыг хариуцагч Б. худалдаж авсан. Талууд худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй ч амаар байгуулсан учраас Иргэний хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар болзол тавьж, хэлэлцэж тохиролцсон. Тухайн үед тарвасын үнийг доод ханш 1000 төгрөгөөр тохирсон. Хариуцагч худалдаж авсан тарвасын тоо, хэмжээнд маргаагүй. Харин үнийг зөвшөөрөхгүй байгаа. Тэрээр тарвасыг чанарын шаардлага хангаагүй, хорогдол ихтэй байсан гэж ярьдаг. Гэтэл Иргэний хуулийн 247 дугаар зүйлд заасанчлан гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл худалдан авагч нь тухайн барааг худалдаж аваад муутгахгүй байх, эрсдэл үүсэхээс хамгаалах ёстой. ...Иймд хариуцагч оос 3.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.*******ээс би 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 3 тонн 737 кг, 8 дугаар сарын 01-ний өдөр 1 тонн 532 кг нийт 5 тонн 200 кг тарвас авсан. Би 1 килограмм тарвасыг 1000 төгрөгөөр биш 600 төгрөгөөр бодож авсан. Тарвас авахад хамт явсан Д. энэ тухай сайн мэдэж байгаа. С.*******ээс авсан тарвас хамгийн муу тарвас болохоор зарагдахгүй хорогдол их гараад, муудаад би хотоос гаргаад хаясан. Энэ тухай би утсаар хэлсэн ч мөнгө авна гээд яваад байгааг би ойлгохгүй байна. С.******* тарвасаа сайн гээд магтаж байгаад өгсөн, хотод ирээд зарахад муу тарвас болохоор ард иргэд ялгаад авахгүй байсан. Би тээврийн зардалд их зардал гаргасан болохоор ашигтай байгаагүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлага 3.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч С.******* хариуцагч Б.аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3.000.000 төгрөг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Б. худалдаж авсан тарвас чанарын шаардлага хангаагүй, нэг бүрийн үнийг 600 төгрөгөөр тохирсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан.
Хариуцагч Б. 2020 оны 7 дугаар сарын 30, 8 дугаар сарын 01-ний өдрүүдэд нэхэмжлэгч С.*******тэй худалдах худалдан авах гэрээ байгуулж 5 тонн 200 кг тарвас худалдан авч 8 дугаар сарын 11-ний өдөр 2.200.000 төгрөгийг өгч, үлдэх 3.000.000 төгрөгийг өгөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд ханджээ.
Зохигч худалдах худалдан авах гэрээний зүйл, хэмжээ, хугацааны талаар маргаагүй. Гагцхүү гэрээний үнэд маргасан. Мөн хариуцагч худалдаж авсан тарвас чанарын шаардлага хангаагүй, алдагдал ихтэй байсан үндэслэлээр гэрээний үнээс 3.000.000 төгрөг төлөхөөс татгалзсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аймгийн , суманд оршин суух Р., Р., Б., М., Т. нараас гэрчийн мэдүүлэг авсан. Тэд ...1 кг тарвасыг 1.000 төгрөгөөр бөөний үнээр худалдсан... гэж мэдүүлсэн.
Хариуцагч Б. хамт явсан Д.гаас гэрчийн мэдүүлэг авахуулахыг хүссэн. Шүүх хүсэлтийг хангаж Д.гаас гэрчийн мэдүүлэг авахад ...тарвасны үнийг 700 төгрөгөөр тооцож авсан. ...*******ид 3.500.000 төгрөг өгөх байсан. Хорогдол гараагүй бол 3.700.000 төгрөг өгөх байсан. ...Бид хамт явж байхад өөрийн данснаас ******* рүү 2 сая хэдэн зуун төгрөг өгсөн гэдгийг мэдэж байна. ...Үлдэгдэл 900.000 төгрөгийг өгөөгүй учраас ******* намайг шүүхэд өгсөн байна гэж надад хэлсэн... гэсэн мэдүүлгийг өгсөн.
Зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээс С.******* Б. нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Хариуцагч Б. гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Р., Р., Б., М., Т., Д. нарын мэдүүлгээр тогтоогдсон учраас нэхэмжлэгч С.******* Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдсан тарвасны үлдэгдэл үнийг шаардах эрхтэй.
Хариуцагч Б. худалдан авсан тарвасны нэг бүрийн үнийг 600 төгрөгөөр тооцсон гэж маргасан боловч үүнийг баримтаар нотлоогүй.
Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-д Худалдах худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч хариуцагч нар анхнаасаа үнийг тохирсон байгаа учраас өөр арга хэрэгслээр үнийг тогтоох шаардлагагүй юм.
Мөн хариуцагч Б. худалдаж авсан тарвасны чанар, доголдлын талаар маргасан.
Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол ...худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр ...уг хөрөнгө тохиолдлоор ...гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж заасан.
Талууд гэрээний зүйл болох тарвасыг тээвэрлэлтийн болон хадгалалтын явцад доголдол, гэмтэл үүсвэл эрсдэл хэнд шилжих талаар тохироогүй учраас дээрх хуулийн дагуу худалдан авагч буюу Б.д эрсдэл шилжинэ.
Иймд хариуцагч Б.ын шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох боломжгүй.
Хариуцагч Б. шүүхийн удаа дараагийн дуудлагад хүрэлцэн ирээгүй, цагдаагийн байгууллагаар албадан ирүүлэх арга хэмжээ авсан боловч биелэгдээгүй учраас нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасаныг хангаж шийдвэрлэсэн болно. Мөн хариуцагч ын өмгөөлөгч Р.Пүрэвлхамд хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учраас тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116., 118., 119., 120., 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ын /РД:/-аас 3.000.000 /Гурван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* *******ы ******* /*******/-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод оруулж, хариуцагч Б.оос 62.950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******ид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4. 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 28 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг гардан авах үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хуралдаанд оролцоогүй хариуцагчид шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд гардуулах бөгөөд ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацааг өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор хариуцагчийн оршин суугаа /оршин байгаа / газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Цагаанцоожид даалгасугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ